Даяар монгол, Хөх Монгол бүлгэмүүдийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж  байсан зохиолч  Б.Энхбат чанга дэглэмтэй 415 дугаар хорих ангид  хүн амины хэргээр ял эдэлж байна.   Тэрээр  биднийг уулзахаар очиход хөх өнгийн бэлтгэлийн хувцастай,  хүзүүндээ хас тэмдэг бүхий зүүлт, гартаа спорт загварын бугуйн зүүсэн харагдав.  Шоронгийн хатуу ширүүн нөхцөлд хөл нь муудаж, бам чийгт шүд нь унасан байлаа. Гяндангаас бууж ирээд бага зэрэг махалсан бололтой.     
    
1980 оны сүүлээр яруу найрагч Б.Лхагвасүрэн “Чин сэтгэлийн захидал” хэмээх шүлгийн оршилд “Алтан нар цацрагаа  наранд ч,  нарсанд ч алаггүйгээр ээдэг юм. Энэхүү шүлгээ би байнга захидлаар харьцдаг Банзрагчийн Энхбат, багадаа нэг ангид байсан ч олон жил шоронд суусан,  одоо барилгачин болсон Цэвээний  Лхамсүрэн  болон бусад хоригдол залууст зориулав” хэмээн бичиж байв. “Соц” нийгмийн үед Б.Энхбат хятадуудыг бүлэглэн дээрэмдсэн хэргийн толгойлогч хэмээн  ял эдэлж байсан гэдэг.  Энэ үеэс эхлэн Б.Энхбат гэдэг залуугийн ном зохиол, нийтлэлүүд  зохиолч Л.Түдэв гуайн өмнөтгөлтэй хэвлэлд гарч байсныг санаж байна.

Тэрээр шоронд ч, нийгэмд ч үргэлж шуугиан тарьдаг нэгэн байсан. 1990 онд “Ургийн бичгээ сэргээх” санаачилга гаргаж байв. 2000 оны дундуур үндсэрхэг үзэлтэй залуусын бүлгэм байгуулж хятад ханз бүхий хаягуудыг буулгаж байлаа. Түүнийг “Даяар монгол”, “Хөх Монгол” бүлгэмүүдийн үзэл санааны эцэг” гэх хүмүүс ч байсан юм. Б.Энхбатын  “Захиалгат аллага” хэмээх зургаан дэвтэр роман нь нэгэн үе хамгийн их уншигчтай ном байж байсан.  Улс төрийн чиг баримжааны хувьд МАХН-ыг дэмжигч байсан бөгөөд жанжин Д.Сүхбаатарын удмын хүн гэгддэг.  Ингээд түүнтэй чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хийсэн ярилцлагыг хүргэж байна.

    
МОНГОЛ ТӨР БУУДАЖ ТОГТООЛ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙСАН ҮЕИЙН ХАМГИЙН СҮҮЛИЙН АМЬД ГАРСАН ХҮН НЬ БИ

-Таны бие гайгүй юу? Дэглэм буураад энд иржээ дээ. Гянданд хэдэн жил хоригдов оо?

 -Шүүхийн шийдвэр гүйцэтгэл чинь таван үе шаттай. Таван үеийн хамгийн хатуу чанга нь гяндан. Олон жил шоронгоор явсан хоригдлууд бол гяндан явахын оронд  замдаа боогоод үхчихье л гэдэг юм. Хэр баргийн  аавын хүү даваад гардаг юм биш ээ. Эрүүл мэндийн хувьд  гайгүй ээ. Харин шүд   байхгүй дээ. Талх идэж байхад талхтай хамт л шүд хоолой руу ороод л явчихна шүү дээ. Ер нь гяндан хэцүү. Гянданд суугаад гарч ирээд  жил хэртэй мөлхөнө шүү. Жингийн алдагдалд ороод  бие нь тааруухан гарч ирдэг. Би гянданд таван жил болоод дэглэм буурч энд ирсэн.

-Энд хоол унд ямар байх юм?

-Гяндангаас доош дэглэмтэй шоронгууд бол яг эрх чөлөөтэй хүмүүсийн хэрэглэдэг калоритай хоол идэж байгаа шүү дээ. Гянданд бол үүнээс бага 2400 калоритай л хоол иддэг. Ер нь 1924 оны МАХН-ын  гуравдугаар бүгд хурлын материалыг   үзэх юм бол Монголын шоронг хагас өлсгөлөн байлгах тухай  ярьсан байдаг. Тэр хурал дээр  хоригдлуудыг хагас өлсгөлөн байдалтай байлгаж байна гэж хүмүүс хэлжээ.   Гэтэл  Насанбат гэж хүн “Зүгээр, зүгээр,  хагас өлсгөлөн байна гэдэг бол шийтгэлийн нэг хэлбэр“ гэж хэлсэн байдаг юм. Одоо бол хоол ундны асуудал байхгүй л дээ.    

ХЭЗЭЭ АВЧ ГАРАХ БОЛ ГЭЖ ХӨЛИЙН ЧИМЭЭ ЧАГНААД ...

-Гянданг давж гарна гэдэг сэтгэл санааны хатуужил шаардлагатай байдаг болов уу?

-Сэтгэлийн хат их шаардана. Гяндангийн дээд шат нь  дээдийн  өрөө гэж бий. Ялын дээд хэмжээ авсан хүн орно. Надтай цуг дээд хэмжээ авсан нэг хүн бас  очсон. Тэр хүн буудуулсан. Дээдийн өрөөнд  “Намайг хэзээ авч гарах бол” гэж бодон хөлийн чимээ чагнаж хэвтэж байгаад гарснаас хойш  ахиж нэг ч хүн буудуулаагүй. Надаас хойш дээд хэмжээ авсан хүмүүс бүгд амьд гарсан. Би нэг юманд баярладаг юм. Монгол төр буудаж тогтоол гүйцэтгэж байсан үеийн хамгийн сүүлийн  амьд гарсан хүн нь би. Манай улс чинь  жилд 20-30 хүн  цаазаар  авдаг. Одоо бол байчихсан шүү дээ. Хэзээ авч гарч буудах бол гэж чимээ чагнаж хүлээх, гучин жилийн ялтай ч тэртээ тэргүй  амьд гарна гэж бодох хоёрт их ялгаа бий. Энэ бол их сонин мэдрэмж байдаг юм билээ. Хүний амьдрал гэдэг сонин юм билээ.  Намайг дээдийн өрөөнд ороход нэг залуу хэлж байсан.  “Энхбат ахаа олимп үзээд л буудуулах  юмсан” гэж хэлсэн. Би тэр үед “Буудуулахын хооронд олимп үзсэн ч яалаа, байсан ч яалаа гэж бодож байлаа. Гэтэл бид бүгд олимп үзсэн. Бид хэд чинь Түвшинбаяр алт авахад бүгд уйлцгаасан.  Тэгэхэд нөгөө залуу  “За за,  одоо буудуулахад харамсах юм алгаа” гэсэн юм. Хөөрхий бурхан болчихсон л доо.

-Цаазын ял авчихаад  дээдийн өрөөнд  байхад юу бодогдох юм?

-Аймшигтай. Би бас нэг сонин юм хэлье л дээ. Хэдийгээр  уулзалт байхгүй ч гэсэн долоо хоног бүр илгээмж оруулдаг байсан л даа.  Аав нь зураач, ээж нь төрийн гавьяа шагналтай хүний хүү надтай байлаа. Нэрийг нь хэлээд яахав. Тэр хүний эхнэр хүүхэд, ээж нь  эргэж ирээд илгээмж өгөхөөр уурладаг. “Яах гэж надад илгээмж явуулаад, эргэж ирээд байгаа юм” гэж. Би нэг удаа асуулаа. “Яагаад чи ингэж уурлаад байдаг юм” гэхэд тэр “Би  нэг өдөр буудуулна. Нөгөө хэд маань илгээмж оруулах гээд ирдэг. Нэг л өдөр “байхгүй ээ” гээд илгээмжийг нь буцаавал ээж ухаан алдаад унана, эхнэр орилж уйлаад сүйд болно. Одооноос хөндийрүүлж байсан нь дээр” гэж хэлсэн. Хүн гэдэг чинь ийм л байдаг юм байна. Би бас нэг сонин юм анзаарсан. Хамгийн сүүлийн шат буюу Ерөнхийлөгчид хандаад дуусчихсан байсан хүнд  ээжийнх нь  зурвасыг  оруулж ирсэн. “Ээж нь Алтан овоо руу явж хүүгээ гуйх гэж байнаа. Эхнэр нь Хөвсгөл рүү явж  бөөд очиж амь гуйх гэж байна” гэж бичсэн байсан.

-Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг...

-Тиймээ, сүүлчийн найдвар нь газар, шороо бөө хоёр байж дээ. Ахыг нь дээдийн өрөөнөөс шөнө авч гарсан.  Углааш  хальтираад газар дээр хөл  хүрэхэд  хоёр нүднээс нулимс аяндаа  асгардаг юм билээ.  

АМЬД ЯВАХ ЯАХ ВЭ, АМЬДРАХ САЙХАН ШҮҮ

-Амьд байх сайхан юм даа гэж бодогдов уу...

-Амьд байхаас илүү амьдрах сайхан юм даа. Амьд байх ч яахав. Хаана ч амьд явж болно. Амьдрах нь сайхан юм даа.

-Ном зохиол их бичиж байна уу?

-Хүн гүрнээс өмнөх үеийн монголчуудын түүх гэсэн ном бичиж байна. Уран бүтээл их хийж байгаа. Хүн гүрний өмнөх үеийн түүх их бага судлагдсан юм билээ.

-Та цаазаар авах ялыг байхгүй болгосныг юу гэж боддог вэ?

-Үндсэн хууль, эрүүгийн хуульд цаазаар авах ял байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ганцхан тохиолдолд  цаазар авах ялаас өршөөдөг. Тэр нь Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн тохиолдолд хянаж үзээд цаазын ялаас өршөөх шийдвэр гаргадаг. Түүнээс биш нэгэнт цаазын ял хуульд байгаа цагт шүүхийн шийдвэрээр цаазын ял сонсч л байгаа шүү дээ.

-“Намайг төрийн тэргүүн байх хугацаанд цаазын ял гүйцэтгэгдэхгүй” гэж  Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ...

-Нэг сонин юм хэлэхэд дээд хэмжээ авсан хүмүүсийн зарим нь өршөөл гуйдаггүй. Зарим нь хийсэн хэрэгтээ зохих ялаа аваад хүлээн зөвшөөрнө гэдэг шиг амь гуйдаггүй. Зарим нь амь гуйдаг. Би өөрөө тусгай байранд байсан болохоор  олон хүнийг мэднэ  л дээ.

-Ингэхэд та өршөөл гуйсан уу?

-Амь гуйгаагүй. Би өнөөдрийг хүртэл  есөн удаа дэглэм бууруулах гэж прокурорт бичиг явуулсан. Тэгэхэд надад ийм хариу өгч байгаа юм. “Таны дэглэм бууруулах асуудлыг  хуульд нийцэж байгаа эсэхийг холбогдох байгууллагаас асууя” гэсэн хариу ирсэн.   Монгол улсын прокурорын газар хуульд нийцэж байгаа эсэхийг өөр ямар газраас асуудаг байнаа гэж бодсон.   
Тэгээд намайг таван жил гянданд хоригдож ял эдлээд таван сар тав хоног дутуу байхад прокуророос надад дахин нэг жилээр ял эдлэх хугацааг чинь хойшлууллаа гэсэн бичиг ирсэн. Давж заалдъя гэхээр  болохгүй гэсэн. Учир нь  өмгөөлөгчгүй учраас давж заалдах боломжгүй гэдэг.

-Та яагаад өмгөөлөгч авдаггүй юм?

-Манай өмгөөлөгч талийгаач болчихсон л доо.

-Өөр өмгөөлөгч авч болдоггүй хэрэг үү?

-Би гянданд байхдаа хорь гаруй удаа өмгөөлөгч авах гэж хүсэлт гаргалаа. Гэтэл  өнөөдрийг  хүртэл өмгөөлөгчгүй л явна. Миний хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон гэсэн.  Надад бол танилцуулаагүй. Яахаараа миний хэрэг дээр байсан мөрдөн байцаагчийг хууль зөрчсөнийг надад хэлдэггүй юм гэж хүртэл асууж байсан.

БИ Н.ЭНХБАЯРЫН БЭЭЛИЙ БАЙСАН

-Ингэхэд гянданд ганцаараа тусдаа өрөөнд байдаг гэсэн мөртлөө бусад  хоригдлуудтайгаа яаж ярьдаг байсан юм бэ?

-Бохирын цооногийн хоолойгоор л  хоорондоо ярина шүү дээ. Хэнтэй ч ярихгүй ганцаараа байна гэдэг чинь аймшигтай шийтгэл. Ер нь ганцаарчилсан өрөөнд олон жил суусан хүмүүс солиорчихдог юм билээ. Заримдаа  өөрөө өөртэйгөө хэрэлдээд,  хааяа нэг дуу чимээ, хөгжим сонсохоороо  хөгжимтэйгөө хэрэлддэг хүмүүс болчихдог.  

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай та юу гэж боддог вэ.  Харьцангуй ойр байсан хүний хувьд асууж байна л даа..

-Энэ цаг үед Монголын улс төрд төрсөн агуу хүмүүсийн нэг. Монголын агуу хүмүүсийн ихэнх нь бурхны оронд очсон. Амьд байгаа  цөөхөн мундаг хүний нэг нь Н.Энхбаяр. Би тэгэж л ойлгодог. Миний нэг ярих дуртай үг байдаг юм. Уул том байх тусмаа сүүдэр нь том байдаг гэж. Агуу хүмүүсийн алдаа ч тэрийгээ дагаад том байдаг байх. Магадгүй Н.Энхбаяр гуай том хүн учраас олон том алдаа гаргасан байх гэж боддог. Гэхдээ өнөөдөр Н.Энхбаярт оноогоод байгаа ял бол инээдтэй л санагддаг. Бусад хүмүүсийн идсэний хажууд юу юм. Яагаад тэр хүнд том лиценз байдаггүй юм. Яагаад том компанийн хувьцаа эзэмшдэггүй юм. Ийм хүнийг идсэн уусан гэх үү.  Би бас нэг юм боддог юм. Жишээ нь Монголын Ерөнхийлөгч байсан П.Очирбат, Н.Багабанди нарыг  алдаа гаргалаа гээд хорих  ял оноовол Монголын тусгаар тогтнолд ямар ч нөлөө байхгүй. Харин Н.Энхбаярыг яллах нь  бол Монголын тусгаар тогтнол ганхах аюул бий. Үгүй ч байж болно. Өөр улс орнууд  үүнийг ашиглах уу,  үгүй гэдэг л сонин байгаа юм. Ашиглах юм бол манай улсад муу л гэж бодож байна. Н.Энхбаяр дөрөв, таван жилийн  ял авлаа л гэж байна. Гэхдээ Н.Энхбаяр шоронд ял авлаа гэхэд хэзээ ч өлсөхгүй, цангахгүй, ядрахгүй. Монголын шоронгийн систем бол Оросынхтой адилхан  системээр явдаг.  Оросд тухайлбал дархлагдсан хулгайч гэж байдаг бол тэрэн шиг л....

-Та Н.Энхбаяртай анх яаж холбогдсон юм бэ?

-1996 онд би “Үнэн” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа дампуурч байсан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг дөнгөж аваад байхад нь  Н.Энхбаяртай анхны ярилцлагыг хийж байлаа. Тэгэж л албан ёсоор бид хоёр зам нийлсэн гэх үү дээ. Түүнээс өмнө бол таньдаг байсан л даа. Бид хоёрын холбоо бол хориод жилийн асуудал л даа. Би  Л.Түдэв багшийнхаа шавь учраас багшийгаа дагаад л “Үнэн” сонинд  ажиллаж байсан хэрэг. Ер нь би Б.Лхагвасүрэн, Л.Түдэв багш хоёроор номоо уншуулж өмнөтгөлийг нь бичүүлж байлаа шүү дээ. Тэднийг багшаа гэж хүндэлж явдаг шавь нь.

МИНИЙ “ЧОНЫН ХҮҮ” НОМЫН САНААГ “ЧОНОН СҮЛД”-ИЙН ЗОХИОГЧ ХУЛГАЙЛСАН БАЙНА ЛЭЭ

-Та чинь   Л.Түдэв гуайн шавь хэрэг үү. Мэдээгүй юм байна..

-Түдэв гуайн гарын шавь байлгүй яахав. Миний “Чонын хүү” номыг редакторлосон шүү дээ. Одоо Хятадын зохиолч “Чонон сүлд” гээд ном гаргаад дуулиан тариад байгаа шүү дээ.  Тэр номонд  миний номын санааг  хулгайлсан байна лээ.

-Харин Бавуугийн Лхагвасүрэн гуайтай захидлаар харилцаж, тэрээр танд шүлэг зориулж бичиж байсныг мэдэх юм байна...

-Тийм тийм. Миний номыг ч дэмжиж хэвлүүлж өгч байсан,  хүндэлж явдаг хүн маань. Надад зориулсан шүлгэнд нь ийм мөрүүд байдаг. Заримыг нь мартсан байж магадгүй.

Өөрөөсөө болж алдсан эрх чөлөөгөө
Өршөөл  уучлалаар буцааж авахдаа
Уйлсан ч,  дуулсан ч зоргоороо
Уулын салхи шиг дураараа
Бүдэрсэн гэж шоовдорлолгүй
Бүлээн хормойгоо дэвсэж
Эх орон чинь угтана  
Цэцгээ дэвсэж, агаараа чамд цутгах
Цэнхэр эх орны чинь хайрын хариу нь болог....
гэх мэтээр бичиж байсан.
 
-Сонин түүх байна. Өмнөх яриа руугаа эргээд оръё. Н.Энхбаяр гуай таныг ийм байдалд орсноос  чинь хойш дэмжиж тусалсан уу?

-Тусалсаан, тусалсан.  Бас манай нутгийн Ч.Улаан сайд,  Сү. Батболд, Сүхбаатар аймгийн засаг дарга байсан Эрдэнэцогт,  Монгол шуудангийн Чинзориг, эмч Бундангийн Болдсайхан,   Бат-Энх, Иргэний нисэхийн Т.Батжаргал,  бурханч лам Пүрэвбат, мисс Гантогоо, тэдний ээж нь гээд олон хүн тусалж дэмжиж байлаа. Даяар Монгол, Хөх Монгол бүлгэмийн залуус маань ирнэ. Намайг шорон оронд орлоо гээд нөхөрлөлөө хэвээр нь хадгалж үлдсэн хүмүүс бий бий. Би тэрэнд их баярлаж явдаг шүү.  Ийм үед хүний мөс чанар их танигдаж, шигшигдэнэ шүү дээ. Гэхдээ би ганцаарчилсан өрөөнд хүн амьтантай уулзах боломжгүй байсан шүү дээ. Одоо л ганц нэг хүн эргэж ирэх боломжтой болсон болохоос. Тэр байтугай миний хавтаст хэрэгт ч төрийн том алба хашиж байсан хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг юм ш дээ.  

-Та  бол таван жил гянданд суугаад гараад ирлээ. Таныг давж гарч ирж чадах болов уу гэж бодох хүмүүс  байсан л байх.   Гэтэл одоо манай энэ ял сонссон хурандаа нар, таны агуу гээд байгаа Н.Энхбаяр гуай нар ялангуяа өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс шоронгийн сургаар л бие нь муудаад байх юм.   Уг нь  гяндангийн дэргэд жирийн дэглэмтэй хорих бол   анхан шат л гэсэн үг биз дээ. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Итгэл үнэмшил, үзэл бодол нь төлөвшсөн хүн л ямарч юманд тэсч гардаг юм байна гэж бодсон. Би санаатай хүний амь бүрэлгээгүй хэрнээ үүний учир нь олдоогүй байхад үхчихэж бас болохгүй шүү дээ. Үнэн мөн нь олдтол амьд байх ёстой.  Н.Энхбаярын тухай та хоёр надаас асууж байна. Н.Энхбаярын хувьд хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хононо гэдэг бол  аа яа яа хэцүү шүү дээ. За даа тэслээ тэслээ гэхэд долоо л хонож чадна. Би өөрөө өлсгөлөн зарлаж явсан хүн мэднэ л дээ.  Тэгэхэд хуурай өлсгөлөнг арав гаруй хоног тэсч гарна гэдэг бол аймаар. Чухам хуурай өлсгөлөн зарлахдаа  ямар орчинд яаж байсныг нь мэдэхгүй юм. Мань мэт ийм нөхцөлд өлсгөлөн зарлах нэг өөр, төрийн том хүн зарлах нэг өөр байх. Гэхдээ л хэцүү. Ер нь би Н.Энхбаярыг  бол үзэл бодлын хувьд хүндэлдэг. Алдаагүй хүн байхгүй ээ. Хүний алдааг бас уучилж чаддаг байх хэрэгтэй юм шиг билээ.  

-Саркози Каддафиг алуулсан гэж ярьдаг шиг арай таныг Н.Энхбаяр нь ингээд түлхчихсэн юм биш байгаа гэж ярих хүмүүс бий л дээ. Яагаад гэвэл та Н.Энхбаярын сайн сайхныг мэдэхээс гадна муу муухай хийсэн зүйлийг ч гадарлана шүү дээ?

-Би ганцхан юм хэлье. Та нар анзаарсан уу, үгүй юу. Би бол олон сайхан шавьтай. Тэдний нэг Даяар Монгол хөдөлгөөнийг удирдаж байсан залуу дээд хэмжээ авсан. Тэр чинь гурвуулаа хийсэн хэрэг шүү дээ. Ганцаараа хэрэг үүрсэн. Бид нар чинь бол өөрсдийнхөө дагаж байсан хүнийг хутга шааж байсан ч эсрэг хөдлөхгүй. Тэр бол эр хүний чанар. Тэр хүн нь түлхлээ ч үнэнч хэвээрээ л байдаг. Би тийм л хүмүүсийн  нэг. Эзэндээ үнэнч гэдэг шиг. Энхбаяр надад  “Би улс төрийн том алба хашиж байна. Би чамайг цэвэрлэнэ, чи надад хэрэггүй болсон  гэвэл би зөвшөөрнө. Тэртэй тэргүй улс төрчид юунаас болж үхдэг вэ гэвэл хэт их юм мэдсэнээсээ болж л үхдэг.  Н.Энхбаяр бол Монголын улс төрд дахин ирж тоглоно шүү. Наана нь элгээрээ яваад өгчихгүй л бол.

-Улс төрдөө эргэн орж, дахин том албан тушаал хашина гэж үү?

-Напелеон Бонапарт Элба арал дээр цөлөгдөж байгаад эргэж ирэхдээ  хоёр дахиа хаан болдог  шиг. Н.Энхбаяр бол  өрөөндөө амиа хорлоод үхчих хүн бол биш шүү. Ялангуяа шоронд орж байгаа хүн амиа хорлох нь бараг үгүй шүү дээ.

-Та Н.Энхбаярт үг дамжуулах бол юу гэж хэлэх вэ?

-Тэсээд гараарай, дахиад улс төрд босч  ирээрэй л гэж хэлнэ.   Өөрөөр хэлбэл  алдсан алдаагаа ухаантай хүн давтддаггүй юм. Алдаагаа давтахгүй хүн л эр хүн шүү дээ. Нэг алдаагаа дахин,  дахин давтаад байвал тэр хүн болохгүй. Түүнээс биш Н.Энхбаяр бол маш их алдаа гаргасан хүн шүү дээ.  Олон сайхан дотны хүмүүсээ өөрөөсөө холдуулж байсан. Олон хэрэггүй хүнд бас итгэж байсан. Харин ажаад байхад нэг алдаагаа давтаад байдаггүй хүн шиг санагддаг.  Ю.Цэдэнбал гуайг  олон жил  төр барьсан л гэдэг. Н.Энхбаярыг  бас тэгэж хэлээд байгаа. Олон жил төр барьсан хүн Монголд төр бий шүү дээ. Пунсалмаагийн Очирбат аль 1972 онд монгол төрийн сайд хийж байсан хүн ш дээ. Өнөөдөр хамгийн том ажил хашиж л байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг чинь  Монголд бол  хамгийн том албан тушаалын нэг  гэж боддог шүү дээ.  Ер нь улс төр гэдэг өөрөө бохир тоглоом. Улстөрчид бээлийгүй бол улс төрөө хийж чаддаггүй.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Бээлий болдог хүмүүс нь мань мэт шиг хүмүүс байдаг байхгүй юу. Гэхдээ би бол Н.Энхбаярын  бүлгийн л бээлий байсан байхгүй юу. Тухайлбал Н.Энхбаяртай хамтарч ажилладаг хүмүүстэй би дамжуулж ажилладаг ч байсан байж болно гэсэн үг.

МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙН ЗҮЙЛ ХИЙВЭЛ ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ НЬ ХАМААГҮЙ ЭЭ

-Одоо асуултаа арай өөр  тийш нь хандуулъя. Та  бол номоо бичээд л сууж байдаг их сайн хүмүүжигч байсан гэж сонссон?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, арми хоёр бол улстөрждөггүй байгууллага гэж би боддог.  Тиймээс хуулийн дагуу, ном журмаар нь л байхыг хичээж ирлээ. Одоо юу хийхэв. Номоо бичээд л сууж байна.   

-Өмнө нь бичиж байсан номнууд чинь худалдаанд харагдахаа больсон байна лээ?

-Яахав, тэр үеийн номуудаа харахаар одоо үнэхээр голдог. Тэр бол зах зээлийн, борлуулалтын л номууд байж.

-Ер нь анзаараад байхад ял эдэлж байгаа хүмүүс “Миний хэрэг  буруу шийдэгдлээ,  ийм, тийм байна. Гэтэл  ингэчихлээ” гэх юм. Та  өөрийнхөө хэргийн талаар юу гэж боддог вэ?

-Би бол буруутай. Буруугүй гэж хэлэхгүй ээ. Хийсэн хэрэгт нь таарсан ял өгөөсэй л гэж боддог хүн. Ер нь Монголын шоронд байгаа олон залуучууд тэгэж боддог юм билээ. Би ганцхан юм анзаардаг. Яалт ч байхгүй хуулиар чанга ял авах түвшинд хүрсэн хүмүүс бий. Тийм хүмүүс бол цөөхөн ш дээ. Та хоёр  бол тийм хүмүүстэй уулзаж байгаагүй байх.  Би амьдралдаа хятадын эрлийз хүнтэй гар барьж байгаагүй. Би гянданд байхдаа нэг тийм хүнтэй гар барьж байсан. Тэр залуу социализмын үеэс хойш долоон удаа шоронд орсон байгаа юм.  Сая орохдоо хүн хутгалж орсон. Би тэрнээс чи хэдэн жилийн ял авна гэж бодож байсан гэж асуухад “Хорин жилийн ял авна байх гэж бодсон. Илүү авчихлаа” гэсэн.  Би тэрэнд  “За одоо чи бид хоёр гянданд таарлаа. Би хятадын эрлийз хүмүүст дургүй. Ийм газар таарчихаад бие биенээ үзэн ядаад яахав” гэж хэлээд гар барьж байсан.

-Та маш олон хүнийг Хятадын эрлийз гэж зарласан шүү дээ.

-Би Монгол  Улс тусгаар тогтнолоо алдчихгүй байгаасай л гэж боддогийм. Монголын төлөө, Монголын ард түмний төлөө сайн юм хийж байвал эрлийз байна уу, хурлийз байна уу падгүй ээ. Төрийн том албан тушаалыг өөрийн хувийн, бүр цаашлаад өөр улсын  сонирхлын төлөө хийгээд байвал би эсэргүүцэж тэмцэнэ.

-Та хас тэмдэг анх зүүгээд л явдаг байсан. Одоо ч энд зүүгээд байгаа юм байна?

-Ер нь ийм л дээ. Би энийгээ дээдийн өрөөнд зүүж байлаа. Гянданд зүүж байлаа. Одоо ч зүүгээд явж байна. Уг нь  дээдийн өрөө, гяндан хоёрт  хүзүүндээ ийм юм зүүхийг хориглодог л доо. Хас тэмдэг гэдэг бол хүн төрөлхтөний танин мэдэх гэж гээд байгаа тэр сансрын хар нүх энэ тэрийг чинь бэлгэддэг асар нарийн гүн ухаантай.    Маш олон зуун жилийн түүхтэй эд. Гурван цэнхэрийн агуйд байдаг шүү дээ. Багшаас шавьд, амнаас ам дамжин нууц нь өвлөгдөж явдаг. Би энэ хасыг  үр хүүхэддээ үлдээнэ гэж боддог юм. Яагаад гэвэл юманд энерги шингэх гэж ярьдаг ш дээ. Тэр утгаараа. Хасын нарийн утга ухааныг тайлбарлана гэвэл бүхэл бүтэн хэдэн боть ном болно.  

ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ЭЭ, БИ ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ААВ, ЭЭЖЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ
 
-Хэдийгээр эргэж ярихад  хэцүү ч гэсэн зургаан жилийн өмнө болсон тэр хэргийн талаар яриагаа үргэлжлүүлье. Тэр өдөр чухам юу болсон юм бэ?

-Намайг гэртээ ирэхэд охин маань найз залуугаа дагуулаад ирсэн байсан.  Их сайхан ч залуу байсан. Гэтэл “Маргааш сургууль руугаа буцна. Эртхэн цагаан тэмээн дээр очиж зургаа авахуулъя”  болцгоолоо. Тэр хүүтэй  юм ч ярьж чадаагүй ээ.  Тэгээд л машинд суугаад гарцгаасан.  

-Юун цагаан тэмээ билээ?

-Яагаав 180 метр урт торгон дээр  “Нууц товчоо”-г эхнэр, охин маань оёж, би тэрийгээ цагаан тэмээн дээр авч явж хүмүүст үзүүлнэ, есөн сард нь төрд хүлээлгэж өгнө гэж байсан юм. Санаж байгаа бол  Н.Энхбаяр дарга гэх мэт хүмүүст  төрийн ордонд орж үзүүлж байсан шүү дээ. Тавь гаруй зурагтай, оёмол ном шүү дээ. Тэгээд нутгаасаа   хөдөлмөрийн баатар, тэмээчин Самдан гуайн хүү Энх-Амгалантай  хамт тэр гурван цагаан тэмээг авчирч, өдөртөө Амгалангийн тийшээ гаргаж бэлчээж, орой нь хашаандаа авчирдаг байсан юм. Хүмүүс бас тэр тэмээнүүдтэй зургаа татуулъя гэж их ирдэг байсан.

-Тэгээд  тэмээтэй зургаа татуулах гэж явсан хэрэг үү?

-Тиймээ. Орой болохоос өмнө эртхэн зургаа татуулчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд  бид гурав машинд сууж гэрээс хөдлөөд  1300 метр газар яваад л  тийм зүйл болсон.  

-Тэгээд дөнгөж машин хөдлөөд тэр хүүтэй та муудалцсан хэрэг үү?

-Яалаа гэж дээ. Муудалцах нь байтугай олигтой хэдэн үг  сольж  амжаагүй байтал машины  донсолгоонд   буун дуу гарч ийм хэрэг болсон. Тэгээд шууд цэргийн эмнэлэг рүү авч явсан.  Би хүүг тэврээд эмнэлгийнхэнтэй хамт  насилкан дээр хэвтүүлсэн.  Хэрвээ хүүг алъя гэж санасан бол юу гэж эмнэлэг рүү очих билээ дээ. “Амийг нь авраач” гээд л тэврээд очсон шүү дээ.

-Та яах гэж буу машиндаа авч явсан юм?

-Манай тэмээг хариулж байсан  хүнийг золбин нохойнууд дайрч урсан байсан. Тэгээд тэр нохойнуудыг үргээх гэж буугаа машинд хийсэн юм. Хэрэг болохоос өмнө тэр буу угаасаа машинд минь байж л байсан. Хэн тийм гайтай юм болно гэж бодохов дээ.

БИ ТЭР ӨДРӨӨС ХОЙШ “ЦАГ ХУГАЦААГ УХРААЧИХДАГ БОЛ ...” ГЭЖ ЯМАР ИХ БОДСОН ГЭЭЧ

-Бидний сонссоноор бол та хүүг хятад аялгаар ярилаа гээд буудчихсан юм биш үү. Таныг хэт үнсэрхэг үзэлтэй болохоор Хятадад сурч байсан хүүг хятад аялагаар ярилаа гээд уурласан гэж сонссон. Хэвлэлээр тэгэж л гарч байсан шүү дээ?

-Хятад аялгатай эсэхийг   мэдэх нь байтугай тийм олон үг ч сольж амжаагүй ээ. Хугацааны хувьд ч тэр ойлгомжтой шүү дээ. Аав нь ч шүүх хурал дээр “Миний хүү хятад аялагаар ярьдаггүй” гэж хэлж байсан.

-Эхэндээ охин чинь “Өвөр дээрээ тэр бууг тавиад явж байтал  донсолгоонд гэнэт л тийм юм болсон” гэж мэдүүлээд “Ганц худаг”-ийн урьдчилан хориход хоригдож байсан. Гэтэл дараа нь та буудсан болж хувирсан. Энэ ямар учиртай юм?

-Гуравхан хүн л байхад болсон хэрэг шүү дээ. Хуулиараа бол охин бид хоёр аль алиныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй шүү дээ. Бүх нотлох баримт машинд байсан. Хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг ч тодорхой байгаа. Хуулийнхан үүнийг өөрсдөө тогтоох ёстой шүү дээ. Мэдээж би охиноо хэзээ ч шоронд сууж зовохыг харахыг хүсэхгүй. Ямар ч эцэг хүн үрээ зовохыг харахыг хүсэхгүй. Би хүн буудаагүй. Тэр явдал санамсаргүй явдал болсон. Юу болсныг нь цагдаа, шүүх, прокурорынхон үнэнээр нь тогтоох ёстой л байсан.

-Тэр үед бас их сонин мэдээллүүд хэвлэлээр гарч байсан л даа. Таны охиныг дагавар охин гэх мэтээр...

-Эхнэрийн минь дагуулж ирсэн охин биш, миний дагуулж ирсэн охин минь шүү дээ.

-Арай тодорхой ярьж  болох уу?

-Ах нь залуудаа алдаж, эндэж явах үедээ шоронд сууж байсан. Хятад айлаас  хулгай хийсэн, дээрэмдсэн гээд. Та нар магадгүй сонссон байх. Тэр үед эхнэр маань охин, хүү хоёртойгоо үлдсэн ч намайг шоронгоос гарч ирэхэд салчихсан юм. Тэгээд би шүүхдэж охиноо өөр дээрээ авч, хүү маань эхнэр дээр үлдсэн. Гуравхан настайд нь муу охиноо өөр дээрээ авсан болохоор охиныхоо төлөө  амьдрах ёстой гэж ах нь бодсон. Тэгээд л би охиноо хүн болгосон. Нөгөө талаар би охиноо хүн болгосон  гэхээс илүүтэй охин маань намайг хүн болгосон гэх үү дээ. Охиноо өсгөхийн тулд хүн шиг амьдрах ёстой гэж бодоод архи, тамхи огт хэрэглэхээ больж амьдралын төлөө зүтгэсэн. Сүүлд энэ ханьтайгаа учирч бас нэг хүү төрсөн. Ханийг маань Сумъяа гэдэг. Харин хүү маань одоо хорин нэгтэй. Тогооч болсон шүү дээ. Хань маань охиныг минь төрсөн ээж шиг нь хайрладаг. Азаар надад муу хэлэх юмгүй сайн хань заяасан. Ер нь  охиныхоо дагуулж ирсэн залууг бид яалаа гэж ад шоо үзэж, алах дээрээ тулахав дээ. Тэгээд ч нутгийн, сайн хүмүүсийн үр удам юм билээ.

-Та талийгаач хүүгийн аав, ээжтэй нэг нутаг юм чинь таньж, мэддэг байсан уу?

-Шүүх хурал  дээр харсан чинь мэддэг хүмүүс байсан.  “Бялзуухай Цэрэн” гээд манай аавын жүжигт дээр үед тоглож байсан хүн хүүгийн аав байна лээ. Тэр жүжигт сэтгүүлч эмэгтэйн тухай гардаг юм. Шүүх хурал  дээр хараад  би таньсан л  даа. Манайхан тэднийхтэй эртдээ бол  дотно сайхан явсан улсууд байсан юм байна лээ. Манайд тэр үеийн зураг нь ч байдаг юм.

-Мэдээж ганц сайхан үрээ алдчихаад ээж, аавынх нь сэтгэл  ямар байсан нь тодорхой. ..

-Би тэр хүмүүсийг ойлгож байнаа. Ах нь түрүүнд хэлсэн дээ. Өмнөх эхнэр маань хүүгээ авч,  би охиноо авч салж байсан тухай. Тэр хүү маань  хориодхон настай байхдаа  хүний гарт алуулчихсан шүү дээ. Тэгэхээр талийгаач хүүгийн  ээж, аавын үрээ алдсан сэтгэлийн зовлонг би маш сайн ойлгож байна. Тэд намайг яаж ч харааж,  муу муухайгаар хэлсэн надад хэлэх үг байхгүй. Яалт ч үгүй хүү нь бидэнтэй уулзах гэж очиход нь ийм гай дайрчихсан юм чинь. Гэхдээ би юу боллоо гэж тийм жаахан залууг охинтойгоо найзлаад уулзах гээд ирэхэд нь алж байхав дээ. Тэр бол санамсаргүй хэрэг болсон юм. Би энэ хэрэг болсноос хойш тэр өдрийг ухраачихдаг бол гэж ямар олон удаа бодсон гээч.

-Тухайлбал...

-Би тэр өдөр  оройтож ирдэг байж дээ ч гэх юм уу. Би эрт ирээгүй бол тэр хоёр тэмээний зураг авахуулах гэж яваа ч уу, үгүй ч үү. Тэр хүүг   донсолгоонд бууны суманд  оногдохгүй байсан хувилбарыг олон янзаар боддог юм. Цаг хугацаа буцахгүй гэдгийг мэдсэн хэрнээ л өөрийн эрхгүй тэгэж бодогдоод байдаг юм.  Аав нь шүүх танхимд  “Энэ хүнд цаазын  ял өгөөч” гэж хэлж байсан. Би тэр үгэнд нь гомдохгүй. Яаж ч байсан үрээ алдсан эцэг хүн шүү дээ. Түүний оронд байсан бол би ч гэсэн тэгэж л хэлэх байсан. Цаг хугацаа олон юмыг эмчилдэг гэдэг ч төрсөн үрээ алдсан эцэг, эхийн сэтгэл  хэзээ ч эмлэгддэггүй юм. Би мэднээ,  үрээ хүний гарт алдаж байсан эцгийн сэтгэлийг.  Ийм гашуун хувь тавилан ирнэ гэж би яаж мэдэхэв дээ.  

Энэ дашрамд та хоёртой уулзсаных хүүгийн аав, ээжээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би түмэнтээ уучлалт гуйсан ч тэр сайхан хүү  нь босоод  ирэх биш дээ. Гэхдээ л би тэднийг хүлээж авсан, аваагүй уучлалт гуйх ёстой хүн. Би  мөрдөн байцаагчаар дамжуулан уучлалт гуйсан захиа явуулсан ч өгөөгүй юм шиг билээ.

БИД ТЭР ҮЕД ОХИНОО ТАЛИЙГААЧИЙН ХҮҮХДИЙГ ТЭЭЖ ҮЛДСЭНИЙГ НУУХААР ШИЙДСЭН ЮМ

-Охинд чинь мэдээж хүнд л байсан байх...

-Мэдээж их хүнд байсан. Шууд хорьчихсон шүү дээ,  тэр үед. Хоригдож байхад нь хүүгийн аавын сонинд өгсөн ярилцлагыг охинд маань “унш” гэж өгсөн байгаа юм. Уг нь охин маань тэндээс гараад тэдэнтэй уулзъя гэж байсан гэсэн. Тэгээд сонин дээрхийг уншаад их эмзэглэж, очоогүй гэсэн. Би бол ямар ч ярилцагыг нь олж хараагүй ээ. Ер нь тэр тухай гарсан материалуудыг уншаагүй. Тийм боломж ч байгаагүйг мэдэж байгаа биз дээ.

-Одоо охин чинь юу хийж байгаа вэ?

-Миний охин  айхтар юмыг давлаа. Үерхэж, сууна гэж бодож байсан хүнээ алдчихаар ямар сайн байхав дээ. Миний охин Пүрэвбат ламын дэргэд бурхан бүтээдэг болчихсон, зээгт наамлаар бурхан урлаж байгаа.  Охин маань охинтой болсон болохоор одоо элэг нь жаахан дэвтсэн байх.  Одоо зээ охин маань бараг зургаан настай болж  байна уу даа.

-Цаг хугацааны хувьд их сонин санагдлаа. Арай  талийгаачийн хүүхэд юм биш биз дээ?

-Талийгаачийн хүүхэд шүү дээ.  Энэ тухай бид хүмүүст хэлдэггүй юм. Тэр үед охин маань давхар биетэй байсан. Тэгээд бид хэнд ч хэлэхгүй байхаар  шийдсэн юм. Одоо  л ил хэлж байна.

-Талийгаач хүүгийн аав, ээж мэдсэн үү?

-Мэдээгүй ээ. Тэр үед  бид нуусан. Бидний хувь тавилан л ийм байж дээ. Сонин юм шүү.