-фельетон-

Манай гишүүд хүний амь их аварч байгаа юм байхаа. Баянсэлэнгэ гишүүн гадаадад явж хүний амь авардаг болсон гэж дууллаа. Ээ дээ энэ улс төрчид үү, “маныгаа авраадахаач” гэж сонгохоор гадаадынхныг очиж авраад байх юм.

Гишүүд аварчихмаар хүн хайж хурал таслаад болохоо байсан юм байхаа. Тэд маань 101,102, 103 руу тувт залгаж “Ээ дээ таминь, аварчихаж болмоор үхэх гэж байгаа хүн тааралдвал хэлээрэй” гэдэг болж.  Зарим нь “усанд сайн сэлдэг, аврах гэж орсон хүнээ авраад хамт гараад ирж чадах, найдвартай авруулагч” олж өгсөн хүнд өндөр шан амлах болсон байна. Гэхдээ яаж ч авраад нэг зэрэг гурван хүний амь аварсан Улаан гишүүнийг яаж гүйцэх вэ дээ.

Онцгой байдлын газрынхан хүртэл
-Улсын шагнал олон чиг
Ударга1 журмыг яаж гүйцэх вэ
Уснаас авардаг нь олон чиг
Улааныг минь яаж гүйцэх вэ
хэмээн санаашран дуулдаг болсон гэх.

УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуульд жендэрийн асуудлыг тусгаж байгаагаа манайхан их юманд бодож явснаа манай улс төрчид ажиглажээ. Улс орноо яавал илүү ардчилдаг юм билээ хэмээн нойргүй хонож яваа гишүүд маань дэндүү өрөөсгөл, хоёрхон талын эрх ашгийг хамгаалсан бодлого яваад байгааг саяхан харжээ. Хүн төрөлхтөн “ижил хүйс” хэмээх гурав дахь хүйстэй болоод байхад  түүнийг огт ойшоосонгүй ирснээ мэдсэн байна. Ингээд сонгуулийн хуулийг “нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эм хүйстэй, 20-оос доошгүй хувь нь  ижил хүйстэй байна” гэсэн заалт оруулсан гэх. Өнөө маргаашгүй болох орон нутгийн сонгуулиар  бид “ижил хүйстний” төлөөллийг анх удаа сонгох болтой. Намууд “ижил хүйстэй” нэр дэвшигчийн эрэлд мордсон байна. Аргагүйн эрхэнд зарим нэр дэвшигчид хоорондоо учир ургуулаад эхэлсэн тохиолдолч гарч байгаа гэх.



Гурав дахь ерөнхийлөгчийн хүү Улсын банкны дэд ерөнхийлөгч боллоо гэсэн чинь хүмүүс үнэмшдэггүй. Удахгүй монгол банкнаас “гурван төгрөг”-ийн дэвсгэртийг шинээр гаргах болсон, дээр нь гурав дахь ерөнхийлөгчийн зураг гарна гэвэл бас л үнэмшихгүй байх даа. Гурван төгрөгийг нейтралжуулахын тулд Н.Багабандийн зурагтай хоёр төгрөг бас хийх болжээ. Тэгэхээр дөрвөн төгрөг бол ойлгомжтой. Яваандаа “7”, “11”-тийн дэвсгэрттэй улс болно. Манай улс капитализмаа улам хөгжүүлсээр империализмд орохын цагт юм хэдэн ч төгрөгний үнэтэй байсан хамаагүй ганцхан дэвсгэртээр наймаа хийдэг болно гэж эдийн засагчид хэлж байна.

Авилгатай тэмцэх ажил амжилттай болж байгаа даг шүү, ер нь. МАН хүртэл түүхэндээ анх  удаа шударга хөдөлмөрөөр мөнгө олж үзэх гэж оролдох боллоо.  Тусгаар тогтнолын ордонд нь болдог элдэв адал явдал зодоон ба цохион, инээдтэй явдлууд тас нуудаг, сайндаа л сонин хэвлэлд цухас гараад өнгөрдөг байсан. Харин одоо эдгээр үйл явдлуудаа  орой бүр 19 цагаас  олон нийтэд мөнгөөр үзүүлдэг, билет тасалдаг болж. Зурагтаар л “төдөн цагаас манайд ирж хараач” гээд л уриад байна лээ.

----------------------------------
1Уул нь “Шударга журам” гэх гэсэн чинь “Улсын” гэдэгтэй толгой холбож болдоггүй. Тэгэхээр нь “Ш”-ийг нь хасчихлаа. Улсын гэдэг үгээ солиоч гэж үү, болохгүй байгаа юм аа. Тэр нь явсаар Улаан гэдэгтэйгээ толгой нийлээд байгаа юм.  Хүн надад өөр санал хэлсэн л дээ.  “Ш” үсэгтэй ойролцоо дуудагддаг “Ч” авиагаар солиод сайдаа овогтой нь биччих гэж. Тэгээд үзэхээр уул нь “Чударга журмыг яаж гүйцэх вэ, Ч.Улааныг минь яаж гүйцэх вэ” гээд их дөхөж байгаа юм. Гэтэл манайхан чинь Ч.У хоёрын дундах цэгийг хаяж дуулаад байж мэдэх улс.

Өөр шалтгаан ч бас байна. Ер нь “Ш” үсэг бол “шшш чааваас” гэхчлэнгийн тусгүй үгэнд их ордог, хааяа нэг  дохио санамж болгох журмаар хасчихаж байхад зүгээр үсэг байгаа юм.  Сав л хийвэл “шшш энэний байж байгаа царайг”, “шшш яаж хүн болно оо” хэмээн үглүүлж өссөн болохоор бүр зүрхэнд орчихсон. Уншигч та ч гэсэн үүнийг уншаад “шшш энэний бичсэн царайг” хэмээн шогширч байгаа нь лавтай. За, дээр нь төлөв төвшин явахын оронд амьтан хүн шоолж, араа дэгээ оргиж яваа минь “ингэхэд би хүн болсон юм уу” гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэдэг.  Ийм болохоор би “Ш” үсэгт жаахан тал муутай, заримдаа хамаг юм тэрнээс л болсон аятай гомдоод байдаг. Ер нь цаашдаа “шшш чааваас” гэдэг үгийг бүтээхдээ сул хэвтэж байгаа “Щ” (ишчэ) үсгийг ашиглаж Щааваас гэх нь зүйтэй байхаа. Түүнчлэн “Чадар сайд”, “ чагнал урамшуулал”,  “Чоронд хийх”, “чуналтай этгээд” гэхчлэн бичээд нэг хэсэгтээ “ш”-гүй яваад үзвэл ямар вэ.