Элсэн цөл ангамал тал зонхилсон Монгол орон ой хөвч ургамал ногоогоор хомс. Хойд хэсэгт хэдэн сайхан гол мөрөн заяасан боловч бүгд Орхон Сэлэнгийн бэлчрээр гадагшаа урсаад алга болдог тул нутгийн бидэнд өгөөж багатай. Малын бэлчээр, тариан талбай ус чийгээр ямагт гачигдаж, гандаж, хатаж байдаг билээ. Усны хэрэгцээ Монголд маш их. Зөвхөн усаар тогтохгүй агаар мандалд чийгшил асар их дутагдаж буй. Ирээдүйд ус чийгний хомсдол гамшиг болох нь мэдрэгдэж эхлэв. Нүүрлэн буй ус чийгний хомсдлоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?  

“Хотын утаа гамшиг боллоо” хэмээн утаагүй зуух, утаагүй түлш, цэвэр агаар сан гэх мэт луйварт 20 жил хамаг мөнгөө зальдуулаад эцэст нь хотын утаа улам ихэссэн. Жил бүр хотод нүүж ирсэн айлын яндангийн тоогоор утаа нэмэгдсэн бөгөөд тэр хэрээр утааны зардал жил бүр өсч, мөн тэр хэрээр утааны бизнесмен-луйварчдын хэтэвч зузаарсан гашуун дохио уг нь бий.

Удахгүй босож ирэх ус чийгний гачланг заль мэхэнд идүүлэхгүй гэтлэх сэн. Хиймэл нуур тойром бий болгох дуулиан дэгдвэл далимдуулж олз олох гэсэн шуналтнууд аяндаа гуяа алгадаад дэвж эхлэнэ. Мөнгө олох хүсэл нь зөв ч тэд авсан мөнгөнийхөө хариуд үр ашгаа өгөх юм хийхийг бодохгүй зөвхөн хулхидахыг  хичээнэ. Ийм зан биднийг алж байна. Хэрлэн голыг говиор хүржигнүүлж, уурхайн ордууд, аж үйлдвэрийн цогцолборуудыг усаар хангах хүн тэр жил хэлэлцүүлэг дэгдээж байв даа. Дэлхийн аварга мөрнүүдтэй жишихэд манай голууд өчүүхэн. Говийн элсэн манхан далай дундуур урсах тухай ярилтгүй. Тийм тэнэг юм сэдэж өчүүхэн наснаасаа холтлох хайран. Харин хэдэн том голынхоо хөвөө, ойролцоо ай савд том жижиг олгой нуур аяндаа тогтох газрыг судалж олоод ялимгүй хөрөнгө хөдөлмөрөөр усан сан хуримтлуулж болмоор.

Өгий нуур хэрхэн тогтсоныг харъя. Эрдэнэ Зуугийн их талаар Орхон гол, Хөгшиний гол хоёр зэрэгцэн урссаар Хөгшиний гол нэгэн хөндийд саатаж хуримтлагдсаар Өгий нуур үүсээд, ус нь хонхортоо багтахаа болихын үест хэвгий тал руугаа хальж урсаад Орхон голтойгоо нийлж цааш тэмүүлсэн байдаг. Энэ чинь бэлээхэн нуур байгуулах загвар юм биш үү? Нутгаараа нэвт урсаж буй голын эргийг хаа нэгтээгүүр сэтлээд нуур тогтоочих газар сайн шинжилбэл олдоно доо. Бяцхан тойрмоос Өгий шиг их ус тогтох тогтоцтой газар нутаг ч байгаа. Хэтрүүлж хэлбэл голын захаас хүрзээр хэд гишгээд, усыг нь оруулчих булан тохой байж л таарна. Булан тохойд юүвлэгдсэн ус хоногийн тоогоор ханаад аль намхан талаа сэтлэн гарч ижилдээ нийлснээр байгальд нөлөөгүй. Ус нь нэг талаар ороод нөгөө талаар гардаг олгой нуур хэзээ ч муудахгүй ямагт цэнгэг байдаг. Сум, баг, хот айл жоохон гэж чамлалгүй дор бүрнээ олгой нууртай болъё л даа. Манай голуудын бэлчрийг дагаад жижигхэн жижигхэн тийм тойром олноор үүсвэл хуурай агаар мандалд нөлөөлж хур бороо элбэгшинэ. Усыг амьдралын охь манлай гэдэг. Хур бороо элбэгшихээр ой хөвч ургамал ногоо дэлгэрнэ. Гарах ашгийг тоочоод баршгүй. Харин хийх л хэрэгтэй.

Би энэ тухай 1980 онд Хархорины САА-д бичсэн “Шим мандал” романдаа залхтал яншсан даа. Даанч тоох хүн өдий хүртэл гараагүй нь харамсалтай. Буянт, Ховд, Завхан, Тэс, Заг, Байдраг, Онгийн голууд нутагтаа нуур болоод үлддэг. Хэрлэн гол Буйр нуур үүсгэж бялхаагаад цааш халин урсдаг. Хангай Хэнтий Хөвсгөлийн их хөвч тайгаас эх авсан гол мөрнүүд унаган нутагтаа ямар нэгэн нуур үлдээлгүй гадагш урсчээ. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулан бүтээн байгуулалтдаа ашиглах эрх олон улсын хэмжээнд байдаг гэнэ. Тэгэхээр гол мөрнийхөө усыг хааж боож нуур цөөрөм үүсгэхэд харшлах хуульгүй аж.   

Эгийн голд усан цахилгаан станц баривал Байгал нуурын усны нөөцөд нөлөөлөх аюултай гэх яриа сонсогдох болов. УЦС барихад Эгийн голд том усан сан-нуур тогтоох шаардлагатай. Энэ хиймэл нуураас болж Байгал нуур дундарна гэдэг гадны ээлжит шоу. Ертөнцийн хур борооны мөнхийн сэлбэлтээр Эгийн голын УЦС-ын сан бялхсан мөчид Өгий нуур шиг халин урсаж, хуучин хэмжээндээ төлжих нь ойлгомжтой. Хурмастаас буудаг хур Эгийн голд станц барилаа гээд татарчихгүй. Манайд эрчим хүчээ урт хугацаанд өндөр үнээр шахаж байх гадны ашиг сонирхолд нийцүүлж, өөрийнхөө УЦС-ын бүтээн байгуулалтыг гацаах гэсэн  явуулга хэмээн хардах хүн цөөнгүй байна.

Хардах шалтгаан манайд байнга гарч байдаг тул бид хаширчээ. Нүүрс их хэмжээгээр импортлогч орон цөөрөөд, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаж буй энэ эгзэгтэй үед оросууд нүүрсээ Хятадад ахиухан зарахын тулд манай нарийн төмөр замыг тавиулалгүй сүүлийн 6-7 жил тоглосонтойгоо адил эрчим хүчээ байнга шахахын тулд Эгийн голын УЦС-аар даажигнаж байхыг үгүйсгэх аргагүй. Эрчим хүч, шатахуунаа урт хугацаанд өндөр үнээр шахаж, нүүрсний экспортын өрсөлдөөнд бидний өмнүүр орохын тулд нарийн төмөр зам тавиулаагүй хөршөө шүүмжлэх зохимжгүй. Яагаад гэвэл улс болгон ашиг орлогын төлөө зүтгэдэг. Харин тэдний үгэнд орох орохгүй нь тусгаар тогтносон улсын эрх байгууштай. ХХI зуунд геополитик номхроогүй гэж үү?  

За тэр ч яахав, хамгийн гол нь эрчим хүч, шатахууны хараат байдлаас гарч, ашигт малтмалынхаа тээврийн зардлыг хямдруулахыг зорьсон төр засгийнхаа чармайлтын эсрэг гадныханд үйлчилдэг монгол ноход гол гайг тарьж байна. Чонотой нөхөрлөсөн гэрийн нохой, чононд байдаггүй зэвүүн ааш гаргадаг гэсэн. V ДЦС барих газар Монголд олдохгүй өчнөөн жил саатсан нь инээдэмтэй. Хаанахын ямар ашиг сонирхлын үүднээс хэн ингэж чадаад байна? Дотооддоо нефть нэрж, бага ч болохноо шатахуун үйлдвэрлэж, хэрэглээнийхээ хагас хугасыг нугалъя гэсэн хувийн хэвшлийн оролдлого бүрийг нуга дарсаар өдий хүрлээ. Гадна дотны авилгад амташсан төрийн том баячууд ирээдүй хойч үедээ өр тавьж, өмхийгөөр хэхэрсээр хорвоог орхих гэж үү? Дорой донгио, ядаж цөхсөн ард түмэндээ цэвдэг санаа өвөрлөн өчнөөн жил хорлож байхад, хардаж бухимдахаас ч өөр яалтай. Хардлага дэвэрснийг буруутгах аргагүй. Хардах сэрэмжгүй болчихвол харин өнгөр өө.     

Эдүгээ аварга том том уул уурхай, ДЦС-ууд, ашигт малтмалаа баяжуулах үйлдвэрийн паркуудаас эхлээд ус хэрэглэдэгүй компани, аж ахуйн нэгж, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч нэг ч үгүй. Тийм болохоор ус бидэнд ямар чухал байгааг тоочих илүүц биз ээ. Шинжлэх ухаан технологийн эрэн зуунд ус чийгээр гачигдсан Монгол улсын академи, хүрээлэнгүүд Өгий нуурын өөрөө бий болсон загвараар аяндаа амархан, хямдхан ус тогтох газруудыг гол мөрнийхөө эрэг хөвөө, ай савд хайж, шинжилж тогтоогоод өгвөл тэртэй тэргүй шамшигдаж байдаг татвар төлөгчдийн хэдэн цааснаас урамшуулах сан.

Баараагүй нь практикт бат нотлогдох зураг төсөл гаргаад өгвөл ойролцоо оршдог аймаг сумууд наадам хийдэг мөнгөө нийлүүлээд нутагтаа Чингисийн талбай хэртэйгээс бөхийн өргөөний дэвжээ анзааны олгой нууртай болчихвол мөн гоё оо. Тэгвэл гадныхан биднийг өөр нүдээр харна даа. Зэрлэг нүүдэлчид чинь бас ч гэж юу ч сэтгэдэггүй амьтад биш болтой гэж тэд бодвол би үхэхээсээ өмнө бага боловч таашаал авах гээд байгаа өвгөн. Сэлэнгэ, Идэр, Хануй, Хүнүй, Орхон, Тамир, Туул, Хараа, Ерөө, Хэрлэн, Ононгийн ай савд Өгийн загвараар бүтсэн олгой нуур олшроосой. Төр засаг хэзээ нэгэн цагт “Олгой нуур” төсөл дэвшүүлбэл чонотой нөхцсөн хоточ банхруудыг хол байлгадаг юм шүү.

                                                                                                         2014-04-13