Социализмын үед нэг ийм зүйр үг байлаа. Капитализм байгаа цагт дайн сүүдэр мэт дагалдана гэж. Тэр үед  бид хувийн өмчгүй, социалист нийгэм байгуулж байсан цаг. Хожим мэдэхнээ капитализм гэхээсээ илүү социализм байгуулагчид энх тайвны төлөө тэмцэж байгаа цагт дайн сүүдэр мэт дагалддаг байсан юмсанж.

Харин нийгэмчилсэн өмчийг тарааж, хувийн өмчтэй болоод өөрснөө капитализмд шилжээд ирэхийн цагт өөр нэг хичээл үзлээ. Тэр нь “Капитализмд нийгмийн өмч байгаа цагт хулгай сүүдэр мэт дагана” гэж.

Монгол орон капитализмд ороод 20 гаруй жил өнгөрсөн ч нийгмийн өмч хэвээрээ үлдсэн газрын нэг бол МИАТ билээ. Дүрэм ёсоор түүнийг хулгай сүүдэр мэт дагалдах учиртай. Саяхан мэдэхнээ үнэхээр тэгжээ, янз нь.

Тэгэх л учиртай. Бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж хэлдэг. Энэ үгийг бид бүгдээрээ хэлэлцвэл л зөв шийдвэр гараад байдаг мэтээр ойлгодог. Яг жинхэнэ утга нь бол бүгдээрээ шийдсэн асуудалд хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас, хэн ч буруутдаггүй гэсэн санаа. Ийм  учраас энэ хэллэгийн жинхэнэ утга нь“бүгдээрээ хэлэлцвэл буруутангүй” бөлгөө.

Яг түүн шиг хувийн өмчийг эзэн нь харамлаад  хулгайч, луйварчинг хавьтуулахгүй. Харин нийтийн өмч бол яг чинийх ч биш, бас минийх ч биш. Тийм учраас алга болоод байхад чамаас холтрох юмгүй, арвижаад явна гэхэд надад наалдах зүйлгүй. Тийм болохоор олон нийтийн өмчийг харамлаж байгаагаар харагдаж болох ч, үнэнээсээ харамлах  үндэс бага. Нисэхийн автобусанд сууж явсан жирийн иргэн бээр татвар төлөгчийн хувиар МИАТ-ын юмыг харамлаад, элдэв долоон юм шалгах гээд очвол ам руугаа алгадуулаад буцна.Тийм учраас төрийн өмчөөр менежмэнт хийж буй этгээд  хөрөнгийн эзний өмнө бус өөр шигээ л нэгэн “эчнээ” эзний өмнө хариуцлага хүлээнэ.

Хувийн өмчийн эзэнтэй “Чиний юмнаас ийм хэсгийг хулгайлаад чамтай ингэж хуваана”, “Чамаас хэдэн цаас гулгуулчихсан. Энийг аваад амаа хамхиж байгаарай”  гэвэл тархиа хага цохиулдаг юм байгаа биз дээ. Харин ард түмний төлөөний этгээдтэй бол янз бүрийн сэдвээр яриа өрнүүлж болно.

Өмч хувьд очвол хулгайлж болохгүй. Энэ учрыг олж харсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өмч хувьчлалыг сааруулах, улсын мэдэлд аль болох их хөрөнгийг байлгаж байх оролдлогыг эрх барьсан бүхий л үеийнхээ турш хийж ирсэн юм. Гол логик нь:Өмчийг хувьчилж идэхэд нэг удаа иднэ, харин хувьчлалгүй идэхэд олон дахин идэж болно.

Харамсалтай нь энэ бүлэглэл ард түмний өмчийг хамгаалагч,  өмчлөн хувьдаа завшигчаас сэргийлэгчийн дүрийг амжилттай бүтээж ирсэн нь тохуутай. Хувьд очиж, хулгайлах аргагүй болсон хөрөнгө, бизнесийн араас нулимс унагаж “Хувьчлаад үрэн таран болсон” гэхчлэн гашуудаж суудаг нь эзэнтэй болоод идэх аргагүй болсон өмчийн араас гоморхсон хэрэг болов уу?

Тийм болохоор “нийгмийн”, “ард түмэн”-ий өмчийг удирдаж байгаа хүнд хоёр онцлог харагддаг. Нэгдүгээрт, ямарч сайхан үйлдвэр, компанийг гаднаас нь харахад ашиггүй байдлаар барьж байдаг.  Сайн ажиллаад өнгө зүс ороод ирвэл булаалдах хүн олшроно. Ийм учраас улсын өмчит компани ашиггүй үлгэн салган харагдах учиртай.

Өнөөдөр энд тэнд дуудагдаж, идсэн ууснаараа хэлэгдэж байгаа улсын нэг хэсгийг юуны өмнө системд зориуд сул тал үлдээжтүүнээ ашиглагчид,  түүнчлэн ясны хулгайч гэхээсээ илүү зүгээр л “биеэ барьж чадаагүй” нөхдүүд гэж хувааж болох мэт. Хоёр дахь хэсгийг үлгэрлэвэл шартсан хүнд архи харуулчихаад дараа нь уухаас буцахгүй этгээд гэж нэрлэсэнтэй агаар нэг. Энэ нь тэднийг өмөөрөх, гэм бурууг цайруулах шалтгаан болохгүй ч байх л даа. Гэхдээ гол учир шалтгааныг биеэ барьж дийлэхгүй болох хормыг нь ажиглаж байгаад аргандааорох мөчийганаж суудаг тэр бүлэглэлээс хайсан нь дээр болов уу?

Сонин хэвлэлээс харвал манай иргэний агаарын тээврийн МИАТ компани улсын өмч учраас яг л ном зохиолд гардаг шиг “Яг л ёсоороо хальж дээ, хөөрхий” гээч болсон юмдаг уу. Хамгийн гашуун нь энэ компани татвар төлөгч та бидний хөрөнгөөр бүрдсэн. Сонинд юм бичихэд нягтлан хураагаад үлддэг хэдэн төгрөгнөөс, хайрцаг чүдэнз авахдаа шингээж төлдөг тэр үнээр бүрдсэн. Дахиад дээр нь биднээс онгоцонд суух тоолонд дайны эрсдэл гэхчлэнгийн мөнгө нэмж бичээд авчихдаг байж. Эзэнгүй юман дээртуйлжбайсан нэг бүлэг баригдсан юм байлгүй. Одоо тэгээд яах вэ? “Хажууханд нь хан Хэнтий налайж байхад гурав хонолгүй баригдаж байдаг өөдгүй муу эр”-ийг шийтгэчихээд, дараагийн “сайн эр”-ийг хүлээх үү? Шуналгүй, сул мөнгө хэвтэж байхад биеэ бариад өнгөрөх “маанаг гайхал”  таарсан байгаасай гэж бурхандаа зул хүж өргөөд, татвараа сайн төлөөд суух уу?

Эзэнгүй өмч байгаа цагт идэж уух явдал сүүдэр мэт дагах тул МИАТ-ыг хувьчлах л хэрэгтэй. Хэн нь авсан ч ялгаагүй, хулгайлаад байгаа бүлэг нь ч байсан хамаагүй хувьчлаад аваасай. Луйвраар ч хамаагүй авчаасай. Хувьчилбал нэг л алдаад, татвар төлөгчид дахиж хохирохгүй үлдэнэ. Хулгайч  ч байсан эзэн нь авсан юмаа өөрөө алдвал хохино болно, алдагдлыг ард түмэн халааснаасаа ахиж нөхөхгүй нь сайхан. Хувьчлалгүй үлдээвэл хулгайлуулсаар л, баригдаж хөглөснийг нь шийтгэсээр дуусахгүй явна.

Өнөөдөр МИАТ-ыг улсын өмч хэвээрээ үлдээх нь ямар чухал болох, түүнгүй бол улс орон онхолдоод уначих  тухай болон “Онгоцтой л байхгүй бол төр байх шаардлагагүй” гэхчлэнгийн  гаргалгаанууд “Одоо манай  зувчуулах ээлж”, “Ингэж баригдаж балрахгүй арга надад байгаа юм чинь”, “Идэх юм олдохгүй бол төр бариад яах юм бэ” гэхчлэнгээр уншигдаад байгаа юм.Тэгэж бодоогүй ч байж болно л доо. Үнэн хэрэгтээ МИАТ шиг ийм “эзэнгүй” ард түмний өмч байсаар байгаа цагт улс харин ч амархан онхолдоно. Иргэний агаарын тээврийн салбарт эрүүл өрсөлдөөн, жам ёсны дэвшил гарахад улаан тээг болно.

Аливаа өмч хөрөнгө хувьчлагдаад эзэнтэй болохын хэрд түрүү түрүүчийн хулгайн ул мөр тодроод ирдэг. Бүрэн бүтэн машин худалдан авлаа гээд мөнгөө төлчихөөд хартал  аккумлятор нь байхгүй, сэнсний эрмээнийг нь шуучихсан, моторыг нь сольсон байвал ямар ч хүн хэл ам таталж л таардаг шиг зүйл болно. Ийм болохоор хувьчлалгүй удахын хэрээр хуучин хулгайн мөр нь шинэдээ дарагдан баларна. Сүүлийн хүн өөрийн мөрөө баллахын тулд өмнөх бүдгэрүүлнэ үү гэхээс тодруулахгүйг хичээнэ.

1992-96 онд улсын  мэдлийн таван банк дампуурахад хэн ч уйлсангүй. Харин 1998 онд реформистүүд эзэнгүй учраас идэш болж байсан Сэргээн босголт банкийг хувийн банктай нийлүүлж алдагдлыг нь үүрүүлэх гэтэл бөөн эх орончид цээжээ дэлдэн эсэргүүцэж зогсоосон доо. Яг нарийндаа тэндхийн мөнгийг гэр лүүгээ зөөсөн гарууд л байсан нь хожим тодорхой болсон. Хувьчлагдвал эзэнтэй болж, тэр нь алга болсон юмыг үгүйлнэ, тэгээд бид баригдана гэж айсан. Тэднийхээр болсон, баригдаагүй.

Сүүлхэн Хадгаламж банкыг хувьчлаадахсан  чинь  юу илэрсэн гээ. Аль хэдийнээ тэндээс 14 тэрбумын луйвар хийчихсэн байжээ. Эзэнтэй болсон учраас илэрснээс биш дарагдаад өнгөрөх байж. Хэрэв Хадгаламж улстаа байлгаж байсан бол шинэ үеийн  илүү боловсронгуй, илүү цөстэй нөхөд 140 тэрбумыг элбэгхээн зөөчих байсан.

Арилжааны банк улсын мэдэлд байх үед авсан зээлийнхээ 10 хувийг захиралд нь өгдөг жишиг байжээ. Одоо хувийн банкин дээр очоод “Зээлийнхээ 10 хувийг чамд өгье. Тэгээд алга болоод өгөх үү” гэвэл ямар хариу барихсан бол.

Иймээс хуучин ул мөрөө  балран мартагдахыг хүлээгсэд хувьчлалаас зугтаадаг, янз бүрийн эх оронсог уриа цууриатуулж давхидаг билээ.

Хулгайч буруутай, хулгайлчихмаар юм дэлгээд суудаг төр түүнээс дутахгүй гэм буруутай. Хулгай хийхээс сийхгүй этгээд сэжигтэй, хулгайлчихмаар юм зориуд байлгах гээд байгаа нөхөр түүнээс ч дутахгүй сэжигтэй.