Ж.Батмөнх гэж хэн байсан юм, ямар хувь тохиолоор сайд дарга, бүр Төрийн тэргүүн болчихсон юм, түүнийг хэн гаргаад ирсэн юм гэх яриа хөөрөө, эргэлзээ тээнэгэлзэл Монголын өмнөх нийгэмд ч, өнөөгийн нийгэмд ч байж ирсэн, байгаа. Ялангуяа ахмад хижээл насныхан энэ талаар элдэв үзэл бодлоо илэрхийлдэг, хэлдэг, бичдэг.

Бие хүний намтар түүх, тэр тухай дурсамж бол нэг хэрэг. Улс төрийн хөрөг нийтлэл гэвэл бас өөр өнцөг харагдаж болно. Энд би Ж.Батмөнх гэдэг ганц хүн дээр бус, “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын баатруудад хандуулан хэлж байна. Цувралын баатрууд бол гэр бүлдээ мэдээж сайн хань нь, үр ач нартаа бол сайн эцэг нь, өвөө нь (манай цувралын гол баатрууд бол гэм нь дан эрчүүд), анд нөхөддөө бол сайн найз нь байсан байж таарна. Тэр тухай дурсамж сэтгэгдэл голлоод ирвэл энэ маань “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал бүтээлийн шалгууртай тэр бүр авцалдахгүй. Хэт харлуулаад шүүмж голлоод ирвэл өс хонзонгоор бичигдсэн болж таарна. Магтаал сайшаал, шүүмж муучлал аль алин нь хослон байж цувралын маань баатар босч ирэх учиртай.

Гэхдээ Ж.Батмөнх гуай дээр яг энэ загвараа би баримтлахгүй. Тэрээр магтаал сайшаал, шүүмж муучлалын аль алиныг өөрөөсөө холуур тойруулж чадсан нэгэн болов уу хэмээн би эцсийн бүлэгт дүгнээд сууж байна. Чадсандаа ч бус, ерөөсөө уг бие хүн нь төрөлхийн тийм чанарыг өөртөө шингээж төрж өссөн юм болов уу. Туйлын эгэл нэгэн байсан болж л  таарч байна. Чухам улс төрийн зүтгэлтэн болсныг нь түүхэн хувь тохиол гэх үү, эсвэл сохор аз байж үү гэдгийг энэ номоос уншигч Та олж тогтоох болно.

Хэрэв өмнөх коммунист дэглэм үргэлжлэн оршсоор, бид социализмаа үргэлжлүүлэн барьж байгуулсаар байсансан бол Ж.Батмөнх гуай түүхэнд дуурсагдахгүй өнгөрч болох байсан байх. Лав л “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын баатраар тодрохгүй байсан байх. Чухам тэгж тодруулах түүхэн агшин нь Монголын ардчилсан хувьсгал (“Цагаан морин жил”) байсан ба энэ хувьсгалыг улс төрийн мэдрэмжээрээ (хар зөнгөөрөө гэж хэлбэл хатуудна) хүлээн авч, хүлээн зөвшөөрснөөрөө Жамбын Батмөнх Монголын түүхнээ үүрд гэрэлтэх түүхээ өөрөө бүтээжээ.    

Түүний төрсөн, өссөн, суралцсан, их сургуулийн багшаас ажил амьдралаа эхэлснийг нь нэг үе гэж бүхэлд нь авч үзлээ. Энд тухайн үеийн нийгмийн мянга мянган сэхээтнээс ялгараад товойгоод байх Батмөнх тодрон гарч ирээгүй юм. Энэ бол МУИС-ийн захирлын албыг богино хугацаанд хашсан тэртээх 1970-аад он хүртлэх эхний үе нь. Энэ бол ардын багш Батмөнхийн алтан үе. Сайн хань, сайн эцэг, сайн нөхөр, сайн багш Батмөнх энэ үедээ л  товойн гарч иржээ.

Гэнэт улс төрийн алба хаших болсон 1970-аад оны дунд үеэс дараагийн Батмөнх гарч ирж байна.  “Гэнэт” гэдгийг хашилтад авч, онцгойлж үзлээ. Лав 10 жил тэрээр Ю.Цэдэнбалын сүүдэрт хал балгүй, алдар гавьяагүй, алдаа дутагдалгүй засаг толгойлжээ. Толгойлсон гэдэг нь ч бас хашилтад гээд ойлгочихож болно.


Бас л гэнэт дараагийн хувь тохиол учирчээ. “Гэнэт” гэдгийг бүр онцгой хашилтад авлаа. БНМАУ-ын нам - төрийн жолоо атгах болсон 1984 оноос гурав дахь үеийг би томъёолж гаргаж ирж байна. Тэр хүний хөгжил цэцэглэлийн оргил үе нь. БНМАУ-ын, тодорхой хэлбэл социалист Монголын хамгийн сүүлчийн коммунист удирдагч Ж.Батмөнх. Барууны ардчиллын үнэлэмжээр бол тэр үедээ “Kоммунист Монголын коммунист дарангуйлагч Ж.Батмөнх” л гэнэ. Нийгэм нь тоталитари, нэг намын хязгааргүй эрх дарх, эрх чөлөө ардчилал гэж ард түмэнд нь олгогдоогүй нийгмийн оройд суугаа хэнийг ч коммунист дарангуйлагч хэмээн үздэг тул би тэгж бичиж байна. Энэ үе маань 1989 он хүртэл үргэлжилсэн болов уу.                                                  

1989-1990 онд 4 дэх үеийн цоо шинэ,  их шуурганы өмнөх Батмөнх нүднээ буудаг юм. Даян дэлхийд коммунизм нурлаа, бүр системийн хувьд эвгүйтлээ гэдгийг чухам хар зөнгөөрөө олж харж мэдэрсэн Батмөнхийг би олж харж байна. Тэрээр хувь хүний хувьд социализм Монголд бүтэхээ байлаа гэдгийг дотроо маш сайн олж харж, тэр үзлээсээ зөрчилтэйгээр салж ядсан тэр дүр зураг буудаг юм. Эцэст нь татгалзсан даа. “Цагаан морин жил”-д тэрээр эх орныхоо хувь заяаг даатгасан. Тэр агшинд түүний гаргасан шийдвэр бол “түүхэн” гэх тэр тодотголыг яалт ч үгүй өөрт нь ногдуулахад хүргэсэн юм.

Энэ 4 үе шатны түүхийг л би энэ номдоо 5 бүлэгт хувааж тусгахыг хичээлээ. Бүлгүүдийн хэмжээ их бага, харилцан адилгүй гэдгийг зөвшөөрнө. Гол үйл явдал маань “1984”-өөс л эхэлж бичигдэнэ. Тэнд л хэн нь хэн байв гэдэг асуултын хариу гарч ирэх учиртай.

Ж.Батмөнхийн улс төрд алба хашсан он цаг, дарааллыг ч нэгд нэгэнгүй нарийвчлан гаргахыг хичээлээ. Тэрээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар 1974.05.08-наас мөн оныхоо 6 дугаар сарын 11 хүртэл уртаашаа нэг сар 3 өдөр, Сайд нарын Зөвлөлийн даргаар 1974.06.11-нээс 1984.12.12 хүртэл нийт 10 жил 6 сар, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 1984.08.23-наас 1990.03.14 хүртэл нийт 5 жил 6 сар 21 өдөр, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар 1984.12.12-ноос 1990.03.21 хүртэл нийт 5 жил 3 сар 10 өдөр ажилласан байна.

Улс төрийн эгэлгүй намтартай энэ эрхмийн тухай энэ номыг бичихэд бэрхшээл байсан уу гэвэл байсаан. Эх сурвалж эрж хайх, гэрчүүдтэй уулзах бол бэрхшээл биш юм. Цуглуулснаа эвлүүлэх гэж тархиа гашилган, дотор хүнтэйгээ ажиллах гэж л олон сар бэргэж, бэрхшээж, тойрч, дөлж явлаа. Түүнийгээ л бэрхшээл гэж нэрлэлээ.

Ном бүтээхэд урам өгч, зоригжуулж, бүр араас ямагт шилбүүрдэж ирсэн Баабар маань энэ бүтээлийг надад тулгаж өгөөгүйсэн бол би Жамбын Батмөнх гэдэг тэр түүхэн хүнийг бараг танихгүй, мэдэхгүй чигээрээ дуусах байжээ хэмээн эргэж бодном. Батмөнх гуайн хань А.Дариймаа гуайд мөн талархаж байна. Намайг гэртээ хүлээн авч, ном бүтээлээсээ дурсгаж, ярьж хуучилж суусных нь төлөө би баяр талархлын үгсээ харамгүй илэрхийлэх ёстой. Ном бүтээхэд тусалсан өөр олон нөхдөө нэрлэмээр байвч юуны өмнө хоёр нөхрөө төлөөлүүлэн нэр заая. Германы монгол судлаач эрдэмтэн, МУИС-ийн багш асан Удо Баркманн, сэтгүүлч Д.Цэдэн-Иш хоёр миний номын багагүй хэсгийг босгож өглөө. Ялангуяа номын дөрөв ба тавдугаар бүлэгт доктор У.Баркманны бүтээлээс эшлэлгүйгээр үлэмж хуулбарлахад хүрснээ шударгаар өчсү!        

Дашдоржийн БАЯРХҮҮ

2014.08.14