Эдийн засаг элгээрээ хэвтлээ, энэ улс орныг хэрхэн сэргээх вэ хэмээн толгойгоо гашилгаж суугаа юм бодтол эр эм хоёрын ажил хийж байгаа зургийг интернэтэд тараасан шигээ цагийг өнгөрөөж суугаа төрийн түшээг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг огцруулах ёстой, дараа нь ингэж хөгжүүлэх ёстой хэмээн их мэдсээр сая нэг огцруулсны дараа залгуулаад л "Одоо шинээр байгуулагдах Засгийн газрыг цагаан сар өнгөрөөгөөд огцруулна" хэмээн заналхийлж, түүнийгээ цахим ертөнцөд түгээж суугаа АН-ын архаг улс төрчид эх орон, ард түмэн гэсэн сэтгэл бий юу. Хувь тавилан нь ордонд бус Ганц худагт байхад хаалгаараа оруулж аварсан намаа, намын даргаа Ерөнхий сайдаас огцрох агшинд ажлын өрөөндөө Ардын намынхантай ура хашгиран тэмдэглэсэн нөхөрт зарчим, улс төрийн ноён нуруу байна уу. Ийм л хүмүүст эрх мэдэл өгөхөөр улс орон өнөөдрийнх шиг болж, сульдаж доройтдог юм байна. Улс төрд мэдлэг боловсролоос урьд зан араншин чухал юм байна.

Монголын их хувь заяа юу вэ гэвэл Монголын ард түмэн цаг ямагт өөрийн эх орончидтой байсанд юм гэдэг. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал ч энэ эх орончдод багтана. Лав дээрх улс төрчдийн дэргэд энэ хоёр хүн гайхамшигтай эх орончид. Х.Чойбалсан боловсролтой хүн байгаагүй. Харин түүнд зовлон үзсэнээс үлдсэн зан араншин байсан. Түүний улс төрч болсон төлөвшил 1940 он гараад шүү дээ. Энэ үеэс тэр эх орноо, цөөхөн муу ард түмнийхээ төлөө өөрийгөө зориулж чадсан гэж үздэг. Тэгэхдээ тэр мэдлэг боловсролоор эх орноо удирдаагүй өөрийн зан араншингаар эх орон ард түмнээ арайхийн чирч явсаар дараагийн үедээ өгсөн. Оросоос, Сталинаас үхтлээ айдаг байсан үе түүнд бий. Гэхдээ 1944 онд Монголд байсан Оросын 17 дугаар армийн командлагчид хандан "Та нар Монголд эзлэн түрэмгийлэгчид шиг аашилж байна" хэмээн уурсан хашгирсан нь олон хүн цугласан хүлээн авалт дээр болсон явдал юм. Энэ бол тухайн үедээ эх оронч хүнээс гарах эр зориг, зан араншин байлаа. Түүний хамгийн том түшиг тулгуур нь Бумцэнд гэж боловсролгүй өвгөн байсан. Бага хурлын тэргүүлэгчдийн дарга энэ өвгөн партизанд эх орон, ард түмний хувь тавилан Чойбалсан бид хоёроос хамаарна гэсэн гайхамшигтай ухамсар, зан араншин байснаас бус мэдлэг боловсрол огт байгаагүй. Тэдний энэ зан араншин Монгол Улсыг хорьдугаар зуунд авч явсаар Ю.Цэдэнбалд авчирч өгсөн.

Ю.Цэдэнбал бол сэхээтэн. Бүр эдийн засгийн боловсролтой хүн. Түүнд муу араншин байсан. Оросыг аялдан дагалддаг. Оросын дагаар орох өргөдөлд гарын үсэг зурсан нь ч үнэн. Яг өнөөдрийн улс төрчид шиг өөрийгөө бодсон өрөвдмөөр улс төрч байсан нь үнэн. АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Самбуу гэж язгуурын монгол бор өвгөн дэргэд нь ажилласнаар Монгол төрийн ноён нуруу хугараагүй юм шүү. Тэр өвгөнд боловсрол байгаагүй, ноён нуруу л байсан. Аливаад эцэс буй болохоор Ю.Цэдэнбал төрөөс зайлуулагдаж өрөвдөм хувь заяатай хорвоог орхисон. Түүнээс хойшхи засаглал зургаан жил орчим л соц нийгмийн шинж чанартай байгаад нурж унаснаар өнөөдрийн улс төрчид гарч ирсэн юм. Х.Чойбалсан ч тэр, Ю.Цэдэнбал ч тэр мэдлэг боловсролоор улс орныг удирдаагүй зан араншингаараа, тулхтай хүмүүсийн нөлөөгөөр Монголыг авч явжээ гэдгийг над мэт нь дүгнэж байгаа юм биш. Дээдсийн үлдээсэн, өнөөдрийн юм уншиж бичдэг хүмүүсийн бичиж туурвиснаас үлдсэн бодол. Энэ хоёр хүн Монголыг удирдаж байхдаа ямар зан араншинтай байсан яг тийм нийгэм Монголд бий болж, яг тийм хувь тавилангаар монголчууд амьдарсныг эргээд санах хэрэгтэй. Гул зэл явсан, дайн тулаанд оролцсон, өөрөө хүнд байдалд мөрдөгдөж шалгагдаж явсан Х.Чойбалсангийн үед Монголын нийгэм үймээн самуунтай, бослого тэмцэлтэй, хэлмэгдэл аллагатай цаг хугацааг өнгөрөөсөн. Хүний өмнөөс юм хэлдэггүй, зөө­лөн Ю.Цэдэнбалын үед мон­голчууд хойдуулд дээрлэхүүлж дөчин жилийг үдсэн.

Одоо ямар зан араншинтай улс төрчид Монголыг авч явна вэ. Яг л тийм нийгэм Монголд цогцолж байна. Өнөөдөр Монголын төр засаг бужигнаж байна. Цөөхөн хүн амтай ард түмэн улс төрөө дагаж заавал бужигнадаг юм байна. Бид хэрэвзээ дор хаяж 10 саяулаа байсан бол төдийлөн анзаарахгүй. Гэвч Нью-Йорк хотын нэг дүүргийн хүн амд хүрэхгүй бидний хоёр сая монголчууд улс төржилтийг айхавтар мэдэрдэг нь эмгэнэлтэй юм. Үүнийг нь мэдэрч буй улс төрч өнөөдөр гарч ирээгүй байгаа нь үүнээс ч эмгэнэлтэй байна.

Улс орныг улс төрч гэсэн хувь хүмүүс удирдан залдаг. Тийм болохоор өнөөдрийн улс төрчдийн улс төрч болж төлөвшсөн цаг хугацааг ярих цаг болжээ. Олон улсад үүнийг чухалчлан судалдаг, ярьдаг, бичдэг, бүр ажил хэрэг болгодог. Лидер төлөвших үе ч гэж хэлж болно. Ямар гэр бүлд төрсөн, ямар сургуульд боловсрол эзэмшсэн, ямар газарт ажилласан, найз нөхдийн ямар хүрээлэлд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм... гэхчлэн төлөвшлийн үйл явцыг шатлан үздэг олон улсын стандарт бий. Эх орныхоо хувь заяаг энэ цаг үед атгуулчихсан 76 гишүүн, бусад улс төрчдийн төлөвшлийг бид хэр мэдэх билээ. Нэг талаас харахад эдгээр хүмүүсийн намтар замналыг сайн мэдэх ч юм шиг, нөгөө талаасаа мэдэхгүй ч юм шиг. Ямар ч байсан өнөөдөр төр засагт голлох нөлөөтэй байгаа хүмүүс (АН, МАН-гүй шүү)-ийн цөөнгүй нь сүүлийн 25 жил Монголын улс төрд явж байна. Ингэж бодохоор идэвхтэй насныхаа 25 жилийн дотор тэд нийгэм огт өөр нийгмээр солигдох үйл явцад оролцсон, шилжилтийн гэх үед засаг удирдалцсан, асар их туршлага суусан, унаж боссон, завсраар нь гадагш дотогш явцгааж мэдлэг боловсролдоо шамдсан, ер нь улс төрч хүний үзэх ёстой бүгдийг үзэж туулжээ. Тэд улс орноо удирдаад явах хангалттай потенциалтай болсон байна. Бүтэн 25 жил төр засагт суучихаад өнөөдөр "Ард түмний амьдрал муу байна, улс орон хөгжихгүй байна, сүйрлээ" хэмээн 20 жилийн өмнөхөө ярьж суухыг чинь хараад "Та нар улс төрчид болж чадахгүй юм байна, улс орныг удирдаж чадахгүй толгойнууд байна" гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Монголын ард түмэн та бүгдийг дэмжиж, тусалж, төрийн өндөр сэнтийд залсаар байгаа. Үүнийхээ хариуд "Зүгээр л хүнд сурталгүй, авлигагүй, айдасгүй, гэрээсээ гараад хана мөргөлгүй амьдрах орчин нөхцөлийг нийгэмд бүрдүүлээд өгөөч" гэж гуйсан. Та нарын хариулт гэвэл "Бид тийм сэтгэл зүтгэлтэй, зан араншинтай хүмүүс биш юмаа" гэдгээ өөрсдийн үг хэл, үйлдлээрээ харуулж байгаа явдал юм. Өөрсдийн чинь байгаа байдлыг харахаар бүгдээрээ их шуналтай, алсын хараагүй, хариуцлагын мэдрэмжгүй харагдах юм.

Улс төрд сайнаасаа муу үг илүүтэй сонссон хүмүүс их хэрэгтэй юм шиг байна. Улс төрд өс санадаггүй, өршөөж уучилдаг хүмүүс гайхамшигт хүрдэг юм шиг байна. Улс төрд өөрийнхөө эрх ашгийг бусадтай хуваалцаж, тэгшитгэж чаддаг хүн хол явдаг юм шиг байна. Улс төрд "Одоо би боллоо, та нар зүтгэ" гээд бусдадаа боломж олгодог, хүнд итгэж чаддаг хүмүүс гоё харагддаг юм байна. Хамгийн гол нь Монголын улс төрд "Би бага буурай орны улс төрч шүү" гэдгээ хамгийн сайн мэддэг хүн чухал юм байна. Эндээс мэдлэг боловсрол бус зан араншин үнэртэж байгаа биз. Ийм хувь хүний зан чанар, араншин та нарт сох дутаж байна. Ийм зан чанар хэнээс чинь ч харагдахгүй байгаа нь улс орны хувь тавиланг ганхуулж, уруудаж яваа айл шиг харагдуулж, ард түмнийх нь амнаас "бид хэцүүдлээ" гэсэн бэлгэгүй үгс цувдаг болгов. Хамгийн аймаар нь энэ улс орныг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө "Улс орон ургашлахаасаа өнгөрлөө" гэж ярих нь аймаар байгаа юм. Та нарыг урагшлуул гэж ард түмэн итгэл өгсөн, та нар үүний төлөө ажиллаж, ямбалж, эрх мэдлийг нь эдэлж яваа хүмүүс. Та нар мэдлэг боловсрол, хөрөнгө чинээ, туршлага, эрх мэдлээр дутаагүй. Өнөөдөр эх орон, ард түмэн чинь дорой буурай харагдаж байгаа бол өөрсдийн чинь байгаа царай тэр.