Бадмын гэрэлт багшийн бүрэлбаа
Баруун чихэнд ийн шивнэв:
Амьсгалаа анирд, язгуурт хүү минь.
Аялгууг сонорд, зүрхний үр минь.

Алдаа гэж харсах бүхэн чинь
Андуу гэж дурсах тоолон чинь
Үес үесийн шаналал болж
Өр цээжинд сүүдэр унагана уу?

Бядуу оюуны хөшгийг ярж,
Билгийн нүдээр толил, хүү минь.    
Гиюүн үдшийн нууцыг тайлалгүй
Гэгээн гэрлийг хаанаас олох вэ.

Нойроос сэрээх ташуур болсон
Тохиол бүртээ талархаж яв.
Номын харгуйд дуудлага болсон
Заяа бүхэндээ залбирч яв.    

Өөрөө өөрийгөө уучилж гэмээнэ
Өрөөлийг ч мөн нигүүлсэнэ билээ.
Үзүүр хязгааргүйг халиаж гэмээнэ
Үйлийн аргамжнаас алдуурна билээ.

Огторгуйн зүрхэнд ором үгүй
Онгон дагшин сүнсээ мэдэр.
Оршихуйн далайд оёор үгүй
Амгалан хоосон аглагийг сэр.

Адислая, үр минь – гэвэй.