37 тэрбум төгрөгөөр 1500 хоригдлын шорон барих гэнэ ээ. Энэ бол тансаглал. Нэг хоригдолд 24 сая төгрөг ногдож байна. Энэ мөнгөөр орон гэргүй нэг айлыг орон сууцжуулж болох байлаа. Нэртэйгээр нь наад хоригдлууддаа нэг нэг хаус бариад өгчих. УИХ-ын гишүүд ингэж ярив. Хэвлэлийнхэн ч тэр үгийг нь ихэд олзуурхан хамаа намаагүй ишилж байна. Товчхондоо улстөрчдийн “хавар” үүгээр эхэлж байх шиг. Угаасаа асуудлыг углуургаар нь харж чаддаггүй жижигхэн тархитай, нэгхэн чуулганы санах ойтой нөхдүүд төсвийн тодотголоос ганц тоо сугалж гаргаж ирээд түүнийгээ олонд үзүүлэх гэж сүйд майд болов. УИХ-ын дарга нь хүртэл өөрөө “Энэ бол тэдэн цэцэрлэг, тэдэн сургууль барьж болох мөнгө” хэмээн дагав. Уг нь тийм биш гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүний нэг. Зүгээр л хавар болж, нийгмийн сэтгэлзүй нэлэнхүйдээ хямралтай байгаа учраас олноо дагавал өлдөхгүй гэж санасан хэрэг. Уг нь бол энэ дайны албан тушаал дээр сууж, хариуцлага хүлээсэн хүн бусдыг дагаж цуурах биш, бодолтой, бодлоготой ярих ёстой.

Орон сууцны метр квадратын үнэ хоёр сая төгрөг байх, нэг сая төгрөг байхын хооронд бол харьцуулалт хийж болно. Аль нь илүү тансаг вэ гэж. Энэ бол стандарт. Илүү төлсөн нь илүү тав тухтай амьдарна аа л гэсэн үг. Харин хорих газрын барилга байшин барихад огт өөр стандарт шаарддаг. Аюулгүй байдал талаасаа ч, архитектур талаасаа ч тэр. Уг нь энэ бол энгийн ухамсрын түвшинд ч ойлгомжтой зүйл шүү дээ. Харин манайд урьд өмнө энэ тал дээр даанч ач холбогдол өгч байгаагүй. Хоригдол гэдэг бол ялтан. Ялтай учраас нийгмийн баялгаас хамгийн бага хувийг хүртэж, хамгийн муу орчинд амьдрах ёстой гэсэн ойлголттой явж ирсэн шүү дээ, нийгмээрээ. Ингэхдээ түүний цаана байгаа “аюулгүй байдал”, “нийтийн эрх ашиг” гэдэг зүйлийг огт хайхарч байсангүй. Энэ бол зөвхөн тэнд хоригдож байгаа ялтнуудын амь нас, бүрэн бүтэн байдлаас гадна тэдний бусдад учруулж болзошгүй хор хохирлын тухай юм.

Онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн 80 шахам хувь нь хүн амины хэрэгтэй байдаг. Тэдний дотор хүний санаанд оромгүй онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн нөхдүүд ч бий. Гэтэл ийм хэрэгтэй 300-400 хоригдол нэг аймгийн нэг сумын нутаг дэвсгэр дээр бөөнөөрөө байрлаж байхад тэр нутгийн иргэд тайван амьдарч чадах уу? Жишээ нь, Булган аймгийн Орхон сумын нутагт ийм онц дэглэмтэй хорих анги бий. Гар хоосон таван хянагчийг хүлж тавьчихаад /сайнаар хэлэхэд шүү дээ/ хорихынхоо хашааг зад татаад зугтах тэдний хувьд юу ч биш. Хэрвээ хүсвэл шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотыг тойроод энэ дайны харуул хамгаалалттай 11 хорих анги байгаа гэвэл танд ямар санагдах вэ? Хэдий гэмт хэрэгтэн ч гэсэн монгол хүний номхон зан чанар л тэднийг энэ хашаа хороонд нь барьж байдаг байх гэж санадаг юм. Ялтнуудынхаа хүн чанарт нь найдаж ажилладаг ийм хорих байгууллагатай улс орон дэлхийд өөр хаана ч байхгүй биз. Тэгээд ч хүний мөс чанар улам бүр дордож байгаа тухай амтай болгон ярьж, сэтгэл сэрдхийлгэсэн аймшигт гэмт хэргүүд ар араасаа гарсаар л байна шүү дээ.     

Төвлөрсөн хорих анги байгуулах ажил үндсэндээ Шинэчлэлийн Засгийн газартай хамт эхэлсэн юм. Х.Тэмүүжин  Хууль зүйн сайд болуутаа салбартаа зарласан шинэчлэлийн ажил дотор ШШГЕГ-ийн харьяанд байгаа хорих ангиудыг нэгтгэх асуудал ч мөн багтсан билээ. Улсын хэмжээнд байгаа 25 хорих ангийг нэгтгэж 3-4 нэгдсэн хорих ангитай болох, хорих байрны аюулгүй байдал, стандартыг олон улсын жишигт хүргэх, урсгал зардлыг бууруулах, төсөвт хэмнэлт гаргахаар...

Нэг хорих анги дунджаар 100 орчим ажилтантай. Дэглэмээсээ хамаарч ердөө 20-30 нь /3-4 ээлжээр тооцвол нэг ээлжинд 5-7 хянагч гарна гэсэн үг/ хянагчид, үлдсэн нь захиргааны болон аж ахуйн ажил хийдэг юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажилтны ажлын ачааллын жишиг нормативд зааснаар гяндан болон онцгой дэглэмтэй хорих ангид таван ялтанд нэг, чанга болон жирийн дэглэмтэй хорих ангид 20 ялтанд нэг хянагч байхаар тогтоосон боловч 2013 онд хийгдсэн судалгаагаар нэг хянагчид 80-100 ялтан ногдож, энэ нь жишиг хэмжээнээс 60-80 ялтнаар илүү буюу ажлын ачааллыг дөрөв дахин өсгөж байгаа тухай ШШГЕГ-ын тайланд дурдсан байна. Хашаа дүүрэн нарлаж байгаа 400-500 хоригдлууд дунд 4-5-хан хянагч байна гээд төсөөл дөө. Ядахдаа биеэ хамгаалах буу зэвсэг ч байхгүй. Цэвэр итгэлцлээр л ажлаа хийдэг тухай хорихынхон ярьж байна лээ. Уг нь дөрвөн хорих ангийг нэгтгээд гурвынх нь орон тоог хэмнэчихэд л хоригдлууддаа хүрэлцэхгүй байгаа хянагч нарынхаа тоог нэмэх боломжтой болчих юм.

Нэгдсэн хорих байрны асуудал бүр 2012 онд шийдэгдэж, 2013 оны төсөвт 3,3 тэрбум төгрөг тусгасныг УИХ тэр хэвээр нь баталж өгсөн байна. Ингэхдээ энэ мөнгийг төсөвт шинээр суулгах биш, харин өмнөх Засгийн газрын үед хуучин хорих ангиудын өргөтгөл, засвар, шинэчлэлийн ажилд төсөвлөөд байсан мөнгийг нэг дор цуглуулан нэгдсэн хорих ангийн барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Харин одоо хийгдээд байгаа барилгын ажлын өртөг бараг 10 тэрбум дөхөөд байгаа гэсэн. Барилгын суурийг цутгаж, 1-4 давхрын ханын өрлөгийг хийчихсэн. Яамны нөөц хөрөнгөнөөс нэг хэсгийг гаргасан, гол нь хоригдлуудыг үнэгүй ажиллуулж байгаа учраас төсвөөс мөнгө гуйлгүй өдий хүргэсэн хэрэг. Харин цаашдаа барилгын тохижилт, тоноглол, технологийн ажил эхлэхээр нөгөө 37 тэрбум төгрөг яалт ч үгүй нэхэгдэж байна. ШШГЕГ-ынхан энэ барилгыг эхлүүлэхийн тулд нэлээд олон орны хорих байгууллагын стандартыг судалж байж Хонконгийн стандартыг сонгосон байдаг. Аюулгүй байдал, чанар стандартын хувьд өнөөдөртөө л хамгийн сайн нь /монголчууд яагаад дандаа мууг нь авах ёстой гэж/ гэж байгаа. Подвалтайгаа таван давхар хоёр барилга хоорондоо тунелиэр холбогдсон, давхар бүрт зургаан блоктой, хоорондоо төмөр бетонон хана, төв удирдлагаас хааж, нээдэг автомат хаалт, соронзон хаалгаар тусгаарлагдсан. Эхний блокод байрласан 50 хоригдол дараачийн таван блокод байрлаж байгаа хоригдлуудыг нэг ч удаа харахгүй, ажлын байр нь ч дотроо. Хэрвээ аль нэг блокод үймээн самуун гарлаа гэхэд автомат хаалт, соронзон хаалгууд хаагдаж, блокуудыг хооронд нь бүрэн тусгаарлана. Нэг хэсэгт гал гарлаа ч нөгөө хэсгүүд рүү орох боломжгүй гэсэн үг.

Нийтдээ 62000 метр квадрат талбай бүхий барилгад хоригдлуудын амьдрах байраас гадна нэгдсэн эмнэлэг, спорт заал, хоригдлуудын байр буюу үйлдвэрлэлийн бүс багтаж байгаа. Хорих анги дотор хоёрдугаар шатлалын эмнэлэг байгуулснаар ядахдаа ялтан, иргэн хоёр нэг эмнэлэгт хэвтэхгүй, бие биенээсээ айж ичихгүй гэсэн үг. Монгол Улсын “гурав дахь Ерөнхийлөгч” Н.Энхбаяр лав ял эдэлж байхдаа одоо байгаа хорихын эмнэлгийг голж, өөрийнх нь амь насанд халдаж болзошгүй хэмээгээд “сайд нарын” хоёрдугаар эмнэлгийн хоёр тасгийг ШШГ-ийнхнээр торлуулсан. Хуульд ийм заалт байхгүй учир одоо тэдгээр тасгийг хорих анги гэж үзэх уу, эмнэлэг гэж үзэх үү гэдэг нь тодорхойгүй, завсрын бүс болчихоод байгаа. Хэрвээ хорих байгууллага дотроо хоёрдугаар шатлалын эмнэлэгтэй болчихвол Зайсангийн эмнэлэгт “эмчлүүлэх” нэрээр сувилуулж байгаад хугацаагаа дуусгадаг томчууд ч гэсэн ялаа эдлэх ёстой газраа эдэлдэг болох юм.

37 тэрбум төгрөгийг 62000 метр квадрат ашигтай талбайд хуваахад нэг метр квадратын үнэ 580-590 мянга орчим төгрөг болж байна. Нөгөө орон сууцны үнэтэй жишээд байсан нөхдүүдэд хэлэхэд. Барилгад тавигдаж байгаа стандарт, аюулгүй байдал энэ тэр талаас нь үнэлж үзвэл бараг л “хямд” тусч байгаа хэрэг. Одоо байгаа хорих ангиудаа нэгтгээд энэ байранд оруулчихвал зөвхөн урсгал зардлаасаа жилд дөрвөн тэрбум төгрөг хэмнэх тооцоог ШШГЕГ-ынхан хийсэн байдаг. Энэ хэмнэлтээр тав, арван жилийн дотор одоо оруулсан зардлаа бүрэн нөхчих боломжтой гэсэн үг. Урсгал зардал гэдэгт нь ажиллагсдын цалин болоод түлш шатахуун, тээврийн зардал, хоол, хүнс, ус, дулаан бүгд орж байгаа. ХЭҮК-ийнхон л гэхэд жил бүр л хорих ангиудад шалгалт хийхээр 4-5 том машин хөлөглөж, ШШГЕГ-аас бас тэр тооны машин гаргуулж аваад 25 хорихоо тойрдог. Хоол цайг нь идэж ууж, дайлуулж цайлуулж, ажлыг нь алдуулж ирээд “Хүний эрхийн зөрчилтэй, хорих байрны стандарт хангаагүй” гэсэн дүгнэлтийг жил бүр гаргадаг. Ялгаагүй төсвийн мөнгө үрсэн хүмүүс хоёр талд бие биенээ муулаад л. Тэглээ гээд байдал сайжирсан нь хаана байна. Харин ч улсын хэмжээнд тараасан 25 хорих байрыг суллаад газартай дуудлага худалдаанд оруулчихад л одоо яригдаж байгаа 37 тэрбумыг хэд нугалсан их мөнгө төсөвт орж ирнэ. Тэр мөнгөөр нь сургууль, цэцэрлэгээ барь. Хэрвээ үнэхээр л төсвийн хэмнэлт, эдийн засгийн үр ашгийн талаар ярих гэж байгаа бол.

Нөгөө талаар комисийнхны гаргаж байгаа дүгнэлтийг ч бас буруутгах аргагүй. Манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцид нэгдэж орсон. Уг конвенцид нэгдсэн орнуудад хоригдол ялтанг зөвхөн бие махбодийн хувьд эрүүдэн шүүхээс гадна орчин нөхцөөр эрүүдэн шүүхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, барилга байшин нь хүний эрүүл мэндэд хохиррол учруулахуйц, эсвэл усанд орох боломжгүй байх гэх мэтчилэн хүний хуулиар хязгаарласнаас бусад эрхийг төр зөрчиж болохгүй ээ гэсэн үг. Гэтэл уулын мухарт байгаа хорих ангиудад яаж, ямар юмных нь стандартыг сахиулах вэ дээ. Дээр нь хоригдлын ар гэр гэж давхар давхар ял эдэлсэн, дээлтэйгээ хатсан хүмүүс байдаг. Тэдний хоригдлоо эргэхээр хэдэн зуун километр зам туулж байгаа бензин тосны зардлыг тооцоод үзсэн ч гэсэн уулын мухраар нэг тараасан хорих ангиудыг нэгтгээд төвлөрсөн хэдхэн хорих ангитай болох нь зөв. Үүнийг л хүмүүнлэг, бас иргэнлэг гээд байгаа юм. Тэгээд ч шоронд дандаа яахаа алдсан алуурчид, авлигачид л ордог юм биш. Бидний хэн маань ч хазгай гишгээд, санаатай санаандгүйгээр гэмтэн болоод энэ хаалгыг татаж болно. Дээр нь хорихын ажилтнууд гэж хоригдолтойгоо хамт хоригдол болчихсон 3000 гаруй хүн, тэдний ар гэр гэж бас байдаг юм. Тэднийг ч гэсэн бодолцох л ёстой байх.   

Ингэж ярихаар олон хүн “хохирсон хүний эрхийг хамгаалж чадахгүй байж юун хоригдлын эрх яриад байна“ гэж ундууцаж мэднэ. Одоо шинээр гарах Гэмт хэргийн тухай хуульд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн этгээд учирсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд хорих ялаас аль болох хэлтрүүлэх бодлого барьж байгаа. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн этгээд хоригдох хугацаандаа хохирлоо бүрэн төлөөд дуусчихвал хорих ялаас чөлөөлж, электрон гав зүүгээд гэрийн хорионд үлдсэн хугацаагаа дуусгадаг ч юм уу. Одоогоор зөвхөн Авдрантын хорих ангийн чулууны үйлдвэр л хоригдлуудад цалин өгч, түүгээр нь хохирлыг нөхөн төлөх ажил хийгдэж байгаа гэсэн. Харин шинээр баригдаж байгаа нэгдсэн хорихын үйлдвэрийн бүсэд оёдол, гутал, цаасны, дугтуйны гээд 30 гаруй төрлийн үйлдвэрлэл явуулах төсөл боловсруулагдаад байгаа. Үйлдвэрийн бүсийн зай талбай, шаардлагатай тоног төхөөрөмж энэ тэрээс хамаарч аль зохистойг сонгож таарна. Тавин хоригдлын дунд 280 метр квадрат талбай бүхий нэг ажлын байр ногдож байна. Хоригдлууд ажлын байртай болсноор хохирогчид хохирлоо барагдуулаад зогсохгүй төсвийн зардал ч гэсэн буурах боломжтой. Одоо бол хийх ажилгүй, хүний эрх ярьсан баахан нөхдүүд л нааран дээр гэдсээ илээд зүгээр хэвтэж байдаг биз, төсөөлөхөд.         

Тиймээс “Нэг хоригдолд оногдож байгаа 24 сая төгрөгөөр нэг өрхийг байртай болгож болно” гэж ярьж яваа УИХ-ын эрхэм гишүүд жил гаруйхны өмнө баталсан төсөв, барьж байсан бодлогоо эргээд нэг харчихад гэмгүй л болов уу. Тэгэхийн оронд анх удаа энэ асуудалтай нүүр тулж байгаа юм аятай мэдэн будилаад, ахархан настай улс төрийн шоу хийж, бие биедээ дэгээ тавиад байж таарахгүй. Төсөв хэдий хүндрэлтэй байлаа ч тэр нь эхэлсэн ажлаа эргүүлээд нураахын шалтаг биш. Тэгээд ч эмнэлэг, сургууль хүрэлцээгүй байгаад Эрүүл мэнд, Боловсролын сайд санаа тавих ёстойгоос биш хаа байсан хууль зүйн салбарт хийгдэж байгаа ажилтай хольж хутгаад, нэг асуудлыг нөгөөгөөр нь цохиж унагаад байж болохгүй. Орон сууцны хангалт муу байна гэвэл Барилга хот байгуулалтын сайдтай ярих ёстой биз дээ. Нийтээрээ ядуугаа дуудалцаад, бие биенийхээ хөлд дэгээ тавьчихаад догонцож байснаас нэг хэсэг нь ч гэсэн түрүүлж алхаж байж, тэр гаргасан жимээр бусад нь урагшилдаг нь жам. Хууль зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлт, өөрчлөлтийг энэ өнцгөөс нь харах ёстой юм шиг. Ядуу юм чинь ядуу л байх ёстой гэсэн хэвшмэл сэтгэлгээнээсээ ядахдаа салъя л даа. Юм бүхэнд гарц бий гэдэг шүү дээ.