“Гэрийн эзэн” 1997 он
Ш. Чимэддорж 1954 он
120*100 см
Тос/Зотон


Юмыг хамгийн сайн сурах арга бол
Юм хийх арга. Юм хийхгүй бол
Юу ч сурахгүй.

НЭГ:

Зарим хүмүүс мөнгөнд дургүй гэдэг. Мөнгө муухай гэдэг. Мөнгөтэй бол муу хүн гэцгээдэг. Шуналтай энэ тэр гэдэг. Үнэндээ бол тэд мөнгөнд дургүй биш. Мөнгө тэдэнд дургүй байдаг юм. Мөнгө тун их ухаантай. Мөнгөнд чи итгэ. Тэгвэл мөнгө чамд итгэнэ. Даруу бай. Хөдөлмөрч бай. Зорьсон зорилготой бол. Бас шийдэмгий зоригтой бай. Үнэ цэнэ, бүтээлч зан чанараа мөнгөнд таниул. Тэгвэл мөнгө чамд итгэнэ. Мөнгө чамтай нөхөрлөнө. Тийм хүн мөнгөтэй байдаг юм.

Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?

Тэгэхээр аав нь чамд “Алтны уурхайн үлгэр” хэлж өгье.

Эрт урьдын цагт, 1990-ээд оны эхээр эхнэр, нөхөр хоёр аж төрөн амьдарч байлаа. Тэр хоёр хүнээс юм гуйхгүй, под хийсэн амьдралтай байсан аж. Түм бужигнаж, төр ядарсан тэр он жилүүдэд манай хоёр бусдын жишгийг дагаж, үүргэвчийн наймаа энэ тэрийг хийжээ. Шатахдаа шатаж, олохдоо олсоор овоо хэдэн төгрөгтэй болоод авлаа. Нөхөр нь Сэлэнгийнх аж. Тэр хоёр нутаг орноо бараадаж, ногоо тарьжээ. Хөл дээрээ босож чадсан гэдэг. Цаашлаад үр тарианы газар авлаа. Төдий удалгүй арвин их ургац хураажээ. Сүрхий их хөлжсөн гэдэг.

Тэр хоёр ганц хүүтэй. Өдөр шөнө, нар салхи, цас бороонд зүтгэсэн гэдэг. Ганц хүүгийнхээ төлөө шүү дээ. Гэтэл гай дайрчээ. Золгүй явдал болжээ. Автын осолд орж хүүгийн аав ээж хоёр газар дээрээ нас баржээ.

Хорин таван настай хүү хоёр жил ажиллалаа. Хөдөлмөрч сайн хүү байлаа. Их ургац хураажээ. Хүү овоо их газартай бас мөнгөтэй болсон аж.

Хүү нэг өдөр мэргэн хүнтэй уулзжээ.
Мэргэн хүн хүүд:
-    Очир эрдэнэ гэж юу байдгийг чи мэдэх үү? Хаан эзнээс хүчтэй. Бүхнээс үнэтэй тийм эрдэнэ байдаг юм. Түүнийг чи олж авах хэрэгтэй. гэлээ.
Хүү:
-    Хаанаас би түүнийг олох билээ?
Мэргэн хүн:
-Хичээвэл чи олж чадна аа. Олж чадвал чи алтан титэм өмсөнө. Очир таяг барих болно гэлээ.
Хүү:
-    Яаж би түүнийг эзэмдэх вэ? Арга ухааныг нь та хэлж зааж өгөөч? хэмээн гуйжээ.
Мэргэн хүн хүүд:
-    Чиний бизнес яах вэ... сайн. Гэхдээ Очир эрдэнэ? Уул уурхайн бизнес гэсэн үг. Эхлээд чи алтны уурхайтай бол. Тэгээд цаашаа... Урагшаа... Үтэр түргэн баяжих тухай үлгэр хүүд ярьж өгчээ.

Хүүд тэр мэргэн хэмжээлшгүй их мөнгөний тухай ярив. Хүү тэр шөнө унтаж чадсангүй. Очир эрдэнэ? Яаж би түүнийг олж чадах билээ? Хүү өдөр бодож. Шөнө зүүдэлсээр... Хүү эцэг эхээс өвлөж үлдээсэн, өөрт байгаа бүхнээ чамлах боллоо. Үгээгүй ядуу хүн мэтээр өөрийгөө хүү төсөөлдөг боллоо. Энэ мэтээр нэг сар... хоёр сар өнгөрлөө. Хүү алтны уурхайтай болоод гэнэт баяжих хүсэлдээ шатжээ. Хүү тэр хүсэлдээ хөтлөгдөн туйлдсан аж.

Хүү эцэг эхээс өвлөж авсан эдлэн газар, орон гэр байгаа бүхнээ худалджээ. Тэгээд тэр хүү очир эрдэнэ, алтны уурхайн эрэлд гарсан гэдэг. Хүү юу ч олсонгүй. Сохор зоосгүй болж хоосорсон гэдэг юм.

Эцэс сүүлд нь хүү усанд хөвөх сарны туяаг “Очир эрдэнэ” гэж андуурч самардаад. Усанд үйж үхсэн гэдэг юм. Гунигтай. Гэхдээ үнэн түүх.

Тэгэхээр ийм байна.

Хүү юу ч олоогүй. Түүнд юу ч олдохгүй. Би ингэж бодож байна.
Хүү бүхнийг мартсан. Эцэг эх, энэрч хайрлах хүн сэтгэлээ тэр гээсэн.
Хүү бүгдийг хаясан. Нутаг ус, орон гэр, өөрт байгаа бүхнээ тэр хаясан. Түүнийгээ худалдсан. Бүтэшгүй хоосон мөрөөдлөөр сольсон.  Тийм юм байдаггүй юм.
Тийм учраас хүүд юу ч олдоогүй юм. Би ингэж бодож байна.

Хүүгээс тариалангийн газар худалдаж авсан залуу тун сүрхий овсгоотой нэгэн байлаа. Тэр туйлын хөдөлмөрч, ухаалаг залуу байсан аж. Тэрээр нэгэн удаа тарианы талбайгаа эргэж тойрч явжээ. Тэндээс залуу алтан талст олсон гэдэг. Хаанаас олсон гэж бодож байна. Хүүгийн зарсан тэр талбайгаас. Яг тэндээс. Яг тэр газраас олсон юм. Залуу үрж зарж үгүй хийсэнгүй. Хадгалж. Бодож. Судалж. Сурч тэмцсээр...  Алтны уурхай болгосон гэдэг.

Тийм ээ: Юмтай болох хамгийн сайн арга бол Юм хийх арга. Юу ч хийхгүй бол Юу ч бий болохгүй. Залуу хүүгийн худалдсан газраас алт олсон. Залуу сурч, хөдөлмөрлөж тэмцсээр алтан талстыг алтны уурхай болгосон. Өөрөөр хэлбэл очир эрдэнэ болгож чадсан гэсэн үг. Хүү чадаагүй. Залуу чадсан. Бурхан түүнийг ивээсэн. Энэ үнэн.

Тэгэхээр: Миний хүү чи юм хий. Юу хийхээ мэдэр. Яаж хийхээ мэддэг бай. Мэдэхгүй бол юу ч битгий хий. Бодож сэтгээд хий. Хурдан түргэн биш. Том жижиг биш. Зөв юм хий. Үнэн сэтгэлээсээ хий. Үнэн сэтгэлээрээ хийнэ гэдэг баян чинээлэг байх шалтгаан. Баян чинээлэг амьдрал гэдэг зөв юмны үр дагвар.

Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?




“Хүрээний гудамж” 1998 он
Ш.Чимэддорж 1954 он
120*100см
Тос/Зотон



Буруугаа эргэж хар.
Эмзэглэж байна уу?
Энэ бурхан чанар
ХОЁР: Тэгэхээр миний хүү чи сонс.

Нэгдүгээрт: Хий хоосон цэцэрхлээс хол бай. Бүтэшгүй мөрөөдөлд хэт битгий авт.

Байхгүй юманд битгий ач холбогдол өг. Байхгүй гэж бүү гунихар. Битгий харуус. Байхгүй гэж хичнээн их харуусавч чи юу ч олохгүй. Зөвхөн бодит байдалд тул. Түүнд ойртохыг хичээ. Билэг ухаанаа хөгжүүлж зөв ухаар. Зөв ойлгохыг хичээ. Ингэж үнэн байдлыг ойлго. Тийм байж чадсан хүн. Илүү их сайн сайхныг бүтээдэг юм. Аав нь ингэж бодож байна.

Хоёрдугаарт:Амьдрал чиний хүссэнээр байхгүй. Амьдрал өөрийнхөө замаар явдаг.

Чи түүнийг удирдаж чадахгүй. Тэр өөрийгөө өөрөө удирдана. Юу гэсэн үг вэ? гэвэл Амьдралыг чи зохицуулж чадахгүй. Түүнтэй чи зохицож  амьдрах ёстой гэсэн үг.

Аль болох илүү их зохиц. Уян хатан, зөөлөн бай. Бас чи буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. Аливаа юмсыг байгаагаар нь. Бас өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрч чад гэсэн үг.

Тийм байж хүмүүс чамд итгэнэ. Итгэл бол хүч чадал. Хэмжээ үгүй их хүч чадал мөн. Би ингэж бодож байгаа.

Гуравдугаарт: Гайхамшигт хүмүүс. Тэд яагаад гайхамшигтай вэ?

Тэд горьдлого найдлага тээдэггүй. Тэд яг одоогоороо байдаг. Тэд юу хийхээ мэддэг. Тийм учраас тэд агуу байдаг юм.

Яг одоо чамд юу илүү үнэтэй вэ гэдгээ мэдэрч бай. Зөв олж хар. Дотоод сэтгэлээ сонс. Мэдэр. Тэгэж чадвал чи илүү их ухаалаг амьдарч чадна. Би ингэж бодож байна.

Дөрөвдүгээрт: Том жижгийг орхи. Их багыг хая.

Юмыг их гэж бүү шуна. Бага гэж битгий гол. Юу том? Юу жижиг гэж? Олон жижиг зүйлээс том юм оршдог юм. Олон жижиг үйлдлээс их зорилго бүтдэг юм. Тийм учраас бүтээж чадаагүй юманд битгий харамс. Бүтээгүй хүсэлд бүү шат. Юмыг өөртөө тохируул. Би ингэж бодож байна.

Тавдугаарт: Өөрөө өөрийнхөөрөө бай.
Бусдыг бүү дуурай. Бусадтай ижил болох тусам чи үгүй болдог юм. Бусдаас ялгарах ёстой. Энэ бол чиний давуу тал. Давуу тал гэдэг бол давтагдашгүй гайхамшигт чанар. Тийм учраас: Бусдыг битгий дуурай. Бусдаас давуу талаа хадгал. Хөгжүүл. Энэ чиний түлхүүр. Амьдралд хөтлөх түлхүүр. Би ингэж бодож байна.

Зургадугаарт: Миний хүү чи хэн нэгнээс том байх хэрэггүй. Бас дутуу байх ёсгүй.

Тийм учраас миний хүү: Чи хэнд ч дээрээсээ битгий харуул. Хэнийг ч дээрээс нь бүү хар. Хүнийг өөртэйгээ эн тэнцүү хар. Хэн ч том байх ёсгүй. Бас бага байх учиргүй.

Аав нь ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?