УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчээ гаргаж чадаагүй л байна. Өчигдөр хагас дутуу цуглаад завсарласан бүлгийн хуралдаан дээр зарим гишүүд зарим гишүүдээ нэр дэвшүүлж үзсэн хэдий ч /Г.Баярсайхан Г.Ганбатыг, С.Баярцогт Ч.Сайханбилэгийг, бас нэг хэсэг нь Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нарыг гэм мэтчилэн/ намын дарга Н.Алтанхуяг эдгээр нөхдүүдийн хэнийг нь ч ҮЗХ-ны хурандаанд оруулахгүй гэсэн тухай М.Зоригт гишүүн хов хүргэв. ҮЗХ-ны гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг гаргаж ирэх үүргийг намын бүлэгт өгсөн нь асуудлаа түүгээрээ шийдээд яв, маньд хамаагүй ч гэсэн юм биш, арай цомхон хүрээнд яриад саналаа багцлаад ороод ирвэл бид эндээ санал хураалгаад шийдчихье гэсэн үг л дээ. Зарим нэг нь үүнийг мушгиад “Ерөнхий сайдын асуудал намын даргад ч падгүй, ҮЗХ-д ч хамаагүй” шахуу юм яриад явж байна лээ. Хадуурна хадуурна гэхэд...

Нэг иймэрхүү адармаатай байдлын дундуур УИХ-ын зарим гишүүдээс / М.Батчимэг, А.Бакей, Л.Гантөмөр, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Г.Уянга, Ц.Цолмон, Ж.Энхбаяр/ УИХ-ын дарга болон парламентад суудалтай намын дарга нарт хандаж нэгэн уриалгыг гаргасан байна. “Маргаашийн төлөө тунхаг” нэртэй уг уриалгад,

-Сайд нарын томилгооны эрх мэдлийг парламентын засаглалтай дэлхийн бусад орны жишгээр УИХ-аас Ерөнхий сайдад шилжүүлэх буюу УИХ сайд нарын томилгоогоор барьцаалан Засгийн газрын ажилд хутгалдах бус, гүйцэтгэх засаглалдаа хөндлөнгийн хяналт тавих эрх мэдлийн зөв хуваарилалттай болох.

-Улс төрийн намууд, улс төрчдийн шууд нөлөөлөл, дарамт шахалтаас хамгаалагдсан, улс үндэстний хөгжил дэвшил, эрх ашигт үйлчилдэг, мэргэжлийн, эдийн засаг, хууль зүй, нийгмийн баталгаагаар хангагдсан тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх

-Бүх шатны сонгууль, улмаар улс төр бүхэлдээ мөнгөнөөс хэт хамааралтай болох буруу тогтолцооноос зайлсхийж, сонгуулийн зардлыг бууруулах бодитой арга замуудыг хуульчлах.

-Улс төрийн намуудыг иргэд, олон түмэнд нээлттэй, тэдний санаа бодлыг илэрхийлдэг бодлогын байгууллага болгон төлөвшүүлэх. Үүний тулд нэн түрүүнд улс төрийн намуудад төрөөс олгодог санхүүжилт, зарцуулалтыг хуулиар хатуу зааж, олон түмэнд нээлттэй тайлагнадаг тогтолцоонд шилжих.

-Шүүх, хуулийн байгууллагад улс төрөөс хараат бус, авлигаас ангид, хууль дээдэлж ажиллах хатуу шаардлага тавьж, хүний эрх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх гэсэн гэсэн таван зүйл дээр ул төрийн намууд хамтарч ажиллаж, хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулахыг уриалсан байна. Хүнээр бол өвчинтөйгээ тэмцээд байх өвчний шалтгаан, эх үндсийг нь олж эмчилье л гэж байгаа хэрэг. Тэгэхгүй бол Н.Алтанхуягийн Засгийн газрын үүрсэн зовлонг дараа дараачийн Засгийн газрууд үүрсээр л байна, улс орноо хямралаас гаргах байтугай улс төрийн хямрал нь улам даамжирсаар байна шүү л гэсэн үг л дээ. Ардчилсан холбоо эвсэл энэ тэр гэж, 2000 оноос өмнөх юм ярихаа больё. Зүгээр яг одоо гишгэж байгаа хөрсөн дээрээ ярихад Н.Алтанхуягийн Засгийн газар Н.Алтанхуягийнх яг мөн үү? Н.Алтанхуягийн байтугай Ардчилсан намынх байж чадсан уу?

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам УИХ-д дангаараа засаг байгуулах хэмжээний суудал авч чадаагүй. 76-гаас ердөө 34. Нэгэнт парламентад хамгийн олон суудалтай нам учраас Засгийн газраа байгуулах үүрэг нь ноогдоход парламентын олонхийг бүрдүүлэхийн тулд “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид гээд эвсэж болох бүхэнтэй эвссэн. МАН л биш бол чөтгөр ч байсан яахав болчихоод байсан цаг үе. Сонгуулийн өмнө арай гэж задалсан МАНАН-г сонгуулийн дараа дахиад үргэлжлүүлнэ гэвэл ёстой улаан нүүр лүүгээ нулимуулах байсан байлгүй. Намынхаа гишүүдэд ч тэр, нийт сонгогчдод ч тэр.

Ингээд УИХ дахь бүх намуудаас бүрдсэн /МАН-аас бусад/ Засгийн газар Н.Алтанхуягийн ч бус, Ардчилсан намын ч бус Засгийн газар болчихож байгаа юм. Гэхдээ үүн дээр засагт орсон бусад намуудыг муу хэлэхээсээ илүү Ардчилсан намын бүлэг фракциуд арай л дэндүүлсэн л дээ. Н.Алтанхуяг танхимын тэргүүн юм бол кабинетаа өөрөө бүрдүүлэх ёстой биз дээ, “Миний баг энэ байна. Би тэрийг тийм яамны сайдаар томилно, хариуцлагыг нь өөрөө хүлээнэ” гээд. Гэтэл кабинетийн 17 гишүүний гурваас бусад нь Н.Алтанхуягийн хувьд бараг л “өштөн” мэтээр ажилласан даа. Дандаа нам доторх бүлэг фракцийн шахаа, бизнесийн бүлэглэлийн төлөөний хүмүүс. Арай гэж батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр жорлонгийн цаас болон хувирч, 17 Ерөнхий сайд гарч ирээд тал талд өөр өөрийн бодлогыг яриад суучихаар энэ засгийн ажил яаж урагшаа явах юм. /Харин ч өдий зэрэгтэй салсан нь аз/. Х.Баттулга яаж ажлаа өглөө, А.Гансүх төмөр замыг яалаа... Эдийн засгийн хөгжлийн сайд нь ч гэж тэнд нэг их мөнгө үйлдвэрлэсэн хүн өрөөнийхөө үүдэнд танхимынхаа сайд нарыг цуглуулчихаад загнаад л.

Энэ бүхэн Н.Алтанхуягийн гэхээсээ илүү Ардчилсан намын, цаашлаад огцруулах кноп дараад байгаа УИХ-ын өөрийнх нь хийсэн ажил шүү дээ. Н.Алтанхуягийн оронд хэнбэгуай ч байсан тэгэх л байсан. Одоо ч тэгнэ, харж л байгаарай. Яагаад гэвэл Засгийн газрын томилгоонд УИХ оролцдог, сайд нэг бүрээр хэлэлцүүлдэг нь угаасаа танхимын зарчмыг алдагдуулдаг, фракциудыг томруулж, Засгийн газрыг хүчгүйдүүлдэг аюултайг өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хангалттай харлаа. Одоо ч гэсэн Ерөнхий сайдын асуудал дээр намын дарга, нам байр сууриа илэрхийлэхээс илүү нөгөө хэдэн фракциуд л хүнээ түлхэж байна. Тэгээд фракциудынхаа хүчийг УИХ дахь бүлэг дээрээ, ҮЗХ дээр тоолж байгаад л хэн дийлсэн нь Ерөнхий сайд болно гэсэн үг. Ерөнхий сайд нь дахиад танхимаа бүрдүүлэхдээ фракциудаасаа асууна, фракциуд нь УИХ-ын гишүүдийн кноптой ажиллана. Үүний үр дүнд дахиад нэг Н.Алтанхуяг II-ын /Алтангадасын гэсэн үг биш шүү, МҮДН, МоАХ аль нь ч байсан ялгаагүй/ Засгийн газар гарч ирнэ. Тэгээд яг адилхан уналаар унана. Ийм тохиолдолд УИХ Засгийн газрыг хэдэн ч удаа огцруулаад нэмэргүй.

Тиймээс Засгийн газрын танхимыг бүрдүүлэхдээ УИХ-аас ангид /үүнд дан, давхар дэлний асуудал огт падгүй, тэр тусдаа асуудал/, Ерөнхий сайд нь өөрөө багаа бүрдүүлээд ачаагаа үүрдэг, хариуцлага ч бас тэгж хүлээдэг байхгүй бол УИХ, нам доторх фракциуд нь хүч түрээд ирэхээр Засгийн газраа хүчгүйдүүлж, төрийг тогтворгүйжүүлэх үндсэн шалтгаан болчихоод байгаа нь цор ганц үнэн. Эрт гарсан чихнээс хойно ургасан эвэр урт гэж, хаа очиж парламентын залуу гишүүдээс ийм санаачилга гарч байгаа нь олзуурхууштай. Парламентын засаглалтай аль ч улс оронд ийм л байдаг. Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлээд парламент нь Засгийн газартаа хяналтаа тавиад л явдаг. Энэ асуудал бас дахиад л Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хөтлөх байх л даа. Тэглээ гээд хойш суух цаг үгүй болсон учраас УИХ дахь бүх намууд үүн дээр үгээ хэлэх цаг болсон байна. МАН-д ч гэсэн хамаатай, энэ хэвээрэ мөнхийн сүрэг хүчин байна аа гэж төлөвлөөгүй л бол. 

Энэ сэдэвтэй холбоотойгоор Улс төрийн намын санхүүжилтийн асуудал ч бас сөхөгддөг. Хаа очиж Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан, одоо хүчингүй болох шахаад байгаа гэрээнд энэ асуудал тусгалаа олчихсон байсан юм. Улс төрийн нам доторх фракциудын хүчийг сулруулах, бизнесийн бүлэглэлүүдийг гар, хөлийг таслахын тулд эхлээд намуудаа хууль ёсны санхүүжилттэй болгох тухай асуудал яригдаж таарна. Яс юман дээр нам доторх фракциудын УИХ-д нэр дэвшүүлж байгаа хүний тоо ч гэсэн намдаа өгч байгаа мөнгөөр л хэмжигдэж байгаа шүү дээ. Тэгээд засаг байгуулагдах болоход хэн юу хийхээсээ биш, хэдэн төгрөг төлснөөсөө шалтгаалж суудал хуваарилдаг. Мэдээж улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх нь үнэтэй. Гэхдээ санхүүжүүлэхгүй байх нь бүр ч их үнэтэй байна. Дан ганц мөнгөөр илэрхийлэхийн ч аргагүй өндөр өртөгтэй тусч, төрийг тогтворгүйтүүлэх хэмжээнд хүрчихээд байна.