Бид нэгэн цагт дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан хатирч сайн морьдыг, хацар гоо охидыг эх нутгийн зүг зөөж явсан. Гэвч илүү дутуу ачаанд дургүй нүүдэлчин зангаар ихэнхийг нь өдий хүртэл хадгалж чадсангүй. Гэхдээ дэлхийн энтэй явсны ул мөр энэ цэнхэр гариг дээр “Хойд Африкаас бусад тивээс олдоно” гэж ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун ярьж байна. Анчин-баатруудын үйл нь ирээд уруудахын цагт хүний хүн нутаг руугаа аваад явчихсан эд өлгийн зүйлс ч чамгүй арвин. Сүүлийн жилүүдэд хятадууд манай соёлыг бүртгүүлж байгаа сургаар басчиг хэдийг нь НҮБ-ын бүртгэлд өөрийн нэр дээр данслуулаад авсан. Харин аль үеийн биет өв хаана хадгалагдаж байгааг нэгтгэсэн “биет болон биет бус өвийн сан” өнөө хэр байхгүй гэдгийг С.Чулуун тодотголоо.

Хувьсгалаас хувь нь дээр

Зөвлөлтийн хайр болоод халаас салсан өнгөрсөн хорин жилд бид ардчилал, эдийн засгаа жаал ярилаа. Одоогоос л “үндэсний соёл” хэмээн дугарах болж. Үүнд “Олуулаа болцгооё” гэж уриалсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дам тус багагүй бий. Олны сайн мэдэхээс МУГЖ С.Жавхлангийн “Хамаг Монгол” төсөл байна. Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо айлчлахдаа Эрмитажид хадгалагдаж буй Ноён уулын булшны олдвороор зургийн цомог гаргах ажлыг ивээн тэтгэхээр болсон юм. Хоёр мянга орчим тоогоор яригддаг тэрхүү олдвортой бид хойтон танилцана. Гэхдээ төрийн ажил хэзээд хүнд суртал дор явдаг, тийм дээрээс цаг хугацаа хийгээд хөрөнгө мөнгийг гамгүй үрдэг. Ялангуяа соёлын үнэт зүйлс, түүний өв санг бүрдүүлэх ажилд төрийн бүтэц дэндүү нүсэр.

Дэлхий дахинаа нэр цуутай үзмэр, үзэсгэлэнгийн сан хөмрөгийг хэн нэг хөрөнгө мөнгөтэй бас нэмэрт нь урлагийг дээдлэн хүндлэгч нар л цуглуулсан байдаг. Хожим мэдээж төр засаг нь нэмээд арвижуулаад явсан юм бол бий. Доктор С.Чулуун, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нар дэлхийн олон орны номын сан болоод музейн үзмэрт хадгалагдаж буй Монголын гэх биет өвийг бүртгэе гэдэг дээр санаа нийлжээ. Гэхдээ ийм ажилд бага ч гэлээ хөрөнгө хэрэг болно. Түүнийг нь Юнител компани гаргаснаар Art tour-ийнхан замдаа гарсан байна. С.Цогтбаярын тоглоом наргиа болгон хэлснээр “Элдэв алиа цэнгэлээс нэгэнт холдсон насныхан л хийх учиртай” их ажил ОХУ-ын Санкт-Петербургээс эхэлсэн аж. Хувийн санаачилга, хувийн дэмжлэг хоёр хоршоод хувийнхаа хөрөнгийг бүртгэх ажил ийн өрнөлөө.
 
Олз олзын дээж

Зургаан хоног үргэлжилсэн аялалын ганзага дүүрэн байна. Цөөн өдөрт олныг амжуулахад С.Чулууны өнгөрсөн 10 жилийн хугацаанд гаргасан товъёг маш их тус болжээ. Петер хааны нэрэмжит Кунсткамер ховор нандин үзмэрээс гэрэл зурагчин С.Цацралт Монголд авсан гэрэл зургийн огноог лавтай арав гаран жилээр урагшлуулах баримт олсон байна. Одоогоор манайд хадгалагдаж буй хамгийн эртний гэрэл зураг бол 1893 онд А.М.Позднеевийн буулгасан бүтээл. Та бүхэн санаж байгаа бол VIII Богдын залуугийн хөрөг л дөө. Харин энэ удаа С.Цацралт 1881 гэдэг огноотой монголчуудын ахуй байдлыг харуулсан Андреев хэмээх хүний авсан зургуудыг олжээ. Гэхдээ Кунсткамер тэдгээрийг хуулж авах зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Гэрэл зургийн олз үүгээр дууссангүй. 1920-оод онд Санкт-Петербургт сурч байсан Өлзийбадрах гэх хүний орос эхнэрээс үлдсэн 170 орчим ховор нандин “олдвортой” иржээ. Бариа тавианы үеэр Зөвлөлт рүү ачигдан цаазлуулсан нөхөртөө зориулан орос бүсгүйн бичсэн олон шүлгийн сургийг ч бас гаргажээ.

Мөн Монголын тухай судалгаа, шинжилгээний хуучин ном ч олныг цуглуулан авч ирсэн байна. 1925 онд Оросын шинжлэх ухааны академийн дэргэд Монголыг судлах комисс гэж байгуулагдсан. 1953 он хүртэл үргэлжилсэн судалгааны ажлын үр дүнг 60-аад цуврал бүтээл болгон хэвлэсэн байдаг нь өнөөдөр өөрөө “ховор хуучин” эд болжээ. “Баруун Монголын хус мод” гэхчилэн маш нарийн тухайлсан судалгааны бүтээлүүд одоо Монголын өмч. ОХУ-д саяхнаас 1960 оноос өмнөх номыг хилээр гаргахыг хориглосон тул чухалд тооцогдох олз юм. Энэ мэтчилэн тоочвол олон ч нэгэн халаасны толийг дурдалгүй орхиж боломгүй байна. Монголд 17 амьдарсан А.В.Бурдуковын зохиогчоор нь ажилласан орчуулгын толь бичиг монголчууд шинэ үсэгт суралцахаас даруй долоон жилийн өмнө кирилл үсгээр хэвлэгджээ.  Цэргийн зориулалттай болов уу гэмээр дээрх толь 5 000 гаруй толгой үгтэй аж.

Ардын дипломатын ач тус

Аяллын ахиц хийгээд олз сэлт гагцхүү албан шугамаар бүтчихсэн гэвэл өрөөсгөл. Ухаан нь, дээр дурдсан Өлзийбадрахын орос эхнэрийн үлдээсэн зургийг С.Чулуун дам дамаа сураг гаргасаар олж авсан байна. Орлова хэмээх мөнөөх эмэгтэйн зээ охин С.Чулууны танил монгол судлаачийн байрыг хөлсөлж таарсан бөгөөд түүний ажил мэргэжлийг мэдмэгцээ эмэг эхийнхээ нандин өвийг задалжээ. Ерөөс ганц далайлтаар бүтдэг ажил гэж ховор. Ноён уулын булшны олдворын альбомыг гаргах ажилд С.Чулуун дөрвөн жил зарцуулсны эцэст сая бүтжээ. Энэ удаа ч манай гурав “ардын дипломат ёс”-ыг хэрхэн ашигласнаа ярин суух нь заримдаа үнэхээр хөгжилтэй байлаа. Шог зураач С.Цогтбаяр тухайн хүний таталбар хөргийг зураад үзүүлэхэд зан нь засарч, С.Цацралт гэрэл зургийн цомгоо бэлэглэхэд алга нь тэнийсэн тохиолдол олон гэнэлээ.

Дээр дурдаад өнгөрсөн Монголын комиссыг толгойлж, 1947 оноос хойш Монголд ажилласан байсан ботаникч В.И.Грубовын эмгэнээс мөнөөх олон номыг худалдан авчээ. В.И.Грубов нэгэн цагт Монголын комиссын нарийн бичгийн дарга И.П.Рачковскийн охинтой амьдарч байсан учир судалгааны бүтээлүүд бараг бүхлээрээ хадгалагдан үлдсэн байж. Харин В.И.Грубовын хоёр дахь эхнэр ийм зүйлс зарах гэж байгааг мөн л хуучин номын дэлгүүр эрхэлдэг танилаасаа олж сонссон байна. Мөн Эрмитажийн Монгол-Төвөдийн санд 1990-2000 оны Монголын аж амьдралтай холбоотой гэрэл зураг ховор байгааг сонсоод гэрэл зурагчин С.Цацралт дараагийн удаа уулзахдаа өөрийн хувийн архиваасаа хандивлахаар тохирчээ. Гэхчлэн хувь хүмүүсийн элгэмсэг, харилцан ашигтай нөхөрлөл ирээдүйд ч тэдний ажлын гол хэрэгсэл байх болно гэдгийг гурвуул онцолж байлаа.

Аяллын ашиг тус

Анхны аяллаасаа сэтгэл хангалуун ирсэн эрс удаад нь хаашаа явахаа төлөвлөхөөсөө өмнө Монголдоо хийж бүтээх зүйлээ ч ярилцжээ. Ерөөс эдний ажлын зорилго хэзээ нэгтээ, хэн хүний аваад явчихсан бас өвөг дээдэс маань тэнд оршин суухдаа орхиж одсон зүйлсийг эх орон руугаа зөөх биш юм. Харин тухайн орны эрдэмтэд болоод мэргэжлийн байгууллагуудтай хамтарч Монголын холбогдолтой эд өлгийн зүйлсийг судлах, улмаар ирээдүй хойчдоо танилцуулах явдал юм. Энэ зорилгын үүднээс урьд өмнө Монголоор дайрч өнгөрсөн аялагчдын тэмдэглэлээс сорчлон орчуулж хэвлүүлэх гэнэ. Бэлгэдлийг бодоод 108 гэдэг тоон дээр тогтсон цуврал Иакинф хэмээх номын нэртэй хар лам Н.Я.Бичурины Записки о Монголии номоор эхлүүлэхээр тогтжээ. Тэрбээр 1807 оны есдүгээр сараас 1808 оны нэгдүгээр сарыг дуустал Монгол нутгаар аяласан байдаг.

Монголын өв гэдэг ганц Халхын тухай яриа биш хойно тэднийг асар урт бөгөөд арвин баян аялал хүлээж буй нь дамжиггүй юм. Манай гурвыг Монголоос яваа гэдгээ хэлээд ном сураглахаар оросууд өөдөөс нь гайхан харахын сацуу “Одоо л танай улс сэргэн мандалт руугаа явж байна” хэмээн эрхий гозойлгож байжээ. Оросын аялал үүгээр дуусахгүй, 180 жилийн өмнө Казаньд монгол судлал эхэлсэн гэхээр ухаж барахгүй сан бий. Тэр бүү хэл энүүхэн Сибирьт өчнөөн эрдэнэс тэднийг хүлээж байгаа. Москвагийн хуучин номын дэлгүүрт Сибириэс авирсан гэх монгол бичгээр буулгачихсан бөөгийн тамлагын судар байгааг олж сонсчээ. Шог зураач С.Цогтбаярын ахин дахин хэлснээр Өв соёлын аяллынхан удахгүй Япон явах хэрэгтэй гэнэ. Тэнд Хубилай хааны флот бараг бүтнээрээ хадгалагдаж байгаа аж. Харин гэрэл зурагчин С.Цацралт Халх голын дайны үеэр фронтын цаанаас авсан олон зураг байх ёстой гэж алга үрчиж суулаа. Аян замын алжаал, таашаал манай гуравт оногдох авч ашиг тус нь Хамаг Монголд хэрэгтэй.