ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Катотой ярилцлаа.

-Таныг банк санхүүгийн салбарт ажилласан 30 гаруй жилийн туршлагатай хүн гэж сонссон. Та өмнө нь хаана, хаана ажиллаж байсан билээ. ХААН Банктай анх яаж холбогдсон талаараа сонирхуулахгүй юу?
-Би Японы олон улсын нэртэй банк “Bank of Tokyo-Mitsubishi”-д 28 жил ажилласан. Банкныхаа шугамаар Нью-Йорк, Амстердам, Бахрейнд ажиллаж байсан. Олон жил ажилласан банкнаасаа гараад дараагийн шатанд юу хийх вэ гэсэн шийдвэр гаргаж байх үедээ ХААН Банкны хувьцаа эзэмшигчдийн нэг Савада захиралтай уулзаж ХААН Банкны талаар анх сонсч байлаа. Би 2009 оны арваннэгдүгээр сард анх Монголд ирсэн. Зөвлөхийн албанд ажиллаж байгаад 2011 оноос гүйцэтгэх захирлын албанд томилогдон ажиллаж байна.

 -ХААН Банк бол гадны банкируудыг гүйцэтгэх захирлаар ажиллуулдагаараа туршлагатай компани. Манайд бараг ийм уламжлалыг нэвтрүүлсэн ч гэж болно. Гэхдээ өмнө нь баруунаас хүмүүс ирж ажиллаж байсан. Дорнын арга барил хэр өөр байгаа бол?
-Мэдээж өөр байгаа. Гэхдээ аль нэг үндэстний гэхээсээ хувь удирдагчийн арга барил өөр байгаа болов уу. Би өмнөх хоёр захирлынхаа хийсэн болгонд талархалтай явдаг. Питер Морроу захирал энэ банкинд өөрийн гэсэн дэг жаягийг тогтоож өгсөн. Одоо ч гэсэн тэр уламжлалаар явж байна. Саймон захирал хөгжлийн дараагийн шатанд хүргэхийн тулд багагүй зүйлийг хийсэн. Эдийн засаг тэлж, хөгжил өдөр бүрээр урагшилж байгаа учраас үе, үеийн гүйцэтгэх захирлын хувьд хийх ажил, хамрах хүрээ нь адилгүй болсоор байгаа. Би хувьдаа ажилтнуудтайгаа аль болох ойртож, хамтарч ажиллахыг боддог хүн.

-Та Америк, Европ, Ойрхи Дорнодод ажиллаж байсан хүн. Монголчуудтай ажиллахад ямар байна даа?
-Монголчууд бол маш нээлттэй, ил тод хүмүүс. Юун дээр санал нийлж байна, нийлэхгүй байна гэдгээ шулуухан илэрхийлдэг. Надад Монголд ирснээс хойш харилцахад хүндрэлтэй асуудал огт гараагүй. Манай банкинд дандаа залуу эрч хүчтэй хүмүүс ажилладаг. Тэд дандаа сурч, боловсрохыг тэмүүлж байдаг нь ажиглагддаг. Ийм хүмүүстэй ажиллахад сэтгэл дүүрэн байж, их эрч хүч өгдөг шүү.

-“Euromoney” сэтгүүлээс танай банкийг 2014 оны Монголын шилдэг банкаар тодруулсан байна лээ. Танай банкны ямар амжилт энэ шагналыг хүртэхэд нөлөөлсөн гэж та хэлэх вэ?
-Дэлхийн банк санхүүгийн салбарт шилдгүүдийг шалгаруулдаг олон шагнал байдаг. Тэр дундаа “Euromoney” сэтгүүлийн шагнал бол хамгийн олон жилийн турш банк санхүүгийн салбарт шилдгүүдийг тодруулж ирсэн гэдгээрээ яах аргагүй онцгой нэр хүндтэй шагнал байдаг. Сүүлийн 23 жилийн турш тасралтгүй дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг шалгаруулж ирсэн энэ байгууллагын шагналыг хүртсэн нь манайх банкны хувьд нэр төрийн хэрэг юм. Уг шагналыг маш олон шалгуураар шалгаж байж тодруулдаг уламжлалтай. Манай банкны хувьд санхүүгийн хүчтэй үзүүлэлтүүд, нээлттэй ид тод байдал буюу сайн засаглал, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байдал, нийгмийн хариуцлагаа хүлээж олон үйл ажиллагаа зохион байгуулсан гэдгээрээ энэ шагналыг хүртсэн гэдгийг сэтгүүлийн зүгээс онцолсон байсан. Мэдээж энэ шагнал нь манай хамт олонд илүү ихийг бүтээх урам зориг өгсөн.

-Банкны санхүүгийн хүчтэй үзүүлэлтүүдийг харгалзсан гэж та хэллээ. Энгийн иргэдийн хувьд банкны олон тоо үзүүлэлтийн учрыг нарийг ойлгож мэддэггүй л дээ. Та уншигчдад маань энэ үзүүлэлт хэрхэн ахисан талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ шагнал бол манай банкны 2013 оны санхүүгийн үйл ажиллагааг үнэлж дүнгээ гаргасан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. 2013 онд манай банкны зээлийн багц 43 хувиар өссөн. Бид бас тухайн оныхоо ашгийн зорилтоо биелүүлж, татварын дараахь нийт ашиг 97 тэрбум төгрөгт хүрсэн. Түүнчлэн нийт актив 2 их наяд төгрөг буюу 72 хувиар өсч, 4.8 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгө өмнөх онтой харьцуулахад 34 хувиар өсгөж 2.8 их наяд төгрөгт хүргэсэн. Эдгээр санхүүгийн үзүүлэлтээс гадна манай бизнесийн багц сайн төрөлжиж чадсан. Ялангуяа иргэдийн банк маань хүчтэй, сайн ажилладаг. Мөн банкуудад тавьдаг шалгуур үзүүлэлтийг байнга давуулан ханган ажилладаг. Ер нь аль аль талдаа тэнцвэртэй, эрүүл өсөлтийг гаргаж чадсан учраас амжилтыг маань ийн үнэлсэн биз ээ.

-Санхүүгийн зах зээлд анхдагч бүтээгдэхүүн нэвтрүүлнэ гэдэг банкуудын хувьд гол зүйл байх шиг байдаг. Танай хувьд ямар шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн бэ. Миний санахад Монголд анх удаа зайнаас уншдаг картыг танайх банк л нэвтрүүлээд байгаа байх аа?
-Тийм ээ. Таны хэлдэг зайнаас уншдаг картыг манай банк Монголд анх удаа нэвтрүүлээд байна. Энэ карт нь зөвхөн банкны үйлчилгээнд ашиглахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахад тохиромжтой. Бид энэхүү картаас гадна нэгэн том зүйл хийсэн нь өөрийн банкны дэд бүтцээ сайжруулсан явдал. Үүнийг олон нийтэд төдийлөн сурталчлаагүй л дээ. Бид банкны дотоод системээ бүрэн шинэчилж чадсан. Өмнөхөөсөө илүү хурдан баталгаатай үйлчилгээ үзүүлэх болсон гэж ойлгож болно. Банкны өдөр тутмын үйл ажиллагаанд чухал дотоод системээ өөрчилснөөс гадна дата төв байгуулсан. Манай банкны үйл ажиллагааны бүхий л мэдээлэл энэ мэдээллийн төвд хадгалагдах боломжтой болсон.

-Танай банкны нэвтрүүлсэн зайнаас уншдаг картыг нийтийн тээвэрт ашиглах боломжтой гэж та хэллээ. Гадны улс орнуудад нийтийн тээвэртээ ийм карт ашигладаг. Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд ихээхэн анхаарах болсон. Тэгэхээр танай зүгээс энэ салбарт хамтран ажиллах боломжтой гэсэн үг үү?
-Бидний хувьд хамтран ажиллахад нээлттэй байна. Зайнаас уншдаг карт бол бага дүнгээр богино хугацаанд төлбөр хийх үйлчилгээнд тохиромжтой. Тэгэхээр автобусны төлбөр төлөхөд ашиглахад тун зүгээр. Гэхдээ нийтийн тээвэрт ашиглахад бүх банк санхүүгийн салбарынхан ижил боломжтой байж, нэгдсэн системийг бүрдүүлж өгөх нь зөв болов уу.

-ХААН Банк Монгол орон даяар хамгийн олон салбартай гэдгээрээ яах аргагүй тодорч харагддаг. Өөр бас ямар онцлог, давуу чанар танай банкинд бий вэ?
-Манай банк Монгол орон даяар 530 гаруй салбар, тооцооны нэгжтэй. Энэ бол яах аргагүй манай банкны бусдаас давуу онцлог нь байж таарна. Том салбар ч бай, жижиг тооцооны нэгж ч бай манай ажилтнууд иргэд үйлчлүүлэгч нартайгаа маш ойр ажилладаг. Газар орноо мэддэг, хүн зоноо таньдаг манай ажилтнууд маань үйлчлүүлэгч нартаа ойр, дотны зөвлөгч байж чаддаг нь манай банкны бусдаас ялгагддаг давуу тал болов уу гэж би санадаг. Бид үйлчлүүлэгчдэдээ аль болох их зээл аваарай гэхээсээ илүү мөнгөө хадгалж, хуримтлал үүсгээрэй гэж зөвлөдөг.

-Таныг нэг банкны захирал гэхээс илүүтэй банк эдийн засгийн салбарт туршлагатай хүн болохоор зарим нэг асуултыг тавимаар байна. Таныг анх ирж байх үед манайд эдийн засаг эрчимтэй хөгжиж, ДНБ-ий үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байсан үе. Харин одоо байдал өөрчлөгдөөд байгаа. Бид боломжоо алдчихав уу, эсвэл энэ түр зуурын нөхцөл байдал уу?
-Би Монгол орныг хөгжих их боломж нөөцтэй улс гэж хардаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар нөхцөл байдал амаргүй байна. Ашигт малтмал тэр дундаа нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр тааруухан байна. Энэ нь эдийн засгийг удаашруулах гол нөхцөл болж байгаа. Хэрэв дэд бүтцээ сайжруулж, цаашлаад дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ өсөөд ирвэл эдийн засгийн хөгжил урагшлаад эхлэх нь мэдээж.

-Танай банк Монголд хөрөнгө оруулагчдын хурлыг ихээхэн ач холбогдол өгч хөрөнгө санхүүгээр дэмжиж ирснийг хүмүүс мэднэ. Та ч энэ чиглэлд багагүй ажиллаж байсан. Тэгэхээр бид гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд юуг анхаарах ёстой вэ?
-Гадаадын хөрөнгө оруулагчид ямагт хөрөнгө оруулалтынхаа аюулгүй эрсдэлгүй байдлыг харж байдаг. Хууль эрх зүйн орчин нь тодорхой, нээлттэй бас хуулийн хэрэгжилт нь хуулинд заасныхаа дагуу ямар нэг гажуудалгүй байх нь тэдэнд хамгийн чухал асуудал байдаг. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэн хуулийг баталж, нэмэлт өөрчлөлт оруулж өгсөн нь сайн хэрэг болсон. Гэхдээ одоо гадны хөрөнгө оруулагчид энэ хуулиа хэрхэн мөрдөж, амьдрал дээр хэрэгжүүлж байна вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаа гэдгийг хэлмээр байна. 

-Сүүлийн үед манайхан эдийн засгийн хямрал энд тэндгүй л мэдрэгдэж байна гэх боллоо. Энэ хямрал танай салбарт, танай банкинд яаж мэдэгдэж байна вэ?
-Үүнийг яг эдийн засгийн хямрал гэж хүндрүүлж нэрийдэх нь хэр юм бол доо. Гэхдээ эдийн засгийн байдал хүнд амаргүй байгааг бүгд мэдэж байгаа. Харилцагчдын маань хувьд гар дээрх бэлэн мөнгө нь багасч, инфляцын түвшин эргэн өсч, Монголбанкнаас бодлогын хүүг нэмсэн. Ийм нөхцөл үүссэн үед эдийн засгийн өсөлт удаашрахаас аргагүй. Зарим салбарт ажилладаг харилцагчдын маань бизнес хүндэрсэн байдал ажиглагдаж байгаа л даа. Мөн Үндэсний Статистикийн хорооноос гаргасан үзүүлэлтээр банкны салбарт хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ байнга өсч байгаа нь харагдаж байгаа. Гэхдээ ажилгүйдэл газар авсан зүйл алга байна. Ажилгүйдлийг өсгөхгүй байх тал дээр арга хэмжээг эртнээс авах нь зүгээр болов уу гэж анзаарагдаж байна даа.

-Япончууд эдийн засгийн уналт босолтыг үзэж байсан үндэстэн. Бас 1997 оны Азийн эдийн засгийн хямрал ч тойрч байгаагүй. Эдийн засаг амаргүй байгаа үед хувь хүмүүс өөрсдөө юунд анхаарч даван туулбал дээр вэ. Та үүн дээр зөвлөгөө өгөөч?
-Эдийн засгийн хямралын үед хувь хүмүүс юуг анхаарвал дээр вэ гэвэл илүү зардал гаргахгүй, зардлаа хянаж аль болох боломжоороо хадгаламж үүсгэхийг хичээх хэрэгтэй. Бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарах үед хэрэглэх мөнгөтэй байх хэрэгтэй юм. Иргэд маань ухаантай хүмүүс хойно орлого, зарлагаа хянаж, илүү гаргаж хадгалж байхаа мэдэж байгаа биз ээ.



-Нэг хэсэг банкууд дампуурдаг байхад хүмүүст банкинд итгэх итгэл алга болсон. Сүүлээс тэр айдас мартагдаад ирэх үед бас хэд хэдэн банк дампуурсан. Ер нь банк юунаас болж дампуурдаг юм бэ. Банкны удирдлагын алдаатай бодлогоос уу, төрийн оролцооноос уу?
-2008, 2009 оны үед болсон эдийн засгийн хямралын үеэр зарим банк дампуурсан. Тэр үед Монголбанкнаас банкуудад эдийн засгийн шалгууруудыг тавьж өгсөн юм. 2010, 2011 оноос уул уурхай эрчимтэй хөгжиж, эдийн засаг хурдацтай хөгжсөн учраас тэр хямралын үеийн бэрхшээлийг хүмүүс амархан мартсан гэж болно. Ер нь банкны дампуурал удирдлагын алдаатай бодлоготой холбоотой. Зээлийн хэмжээндээ хяналт тавиагүй ч юм уу олон шалтгаан бий. Банкуудад тавьсан шалгуураа нарийн хянаж, түүнд нь зохицож ажиллахыг Төв Банкны зүгээс шаардах нь чухал. Ер нь нээлттэй ид тод, сайн засаглалыг нэвтрүүлж чадвал банкны дампуурлаас сэргийлэх боломжтой гэж хэлмээр байна даа.

-Таниас энэ талаар сонирхож асуумар байна л даа. Та Урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн юм билээ. Өмнө нь Питер Морроу захирал энэ тал дээр хувь хүнийхээ сонирхлоороороо их нягт ажилладаг байсан. Та өнөөдөр энэ албыг хашиж байгаа нь урлагт дуртай болохоор уу эсвэл танай банкны уламжлалт харилцааны үүрэг учраас уу?
-Аль аль нь гэж хариулмаар байна. Би урлагт өөрөө их дуртай хүн.  Аз болоход ХААН Банк маань Урлагийн зөвлөлтэй ойр дотно харилцаатай явж ирсэн байдаг. Би чадах чинээгээрээ хамтарч ажиллахыг хүсдэг дээ.

-Та манай Банкуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг бас хашдаг. Удирдах зөвлөлийнхөө цорын ганц гадаад хүн шиг байна лээ?
-Банкуудын холбооны удирдлагад манай бүх банкуудын удирдлагууд багтдаг. Тэр утгаараа энэ ажилдаа идэвхтэй оролцдог. Гадаадад ажиллаж байсан туршлагатай гэдэг утгаараа асуудалд өөр өнцгөөр хандаж, бодол саналаа нэмэрлэдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний бүгдийн зорилго банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, улам бүр хөгжүүлэхийн төлөө байдаг. Хамтдаа сууж ярилцаж, асуудлыг шийдэж улмаар Монголбанк, Засгийн газартай ч ойлголцох хэмжээний асуудлууд бидэнд тулгардаг. 

-Тантай уулзсаных энэ талаар асуухгүй өнгөрч боломгүй байна. Сүүлийн үед бондын асуудал дээр хүмүүс өөр, өөр байр суурьтай байна. Зарим нь хөрөнгө босгож чадсан нь сайн гэж, зарим нь өр гэцгээх юм?
-Эдийн засаг хурдацтай хөгжиж эхлэх үед нэмэлт хөрөнгө хэрэгтэй болдог. Энэ үед гадаадаас хөрөнгө татахад буруу зүйл байхгүй ээ. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөгжлийн ирээдүйг сайнаар харж байсан учраас Чингэс бонд маш амжилттай боссон. Гэхдээ бонд бол хэдэн жилийн дараагаас төлөх ёстой өр. Ихэнх Засгийн газрууд өмнөх өрөө төлөхийн тулд дахин бонд гаргадаг жишиг байдаг. Мэдээж, өмнөх хөрөнгөө амжилттай зарцуулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлээ алдаагүй тохиолдолд хоёр дахь гаргалт нь амжилт дагуулдаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй байх нь чухал. Монгол улс бол гадны зарим орнууд шиг хэтэрхий их зээл авч байгаа орон биш. Хамгийн гол анхаарах зүйл нь гадны хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хадгалж байх явдал л гэж бодож байна даа. Үүнд дээр хэлсэнчлэн хууль эрх зүйн таатай орчин, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байх л чухал.

-Самурай бондыг арай ойрхон гаргасан юм биш үү?
-Японы хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байсан учраас Самурай бонд амжилттай болсон. Японы банк санхүүгийн байгууллагууд энэ бондыг сонирхож, хөрөнгө оруулалтаа хийсэн. Эдийн засгийн тооцоо хийсний үндсэн дээр л тэд шийдвэрээ гаргасан байж таарна. Ер нь аливаа улс орны хувьд хөрөнгө татан төвлөрүүлэх олон арга байдгийн нэг нь л бонд. Тэгэхээр үүн дээр эмзэглэх хэрэггүй болов уу.

-Банкныхаа талаар болон эдийн засгийн талаар сонирхсон асуултад маань хариулт өгсөнд баярлалаа. Хамгийн сүүлд таниас банкийг зөв амжилттай удирдах гол түлхүүр юу вэ гэж асуумаар байна?
-Банк дотооддоо нээлттэй ил тод, шударга байдлыг эрхэмлэж, саналаа илэн далангүй солилцдог байх нь чухал. Банкныхаа ажилтнуудын санал бодлыг шийдвэр гаргах бүртээ анхаарч тусгаж байх нь зөв гэж боддог. Удирдлагын зүгээс урьдчилан харах чадвартай байж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг зөв салбартаа хийж, стратегийн хөрөнгө оруулалт хийж чиглүүлэн удирддаг байх нь чухал юм даа.