-фельетон-

МАН-ын удирдагч нар Социнтернээс тусламж гуйсан нь тодорхой боллоо. Тэдний “Консулын бүлэг” гэдэг дээр болсон явдал.  Мань МАН маань УИХ дээр бүлэг байгуулж чадаагүй болохоор гишүүд  нь “Хүрээний” ба “Консулын” гэсэн хоёр нууц бүлгэмд хуваагдсан аж.

Консулын фракцийн захианы агуулга иймэрхүү гэнэ. Даргын хүүхэд болж төрөөд ангийн дарга, эвлэлийн дарга болж өсөөд, хэлтсийн дарга болон бойжиж, сайд болон амьдарсан биднийг эцсийн эцэст жирийн хүн шиг амьдруулах гэснийг бодохоор нулимс  маань “арабын эмт модны давирхай мэт асгарч”, турж эцснээсээ болоод “алтан бугуйвч царвуунд тогтохгүй” байгааг дурьдаад цэрэг дагуулан ирж туслахыг гуйжээ.

Нэгэнт л 1921 онд  Коминтернээс тусламж гуйсан түүхийг давтаж байгаагаас хойш, давтсан шиг давтая гэж шийдсэн байна.  Одоогоос 90 жилийн тэртээ ардын намынхан тусламж гуйсан бичиг дээрээ шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт түмэн наст Богд хааны тамгыг даруулсан билээ. Гэтэл шашин төрийн тэргүүний алба хоёр салаад Чой хамба, Элбэгдорж нарт хуваагдан очжээ.
Арга барагдахад арга орж ирдгийн үлгэрээр бүх гарын үсгийг нь “...ыг” гэж байгаад дуурайлгаад хаяжээ. Намын дарга Энхтүвшин “Би юуг..ыг гэчих вэ” хэмээсэн түүхт уулга алдалтаа энд хийж, кино хальснаа үлдээлгэсэн гэх.

Хувьсгалын захиаг Д.Сүхбаатар хүрэн зандан ташуурт нуугаад хилийг амжилттай давсан түүхийг бид мэднэ. Ингээд Социнтернд бичсэн захиагаа файль болгон флашнаа хуулаад зандан ташуурын голд хийгээд явжээ.

Гэтэл Сэлэнгийн гааль дээр  өнөөх ташуурыг нь жанжин Сүхбаатарын ташуур мөн гэж таниад музейн үзмэрээр контрбанд хийсэн асуудал босгоод иржээ. Энэ явдлыг нь зарим ухвар мөчид сэтгүүлчид дэвэргээд, сүүлдээ Сүхбаатарын нэрийг тарбозавр баатартай андуураад бөөн холион бантан болжээ.

 МАН угаасаа захиа бичгээ ямар нэгэн зандан юманд нууж гардаг номтой тул түүнээсээ гажихыг хүссэнгүй.  Тэд ташуурт биш юмаа гэхэд занданд  нь нууж болох байлгүй дээ хэмээн үзэж.  Ингээд гадаад хэл  хүртэл мэддэг Занданшатар “сайд”-ынхаа дотор нуух шийд гарч. Олон юм гуйсан тул захиа ч том болж.  Намынхаа захиаг  шар торонд  хийж залгисан Занданшатар улсын хилийг амжилттай нэвтэрчээ.

Коминтернд очсон хойноо захиагаа “хийсвэр” хийлгэж авахуулсан гэх.

Коминтерний  Ленин дарга
-Товарищ Сүхшатар. Би чамд гурван асуулт тавья. Чи Чой хамбад итгэдэг үү, эсвэл  хамба Чойжамц гуайд итгэдэг үү хэмээн тулган асуугаад цагаа харав.
-Алинд нь ч итгэдэггүй ээ гэж пионер ёсолгоогоор хариулжээ.
 Ленин дарга үүнд их л баясаж
-Зүйтэй нөхөр Сүхбаатар...ын  Батболд цэрэг ээ. Би чамд арван сумтай халиавар нэгийг,   гурван хавхны хамт зүгээр өгье. Засгийн эрхэнд гартлаа тарвага туулайхан шоглоод болгож бай. Хойтон хавар дулаарахаар Ванчинбогдын цэргийг дагуулаад очиж Улаанбаатарт очно хэмээв.

Ленин дарга
-Одоо хоёр дахь асуултдаа орье. Саяны шүүх хурал дээр нөхөр Энхбаяр үг хэлжээ. Что он говорил, скажи  товорищ Моломшатар
Шатар дарга
-Он очень сильно оскорбляет вас..хэмээн орчуулж өгчээ.

Ленин дарга
-Зүйтэй. Сайн байна гэж чамайг магтая. Та нарт гурван боошиг “царь Никалай” гэдэг архи өгье. Биднийг очтол дотроо засч байна биз? Манай Никалай хаан гэж нэг нарийндаа хатсан юм орон бүхний пролетари нараас архиа харамлаж дургүй хүргээд. Тийм их архийг чинь  авахгүй орхилтой биш. Арга буюу цаазалсан даа. Ингэхэд танай улсын архины бизнес чинь сөрөг намын хүнд байдаг гэсэн үү, үгүй юу. Тэр ёстой болохгүй шүү...

Одоо сүүлийн асуулт. Цаг хэд болж байна.
-Үдийн нэг цаг
-Зүйтэй. Та зөв хариуллаа. Тэр ханын цаг ч гэсэн нэг цаг болж байна. Би та нарт одоо архи өгч зориг оруулна. Энэ зоригийг л алдалгүй дөрөөгөө чангалсаар яваад хувьсгал хийдэг юм шүү гэж Ленин дарга хэлээд  жилетнийхээ халааснаас гинжин оосортой сияан аяга гаргалаа.

Төлөөлөгчид  “Ленин даргын өмнөх зөвлөлгөө ёсоор ялсан пролетари нарын тусламжаар феодализмыг алгасч социализмд орсон болон буцаад гарсан” зэргээ их л бахдан ярихад
-Одоо танай орон капитализмыг алгасч империализмд орох хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Төлөөлөгчид Ленин даргаас “Захих юм юу байна. Боодог авна гэвэл тарвага ичихээс өмнө амжина шүү” гэж асуухад зарим нь “Ленин даргатай уулзаж байж амжих амжихгүй тухай яриад байхдаа яадаг юм бэ? Босс үнэхээр л боодог иднэ гэвэл ичээ ухсан ч болно шүү” гэлцэн аягүйцжээ.

Ленин дарга хариуд нь
-Сур, сур бас дахин сур...үхрийн зооноос зүсэж аваад зөв утаж сайн элдсэн эр хар сур барууны зах зээлд үнэ орж байна шүү гэжээ...
Төлөөлөгчид тийм их сурыг хилээр яаж гаргах тухай асуухад
-Товарищ Сүхшатар саяных шигээ залгиад ир лдээ. Тань шиг хувьсгалч хүний 12 нугалаа гэдсэнд 12 алд алд сур элбэгхэн орно гэжээ. Ийм юм болж. Одоо МАН-ын гишүүд “Сур, сур, бас дахин сур” гэлцэн хөдөө талаар давхилдан явна.