Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт нийслэл Душанбед нь эхлэхээс гурав хоногийн өмнө Тажик улс тусгаар тогтнолынхоо 23 жилийн ойг тэмдэглэжээ. Үүний 20 нь одоогийн ерөнхийлөгч Эмомали Рахмоны мэдэлд өнгөрсөн юм. Өдгөө Тажикийг Э.Рахмоны төрсөн нутаг Кулябаас гаралтай улстөрчид захирдаг аж. СССР-ийн хамгийн ядуу дорой бүрэлдэхүүн явахад нь төр барьж байсан Ленинбад(муж)-ынхнаас тэд эрхийг нь авахын тулд иргэний дайнд хүрч, таван жилийн дотор 150 мянган хүний амь үрэгджээ. Зөвлөлтийн үед хэвшсэн овог нэрэндээ “ов”, “ев” төгсгөл залгах ёсыг зарлигаар халан, өөрийгөө “Рахмон” хэмээн дуудуулах болсон ерөнхийлөгчийн гүрэн далайд гарцгүй, “СССР”, Төв Ази гэдгээс өөр зүйлээр бидэнтэй бараг холбоогүй. Харин Монгол Улс ШХАБ-д “ажиглагч орон”-ы статустай, тиймээс бид ажиглах л үүрэгтэй юм.


НЭГЭН АЖИГЛАЛТ

Душанбегийн “Рудаки” өргөн чөлөө хоёр өдөр дохио хангинуулсан цагдаагийн машин дагуулан сүнгэнэх хар тэргүүдээс өөр зорчигчгүй байсан гэхэд болно. Нийтийн тээвэр ч явуулахгүй хөл хорьсон гудамжаар машинтай сүнгэнүүлэхэд Си Зиньпин, В.Путин хоёрын айлчлалаар Улаанбаатарт арай ч ингэтэл нь зам хаагаагүй гэдэг бодол зурсхийнэ. Социализмын жилүүдийг эрхгүй санагдуулах Душанбегаар алхахдаа бид “Энэ Нэгдүгээр дэлгүүр байна”, “Энэ харин Урт цагаан байна” гэхчлэн Улаанбаатартай дүйлгэж явлаа. Гэхдээ Зөвлөлтөөс хойш энэ хотод шинэ барилга баригдаагүй гэвэл хэлс болно. Мянга нэгэн шөнийн үлгэрийг санагдуулам орд харш бий. Ганц гэм нь бүгд төрийн өмч аж. Саях уулзалт болсон “Кохи Навруз” хэмээх үйлчилгээний 12 танхим бүхий ордон удахгүй хүссэн бүхэнд хаалгаа нээх гэнэлээ.

Исламын суннит шашинтан зонхилдог энэ улсын нийслэлд “эрчүүд сахал тавих, эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсөхийг хориглосон” гэдэг анхны мэдээлэл авсан ч эргэлзэв. Гэхдээ Э.Рахмон 2006 онд тосгоны сургуулиар айлчлахдаа “Хөдөөх дунд сургуулийн багш нар алтан шүдтэй байхад бид олон улсын байгууллагуудыг ядуу зүдүү гэдэгтээ яаж итгүүлэх юм бэ!” хэмээн хангинасныг дуулаад басчиг ортой байж магадгүй санагдсан. Ганц нэг өндөр настныг эс тооцвол бавайсан сахалттай таарсангүй. Харин эмэгтэйчүүдийнх нь дийлэнх үндэснийхээ хувцасаас өөрийг өмсдөггүй юм билээ. Найман сая орчим хүн амтай улсын нийслэл нь сая гаран оршин суугчтай гэх авч хөл хөдөлгөөн нэг л сийрэг. Баар цэнгээний газар ч ховор, оройхон зочилсон Сарез ресторанд биднээс гадна хоёр хүн харагдсан. Шашин уламжлалаасаа болдог биз, цаанаа л дүнсгэр.


НЭГЭН АЖИГЛАЛТ

Тажикийн Хатлон мужид Италийн санхүүжилттэй ядуурал бууруулах төслийн удирдагчаар ажилладаг Л.Дуламсүрэнтэй уулзаж чамгүй зүйл сонслоо. Гурван хонь, хоёр ямаа, ганц үхэртэй өрх амьжиргаатайд тооцогддог гэнэ. Ажилгүйдэл ихтэй учраас иргэд нь бусад орон руу явж хөдөлмөр эрхэлдэг байна. Зөвхөн ОХУ-д 1.1 сая тажик ажиллаж амьдран 2013 онд эх орон руугаа 4.2 тэрбум ам.доллар гуйвуулсан нь улсынхаа ДНБ-ний 49.5 хувьтай тэнцэнэ гэж орос сэтгүүлч А.Шелестов бичжээ. Өндөр уулсын дунд оршихын сацуу голоор баялаг тул УЦС олонтой ч өвөлдөө эрчим хүчний гачаалд орж, жилдээ ДНБ-ийхээ гурван хувьтай тэнцэх алдагдал хүлээдэг аж. 2009 онд Төв Азийн эрчим хүчний системээс Узбек улс гарснаар Туркменээс ирдэг цахилгаан тасарч энэ зовлон эхэлжээ. Цэвэр усны нөөц муутай Узбек руу урсдаг олон голыг боон далан босгосон учир ийм хариу арга хэмжээ авсан гэж нутгийн иргэд үздэг аж. Ямартай ч нэг нэгнээ үздэггүй хөршүүдийн зовлон энд ч байх бөгөөд Узбекээр дамжин ирж буй импортын машины шилүүдийг яйруулчихдаг гэж сонссоноо Л.Дуламсүрэн ярьсан юм.

Хөрс нь шимтэй тул газар тариалан эрхлэхэд тун зохимжтой. Харин хөдөө аж ахуйд нь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гэнэ. Бидэнд тараасан Аргументы и факты сонины тусгай дугаарт Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Шариф Рахимзодагийн ярьснаар бол эдийн засаг нь долоон хувийн өсөлттэй яваа. Хөнгөн үйлдвэр, тэр дундаа хөвөн даавуу болон торго экспортынх нь голлох бүтээгдэхүүн. Үүнээс гадна цөөн нэрийн байгалийн баялаг гадагш гаргадаг. Харамсалтай нь энэ бүх орлогыг ерөнхийлөгч Э.Рахмон болон түүний төрөл төрөгсөд нь завшдаг гэж тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд 2010 онд захидалдаа дурдсаныг WikiLeaks сайт дэлгэжээ. Л.Дуламсүрэн ч үүнийг баталж, ямар нэг бизнес ашигтай болоод ирвэл ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн авчихдаг гэж ярьсан юм.


НЭГЭН АЖИГЛАЛТ

Зурагтаар ганц ерөнхийлөгч нь гардаг авторитар дэглэмтэй болохоороо Тажик ШХАБ-д элссэн юм биш. Зөвлөлтөөс салаад шийдэгдээгүй үлдсэн хил, хэт даврагсад, салан тусгаарлагчид, улс дамнасан хар тамхины сүлжээ зэрэг асуудлаа бүс нутгийн хэмжээнд шийдэхийн тулд тус байгууллагыг “Шанхайн тав” гэгдэж байхаас нь л нэгджээ. “Хамтын ажиллагаа, хамтын хөгжил, хамтын цэцэглэлт” уриатай энэ удаагийн чуулганыг Э.Рахмон хүмүүнлэгийн чиглэлийн олон төсөл эхлүүлэх боломж хэмээн харж байгаа аж. Тэрбээр эх газрын гүрний тэргүүний хувьд төмөр замын хамтарсан төслийг далайд хүрэх гарц гэж үзжээ. Энэ талаар бидний зовлон адил юм. Харин манайхан олон нийтийн сүлжээгээр цуураад байсан Хятадад алдсан газар нутгийн асуудал нь огт өөр тайлбартай юм байна.

Монголчуудын уугуул нутгаас чамгүй хэсгийг нь салгасан Хаант Орос,  Манж Чин гүрэн хоёр байгуулсан Нерчүгийн гэрээнээс эхтэй маргаан 2011 онд л шийдэгджээ. XIX зуунаас хойш Орос, Хятадын тал хилээ тодорхой болгохыг оролдож 1881 онд Петербургийн хэлэлцээр байгуулсан боловч бие биенээ суларч, задрах үед нь ахиухан газар авах улигт оролдлого нь явсаар ирж. Зөвлөлт задрахад асуудал ч олон салж Тажикаас гадна Казахстан, Киргиз ч Хятадтай хилийн маргаантай хоцорсон байна. Өөрийгөө Манж Чин гүрний газар нутгийн шууд өв залгамжлагч гэж үздэг хятадууд ч амаргүй улс. 1999 онд Тажикийн газар нутгийн 28.5 хувийг нэхжээ. Харин удаа дараагийн яриа хэлэлцээрийн дүнд Дорнод Памирын нутгаас мянган ам км газрыг Хятадын хилд багтаасан гэнэ. Энэ нь анх нэхснийх нь ердөө гурван хувьтай тэнцэх учир Гадаад хэргийн сайд Хамрохон Зарифи нь өөрийгөө ялсанд тооцож байна.


НЭГЭН АЖИГЛАЛТ

Монгол Улс ШАХБ-д ажиглагчийн статустай 10 оныг үдлээ. Бид гарцаагүй Төв Азийн бүсэд хамаарах боловч ШАХБ-ын үндсэн зорилттой нийцэх зүйл манайд огт үгүй. Тиймээс ч өнөөг хүртэл бид “ажигласаар” байгаа юм. Харин ШХАБ-ын тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Манай ганц ардчилагч” хэмээн цоллодог аж. Мэдээж үүнээс ёжилсон өнгө сонстож байна. Гэхдээ бидний тэднээс ялгарах давуу тал бол ардчилал, эрх чөлөө. ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний айчлалаар АНУ “Та нар гурав дахь хөршийн бодлогоосоо ухарч байгаа юм уу” хэмээн асуусан. Мэдээж үгүй. Харин хоёр хөрштэйгөө хэл амаа ололцох нэн тэргүүний шаардлага бий. Ц.Элбэгдоржоос ШХАБ-д элс гэж шахаж байна уу гэж асуухад “Ер нь бол шахна шүү дээ, шахна. Гэхдээ бид төвийг сахих ёстой. Ажиглагч гэдэг бол бидэнд яг тохирсон статус. Бид ийм байна, ийм ч байх болно. Цаашид гэхдээ яахыг мэдэхгүй, юутай ч намайг байх үед тийм юм болохгүй” гэж хариулав.

Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй улс байдаг, бүгд л аль нэг бүс нутагт хамаардаг. Бүсийн хамтын сонирхол бий болж улмаар интеграцид орно гэдэг нь маш том үйл явдал. Монгол Улс нэг талаас Төв Азид багтана, нөгөөтэйгүүр Зүүн хойд Азид ч бас хамаарна. Тиймээс Гадаад хэргийн сайд Л.Болдын хэлсэнчлэн “Бид энэ бүгдийн эрэмбийг зөв тогтоох хэрэгтэй. Аливаа улс далай руу тэмүүлдэг, манайд хамгийн ойр далайн гарц бол Номхон далай” юм. Төв Ази асар их байгалийн баялагтай, сүүлийн жилүүдэд нүдэн дээр өөрчлөгдөж байна. Бид адилхан нүүдэлчин, түүхийн хувьд харилцан хамааралтай зүйл бий. Үүнийгээ ч мартаж боломгүй. Душанбед болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ гурвын төрийн тэргүүний уулзалт дээр Ц.Элбэгдоржийн баруун талд Си Зиньпин, зүүн гарт нь В.Путиныг суулгасан байлаа. Хэн, хаана суухыг уулзалтын өмнөхөн тогтож амжсан гэж ажлын хэсгийнхэн ярьсан юм. Баруун гар талыг ихэнх улс үндэстэн хүндлэлд үздэг бол монгол бөхөд зүүнээ тэргүүн магнайд тооцдог ёс бий. Ажиглагч орны сэтгүүлчийн хувиар ажигласан зүйл маань ийм байна. 

http://toimsetguul.mn