-хэвлэл хянах газрын гэгээн дурсгалд-

Намын төв хорооны улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлөөс л гарсан баймаар шийдвэр нэгийг үзлээ. Саяхан гардаг хориотой үгсийн жагсаалтыг хэлж байна. Уул нь энэ байгууллагыг ардчилсан хувьсгалаар устсан гэж бодож байсан юм. Гэтэл  шийдвэр нь гараад байгаа  болохоор байгаа л болж таараад  байна.

Ихээ танил шийдвэр. Интернэт нь л байгаагүй болохоос шийдвэр нь, хянадаг газар нь байсан юм. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх хэвлэл утга зохиол хянах газар гэж байв. Юмыг оросоор хэлбэл Зөвлөлтийн талын хүн гэдэг нь байнга харагдах сайн талтай тул “боловсрол”-той нөхөд “ГлавЛит” гэж  орос товчлолоор нь их дуудна. Зөвлөлт, социализм хоёрт таагүй зарим нь өвөр зуураа  “цензуур” гэж хараана.

Тэр үед “Эзэн хааны эрлэг цензур эрээлж орхисон будаг байлаа...” гэхчлэнгийн шүлэг байсан нь Оросын Баатар цагаан хааны үеийн Хэвлэл хянах газрыг хараасан бүтээл байв. Өөрөө тэрнээс дор цензуртэй атлаа шүү.

Хэвлэл утга зохиол хянах газарын агентууд  өөрт байгаа хориотой зүйлийн жагсаалтыг баримтлан улс орны хэмжээнд хэвлэгдэж, эфирт цацагдаж, цагаан хоолойгоор зарлагдаж байгаа үгсийг хянана. Бүхий л уран бүтээлийг хянана.  Тэнд муу хүмүүс ажилладаг байсан ч юм биш. Хэрвээ сонин хэвлэлд гарсан зүйл буруутаж таарвал бичсэн хүн, гаргасан сонины эрхлэгчээс эхлээд түүнийг гаргахыг зөвшөөрч тамгаа дарсан төлөөлөгч хүртэл хамтдаа ачигдана. Тиймээс мөрөөрөө явж байгаад хүний хомрогонд орчихгүйн тулд сонор сортоотой гэж жигтэйхэн.

Нэгэн үеийн хошин зохиолын мастер Ж.Барамсай агсан тэнд ажиллаж байгаад буруутаж байсан. Шатаж байгаа автобуснаас хүний амь авраад өөрөө бурхан болсон залуугийн тухай өгүүлэл сонинд гарчээ. Мөв мөрөөрөө бүтээл. Гэтэл мөнөөх автобусыг орос цэргийн машин дайрч мөргөн шатаасан юмсанж.  Зөвлөлтийн цэрэг бүү хэл жирийн орос хүний талаар таагүй материал нийтлэх угаасаа хориотой.  Уг материал монгол зөвлөлтийн найрамдлын эсрэг агуулгатай төдийгүй төрд дайсагнасан материал болж таарав. Сонины эрхлэгч, өдгөөгийн хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог гуай, өгүүлэл бичигчГ.Жамъян гуай эд нарыг шууд ажлаас нь хусч модны үйлдвэрийн хамгийн хүнд нөхцөлтэй цехийн ажилчнаар томилов. Хэвлэл хянах газарт сууж, уг өгүүллийг уншаад эсэргүү юм олж хараагүй Ж.Барамсай ажилгүй болж үлдэв.

Ажилгүй үлдээд сүүлд Тоншуулд ирсэн Барамсай дараах хуучийг ярьдагсан. Түүний хажуу өрөөнд циркийн салбар хариуцсан төлөөлөгч эмэгтэй суудаг байсан юмсанж. Нэг өдөр их л сониноор аахилах дуулдаад байна гэнэ.  Сонирхоод яваад ортол циркийн нэрт алиалагч Латиф гуай хар хөлс нь асгарчихсан шалан дээр тахиралдаад хэвтэж байх юм гэнэ. Учир нь циркийн үзүүлбэрээ батлуулахын тул биеэр хийж, монгол зөвлөлтийн найрамдал мэтийн ариун нандин юмны эсрэг элемэнт агуулаагүй болохыг нотлож  байсан юмсанж.

Харин өнөөдөр манай засаг төрөөс интернэт сайтуудад дахь сэтгэгдлийг цэгцлэх үүднээс хориотой үгийн жагсаалт гаргаж байгаа нь хуучин улс төрийн товчооны арга барилын үнэрийг ханхлуулж, хэвлэл хянах газрыг сэргээх гээд байгаа ч юм шиг уур амьсгалыг нийгэмд бий болголоо.

Нөгөө талаар засаг төрийн өөрийнх нь нэр хүндийг мөн ч сайхан унагаж, даанч болхи, мулгуу харагдуулж байна. Энд тэндгүй л доог тохуу, энэ талын онигоо. Хайран сайхан засаг минь гэмээр.

Ер нь бол сэтгэгдэлд хяналт тавьдаггүй , сонирхдоггүй биш  ажээ. Харин бидний арга барилаас зарчмын ялгаатай. Юуны өмнө тааруу үг, таагүй сэтгэгдлийг олж устгаад явдаггүй гэдгийг мэдвэл зохилтой юм байна. Нэгдүгээрт, үгийг биш утга агуулгыг сонирхдог. Америкаас эхлээд улс гүрэн терроризмтай тэмцэх хүрээнд бөмбөг сураглахаас эхлээд дэлбэлэхийг уриалах хүртэл агуулгыг байнга шүүж самнах болсон. Харин “бөмбөг” гэдэг үгийг хориглох байдлаар шогтдоггүй, учир нь террористууд гранатыг “чихэр печень” гэж томьёолж ч болох.

Коммунист Хятадад энэ талын хаалт хориг байдаг. Тэд өөрийн  коммунист системээ шүүмжлэхийг оролдох, ийм тэмцэл хийх оролдлоготой тэмцдэгээ нуудаггүй. Гэхдээ л  “коммунизмыг сөнөөх” гэхчлэнгийн үгтэй ноцолдож мангартдаггүй. Учир нь ийм санааг “манжин цэвэрлэх” гээд амархаан томъёолчихож болно гэдгийг мэдэхтэйгээ болоод тэр.

Монгол орон терроризмын эсрэг эвслийн нэг хэсэг, энхийг сахиулагч сүрхий улс болсон тул манай төр засаг сонор соргог байж, улс үндэстнээ халдлагаас хамгаалах үүрэгтэй. Энэ чиглэлээр интернэт ертөнцийг чадах чинээгээрээ хянах, самнах ч ёстой.

Гэхдээ “бөмбөг худалдаж авна”, “дэлбэлцгээе, дэлбэлэх үү” гэхчлэнгийн үгтэй тэмцээд суувал хажуугаар нь “өндөг авна”, “цонх хагална” гэхчлэнгийн дурын үгээр тохиролцоод, сүйд хийчихэж болно.

Дэлбэлж сүйтгэх гэсэн, төр унагахыг завдсан этгээдийг сэтгэгдэл, уриалгаар хөөж олоод шийтгэх нь гарцаагүй. Хууль нь байгаа. Харин “Пи...” гэсэн хүнийг олоод яах вэ?  Ямар хууль номоор журамлах вэ? Номхон зогсоож байгаад “Чи өөрөө Пи... мэдүү” гэх үү?

Монголын хэдэн сайтаа ч ингээд журамладаг байж. Олон улсын чанартай мессэнжер, твиттерийн үг үсгийг хянаж дөнгөх үү? Монголд хийсэн архийг сурталчилж болдоггүй, гадаад архийг яаж ч чаддаггүй  шиг болох уу? Энд тэндхийн  “Алтан улиасыг хуга мөргөх” гэж айлгах ч яахав, харин эвэр туурай маань юусан билээ?

Нэгэнт хориотой үгийн жагсаалт гаргасан юм чинь тэр хориогоо шалгах, зөрчил илрүүлэх аппарат ажиллуулахаас өөр замгүй.  Чухамдаа Хэвлэл утга зохиол хянах газар нь ардын нам, ардын засагт халтай утга бүхий хориотой үгтэй тэмцэх гэж л анх байгуулагдсан аппарат билээ. Бичихийг хориглосон үгийг яривал  яах вэ? Ярьж болдог мөртлөө бичиж болохгүй үг байх нь зохистой юу? Эсвэл ярьж болоод байхад бичиж болдоггүйн учир юу билээ?

Нөгөө талаар монгол хэл үлэмж баян,”өнөөх нөгөөх” гэдгээс эхлээд ямар ч үгийг орлуулах арга бишгүй, “өнөөх нөгөөх” гэж бичихийг хориглолоо ч орлох үгийг шууд олно.Ийм шийдвэр гаргасан дарга нарын нэрийг ч гэсэн тодорхой утгаар, наргиантай байдлаар хэвшүүлэхээс  сийхгүй.

Ерөнхий сайдын нэрээр юмаа нэрлэдэг болчихвол, хэрэг эрхлэхийн даргын алдар хэрэглэл заасан утгатай болчихвол яанам бэ?

Шийдвэр нэгэнт элэг доог болохыг харсан удирдагч нар “ичсэн хүн хүүхдийн хамар огтлохын үлгэр”-ээр улам бүдүүлэг алхам хийж, төрийн нэрээр хүчирхийлэл хийхийг оролдоно. Энэ нь амжилтад хүрвэл муу, дарангуйллын тогтолцоо сэргэж ардчиллын үнэт зүйл устана. Энэ нь амжилтад хүрэхгүй байсан ч бас муу, төр ба хууль цаазын нэр хүнд унаж, олон түмний доог тохуу болно. Ардчиллын үнэт зүйлсийн нэг яах аргагүй хууль цаазын нэр хүнд байж таарна.

Харин үг хэлэх эрх чөлөөний салшгүй хэсэг болох хариуцлагын асуудлыг ярих гэвэл арай өөр. Уул нь үзэл бодлоо илэрхийлэх хариуцлага бий болгох, бусдын нэр хүндийг хүндэтгэн үзэхийг нийгэм шаардаж байгаа юу гэвэл, тийм юм.  Харин үг үсэг, хэвлэл хянах газар гэгээн дурсгал хэвээрээ үлдэг, мөн үү!