Хөгжилтэй шувуудын арлын тухай үлгэрийг та сонссон уу. Хэрэв сонсч байгаагүй бол ярьж өгье. Далайн гүн дэх нэгэн арал дээр шаагилдсан олон шувууд бие биеийнхээ чимээг дарах мэт ган­гал­дан гунганалдан нэг нэгээсээ хэрхэн мундаг болох талаар мэт­гэл­цэн шулганалддаг байжээ. Тэр үед нь шилүүс ёстой дуртайгаасаа шилж байгаад л шүүрэн авч одох бөгөөд хэрэлдэж орилолдож байгаа шувууд түүнийг нь хэзээ ч мэддэггүй байлаа. Махчин араатан өнөөх шувуудаас нэг нэгээр нь хороосоор харин нөгөө хэд нь бусдыгаа муулан, өөрийгөө дээ­гүүрт тавин чарлал­дах тул үүнийг анзаарахгүй хэвээрээ он цаг улир­саар. Нэгэн удаа чарлаа шувуудын арал дээр хөхрөн цэнхэртэх их далайг туулан шинэ шувуу ирсэн байна. Тэрбээр дандаа л муу муухайгаа дуудуулан хэрээ дээр очин "Амар байна уу та. Ямар гоё гил хар үстэй юм бэ. Та надаас илүү гоё бас надаас илүү ухаантай ажээ. Би тантай найзалмаар бай­на" гэжээ. Харин хэзээ ч ийм үг сонсч байгаагүй хэрээ балмаг­дахын дээдээр балмагдаж, хэсэг зуур амандаа ус хийсэн мэт зогтус­санаа "Харин та өөрөө надаас илүү сайхан бас ухаантай юм байна. Би өөртэй чинь найзлахдаа дуртай байна" гэжээ. Ингээд л дандаа бусдыгаа давж гарах гэж, өөрийгөө мундаг гэж цээжээ дэлд­дэг байсан энэ арлын шувууд нэг нэгэндээ найрсаг таатай үгийг хэлж эхэлсэн байна. Шувууд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж эхэлсэн энэ явдал нэг мөчрөөс нөгөө рүү шилжсээр энэ арлын шувууд бие биедээ найрсаг үгийг харамгүй хэлдэг болж гэнэ ээ. Харин нэгийнхээ үгийг сонсохгүй, давж гарах гэсэн шуугиан дунд нь сэм гэтэн бор ходоодоо борлуул­даг байсан шилүүсэнд асуудал гарч эхлэв. Урьдын адилаар шувууд руу мярайн очиход, бие биедээ хорон муу үг биш, маг­таалын үгийг эелдгээр хэлж суугаа шувууд дорхноо мэдэн дэрхийн нисдэг болсон байна. Аливаа амьтан уур уцаартай, бусдадаа муу үг хэлэхдээ өндөр дуугаар орилдог бол сайн сайхан үгийг аядуу тайван, амар амгалан хэлж байдаг ажээ. Ингээд шилүүс­ний хувьд урьдын сайхан цаг нь ул болж, шувуудын хувьд нэгэн­дээ сайхан үгийг харамгүй хэлдэг, баяр хөөрөөр дүүрэн, шулганал­даж жиргэсэн гайхамшигтай газар болсон байна. Тэгээд ирэхээр бусдын идэш болж, ижил олон сүргээсээ ч алдахаа байжээ. Үргэлж хөгжилдөн шуугилдаж байдаг энэ сайхан газрыг Хөг­жилтэй шувуудын арал хэмээн нэрийдэх болжээ гэж үлгэр маань төгсдөг.

Үлгэр бүр өөрийн утгатай, үйл учрыг дагуулж байдаг билээ.  Хөг­жилтэй шувуудын арал ч бидэнд нэгийг сануулж л байгаа. Үнэхээр хэн нэгэнтэй муудалцаж, тэмцэл­дэн арцалдаж байвал ухаан санаа эргэн тойрноо анхаарч чадахгүй зөвхөн хэрхэн давж гарахаа л бодож байдаг. Үүнийг дагаад алдах нь их. Зүгээр л бусдын идэш л болно гэсэн үг. Үгийг нэгэндээ бодож хэлж, бусад­тай ойлгол­цох­доо аядуу тайвнаар хэлж ярих нь чухал ажээ. Бид бүгдээрээ жигтэй­хэн гэгээрчихсэн амьтас биш учраас өдөр тутамдаа алдаад л байдаг. Нэгийгээ гом­доох­гүй юмсан гэж хичээвч тухайн хэдхэн хормын бууж өгөхгүй гэдэг сэтгэл­гээн дээрээ бусдыгаа шарх­луулах хатуу үгийг хэлчих нь элбэг. Тэгэхээр аль болох ийм алдаа гаргахгүйг хичээн дахин дахин нэгэндээ хэлж, давтан давтан өөрийнхөө энэ биед хэлэхэд юун муу байх билээ.

Өөр хоорондоо хэмлэлдэн муудалцвал өрөөл бусдын л аманд орно. "Гэдэс хагаравч тогоондоо" гэсэн ардын цэцэн үг бас л тунгааж ширгээж бүтээсэн үгс байж таарна. Манайхан болж л өгвөл таарч тохирохгүй байгаагаа гадагш цацаж, гадны хэн нэгнээс дэм дэмжлэг авах гээд байдаг. Гэхдээ гэр дотроо яахаа алдчихсан биш гэрийн асуудалд саахалтын хүн ирээд дэм өгч, сайн сайхан болго­чих нь юу л бол. Харин дараа нь сул талыг маань өөр нэг зүйлд ашиглах нэг үүдийг л нээдэг байх. Монголчууд ойлголцохгүй боло­хоо­роо эсвэл буруугаа нэгнийхээ өмнө хүлээн зөвшөөрч чадахгүй болохоороо гадаад ертөнц рүү хандаад эхэлдэг. Монголд үй олноор хоморголон алаад байгаа мэт, Монголд хүний эрхийн асуудал юу ч үгүй улан дор гишгэгдсэн мэтээр бүр төлбөр төлж байгаад гадны хэвлэлүүдээр бичүүлээд байдаг. Үнэхээр Монгол гэдэг шаар­лагдсан улс болсон юм уу гэхээр бас тиймгүй. Нэг бол байгаль орчноо хамгаалж байна гээд манай­хан гол усаа ийш нь урсгах гээд байна, энэ нь танай гол нууранд ийм аюултай гээд захиа занаа бичээд байдаг. Тэгээд нэгийгээ давж гарах гээд их дуугаар тэмцэлдээд л байна, тэмцэлдээд л байна. Ялж гарсан нь ч байхгүй, хамаг муу муухайгаа дэлхийгээр нэг цацчихдаг. Одоо энэ байд­лаасаа салмаар байна аа. Орилоо шувуудын арал шиг биш хөгжилтэй шувуудын арал болгоё л доо, Монголоо.

Хүнд зориулан хэлсэн сайхан үг, сайхан инээмсэглэл яг тийм хариуг л авчирч байдаг. Гудамжинд хэн нэгэн инээчихсэн алхаж явааг харахад өөрийн эрхгүй дагаад инээмсэглэл төрдөг биз дээ. Монгол шиг хэн нэгэн рүүгээ харж инээмсэглэдэггүй газар орон ховор. Гадны аль ч хотод очсон өөдөөс тань хараад инээж байгаа хэн нэгэнтэй та таардаг шүү дээ. Тэнд ч гэсэн бид тэдэнтэй адилхан бусдад инээмсэглэл бэлэглэж, гэрэл цацруулж чаддаг гэдгээ мэддэг. Харин энд бол тэгж зүгээр инээд гарздана гэж байхгүй шүү гээд л үзэж тараад эхэлдэг юм даа. За тэгээд, муу муухай үгийг бол нэгнээсээ харамлана гэж байхгүй. Бас бусдыгаа үгээр шархлуулж гомдоох энүүхэнд. Үгээр хүнийг үхүүлж бас сэхээж болно гэж ярь­даг. Үүнтэй утга нэгэн үг ном зо­хиол, бүхий л шашны сургаалууд дээр ч байдаг билээ. Библид гэхэд л "Амтат жимс мэт идэх хэлийн хүчинд үхэл, амьдралын аль аль нь багтдаг" гэсэн үг бий. Хэлний хүч гэдэг нь мэдээж үгийн хүчийг хэлээд байгаа хэрэг л дээ. Бас "Амаа хамхиж чадсан хүн амьдралаа хамгаалдаг, аль болох том ангайл­гасан нь сүйрлээ дууддаг", "Бол­чим­гүй үг илд мэт сүлбэдэг ч эргээд хэлийн хүчээр эдгээж болдог" гээд олон сургаал байдаг.

Хажуу хавиргынхаа хүмүүсийг бодоод муу үг амнаасаа унагахгүй гээд хичээхээр насандаа баймгүй энэрэнгүй хүн болчих гээд байж болох юм. Тэгвэл болъё л доо. Өөрийгөө бодоод амнаасаа муу үг бүү унагаарай гээд хэлчихье. Хүн төрөлхтний нэгэндээ харагдаж байгаа бие дүрс бол тухайн хүний биеийн ердөө л гурван хувь нь гэгддэг. Үлдсэн 97 хувь нь үл харагдах вертуал буюу гэрлэн биед оршиж байдаг ажээ. Хүний гэрлэн бие, аураны талаар шинж­лэх ухаанаар нэгэнт батлагдсан учраас мухар сүсэг энэ тэр гэж уурлахаасаа урьтан цааш үргэлж­лүүлэн уншаарай. Тэгэхээр хэн нэгэнд зориулан муу үг хэлж байгаа бол таны уруулаас унасан үг тань тэр хүн дээр шууд очихгүй нь. Харин таны гэрлэн биеийн хэд хэдэн давхаргыг давж өнгөрсний­хөө дараа муу санаж хэлсэн хүн дээр чинь хүрнэ. Тэгэхээр тэр сөрөг энергитэй үгийнхээ гол золиос нь эхлээд та болдог хэрэг байна шүү дээ. Ийм байтал амнаасаа муу үг унагаж, өөрийгөө ч, өрөөлийг ч шархлуу­лаад байх хэрэг байна уу даа. Эцэг, эхчүүд ч гэсэн үр хүүхдээ зэмлэн загнахдаа аль болох муу үг хэрэг­лэхгүй байх нь чухал гэх юм билээ. Зарим хүмүүс "Үхээд өг, Сайн явахыг чинь харна аа" гэж ирээд л загнаад байдаг. Мэдээж үр хүүхдээ үхүүлэхийг хэн хүсэхэв, бас сайн сайхан яваасай л гэж бодож байгаа. Гэхдээ уурын мунхагтаа хэлсэн тэр үгийн тань хүч асар хүчтэй байдаг гэдгийг санаарай. Тэр биеийг бүтээсэн ээж, аавын амнаас гарч буй үгийн хүч тухайн хүндээ тун хүчтэй нөлөөлдөг гэлцэх болсон байна лээ. Нэг нэгэндээ сайн сайхан үгс олныг хэлж, нэгэндээ урмын дуулгаж бас сай­хан үг хариу сонсч тэжээгдэж байхаар байгаль дэлхийгээс бид бүтээгдсэн билээ. Хэн нэгэнд сайхан үг хэлж, хэлсэндээ баярлаж байгаа нь, бас сонсч сонссондоо хөөрч байгаа нь хүний л мөн чанар. Тэгэхээр үгийн сумаар нэгнээ шивээлэлгүй, бас их дуугаар орилж давж гарах гэж муудалцахдаа бусдын олз бололгүй Хөгжилтэй арлын шувууд шиг амьдарцгаая л даа.