Номын ертөнцөд сүүлийн үед хоёр зохиогч цойлон гарч ирлээ. Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, мэдлэг, мэдээлийг хүлээн авах техник технологи олон хэлбэртэй болсноор цаасаар дамжсан мэдээлэл шахагдах байдалтай болсон. Кино, радио, зурагт, компютэр гарч ирснээр мэдээлэл авах илүү хялбар, илүү хурдтай технологи буй болсон шалтгаантай. Гэтэл интернэт гарч ирсэнээр бараг бүгдийг орвонгоор нь эргүүлж хүссэн хүн бүрийн ширээн дээр бүхий л ертөнцийг авчраад тавьчих нь тэр. Сайнтай муутай нь. Дэлхий хавтгайрлаа. Сонин сэтгүүл ном гээд бүхий л цаасан хэлбэрийн мэдээллийн эх үүсвэр дэлхий даяар 100 тэрбум доллар эргэлдүүлдэг бол Гүүгл, Эппл, Амазон гэсэн мэдээллийн эх сурвалжийн гурван аварга тус болгондоо 300 тэрбумын эргэлт хийх аж. Чухам ийм үед мань хоёр зохиолч номын ертөнцийг дахин амилуулах том эхлэл тавьжээ.
   
Эхнийх нь Жоан Ровлинг. Харри Потэроор нь түүнийг бүх дэлхий танина. Хэдэн жилийн өмнө Нэпко хэвлэлийн газар орчуулж хэвлэх эрхийг нь авахад монгол орчуулга 61 дэхь гадаад орчуулга нь болж байсан. Бүх орчуулгыг нь цуглуулдаг хүмүүс олон байдаг юм байна. Тиймээс олон хувийг гаднаас цуглуулагч нар гуйж худалдаж авсан шүү. Дэлхий даяар тоймгүй олон хувь хэвлэгдсэн. Өчүүхэн Литвад 2.1 сая хувь литва хэлээр борлогдсон байх юм. Эвийг нь олоод зохиосон энэ хөөрхөн үлгэрийн ном бараг ном уншихаа больчихсон өнөөгийн хүүхдүүдийг номын ертөнц рүү эргэж татан оруулжээ. Харри Потэрийн дараагийн цуврал худалдаанд гарах өдөр номын дэлгүүрийн гадаа урт оочир үүссэн байхыг хавтгайрсан дэлхийн мэдээллийн хэрэгслэлүүд шууд дамжуулан харуулж байв. Ровлинд Францын Ерөнхийлөгч Хүндэт Лэгионы одон гардуулахдаа “Хүүхэд багачуудыг номонд дуртай болгосон гавъяаны төлөө” шагнаж байгаагаа онцолсон. Ровлинг бол номоороо тэрбумтан болсон дэлхийн анхны зохиолч. Амьд байгаа Британы нэг нойморын зохиолчоор Ровлинг шалгарчээ.


   
Өнөөгийн хүмүүсийг ном уншуулах болсон нөгөө нэг гавъяатныг Билл Брайсон гэдэг. Уг гарал нь америк хүн боловч бүхий л насаараа бас л Британид амьдарсан нэгэн. Тэрээр утга зохиолын танин мэдэхүйн төрлөөр бичдэг зохиолч. Шоглол ёгтлолын гайхамшигтай мэдрэмжтэй тэрээр шинжлэх ухааны хамгийн нарийн төвөгтэй асуудлыг хүүхэд ч ойлгохоор хялбарчлан тайлбарлаж өгөх төрлөхийн авъяастай аж. Тэрээр танин мэдэхүйн олон ном бичсэн. Хамгийн алдартай нь “Бараг бүх юмсын тухай товч түүх” хэмээх шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл. Энд физик, хими, геологи, метеорологи, географи, астроном, палентологи, биологи, генетик, антропологи, экологи гэх мэт байгалийн шинжлэлийн бараг бүх төрлийг хамруулжээ. Иймдээ ч “Бараг бүх юмсын тухай товчхон” гэж нэр өгсөн бололтой. Тэр чигээрээ шинжлэх ухааны түүх.

Брайсон энд хэн ч ойлгох энгийн хэлээр (бас хошигнол оруулаад) бүх орчлонгоос авахуулаад атом бөөмс хүртлэх бидний эргэн тойронгийн тухай айхавтар хөөрхөн тайлбарлаж хэмжээ дамжаа, үүсэл хөгжлийг өгүүлжээ. 13 тэрбум жилийн өмнө орчлон хэрхэн үүссэн, атом болон түүнийг бүрдүүлэгч бөөмсийн хэмжээ дамжааг тайлбарлахын зэрэгцээ гадагшаа дотогшоо хязгааргүй үргэлжлэх аугаа томоос асар жижиг хүртлэх эдгээр юмсыг эрдэмтэд яаж олж илрүүлсэн, хаанаас олж мэдсэнийг тун ч сонирхолтой аргаар ярьж өгч байна. Тэгснээ дэлхий хэрхэн буй болсон, хэрхэн хувирч өөрчлөгдсөн, амьдрал яаж үүсэв, ямар зам туулав, ганц эст амьтан хэрхэн хөгжсөөр ухаант хүн буй болов гэдгийг байгаль орчны хувирал, түүнд хүний үзүүлж буй нөлөөллийн хамтаар тайлбарлажээ. Тэр чигээрээ танин мэдэхүй. Гэхдээ хэн ч ойлгохуйц. Боловсрол гэдэг бол хүн орчныхоо тухай цэгцтэй мэдлэг ойлголттой болохыг хэлнэ. Тэгвэл Брайсоны энэ бүтээл хүнийг хүрээлэн буй байгалийн шинжлэлийн талаар маш цэгцтэй ерөнхий ойлголт өгөх юм (Математик-логик болон философи-нийгмийн ухаан багтаагүй учир “бараг” гэж тодорхойлсон байгаа). Үүнийхээ завсар эдгээр үзэгдэл юмсыг олж нээсэн байгалийн шинжлэлийн аугаа эрдэмтдийн амьдрал (хувийн амьдралыг нь оролцуулаад), нээлт бүтээл хэрхэн хийсэн болон алдаж эндсэн тухай сонирхолтой хачирхалтай олон намтар цэдэг бий. Танин мэдэхүйн аугаа цэнгэлийг эдлүүлнэ.

Энэ номд бичигдсэн зүйлсийн тухай ерөнхий ойлголтыг бид уг нь ерөнхий боловсролын дунд сургуульд олоод авчих учиртай юм. Сургалтын зорилго ч тийм, харамсалтай нь сургууль бидэнд үүнийг ойлгуулж чаддаггүй. Тиймээс баахан томъёо, хүүхэд байтугай багш нь өөрөө ойлгох аргагүй хуурай тодорхойлолтоор нүдсээр байгаад хүүхдийг залхааж дуусдаг. Манайд байтугай Англи, Америкт ингэж залхаадаг талаар Брайсон бичээд чухам энэ алдааг засах гэж бүтээлээ туурвисан хэмээн номын оршилд бичжээ. Брайсоны ном гарсан даруйдаа бөөн шуугиан болж тэр жилдээ 300 мянган хувь борлогдсон байна. Ерөнхий сайд Тони Блэйр зохиогчтой зурагтаар шууд ярилцлага хийн сургуулийн боловсрол олгох системийг хэрхэн өөрчилж шинэчлэх талаар дуулиантай нэвтрүүлэг хийснийг английн бараг бүх эцэг эх үзжээ. Боловсролын арга барилыг өөрчлөх үнэтэй санал гаргаж чухам энэхүү номыг туурвисных нь төлөө Британы хамгийн дээд шагнал болох “Британы эзэнт гүрний одон”-г Хатан хаан Брайсоны энгэрт зүүж өгөв.

Брайсоны “Бараг бүх юмсын тухай”-г би гарсан даруйд нь олж уншаад ийм хялбар, хошин, гоёор нарийн шинжлэх ухааныг тайлбарласныг нь гайхан алмайрсан. Эндээс олон юм шинээр олж мэдсэн. Ялангуяа геологи, метеорлоги, астрономын талаар анхдагч ойлголтгүй байсан би их зүйл олж мэдлээ. Дээд сургуульд онолын физик, квант физик үзэж байсан боловч оюун хүрэхгүй юм байна хэмээн шалгалтыг нь өгсөн болоод эгнэгт холдон зугтаасан салбараа ч энэ номноос болж ихэд шохоорхон цааш нь гүнзгийрүүлэн үзэх хүсэлд автсан. Брайсоны номд бишгүй нэг алдаа бийг нарийн мэргэшлийн эрдэмтэд нэлээдгүй илрүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь номын ач холбогдол, үнэ цэнийг огтхон ч бууруулаагүй гэдгийг нэгэн дуугаар хэлдэг.

Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны түүх: Бараг бүх юмсын тухай товч шастир” хэмээх зураг чимэглэл бүхий хоёр боть нь монгол хэлээр орчуулсан анхны хэвлэл нь биш юм. Гурван жилийн өмнө Т.Ариунсанаа хэмээх дөнгөж хорь гарч яваа сүрхий залуу товчлон орчуулж худалдаанд гаргажээ. Зохиогчийн эрхгүйгээр орчуулж хэвлэсэн нь дүүрч гэхэд шинжлэх ухааны олон талт ойлголт сайнгүйгээс болсон уу, нэлээд хэсэгт буруу орчуулж. Үүнээс гадна орчин үеийн шинжлэх ухааны нэршил, нэр томъёо хэдийнээ нэвтэрч өөриймшсөн монгол хэлний өөрийн санг хэрэглэлгүй англи эхийг нь шууд галиглан авсан учир ойлгоход төвөгтэй болсон аж. Гэхдээ хэдийгээр нийгмийн ухаанаар мэргэшсэн боловч ийм том зориг гарган хэдхэн сарын дотор орчуулан санаснаа гүйцэтгэж чадсан нь бахархам. “Ийм хэдэн залуустай бол тэр социализм гэдгийг чинь амархан босгочихоно доо” хэмээн “Анхны алхам”-ын буриад өвгөн өгүүлдэг шиг. Ариунсанаагийн анхны алхам настай нь харьцуулахад үнэхээр хүндэтгэм. Бид хоёр уулзаад, Нэпко Брайсоноос зохиогчийн эрхийг нь худалдаж авах, номыг миний бие эхнээс нь шинээр дахин орчуулах, орчуулах явцдаа Ариунсанаагийн урьд нь хийсэн орчуулгыг би ашиглах эрхтэй ба ингэснээр орчуулгыг хамтарсан байдлаар гүйцэтгэснээр тооцох тохиролцоонд хүрсэн юм.

Брайсоны номыг би бүтэн жил нухаж байж ард нь гарлаа. Брайсон номын эрхээ аль нэг хэвлэлийн компанид даатгаагүй учир Франкфурт дахь олон улсын номын яармагаас түүнийг хайгаад олоогүй. Арай гэж өөртэй нь холбогдон, хэвлэлийн төлөөлөгчтэй нь уулзан тохирсон боловч гэрээ хийж амжаагүй байхад хөөрхий эрх олгогч усанд осолдсон учир өөр шинэ хүн гарч ирэхийг нь хүлээн нэлээд хугацаа алдсан юм. Энэ хооронд сайт болон сонинд орчуулгынхаа зарим хэсгийг хэвлэн уншигч олонд сонирхуулсан учир энэ ном сургаар нэлээд хүлээлттэй болсон юм шиг билээ. Зарим нь санаж байгаа бол “Ньютон”, ”Дарвин”, ”Эйнштейн”, ”Хэрэв том хэмжээний солио дэлхийг мөргөвөл”, ”Манай нарны аймаг” зэрэг нэртэйгээр хэсэгчилсэн орчуулгыг сонирхуулсан. Брайсоны энэ ном дэлхийн олон хэлд орчуулагдсанаас гадна бага насны хүүхдэд зориулсан илүү хялбар болгосон хувилбараас гадна зураг чимэглэлээр дүүргэсэн гоё ганган хубилбар ч бий. Нэпко хэвлэлийн газар мөнөөх зураг чимэглэлтэй зузаан хэлбэрийг нь хоёр ботиор хатуу ба нимгэн хавтастайгаар хэвлэн уншигч олонд барьж байна. Удахгүй бага насны хүүхдэд зориулсан хялбарын хялбар хувилбарыг нь хэвлэн гаргах болно. Номыг “Мөнхийн үсэг” хэвлэх үйлдвэр хэвлэн гаргасан нь үнэхээр сайхан бүтээгдэхүүн болжээ. Манай хэвлэлийн чанар гадаадын аль ч гүйцэтгэлээс огт дутахгүй болсныг эндээс харж эх орноороо бахархаж болно.

Брайсоны өөр нэг шуугиан тарьсан бүтээл нь “Гэр орон” гэсэн ном. 1856 онд Лондонд хот газрын сууц ямар байх тухай зөвлөлгөөн болжээ. Лондон тэгэхэд дэлхийн анхны сая хүнтэй хот болж урбан соёл жинхэнээрээ буй болж эхэлсэн цаг. Яагаад жорлонгийн өрөө хэрэгтэй, сэрээ хэрхэн буй болсон, цонхны татвар авч эхэлсний учир хэмээн орчин үеийн иргэншил гэр орноос яаж үүсэн буй болж хөгжсөн тухай маш сонин ном. “Бараг бүх юмны тухай” нь хүнд боловсрол олгож байгаа бол “Гэр орон” нь хүнд хотын иргэшлийн соёл олгох зорилготой аж. Энэ номыг Ариунсанаа дангаараа орчуулаад дуусгалаа. Энэ удаа зохиогчийн эрхтэй нь, илүү туршлагатайгаар сайн орчуулсан гэдгийг баталъя.

Жич: Орчуулсан номоо баахан рекламдсаны учир нь борлуулалтаа нэмэгдүүлэх гэсэн анхдагч зорилго байхгүй шүү. Овоо борлогдвол сайн л биз. Гэхдээ бага сургуулийн дөрөв дүгээр ангид үздэг “Түмэн бодис” хэмээх биднийг хүрээлэн буй ертөнцийн тухай анхдагч ойлголт өгдөг хичээлээ сайн ухаж ойлгоогүй, эсвэл таг мартсан явдал манай өнөөгийн нийгэмд хэтэрхий газар авсанд үнэхээр гутаж явдгийн хувьд энэ номыг аль болох олон хүн, ялангуяа хүүхэд залуучууд олж үзээсэй гэсэн чин хүсэлтэй байна. Нэг мэдсэн XXI зууны соёлжиж иргэншсэн манай ард түмэн мухар сүсгийн гүн ангалд нийтээр хальтран орох аюул улам тод харагдах боллоо. Ганц нэг хүн бол ч дүүрч, хаана ч ийм үзэгдэл бий. Харин ард түмний нэрийн өмнөөс улс орны амин чухал шийдвэр гаргагчид маань дундад зууны мухар сүсэгт баригдсан байхаар нийт ард түмний хувь заяа хаашаа чиглэх вэ?! Мухар сүсэгтнүүд улам илүү мухар сүсэгжсэн балайгаа л дээш нь сонгон залж таарна шүү дээ.

2013.2.17