Баянхонгор аймагт Монголын дипломат алба маш ээлтэй гэж үзэхээр юм. Учир нь энэ аймгийн харьяат, аймгийн угшилтай тавын таван сайд төрүүлнэ гэдэг бусад аймгуудтай харьцуулахад тэр бүр давтагддаг үзэгдэл биш. Санжийн Гиваабалжир, Мангалын Дүгэрсүрэн, Лувсандоржийн Тойв, Гомбожавын Занданшатар, Лувсанвандангийн Болд –эдгээр нэрс энэ аймгийн нэрийн хуудас, брэнд болж яваа, тэгэх ч болно, цаашдаа ч Баянхонгорчууд Монгол Улсын Гадаад хэргийн яаманд сайд, Элчин сайд, дарга захирал олныг төрдөө илгээх биз ээ.



Миний мэдэх, миний сурталчлах Лувсандоржийн Тойв гэх энэ эрхэм бол эрдэм, уран бүтээлийн оргилд хүрэхэд дөхсөн хосгүй авьяастан гэдэг талаас нь би бүр ч бүтээлч хандан намтар судлалын нийтлэлээ тэрлэж байна.  

Гадаад хэргийн төв архивт хадгалагдан буй түүний Хөдөлмөрийн дэвтэрт өөрөө гараараа бичсэн намтрын товчоог энд толилуулах ялдамд би зохиогчийн хувьд бас тайлбар хэлмээр санагдлаа. Төрсөн оныг хөөгөөд олчихож мэднэ. Харин дээр үеийн хүмүүсийн сар, өдрийг хожим өөрөө л олж тогтоодог байсан. Тийм учраас өөрийнх нь бичсэнээр төрсөн огноог “1915.02.08” гэж авлаа. Өвлийн дунд сард төрсөн юм байна.  

Үнэхээр баялаг намтартай, гэхдээ хариуцлагатай тушаалуудад ганц ганц жилээр шилжин ажиллаад дэвшээд явсан дүр зураг бууж байна. 1936 онд 21-хэн настай байхдаа бүр сар сараар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн (МХЗЭ) гурван ч албанд шилжиж ажиллажээ. Тэрээр 1934 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1934-1935 онд Завхан аймагт бага сургуулийн багш, 1935-1936 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын бага сургуулийн захирал, 1936 ондоо МХЗЭ-ийн Төв Хорооны Пионерын Товчооны дарга, МХЗЭ-ийн Төв Хорооны суртлын хэлтсийн туслах бөгөөд хэвлэлийн эрхлэгч (“Залуучуудын үнэн” сонин), 1937-1938 онд Өвөрхангай аймгийн эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга хийж байхад нь ардын цэрэгт дайчилжээ. Их хэлмэгдлийн үед ардын арми боловсон хүчингүй болж, залуучуудын байгууллагаас шууд татаж авдаг тэр түүх Л.Тойвд ногдсон бололтой.

1938-1940 онд Цэргийн яаманд татагдан ажиллаж, “Улаан од” сонины эрхлэгч байсан ба 1939 оны дайны үед энэ сонин түүхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүх бичлэг бий. Тэгвэл тэр гавьяа яалт ч үгүй сонины эрхлэгч цэл залуу 24-тэй энэ офицерт ногдож таарна.

1940 онд В.И.Сталины нэрэмжит Зөвлөлт Холбоот Улсад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд (КУТВ) суралцуулахаар Москва руу илгээжээ. Ид суралцаж байтал 1941 онд Эх орны дайн гэнэт дэгдэж,  КУТВ-ыг Дундад Азийн Ферган руу нүүлгэн, зарим оюутнууд нь цэргийн академиуд руу шилжин түргэвчилэн курсээр төгсөцгөөжээ. Тэгж шилжигсэдийн дотор Л.Тойв орж В.И.Лениний нэрэмжит цэргийн-улс төрийн академид суралцаж, 1942 онд төгсгөжээ.

Төгсөж ирээд 1942-1943 онд “Улаан од” сонины хариуцлагатай эрхлэгчээр хоёр дахь удаагаа томилогдож, тэндээсээ дэвшин 1943-1947 онд  Монголын ардын армийн Улс төрийн газар суртлын хэлтсийн дарга  байхдаа чөлөөлөх дайнд оролцсон аж.

1947-1949 онд гэрээр (эчнээгээр) МУИС-ийн түүхийн салбарт суралцаж, түүхийн багш мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1947-1951 онд Хэвлэл утга зохиолыг хянан шалгах газрын дарга, 1951-1952 онд МАХН-ын Төв Хорооны суртлын хэлтсийн дарга, 1952-1953 онд Монголын Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байснаа гэнэт дипломат албанд шилжсэн байна. Эхлээд шатгүй бууна гэдэг шиг Намын Төв Хороонд хэлтэс, Зохиолчдын эвлэл толгойлж байсан тэр эрхмийг дипломатын хамгийн доод тушаал–атташегээр (хөдөлмөрийн дэвтэрт өөрийнх нь бичсэнээр) томилон ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яам руу илгээжээ.  1953-1954 онд атташе  байснаа 1954-1957 онд ЭСЯ-ны Зөвлөх болжээ.

1957 онд нутагтаа буцаж ирээд 1960 он хүртэл ГЯЯ-ны Өрнөд (Европын) хэлтсийн дарга, 1960-1963 онд Бээжинд суугаа Элчин сайдын яаманд Зөвлөх, 1963-1964 онд Москвад СССР-ийн ГЯЯ-ны Дипломатын дээд сургуульд (одоо Дипломатын Академи) нэг жил суралцаж төгсөн, түүнээс хойш хоёр хоёр жилээр албан тушаал дэвшсэн байна. 1964 онд Дипломатын дээд сургууль төгсгөөд НҮБ-ын дэргэд Байнгын төлөөлөгчөөр томилогдоод АИХ-ын Тэргүүлэгчдийн 165-р зарлигаар 1964.09.22-нд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолоор шагнагджээ.

Түүнийг НҮБ-д Элчин сайдаар суулгахаар ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэнгээс Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд өргөн мэдүүлсэн албан бичгийн хавсралт тодорхойлолтод: нам улсын байгууллагуудад удирдах хариуцлагатай ажлуудыг олон жил идэвхи зүтгэлтэй хийж ирсэн, асуудалд зарчимчаар ханддаг, ажлыг зохион байгуулах чадвартай, дипломат ажлын  дадлага туршлага сайтай, гадаад харилцааны байгууллагад олон жил ажиллаж, дипломатын дээд сургуульд явж суралцан гадаад харилцааны онолын болон англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэн ирээд буй тул НҮБ дэх Байнгын төлөөлөгчөөр томилуулах саналтай гэхчлэн бичжээ.

Өөрийнх нь сайд явсан ахмад нөхрөө ахмад дипломатч Б.Орсоо гуай ийнхүү дурсан ярьж байна:– Үнэхээр хашир туршлагатай дипломатчдын нэг ээ. Хэлж ярьж байсан, хийсэн бүтээсэн нь тэр үеийн залуу дипломатч бидэнд мөн ч их сургамж болсон доо. Урьд нь хэвлэлийн салбарт ажиллаж, зохиолчдын хороог толгойлж байсан болоод тэр үү бичиг баримт боловсруулна гэж тун лут. Тэр бол үгийн сонголт, шинэ санаа гаргах зэрэгт үнэхээр гаршсан хүн байсансан. Би тод санаж байна. 1957 оны 5 дугаар сард БНМАУ-ын нам-засгийн төлөөлөгчид анх удаа албан ёсоор Зөвлөлт Холбоот Улсад айлчилсан. Айлчлал дуусаад нутаг руугаа буцах замдаа бид Эрхүүд нэг хоносон. Маргааш нь Улаанбаатарт хөдөлмөрчдийн цуглаан болж ЗСБНХУ-д амжилттай айлчилсан нам-засгийн төлөөлөгчдийг угтан авах ёстой байлаа. Угтлагын баярын цуглаан дээр Ю.Цэдэнбал даргын хэлэх үгийг Б.Жаргалсайхан, М.Дүгэрсүрэн хоёр, Д.Дамба даргын хэлэх үгийг Л.Тойв, Б.Орсоо хоёр бэлтгэх үүрэг аваад Эрхүүд үгээ боловсруулан бичиж байв. Тэгэхэд Дамба даргын хэлэх үгийг би оросоор төслөөд үгийн гол санааг Л.Тойв гуай хэлж өгч бичүүлж байсан санагдана. Тэгэхэд л Л.Тойв гуайн тэр үгийг баялаг, оновчтой хэллэг, санаа гаргах чадварыг би олж харсан юм аа. Тийм тийм өгүүлбэр дотор нь оруулмаар байна гэж Тойв гуай хэлээд л  байсан, эргээд үзэхэд тэр өгүүлбэрийн утга санаа төгөлдөр гэж жигтэйхэн. Ер нь Л.Тойвын мэдлэг чадварыг бид ихэд үнэлдэг байж билээ. Түүний онцлог чанар бол хүмүүсийн дутагдлыг нүүрэн дээр нь ил шууд хэлдэг. Ажилтнуудынхаа тодорхойлолтыг бичиж өгөхдөө ч ил шууд хэлж анхааруулж байгаад тодорхойлдог арга барилтай хүн байж билээ гэжээ.  

Энэ мэт гавьяа зүтгэлээс дурдаад байвал чамгүй баримт дурдаж болно. Ер нь Л.Тойв гэдэг сайдын хувьд, улс төрийн зүтгэлтнийх нь хувьд хэн байж вэ гэдэгт олон хүн өөр өөрийн дүгнэлттэй явдаг нь мэдээж. Гэхдээ хар бараан өнгөөр, сөрөг дүрээр дүрслэн ярьж хэлж, шүүмжилж, муулж байгаа хүнтэй би огтоос тааралдсангүй. Өөдгүй нөхөр байсан, хар амиа хичээгч, бэртэгчин гэж нэрлэсэн нэг ч гэрч гарсангүй. Дандаа л эерэг дүрээр хүмүүс магтаж байна. Эерэг, зөв энергитэй хүн байсан гэх дүгнэлт голлож байна. Түүний нэгдүгээр орлогч нь явсан, өмнө нь Сайд нь явсан, манай дипломат албаны патрон Баярын Жаргалсайхан гуай ийн дурсан бичсэн байна.  


  • Тойвын ажлын арга барилыг ажиглахад заримдаа 30-аад оны үеийн сайд дарга нарыг санагдуулна. Тэрээр албан тушаалтайгаа зууралдаж амиа хоохойлохгүй, дарга нарын өмнө бөхөлзөөд байхгүй, асуудлыг түс тас ярина. Тийм хүн тэр үед нэн ховор байсан юм.
  • “Шалихгүй асуудал шийдэхгүй юм бол сайд гэж явах хэрэг надад алга” гэж дарга нарт шууд хэлнэ. Доод тушаалын хүмүүсээ өмгөөлж, буруугий нь өөр дээрээ айхгүй хүлээж, шийтгэх юм бол намайг шийтгэ гэнэ. Дараа нь дутагдал гаргасан хүнтэйгээ хатуу ярина.
  • Нэг нөхөр сайдад загнуулснаа гоморхон ярихад нь би түүнд “Чамайг алгадаад авсан бол чи баярлалаа гэх ёстой байсан юм даа. Өөрийг чинь яамнаасаа гарга гэхэд нь яаж хамгаалсныг чи мэдэх үү” гэхээр тэрээр “Тэгвэл би сайд дээрээ орж баярласнаа хэлье” гэж байж билээ.

Ердөө энэ гуравхан шад өгүүлбэр л Л.Тойв хэн байсан юм бэ гэдгийг хэлээд өгөх шиг. Үнэхээр төрийн хар хүн, гүндүүгүй нэгэн монгол байж үү дээ гэхээр.

Л.Тойвыг сайд байх үед дипломатын удирдах албанд шилжиж ирсэн, ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар 20 жил ажилласан Д.Ёндон гуай тэр үеийн сайд ба багийн нөхдөө дурсаж бичихдээ: ... миний бие дипломат үйл ажиллагаанд биечлэн оролцож эхэлсэн 70-аад оны эхэн үеийн зарим үйл явдлын тухай товч өгүүлэхдээ сайнаар хэлүүлж сайрхах санаа өвөрлөөгүй, гагцхүү тэр үед цуг ажиллаж санал бодлоо нэмэрлэж байсан хүмүүс манай гадаад бодлогын зорилт, чиг төлөвийг тодорхойлж хэрэгжүүлэхдээ нэлээд санаачилгатай, зоримог хандаж байжээ гэсэн санааг цохон дурдахыг хүссэн юм. Дипломат үйл ажиллагааны 70-аад оны гараа муугүй байсан нь хамтран зүтгэгч хүмүүс бие биедээ хэт албархахгүй, хэн нэг нь мэдлэг туршлагадаа эрдэн бусдыг дорд үзэхгүй, санал санаачилга нь боогдож хаагдахгүй гар нийлэн ажилладаг байсны ач үр мөн болов уу гэж бодогдоно гэжээ.

Гадаад харилцааны сайдаар аз нь шовойсон, эсвэл аргагүй эрхээр тулгаж тавьсан сайд ирж л байдаг, явж л байдаг, одоо амьд сэрүүн байгаа нь хүртэл яамаараа шагайхаа байчихсан, гэм хийсэн аятай гөлөлзөөд тойроод явцгааж байх нь бий. Эсвэл мөнхөд дурсаастай, үе үеийнхний ам дамжин домог болон яригддаг нь ч бий. Тиймүүдийн нэг нь энэхүү Л.Тойв мөн болов уу.

ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн
“Төрийн захиргаа” сэтгүүлийн тусгай дугаараас