Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд хуульчийн мэргэжлийн шалгалтад орж, мэргэжлээрээ ажиллах эрх авсан 6400 гаруй хуульч байв. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнээс хойш буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 15-ны хооронд 4500 хуульч шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, хуульчийн гэрчилгээ авсан байна. Хэдийгээр тэднийг шинээр бүртгэлд хамруулахдаа мэргэжлийн шалгалтад оруулаагүй боловч нийт хуульчдын гуравны хоёр нь л хуулийн шинэ орчинд энэ мэргэжлээр ажиллах итгэл үнэмшилтэй үлдсэн гэсэн үг. Яагаад вэ?

Ерээд онд оюутан болж байхад тэр үед анхлан байгуулагдаж байсан хувийн дээд /тухайн цагт хувийн их сургуулиуд хараахан байгуулагдаагүй байсан/ сургуулиудад хуульч, эдийн засагч мэргэжлээр элсэлт авдаггүй сургууль гэж байсангүй. Нийгэм өөрчлөгдөж, чөлөөт эдийн засагт суурилсан нийгмийн шинэ харилцаа үүсээд ирэхээр түүнийг дагаад хуульчид, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа ч эрэлттэй болсон биз. Аравдугаар анги төгссөн хүүхэд бүр “эдийн засагч”, “хуульч” гэсэн хоёрхон мэргэжил цээжлээд элсэлтийн шалгалт руу зүглэж байсан юм. Тийм ч  учраас МУИС-ийн харьяанд ганц байсан хуулийн сургууль хангалтгүй болж, боловсролын салбарын либералчлалыг дагаад хуульч бэлтгэдэг хувийн сургуулиуд олноороо бий болсон юм. Тэр ч байтугай дээд боловсролын дипломтой л бол их дээдийн, оройн ангид 1-2 жил суугаад хуульчийн диплом өвөртлөх боломжтой байсан билээ. Гэвч тэр үеийн хэрэгцээ шаардлага тэр үеэтэйгээ хамт дуусч, одоо хуульчид, хуулийн байгууллагуудын өмнө арай өөр хэрэгцээ, шаардлага тулгараад байгаа.

Хуульч гэж хэн бэ?

Өмнө нь энэ нэрийг хуулийн сургууль төгссөн, диплом өвөртөлсөн хүн бүр, тэр дундаа цэрэг, цагдаагийнхан хүртэл зүүж, “би хуулийн хүн” хэмээн ярьдаг, бусдыг далайлгадаг байлаа. Хэдийгээр их дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн хүмүүсээс ХЗЯ жилд нэг удаа хуульчийн мэргэжлийн шалтгалт авдаг ч уг шалгалт нь хуулийг хэрхэн хэрэглэх болон хүнтэй ажиллах тал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй, өргөн хүрээнд хэрэглэгдэж буй хэдэн хуулийг хэн сайн цээжилсэн нь гол үзүүлэлт болдог байв. Тэгээд ч шүүх, прокурор гэх мэтийн гадагшаа хаалттай байгууллагад ажилд орно гэдэг их сургууль төггсөн жирийн нэг залуу хүнд бараг л боломжгүй, зөвхөн тэнд ажиллаж буй, эрх мэдэл бүхий хүмүүсийн үзэмж, танил талын хүрээнд асуудал шийдэгддэг байв. Тийм ч учраас нэг талаас мэргэшсэн сайн хуульчид нийгэмд дутагдалтай байхад нөгөө талаас хуульчийн дипломтой “хар ажилчид” олноороо үйлдвэрлэгдсэн хэрэг. Сүүлийн арав гаруй жил ярьж, бичээд үр дүнд хүрээгүй “хуулийн байгууллагуудын цус ойртолт” ч бас үүний нэг шалтгаан биз. Шүүгчийн хүүхэд шүүгч болдог, шүүгчийн эхнэр өмгөөлөл хийдэг, шүүгчийн нөхөр болох прокурор хэрэгтэнд ял төлөвлөдөг гэх мэтчилэн нэг гэр бүлийн ашиг сонирхлоор хэрэг шийдэгддэг тухай жишээ ч амьдрал дээр бишгүй л яригддаг шүү дээ.

Харин өнгөрөгч онд УИХ-аар баталж, энэ оны дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “хуульч” гэж хэн бэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Эрх зүйч мэргэжил эзэмшиж, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн буюу хуульч мэргэжлээр ажиллах эрх авсан этгээдийг хуульч гэнэ гэж. Үүнд шүүгч, прокурор, өмгөөлөгч буюу шүүн таслах үйл ажиллагаанд оролцох эрх бүхий нөхдүүд болон бусад хуульчдыг /судлаач, хуулийн сургуулийн багш гэх мэт/ оруулж байгаа. Цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдлынхан гэх мэт мөрдөстэй нөхдүүд бүгдээрээ “хууль сахиулагчид” гэсэн хүрээнд багтаж, тусдаа хуулиар үйл ажиллагааг нь зохицуулсан.

Хараат бус хуульч ба хариуцлага

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа хуульчийн гэрчилгээ авсан 4500 гаруй хуульчид ирэх сарын 5-нд анхдугаар их хурлаа хийж, Хуульчдын холбоо буюу мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг байгуулах юм байна. Үүний тулд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өнгөрөгч долоо хоногийн турш дээр дурьдсан 4500 хуульчиас их хурлын төлөөлөгчдөд нэр дэвшүүлэх хүмүүсийн саналыг цахим хэлбэрээр авсан. Хамгийн олон санал авсан эхний 500 хуульч их хурлын төлөөлөгчөөр сонгогдож, цаашлаад холбооны зөвлөл болоод ерөнхийлөгчид өрсөлдөнө. Энэ удаагийн их хурлаар хэлэлцэх бас нэг гол зүйл нь Хуульчдын холбоог албан ёсоор байгуулж, бүтэц, бүрэлдэхүүнийг батлахаас гадна Хуульчдын мэргэжлийн дүрмийг хэлэлцэнэ.

Өмнөх практикаар хуульчийн мэргэжлийн шалгалтыг Хууль зүйн яамнаас зохион байгуулж, хуульчийн мэргэжлээр ажиллах лиценз олгодог байв. Харин УИХ-аар баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ эрхийг Хуульчдын холбоо буюу мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын мэдэлд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульчид аливаа төрийн захиргааны байгууллагаас ангид, өөрсдөө эрх мэдлээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Одоогийн байдлаар шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 4500 гаруй хуульчийн 400 гаруй нь шүүгч, мөн 400 гаруй нь прокурор, 1000 шахам өмгөөлөгч, 1600 орчим нь бусад хуульч /суудлаачид, хуулийн сургуулийн багш нар болон прокурор, шүүхийн захиргааны ажилтнууд/ байна. Үндсэндээ тэд өөрсдөө өөрсдөө хуульч мэргэжлээр хэн ажиллах, тэдэнд ямар шалгуураар тавих, цаашлаад ямар дүрэм журмын хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахаа шийднэ гэсэн үг.

Хуульчдын холбооны хамгийн эхний эрх үүрэг нь хуулийн сургуулиудын магадлан итгэмжлэлийг Боловсролын яамтай хамтран явуулна. Өөрөр хэлбэл, ямар сургуульд хуульч мэргэжилтэн бэлтгэх, сургалтын агуулга ямар байх, төгсөгчдөд нь ямар шаардлага тавих вэ гэдгийг шийднэ. Мэдээж дээр хэлсэнчлэн хуульчийн мэргэжлийн шалгалтыг өөрсдийн баталсан журмын дагуу явуулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгоно. Өмнө нь хэнийг шүүгчээр томилох, хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг шүүхийн захиргааны байгууллага /тэд нь бас л эрх мэдэл бүхий хэдэн шүүгч буюу шат шатны шүүхийн дарга нараас бүрддэг байв/ шийддэг байсан бол одоо энэ эрх мэдэл Хуульчдын холбоонд очиж байгаа. Өмнө нь шүүх нь шүүгчээ, прокурор нь прокуророо, өмгөөлөгч нь өмгөөлөгчөө гээд тогоо тогоон дотроо асуудлаа шийдээд явдаг, хариуцлага алдлаа гэхэд шүүгч нь шүүгчээ, прокурор нь прокуророо хамгаалаад үлддэг байсан бол одоо бүгд нэг тогоон дотор орчихоор бие биенийхээ ажилд хяналт тавих боломжтой болж байгаа юм. Тухайн шүүгч шүүх хуралдаан дээр мэтгэлцээнийг хэр шударга явуулдаг вэ гэдгийг өмгөөлөгч мэднэ, өмгөөлөгч нь хуулиа хэр мэдэж, үйлчүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чаддаг вэ гэдгийг шүүгч хамгийн сайн мэднэ шүү дээ. Тиймээс ажил дээрээ мэргэжлийн алдаа гаргасан, хариуцлага алдсан нэгэндээ хариуцлага тооцох, мэргэжлээрээ ажиллах эрхийг цуцлах, түдгэлзүүлэх эрх ч гэсэн Хуульчдын холбоонд шилжиж байгаа. Өмнөх практикт бол иргэд гомдол гаргалаа ч гэсэн прокурорын алдааг прокурорын ёс зүйн хороо, шүүгчийн алдааг шүүхийн сахилгын хороо нь хамгаалаад, хаацайлаад өнгөрдөг тухай шүүмжлэл тасардаггүй байсан. Одоо бол энэ “шүүлтүүр” гурав дахин нэмэгдэх учраас шүүлтүүрийн завсраар гоожиж хариуцлагаас мултрах магадлал төдий хэмжээнд багасна гэсэн үг.



Харин Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинэ хуулиар тусад нь байгуулж, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн төсөв санхүү, аюулгүй байдлыг асуудал хариуцсан шүүхийн захиргааны төв байгууллага болгон зохион байгуулаад байгаа. Өмнө нь ч гэсэн шүүхийн захиргаа шүүн таслах үйл ажиллагаанд оролцох эрхгүй байсан боловч тэдгээрийг нэгтгэж удирддаг Шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрөө шат шатны шүүхийн дарга нарыг нэгтгэсэн орон тооны бус бүтэцтэй байсан учраас ШЕЗ шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлж байна гэх хардлага тасардаггүй байв. Харин одоо энэ байгууллагыг орон тооны бүтэцтэйгээр тусад нь байгуулж, шүүгчдийг ШЕЗ-ийн гишүүнээр ажиллуулахыг хориглосон байна.

Хуульчдыг хуульжуулах нь

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэнийг хуульч гэж үзэх, хуульчийн мэргэжлийн шалгалтыг хэрхэн явуулах, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Хуульчдын холбооны чиг үүрэг болон  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага ногдуулах тухай асуудлыг ерөнхийд нь зохицуулсан. Яг энэ хүрээнд, энэ коридорт багтаад хуульч буюу шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа ямар дүрэм журмыг мөрдлөг болгох вэ гэдгийг ирэх сарын 5-нд болох Хуульчдын холбооны их хурлаар хэлэлцэх ёстой. Үүнийг Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуульд “Хуульчийн мэргэжлийн дүрэм” гэж нэрлэсэн  байгаа. Хуулиар зохицуулах боломжгүй, зөвхөн тухайн байгууллага, тухайн мэргэжлийн үйл ажиллагаанд мөрдөгдөх ёстой стандарт гэсэн үг. Наад зах нь хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа баримтлах зарчим энэ дүрэмд суусан байх ёстой. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх, хуулийг дээдлэх, хараат бус байх, шүүх эрх мэдлийн хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах, нууцыг хадгалах, сонирхлын зөрчлөөс зайлсхийх, хүнлэг байх гэх мэтчилэнгээр.

Цаашлаад хуульч нь /энэ тохиолдолд өмгөөлөгчийн тухай ярьж байна/ үйлчлүүлэгчээ төлөөлөхдөө үйлчлүүлэгчийнхээ улс төрийн, эдийн засгийн, нийгмийн эсхүл ёс суртахууны үзэл, үйл ажиллагааг сурталчлахгүй байх гэх мэтчилэнгийн нарийвчилсан зохицуулалтууд дүрмийн төсөл дээр яригдаж байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хүн тухайн хэрэг дээр хэн гэм буруутай, ямар хэмжээнд гэм буруутай, шалтгаан юу байсан, ямар хохирол учирсан, хохирлыг хэрхэн арилгах гээд тухайн хэрэгтэй холбоотой зүйлсийг л ярихаас биш, үйлчүүлэгч нь нийгэмд хэр нэр нөлөөтэй, эсвэл ёс суртахууны ямархуу үнэлэмжтэй хүн бэ гэх мэтчилэн хэрэг шууд хамааралгүй зүйлээр давуу байдал олохгүй, шүүхэд нөлөөлөхийг оролдохгүй гэсэн үг. Мэдээж хуульч хүн ажил мэргэжилдээ алдаа гаргасан, хариуцлага алдсан, үүнээс болж бусдыг хохироосон тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаас гадна үүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээсэн бол тэр нь энэ дүрмийн дагуу хариуцлага хүлээхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Гэвч энд яригдаж буй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шинэ стандарт шаарпдлага, дүрэм журмууд зөвхөн “хуульч” гэдэг нэрийн дор дор үйл ажиллагаа явуулж, шүүн таслах үйл ажиллагаанд оролцож буй шүүгч, прокурор, өмгөөлөгчид гэсэн цөөхөн хүний хүрээнд хамааралтай зүйл биш юм. Хуульчид бол нийгмийг эмчлэх, шударга ёсыг тогтоох үүрэгтэй хүмүүс. Гэтэл тэр хүмүүс нь дотроо ялзраад, мэргэжил мэргэжлээ дагаад хэтэрхий нэг формд орчих юм бол нийгмээ ч гэсэн тэр хэрээр хохироож, шударга ёс, хууль журамд итгэх иргэдийн итгэл үнэмшил алдагдах аюултай. Тиймээс хуульчид өөрсдөө энэ өвчилсөн хэсгээсээ салах, энэ мэргэжлийн нэр хүндийг өргөж, нийгэмдээ хүндлэлтэй, зөв нэрлэгдэж явах тэднээр үйлчлүүлж байгаа, хууль зүйн туслалцаа хэрэгтэй болсон хүмүүсийн хэрэгцээ шаардлага төдийгүй өргөн утгаараа нийгэм маань бүхэлдээ зөв голдрилдоо ороход тус дөхөмтэй. Тиймээс хуульчдыг хуульжуулах, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны тухай яриа ч гэсэн үүнтэй адил өргөн агуулгатай болж байна.