-Монголчууд хэрхэн дайсагнангаа нөхөрлөж, нөхөрлөнгөө дайсагнадаг вэ-

Зохиолч Б.Цэнддоогийн удаан дуншсан бүтээлийн нэг “ӨВӨЛ,ХАВАР: Голын эргийн өвөлжөөний хавар” ном гарлаа. Уг бүтээлийн нэлээд хэдэн бүлгийг манай “Өдрийн сонин” цуврал болгон гаргаж байсан учраас уншигчид санаж байгаа байх. Шинэ   номынбаатруудын намтар, уран бүтээлийн хэтийн хувь заяаны талаар зохиогчтой хийсэн, хөгжилтэй блиц ярилцлагыг дор нийтлэв.

-Шинэ ном тань хэвлэгдсэнд баяр хүргэе
-Баяр хүрч байна аа.

-Таны ном яагаад ийм урт нэртэй байгаа юм бэ?
-Номоо урт болгох гэж тэгсэн юм бол уу...

-Номынхаа агуулгыг танилцуулаач
-Агуулга нь номныхоо дотроо байгаа

-Та ярьчихгүй юу. Би чагная.
-Та тэсэх юм бол би эхнээс нь уншиж өгч болж байна. Б.Цэнддоо.ӨВӨЛ, ХАВАР: Голын эргийн өвөлжөөний хавар.НЭПКО хэвлэлийн газар. Улаанбаатар 2013 он...

-За за дараа болъё
-Тэгсэн нь дээр байх аа

-Номын үйл явдал хаана өрнөдөг вэ

-Номон дотроо л өрнөнө дөө.

-Ном  тань инээдтэй юу.

-Ном нь төлөв түвшин байдалтай. Харин  доторхи зохиол нь нэлээн явдалтай.

-Амьдралын наргианаас инээдтэй хэсгийг нь түүж бичсэн байх нь
-Харин эсрэгээрээ. Хамгийн гашуун хэсгийн инээдмийг түүж бичсэн.

-Тэгвэл эмгэнэлтэй, нулимс дуслуулам түүх үү
-Нулимстай,  гэхдээ гунигийн биш.

-Хүмүүсийг баясгах гэж бичсэн үү
-Үгүй.Би ямар баясгадаг бодис биш

-Тэгвэл ухааруулах гэж
-Бүр үгүй. Надад бусдыг ухааруулах эрх, лиценз байхгүй. Хөөцөлдөөд авч чадаагүй.

-Тэгээд яах гэж бичсэн юм бэ
-Цаг нөхцөөхөд нь туслах гэж. Алдагдсан цаг хугацааны хойноос харамсах юм багатай байлгах гэж л бичсэн. Өнгөрсөн үеийн хүнд бэрх бүхэнд өөрийн гэсэн инээдэм байдгийг хэлэх гэж. Гунигтай гэж санаж явсан олон учрал тохиолын бүрхүүл дотор баяр хөөр оршиж байсныг харснаа хуваалцах гэж.

-Нэлээн хэдэн жилийн өмнө “Голын тэртээх гацааны хавар” хошин тууж гарч уншигчдийн талархлыг хүлээж байсан даа?

-Тийм. Та үнэнийг нүүрэн дээр минь хэллээ.

-Тэр зохиол саяны энэ бүтээл хоёрын хооронд ямар холбоо байна вэ?
-Уул нь тэр зохиолын үргэлжлэл маягтай бичиж эхэлсэн юм. Гэтэл зохиолын баатрууд, тэдний адал явдал, элдэв паян огт өөр маягаар өрнөчихлөө.  Бас цаг үеийнхээ дүрэм горим, тогтсон байдлыг сөрөн, сөрөн өндийх тавилантай шинэ шинэ үеийнхний тухай хошин цуврал зохиолын хоёрдугаар нь гэж ойлгож болно.

Үзэл суртлын дэглэм тогтоох үүрэг хүлээсэн албатууд болоод зөнгөөрөө эрх чөлөөгөө мэдрэн бойжиж буй шинэ үеийнхний хоорондын зөрчил, бие биеэ хэрхэн дөнгөсөөр аж төрж байгаа тухай өгүүлнэ.Монгол хүмүүс хэрхэн нөхөрсөг дайсагнаж, дайсагнангаа нөхөрлөж буйг бас харуулна.

-Номын чимэг зургийг харахад, уран зохиолын номын уламжлалт сонгодог байдлыг санагдуулах боловч цаанаа нэг танил...

-Та хоёр дахь удаагаа үнэнийг хэллээ. Я.Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейкийн адал явдал” бол миний шүтээн номын нэг.  Бурхан Буддад чин сүсэгтэй ард орой болгон Сундуй Жадамбаас хэдэн мөр уншдаг бол миний бие Швейкээс ганц хуудас харчихад их сайхан унтдаг. Швейк маягийн ном бичихсэн гэж мөрөөддөг. Гэхдээ тэр нь энэ болсон гэж хэлэхгүй. Харин зураг чимэглэлийг  машид “Швейклиг” байдлаар миний найз М.Чимиддорж хийсэн.

-Дуурайсан хэрэг үү
-Амьдрал бол амжилттай дуурайхын нэр. Наад захын жишээ хэлье. Би багшийгаа дууриаж бичиг үсэг сурсан. Тэр хэнийг дууриаж сурсныг мэдэхгүй. Багш маань хүний үсэг сурснаасаа ичиж байгаагүй. Би ч мөн адил. Надаас өмнө хайр дурлал байсан учраас бусдыг дуурайхгүй гээд хайргүй, дурлалгүй явалтай ч биш.

-Голын тэртээх гацааны хавар, Голын эргийн өвөлжөөний хавар... гээд өөрийгээ хүртэл дуурайгаад...аан.
-Та гурав дахь удаагаа  бараг үнэнийг хэллээ. Би өвлийг гэсгээж, зуныг далладаг хаврын тухай бичих, түүний нэрийг зээлдэх үнэнхүү дуртай. Өвлийн “ханиад”-ны үлдэгдлийг ор мөргүй хийсгэдэг хаврын инээмсэглэлд бүр ч дуртай.

-Таны энэ бүтээл  хошин роман уу,  шог тууж уу?
-Шог тууж бол биш.Хошин новелл...за роман ч мөн. Тачигнатал инээлгэсээр дуусгана гэж бардахгүй ч нүүрэнд чинь тодруулсан инээмсэглэлийг арилгахгүй дуусгана гээд хэлчихэж болно.

-Ингээд ярилцлагынхаа сүүлчийн асуултыг танд үлдээе

-Дураараа л бол. Наана аа орхичихгүй юу.

-Танд баярлалаа. Ярилцлагаа ингээд өндөрлөх үү
-Таныг дөрөвдэх удаагаа үнэнийг хэлчихээс өмнө тэгсэн нь ч дээр байж  мэднэ.