Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь
хошин шог гэж үү?!

2013 онд Соёлын төв өргөөний тайзан дээр “Х Түц”-ийн хошин шогчид 130 өдрийг өнгөрөөжээ. Харин “Шинэ үе”, “Маск” хоёр нийлээд 54 хоног эзэгнэсэн байна. Ингээд үлдсэн 181 өдрөөс 30 нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан бол нийслэлчүүд бултаараа хөдөөлдөг долоодугаар сард мөнөөх тайз хошин шогоос салж амсхийсэн аж. Хүн бүхэн ёолкоос өөрийг сэтгэхээ больдог арванхоёрдугаар сард Соёлын төв өргөө хоёр хурал; нэжгээд концерт, ёслолоос өөр зүйлгүй ажин түжин оргисоор өнгөрсөн жилийг үджээ. Үлдсэн цөөн өдөр нь урлагийн бусад төрөлд оногдсон мэт харагдавч үзвэр үйлчилгээнд таатай бус мөчүүд таарч байгаа юм. Соёл болоод урлаг гэдэг нь хошин шог юмсан уу?!

Соёлгүй нийслэл

Соёлын төв өргөө бол Нийслэлийн харьяаны байгууллага. Үүнээс гадна Улаанбаатарт зургаан соёлын төв байдгийн дөрөв нь алслагдсан дүүргүүдэд бий. Баянзүрхийн Жанжин клубыг буулгаад шинээр барьж байгаа гэвэл ганц Хан-Уулын соёлын төв үлджээ. Ажилчдын 70 хувь нь дарга, нягтлан, нярав зэргээс бүрдэх тус газарт ганц нэг дугуйлан алдаг оног явна. Тэнд ойр хавийнх нь хэдэн жаал өдөр өнгөрөөх маягтай цуглана. Оройн цагаар нийтийн бүжиг явуулбал овоо хүн цуглах ч ашиг олох нь хуулиар хориотой учир тэгсхийгээд төсвөө үрж суухаас өөр гарцгүй. Ажилчдын цалин, цахилгаан, дулааны зардал гээд Нийслэлээс чамгүй мөнгө хумсалдаг бүх төв ачиртаа соёл ч үгүй, урлаг ч үгүй... Харин тэр ханхай байшингуудад хуучин цагийг харуулсан кино зураг авахад бүрнээ нийцэх биз.

Хүн ам нь олшрох тусам “хотын соёл” ярьж суугаа Улаанбаатарын удирдлагууд урлагийн үнэ цэнийг хайхрахгүй явж ирлээ. Чухамдаа урлаг нь ямар ч шашин суртлаас илүүтэй хүмүүсийн ухамсар хийгээд үйл хөдлөлд нөлөөлдөг шидтэй эд. Хорин дөрвөн жилийн тэртээ Сүхбаатарын талбайг дүүргэсэн 100 мянган хүн Э.Бат-Үүл нарын ухуулах хуудсыг уншчихаад цуглаагүй. Зурагт, радиогоор сурталчлах ч хориотой байсан тэр цагт “Хонх” хамтлагийн дуунууд л хамаг олныг хар дарсан зүүднээс нь сэрээсэн. Нийслэлийг зорьсон олныг хөөж чадахгүйгээс хойш хүмүүжүүлэх учиртай. Үүнд урлаг гол түлхүүр нь болдог жамтай. Хөдөөгөөс хотод ирсэн иргэд уул нь соёлын хувьд дэвших ёстой. Гэтэл ганц байгаа Соёлын төв өргөөнд нь “чивтэй чавганц” сууж байх. “Чивтэй чавганц” ч сонин л доо, бас. Гэхдээ соёл болоод урлагийг бүхэлд нь төлөөлнө гэвэл арай л гажиг юм даа.   

Сонголтгүй соёл

Соёл нийгэмд чухал үүрэгтэй. Соёлын төв өргөө бүр дааж давшгүй ачаатай. Нийслэлийн 2014 оны төсөвт тус байгууллагыг 1 349 531 200 төгрөг олж, түүнээсээ ганц ч төгрөг дутаалгүй өөртөө зарцуулахыг даалгасан байна. Соёлоо түгээхийн хажуугаар шүү. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын сайтад уг төвийг “соёлын арга хэмжээ зохион байгуулах” үйлчилгээтэй Төрийн өмчит үйлдвэрийн газар хэмээн бүртгэжээ. Гэтэл www.yellowpages.mn сайтаас “Соёлын төв өргөө, Central cultural palace, Хошин урлаг, Хамтлаг, Шоу бизнес, Comedy arts, Bands, Show business, khoshin shog, uzver” гэсэн үгсээр түлхүүр хийвэл холбогдох мэдээлэл нь олдохоор зохицуулсан аж. “Хошин шог”-ийг гурван ч янзаар бичиж болох мөртөө “концерт, тоглолт, дуу, хөгжим, бүжиг, рок, поп, хип хоп” гэх мэт нэр томьёо алга. Бид соёл гэгчийг ингэж л төсөөлдөг гэж үү?! Харин “Улаанбаатар сонсож байна” уриатай www.ub1234.mn урлагийн ариун сүмийг уртаашаа “Тоглолтын их танхим түрээслэх” үйлчилгээтэй гэж тодорхойлсон байна. Соёлын төв өргөө зөвхөн “түрээслүүлэгч” аж. Хошин урлагийг тэргүүн чиглэлд тавьчихсан мэт Нийслэлийн дарга нарт соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх санаа одоогоор лавтайяа алга.

Тайзны бусад уран бүтээлчид уул нь зүгээр суугаагүй. Гол нь тэдэнд энэ тайз олддоггүй юм. Ноднин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээ ч цагт хавчигдсан байна. Чухамдаа бол Ерөнхийлөгчийн гараас МУГЖ цол хүртсэн хошин шогчид шог зан гаргаад олон жилийн нүүрийг үзжээ. Соёлын төв өргөөг 2016 он дуустал “Х Түц”, “Шинэ үе”, “Маск” гурав эв найртай хуваагаад эзэлчихсэн гэдгийг МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг Өдрийн сонин-д ярьсан байна. Бусад нь хэлмээр байвч азын шооны нүх таарахаа байчих тул амаа хамхиж суудаг аж. Харин үзэгчид барагтаа л ирэхгүй өдрийн цагаар, хошин шогийн өмнө хойно, хөөгдөн туугдан тайзнаа гарахаа илүүд үзнэ. Өнгөрсөн жил Соёлын төв өргөөнд болсон 16 тоглолт, концерт шогуудын завсар зайлхайг чадан ядан ашигласан байна. Насан туршийнхаа уран бүтээлийн тайланг ганц удаа тавья гэхэд хэн нь чавганц болохоо ч шийдээгүй суугаа хошин нөхөд чагт тавьчихсан байх аж. Монголчууд даяараа хошин шогт нь дуртай бус. Харин тэдэнд сонголт алга. Тоноглол сайтай, тохилог ганц өргөөний тайзан дээр өөр зүйл үзэгдэхгүй болохоор буцахдаа чавганцаа л зална. Хошин урлагийн гавъяатууд үнэхээр л үзэгч татдаг юм бол хамгийн олон хүн багтах UB palace-т Шилдгийн шилдэг тоглолтоо үзэгчдийнхээ хүсэлтээр сүүлийн удаа сар сараар ч тоглосон болно л доо.

Бодлогогүй соёл

Соёлын төв өргөө 1988 оны зургаадугаар сарын 04-нд ашиглалтад орсон юм. Тэр цагаас хойш энэ байгууллагыг Б.Байгалмаа толгойлж иржээ. Энэ зуур социализм нуран унаад зогсохгүй Монголын шинэ үеийнхэн ч бойжлоо. Төр хэдэнтээ солигдож, тэр тоолонгоор Нийслэлийн мэрүүд ч өөрчлөгдсөн. Хэмжээгүй эрхт хаан мэт явсан Н.Энхбаяр хүмүүжлийг олоод “сахил хүртсэн” бол хөлдүү цемент дээр өлсөж суусан Э.Бат-Үүл Улсын баатар болжээ. Гагцхүү Б.Байгалмааг л хэвээр үлдээх хорвоо юмсан уу?! Сэтгэвээс ханьцашгүй дарга биз. Түүнд буруу өгөх нь буруу. Шогуудыг шог царайллаа гэх нь ч шог. Харин соёлын бодлогоо тайзанд алдчихсан Нийслэлийн үе үеийн захирагч нараас учрыг асуух ёстой. Соёлын арга хэмжээ байр саванд зохиогддог л болохоос урлаг орон зайд хавчигдах учиргүй юм. Улаанбаатарыг удирдагчид Соёлын төв өргөөг түрээс, барьцаа хөрөнгийн чинээнд сэтгэж ирсэн жишээ мундахгүй. НИТХ-ын дарга асан Т.Билэгт ажилтнуудаа байртай болгосон өрөндөө тус байгууламжийн Б корпусыг алдчихсан. Гоёмсог хийцийг нь гутаан “хараацайн үүр” бариад шатаалгасан Хүмүүс сонин газар дээр нь City center гэгчийг барьчихсан. Хэнийх болох нь удахгүй тодрох бас нэг барилга өдгөө тэхий голд нь босож байна. Дүүрчээ дүүрч.., Урлагт тэр юуны хамаа.

Урлаг бол авьяастнуудын хүчээ үздэг салбар. Хэн чадалтай нь ид хаваа гайхуулдаг талбар. Урлагийн дэвжээ тансаг баян шигээ шог гаруудад өршөөл энэрэлгүй. Энэ мөн чанарыг нь огтоос харгалзалгүй хорин жилийг өнгөөрснөөс өнөөдөр угжуулдаг, гуйлгачин, хараат, халамжийн маягтай болгожээ. Хошин шогоос бусад урлагийн бизнес болж хөгжих гарцыг нь хаачихсан учраас хөрөнгө оруулалтын царай ч харахгүй байна. Урлагийг шоу бизнес рүү л чиглүүлэхгүй бол үлшгүй өв хийгээд чадамж байлаа гээд хүний хэрэгцээг хангахгүй. Урлаг хүмүүнийг нийгмийн амьтан болгон хүмүүжүүлэх увдистай ч тайзгүй бол тус нь юу билээ. Урлаг соёлын мөр дагаад хот бараадсан хүмүүст хошин шогоос өөрийг үзүүлэхгүй суусаар байтал Улаанбаатарын иргэд хот, хөдөөгөөрөө талцдаг ужиг өвчтэй болчихож. Билэг танхай нүүдэлчин эрсээ суурин соёлд сургаагүйгээс хойш төв гудамжинд морь харахаар нь нүдээ нууж явахад Хүрлээ. Соёлын төв өргөө бол байшин юм, түүнийг Нийслэлийн өмчийн харилцааны газар нь мэдэг. Харин тайз бол бодлого, үүнийгээ Нийслэлийн соёлын газар хариуцбал зохилтой.

Соёлын төв өргөө

Жанжин клубын буурин дээр 800 хүний суудалтай соёлын төв босно. Нийслэл бодлогоо өөрчлөхгүй бол бас нэг хоосон сав нэмэгдэнэ. Хүртээмжтэй болгох нэрээр соёлыг үнэгүйдүүлэхээ зогсоохгүй аваас бусад соёлын төвүүд ч ганц айл тэжээхээс өөр гавьяагүй хэвээр хоцорно. Тэтгэлээ гээд ч тэнхрэхгүй байгаа энэ салбарыг зөнд нь хаячихвал хөл дээрээ босоод ирэх нь дамжиггүй. Хувийн хэвшилд очсон кино театруудыг эргээд нэг хар. “Тэнгис” долгилж л байна, “Өргөө” өргөжөөд салбартай болчихлоо. Бид хулгайн кино үзэхээ болиод дэлхий нийттэй хөл нийлүүлж явна. Монголын кино урлаг ч чамгүй сэргэлээ. Одоо харин Соёлын төв өргөөг бусадтай нь хамт зориулалтыг нь хатуу зааж, бодлогыг нь салгаад менежментийн хувьчлалаар өгчихвөл тайз нь өнгө алаглаад ирнэ, гайгүй. Үзвэрийн гол үеүдийг рок, поп, хип хоп, гадны гээд тэнцүүхэн хуваарилчихвал чоно нь цатгалан, хонь нь бүрэн үлдэх юм. Тэр цагт Түрээсийн төв өргөө соёлын төв өргөө болоод зогсохгүй шог нь ч хошин болоод явчихна. Улсаа хөгжүүлье гэвэл иргэдээ хөгжүүлэх учиртай. Урлагийн ариун сүм бол хүнийг хүн болгодог бурхны өргөө билээ гэж.