Баабар нэгэнтээ “40-өөс дээш насныхан үхэж дууссаны дараа л нийгэм цэвэршинэ” гэж хэлжээ. Өөрөөс нь асуухаар “арай ч үхэж гэж хэлээгүй ээ, үе солигдсоны дараа гэснийг тэгж гөрддөг юм” гэдэг. Түүний идэр залуудаа, энэ үгээ хэлснээс хойшхи 20 гаруй жилд олон салбарт үе солигдов. Цэвэршсэн нь бий, илүү бохирдсон нь ч байна. Харин Баабарыг тэгж хэлж байх тэр л үеийнхээрээ яваа, тэгсэн атлаа илүү бохирдсон салбар бол Монголын улстөрийнхөн юм. Тэр дундаа Төрийн ордонд сууж, их улстөрд намуудыг төлөөлдөг хэсэгт бараг л  үе солигдолгүй 20 жил өнгөрлөө. Үнэндээ доогуураа, анхан шатандаа л АН, МАН гэж талцаад байгаа болохоос дээгүүрээ бол хэтэвч, эрх ашгаараа салахын аргагүй “сиамын ихэр”-үүд болсон хэдхэн хүн л Монголын улстөрийн өнгийг тодорхойлж, өрмийг хамсаар явна. Өвгөн партизаны дурсамж өгүүлэх хэмжээнд очсон, зурагдсан пянз болтлоо ярьсан, сайдын суудал хуваах бүрт очерийн эхэнд азаргалдаг тэдгээр хүмүүс өөрсдийгөө  нэгдүгээр эгнээнийхэн гэж нэрлэдэг. Тэднийг улстөрд удлаа гэж хэн ч уурладаггүй. Туршлага, мэдлэг нь хэрэгтэй. Харин албан тушаал, сайдын суудал хуваах болохоор л солигддог тэмдэг шиг хэдхээн хүн л ээлжилж суугаад байгаад нийгмээрээ бухимддаг.  Нийтийн энэ бухимдлыг зогсоох, эсвэл үргэлжлүүлэх эсэх сонголт Ерөнхий сайд Ч.Сайханбиэлгийн өмнө ирлээ. Сонголтоо яаж хийхээс хамаарч түүний танхимыг Сонгуулийн, Тоглоомын, Субботникийн Засгийн газар гэж гурван янзаар нэрлэж, тодотгож болно. Чухам аль нь  байхыг Ерөнхий сайдын танихимаа хэнээр, хэрхэн бүрдүүлэхээс харагдана. Цаг хугацаа ч гурван янзаар үйлчилнэ.

Хэрвээ Сонгуулийн Засгийн газар гэвэл 1.6 жилийн хугацаа бий. Энэ тохиолдолд сайдын суудлаар 2016 оны сонгуульдаа бэлтгэх, PR-аа хийх гэсэн “солигддог тэмдэг”-ний нөгөө өнгө зонхилж, ах нарынхаа цайг зөөж, цүнхийг барих “гол ажил”-ыг  нугалдаг залуус, эдийн засгийн зарим бүлэглэлийн бие төлөөлөгч нар Засгийн газрын танхимыг дүүргэх байх. Ийм багийн зорилго өөр учраас зориулалт нь ард түмнийх байж чадахгүй.

Хэрвээ Тоглоомын Засгийн газар байна гэвэл жил хүрэхгүй л хугацаатай. Тоглоомын байх бодит эрсдэл ч бий. Нийгэмд үнэлэмж муутай явбал засгаас гарч нэрээ цэвэрлэх  бэлэн хувилбар МАН-ын халаасанд үргэлж яваа. Их хурал нь хуралдахаараа Ерөнхий сайдыг АН-ын дэд дарга болгох л байх. Тэр болтол хэдийгээр тэрээр улсын Ерөнхий сайд ч, нам дотроо шүдгүй арслан адил улстөрийн эрх мэдэлгүй. Засгийг тэргүүлж байгаа Ерөнхий сайд хүн дээрээ улстөрийн удирдлага, чиглүүлэгчтэй байх нь эрх мэдэл хуваагдаж, хүчгүйдэхэд л нэмэртэй болохоос бус, танхимын тогтвортой байдлын баталгаа болж чадахгүй. Хүний, өөрийн намаас задарсан салсан “үхрийн бөөр” шиг нэгдлийг нэг танхимд зангидаж явна гэдэг амаргүй.  Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхгүйтэй адил бүгдээрээ хамтарлаа гээд намуудын болон фракцуудын эрх ашгийг мөнхөд хангана, хадгална гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт, аль нэгэн өдөр зөрчил, үл ойлголцол гарч л таарна. Тэр үед нь тэдэнд, хувийн сонирхолд нь нийцээгүй улстөрчдөд, бүлэглэлд олз болж, далим гаргаж өгөхгүйн тулд Ч.Сайханбилэгийн засаг нийгмийн дэмжлэг дээр суурилах учиртай. Үүний эхлэл нь нийтэд, салбартаа  хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр танхимаа бүрдүүлэхээс эхэлнэ. Ингэж чадвал танхимынх нь зориулалт Ерөнхий сайдынхаа зорилгыг илүү тодруулна.   

Субботникийн Засгийн газар бол нийгмийн хүлээлт. Ч.Сайханбилэг өөрөө улстөрд удаан явсан ч, хоёрдугаар эгнээнээс урагшаа гарч ирсэн залуу хүн учраас, бүх намыг засагт нэгтгэсэн учраас танхим нь субботникийн байх бүрэн бололцоотой. Ерөнхий сайд Засгийн газрынхаа гол гурван зорилгыг гурвуулаа эдийн засаг гэж тодорхойлсон. Гэтэл сонгууль хүртэлх үлдэж байгаа богино  хугацаанд эдийн засагт огцом өсөлт гарах бололцоогүй. Боломж ч хомс. Тэгэхээр нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдгураарт эдийн засаг гэдэг бол үнэмшил багатай, ер нь л “ЭЗЭН-100-гийн үлгэр”-тэй ойролцоо сонсогдож байна. Харин үүний оронд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бий болсон өсөлтийг тогтмол хадгалах эрхзүйн болон улстөрийн шинэ орчныг бий болгож хуульчлах нь хуульч Ерөнхий сайдтай энэ засгийн гол зорилго. Үүнийг л хийхийн тулд, болж бүтэхгүй, залруулах ёстой нь өнгөрсөн 20 гаруй жилийн улстөрийн амьдарлаар батлагдсанаа нийлж сууж байгаад засах гэж л намууд засагт хамтарлаа гэж олон хүн найдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ирдэг буцдаг ээлжит нэгэн Засгийн газар бус, ирээдүйд улстөр цэвэрших,  улсаараа сайхан явах суурийг цутгах, замыг цэвэрлэх субботникийн Засгийн газар байхыг Ч.Сайханбилэгийн танхимаас олон хүн хүлээж, горьдож байна. Жишээ нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сайд нараа өөрөө томилж чөлөөлөх, шаардлагатай бол парламентаа ч тараах эрхийг Ерөнхий сайдад олгох хэрэгтэй. Ингэж чадвал УИХ хяналтын үүргээ л илүү сайн гүйцэтгэнэ, парламент дотор фракц байгуулан сайд нарыг шүд сугалж шантаажилдаг, Засгийн газрын тогтвортой байдлыг алдагдуулдаг богино зайн улстөр байхгүй болно. Яг ийм тогтолцоотой зарим улсад, тухайлбал Англид сүүлийн 20 гаруй жилд ердөө гурван Ерөнхий сайд ажиллаж, Засгийн газрууд нь тогтвортой байжээ. Гэтэл яг ийм ижил хугацаанд манайд 14 Засгийн газар, 14 Ерөнхий сайд ажилласанаас зөвхөн хоёр нь \Жасрай, Энхбаяр\ сонгуулийн бүрэн эрхийн дөрвөн жилээ гүйцээсэн байх юм. Үүнээс гадна  Засгийн газарт сайд хавсрах УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлах, санаснаар болдог бол, улстөрийн эр зориг нь хүрвэл сумын төвшинд намуудыг чадвал хориглох, эс чадвал хязгаарлах нь Засгийн газрын хийх концепцийн субботник. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр УИХ-д сонгогдсоныхоо дараа намаа сольдог, кнопоо худалддагийг хориглож, гишүүнийг сонгогчид нь эргүүлэн татах, улстөрийн нам, улстөрчдийн санхүүгийн тайланг нь шилэн болгож хариуцлага тооцдог механизмыг хуульчлах нь улстөрийн субботник.

Хүмүүс энэ Засгийн газарт 1.6 жилийн хугацаа бий гэх юм. Хэрвээ Субботникийн Засгийн газар байна гэвэл Ч.Сайханбилэгийн танхимд гол ажлаа нугалах яг нэг жилийн л хугацаа бий. Учир нь Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөхийг хориглосон байдаг юм. Хуулийн энэ хязгаар 2015 онтой хамт дуусна.

Товчхондоо бол их улстөрийг эрүүлжүүлэх вакцин бүтээх, бэлтгэх нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гол зорилго. Мэдээж, зэрэгцээд ирээдүйд төлөх бондын өрийг цуглуулах, хойморт гараад суучихсан эдийн засгийн хямралтай тэмцэх нь ч зорилго. Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн хуулийн өөрчлөлт, эдийн засгийг сэргээхэд аль аль нь амаргүй. Гэхдээ бэрхийг туулах гэж бүх нам засагт багтсан нь үнэн л бол боломжгүй бүтэхгүй зүйл ч бас биш билээ. Нэгэн суутны хэлснээр бэрхшээл бүхэн боломжоо хамт дагуулж явдаг гэдэг.

Харин Засгийн газарт баахан улстөрчид ороод ирвэл улстөрийн хэрүүлээ л хийсээр нэг жилийг үднэ. Өөрсдийнх нь хэлснээр потенциалынхаа 80 хувийг нэгэнт ашиглачихсан, төрд зүтгэсээр чөмөг нь дундарсандаа гомдоллодог, сонгуульд ялагдсаных нь гомдлыг тайлж, хор сайн найруулсныг нь шагнаж сайдын суудал хуваарилбал өмнөх Засгийн газруудаас ялгарахгүй. Одоо тэдгээр улстөрчид үлдэгдэл потенциалаа, дундуур үлдсэн чөмөгөө өөртөө л зориулаг. Харин энэ удаад бодит салбартаа ажил хийж танигдсан, туршлагажсан, зам тавьж, тавиулж сурсан, байшингийн суурь цутгахыг мэддэг бэлэн хүмүүсээ сайд болгох нь улс оронд илүү хэрэгтэй. Яагаад гэвэл салбартайгаа танилцах хугацаа байхгүй.  Хувийн хэвшил, Засгийн газар хоёр дайсан бус, найз явж байж хямралыг хурдан давна. Үүний тулд эдийн засгийн хямралтай энэ үед адаглаад л өөрөөгөө тохижуулж, өөртөө жип авах гэж яамныхаа төсвөөс хулгайлаад байхааргүй чадварлаг бизнесмэн, менежерүүдийг гаргаж ирвэл илүү гоё  харагдана. Сайдын албыг хувийн амьдралаа тэтгэх санхүүгийн эх үүсвэр, фракцын “саалийн үнээ”, эдийн засгийн бүлэглэлийн бизнесийн таатай орчин болгодог улстөрчдөөс татгалзаж өөртөө завших гэж бус, өрөөлийг тэжээх чадвартайг нь өөрийн \хоёрдугаар\ эгнээнээсээ дэмжихийг Ерөнхий сайдаас хүсье. Гэхдээ залуу үе, хоёрдугаар эгнээнийхэн хоёр янз.  Цүнх барьж, цай зөөж улстөрд орж ирсэн, нийгэмд танигдсан хэсэг байна. Салбартаа өөрөө бүтээж, улсад татвар төлж, хүн тэжээж танигдсан хэсэг байна. Төсвөөс амьдраад сурчихсан хүн салбарыг, улсыг тэжээнэ гэж бараг л байхгүй учраас хоёр дахь хэсгийг нь дэмжвэл энэ засаг эдийн засаг талдаа илүү ихийг хийж чадах байх. Үүний тулд, үндсэн зорилгоо биелүүлэхийн төлөө Ерөнхий сайдын зүгээс сайдад нэр зааж захиалга өгдөггүй юмаа гэхэд, квотооор ногдсон яамныхаа салбараа удирдах чадвартай хүмүүсийг нэр дэвшүүлэх саналыг намуудад хүргүүлж болох юм. Учир нь засагт хамтарсан зорилгоо биелүүлэхэд зориулагдсан танхим бүрдүүлэх нь ганц Ерөнхий сайдын бус, намуудын ч үүрэг. Хэрвээ зорилго, зориулалт хоёр нэгдэхгүй, нэг болж чадахгүй бол хэзээ ч вакцин бүтээж чадахгүй. Нэг хэсэг нь субботник хийх гээд, нөгөө хэсэг нь сонгууль бодоод явбал засагт хамтарсны хэрэг гарахгүй. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар 2016 оны сонгуульд нэр дэвшихийн тулд танигдах гэсэн улстөрчдийн дундын буудал бус, ажил хийе гэсэн сайн менежерүүдийн баг байгаасай. Ер нь яах гэж засагт хамтарсан, энэ засгийг хэр дэмжих эсэх нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимд намуудын илгээсэн сайд нарын чансаанаас л харагдана даа. Намаа фракцуудын нөлөөгүйгээр удирдана гэсэн АН-ын шинэ дарга З.Энхболдыг, шинэ үетэйгээ хамт явна гэсэн МАН-ын дарга М.Энхболд, шинэ улстөр хийнэ гэсэн генсек Ж.Мөнхбатын нүүдлийг одоо л харъя. Улстөрийн шатарт үргэлж хүү байж чадсан нь л олон түмний дэмжлэгийг илүү авч, их амжилтад хүрдэг.  Шатрын хүү хэзээ ч буцаж нүүдэггүй учраас.