-Дараагийн арван жилд АНУ биш Азийн луу тэргүүлэх болно гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид төдийгүй БНХАУ өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа ил тод зарлачихсан ийм нөхцөлд Монгол Улс хөрштэйгээ хэрхэн хамтрах, мөн хэрхэн өрсөлдөх бодлогоо яг одоо тодорхойлохгүй бол хожимдож мэднэ-

Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг гаднаас, тэр дундаа стратегийн үр дагавар бүхий нефтийн хэрэглээгээ 100 хувь хойд хөршөөс импортоор хангадаг бол экспорт ч ялгаагүй 99.9 хувь өмнөд хөршөөс хамаарч байна. Нэг үгээр бол монголчууд бид импортын ч хараат, экспортын ч хараат улс болсноо эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой санагдана. Хатуухан хэлэхэд бид ганц хүнээс бүх хэрэглээгээ худалдан авч, мөн бүх бараагаа ганцхан хүнд зарж амьдарч байгаа хүмүүс юм. Тэр бидэнд “үгүй” гэж хэлбэл тэгээд л бид үгүйрэхэд бэлэн амьдарч байна. Тийм ээ, өмнөд хөрш БНХАУ-аас бид импорт, экспорт 100 шахам хувь хамааралтай амьдарч байна. Бараагаа зарахгүй, эсвэл барааг чинь авахгүй гэхэд л бидний хувь заяа шийдэгдэхээр байгаа нь нууц биш. Төр засаг, улс орноороо зорилгогүй, бодолгүй, бодлогогүй, ойлголцолгүй хорь гаруй жил дор дороо хийрхснийхээ үр дагаварт л бид ийм байдалд орсон болохоос биш энэ хугацаанд хөршүүдийн хэн нь ч бидэнд хүч хэрэглээгүй, албадаагүй, өнгөлзөөгүйг бас санах хэрэгтэй. Тэгэхээр цаашид бид яах вэ? Дэлхийн эдийн засгийг дараагийн арван жилд АНУ биш Азийн луу тэргүүлэх болно гэсэн таамаглалыг олон улсын шинжээчид төдийгүй БНХАУ өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаа ил тод зарлачихсан ийм нөхцөлд Монгол Улс хөрштэйгээ хэрхэн хамтрах, мөн хэрхэн өрсөлдөх бодлогоо яг одоо тодорхойлохгүй бол хожимдож мэднэ. Тухайлбал, БНХАУ-ын Bank of China Монголд салбараа нээх асуудал яригдаж байгаа энэ үед бид ийм шийдвэр гаргах тохиолдолд “хэрхэн хамтрах, хэрхэн өрсөлдөхөө” бодлогын төвшинд тодорхойлж чадаж байгаа эсэхийг энд сөхье.

Ердөө өнгөрсөн долоо хоногт урд хөршийн Гадаад хэргийнсайд Монголд айлчилж,  БНХАУ-ын дарга Си Зэнпиний айлчлалын бэлтгэлийг хангаад буцахдаа хоёр орны өнөөгийн харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хоёр орны харилцаа хамгийн таатай үедээ явааг онцлоод Хятад улс хөршүүддээ илүү боломж олгох, илүү хамтарч ажиллах, илүү чин сэтгэлийн байх бодлогыг саявтархан тунхагласнаа сануулж, Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь “худалдаа, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаа” гэдгийг тодотгон хэлсэн нь учиртай.

Учир нь Улаанбаатар хотод өнгөрсөн хавар төлөөлөгчийн газраа нээсэн Хятадын төрийн өмчит Bank of China нэг жилийнхээ ойн дээр буюу ердөө хагас сарын өмнө Монголын аж ахуйн нэгжид анхны зээлээ олгож байгаагаа зарлалаа. Энэхүү арга хэмжээний ёслолын үеэр тус банкны төлөөлөгч хэлсэн үгэндээ Bank of China Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад юуны өмнө зээл олгоно гэсэн утгыг илэрхийлсэн нь хэвлэлийн мэдээлэлд төдий л тодорхой тусгагдалгүй өнгөрсөн юм. Монгол Улсад өнөөдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7000-аад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв үнэхээр Bank of China-гийн салбар тэдгээрт зээлээ олгоно гэж төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн нь биелбэл үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын компаниудын өрсөлдөх чадвар шууд тэглэгдэнэ. Эргэлтийн хөрөнгөө монгол компаниуд дотоодын арилжааны банкуудаас 10-аас дээш хувийн хүүтэй татаж байхад Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын зээлийн хүү нэг оронтой тоонд байна гэдэг асар их зөрүүг үүсгэнэ. Нэг үгээр бол жижиг зах зээлд дээр хоёр эдийн засаг үүснэ гэсэн үг. Ийм тохиолдолд дотоодын компаниуд Хятадын хөрөнгө оруулалттай болох сонирхолд хөтлөгдөх, эсвэл өрсөлдөх чадвараа алдах гэсэн сонголттой тулгарахаар байна.

Монголын арилжааны банкуудын гаргаж буй зээл барьцаа их, хугацаа богино, хүү өндөр учраас бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэдээ өндийж сэхэх бололцоо олгохгүй байгаа гэдгийг өнөөдрийн эдийн засаг нэгэнт нотолчихсон ийм үед гадны том банк орж ирээд хямдхан зээлээр баялаг бүтээгчдийг маань угжаад өгөөсэй гэсэн хүлээлт заримд нь байгаа нь тодорхой. Үүнийг лоббидож байгаа тодорхой хэсэг ч бий. Үүний зэрэгцээ Монгол дахь тус банкны төлөөлөгчийн газрыг цаашид өргөтгөж салбар болгох шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийг сэргээх 100 хоногтоо багтаан шийдвэрлэнэ  гэсэн мэдээлэл сонсогдож байна. Үнэхээр 100 хоногийн амлалтдаа ороогдоод хүзүүндээ олс углачихсан яваа Засгийн газар Bank of China-гийн салбарыг зөвшөөрөх шийдвэр гаргалаа гэхэд гайхахгүй.

Гэтэл дэлхийд есдүгээрт бичигддэг Bank of China-гийн өөрийн хөрөнгө гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг хэд дахин нугалсантай тэнцэнэ. Улсынхаа нийт эдийн засгаас хэдэнтээ давсан ийм аварга амьтантай арилжааны банкуудаа шууд тулааны тавцанд гаргаад дампууруулах уу, эсвэл тоглоомын дүрмээр зохицуулалт хийж, хязгаарлалт тавих уу гэдэг нь чухал асуудал. Муу нуухаар сайн илчил гэдэг учраас Bank of China салбараа нээхэд зөвшөөрөл өгнө гэдгээ Н.Алтанхуяг ил тод мэдэгдээд үүний тулд ямар эрх ашиг, ямар бодлого баримтлахаа ядаж салбарынхнаар нь хэлэлцүүлж, хууль, журмаа гаргах нь илүү шударга.Эцэст нь эрх баригчид өөрсдөө бэлэн биш, бодлогогүйгээс болж буланд шахагдчихаад энэ “муу” хөрш, “муу” хөрөнгө оруулагч гэсэн популизм хийж иргэдээ хөөргөддөгөө энэ удаад ч санах ёстой.

Bank of China Монголын жижиг зах зээлд үйл ажиллагаа явуулна гэдэг үнэндээ эдийн засгийн асуудал төдий биш улс үндэстний аюулгүй байдлын асуудал учраас шийдвэрийг нуух, хаах замаар гаргаж болохгүй нь тодорхой юм. Бирм, Лаос, Камбожид Хятадын банкууд салбараа нээснээр тэдгээр улс орнууд хоёр зэрэгцээ эдийн засагтай болсон гашуун түүхийг бид давтахгүй л гэвэл өөрсдөө эхлээд бодлогоо гаргаж, суурь нөхцөл, дэд бүтцээ бүрдүүлэх ёстой юм. Тэр тусмаа эрс шинэ, маш том эдийн засгийн бодлого хэрэгтэй.

Монголын арилжаа банкууд Bank of China-тай өрсөлдөж, өөр хоорондоо уралдан хүүгээ бууруулаад л, үйл ажиллагаагаа сайжруулаад л, харин ч сайн биз гэсэн үндэслэл хэлж байгаа хүмүүс байна. Тэгвэл тэдний энэ үг өнөөхөндөө биелшгүй үлгэр юм. Учир нь арилжааны банкуудад өнөөдөр хүүгээ бууруулах, тэр тусмаа нэг оронтой тоо хүртэл бууруулах бодит боломж байхгүй. Банкны хүүг хэн нэг шуналтай банкны эзэн зохиогоод тавьчихдаггүй, эдийн засгийн далд гар зохицуулдаг. Банкнаас бидний зээлж авдаг мөнгө өөрөө тодорхой үнэ өртгөөр бүтдэг. Өөрөөр хэлбэл, банк тэр мөнгийг бас л аль нэг эх үүсвэрээс зээлээр татаж авдаг. Жишээ нь, банк хадгаламж эзэмшигчдэд өндөр хүү амлаж байж эх үүсвэр татна. Хадгаламж эзэмшигч өөрт ашигтай нөхцөлөөр мөнгөө банкинд зээлнэ ээ дээ? Мэдээж инфляци өнөөдөр 13 хувьтай байхад өөрийнхөө мөнгийг түүнээс бага хүүтэйгээр банкинд хадгалуулахгүй нь тодорхой байж таарна. Тэгэхээр банк инфляцийг тооцон 13 хувийн хүүг шууд амлана, үүн дээр хадгаламж эзэмшигчийн цэвэр ашгийг тооцон дахиад хэдэн хувийг нэмнэ. Энэ бол банкны зээлийн эх үүсвэрийн өөрийнх нь өртөг. Ямар ч бүтээгдэхүүнийг өөрийнх нь бүтсэн өртгөөр цааш нь зардаг бизнес гэж байхгүй хойно банк өөрийнхөө зардлаа нэмнэ, ашгаа нэмнэ. Ийм шат, зардал дамжиж байж харилцагчдад хүрч байгаа арилжааны банкний зээлийн хүүгакулуудтай өрсөлдүүлж, нэг оронтой тоонд шилжүүл гэж хэлэх боломжгүй харагдаж байна.

Тэгэхээр гадаадын томоохон банкны салбарыг оруулж ирэхээс өмнө инфляцийг бууруулах, бүр нэг оронтой тоонд тогтвортой барих эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх. Дараа нь банкны зардал, татварыг бууруулах бусад хууль, журам мөрдөх шаардлагатай болно. Хэрэв бид ийм бэлтгэлээ хангаж, дэд бүтцээ бүрдүүлж чадаагүй байгаа бол гадаадын банкны салбарын үйл ажиллагааг нэвтрүүлэхдээ тодорхой хаалт, хязгаарлалт тавьж өгөхөөс өөр аргагүй аж. Асуудлын гол учир нь“Bank of China”-д биш бид өөрсдөө ямар зорилготой, ямар бодлоготой, ямар бэлтгэлтэй байгаад л оршино.Хөрштэйгээ хамт хөгжихөд бид ер нь бэлэн үү. Бидэнд уул уурхайд ч, банкинд ч хөршийнх рүүгээ хүрэх дэд бүтэц байна уу?