Өнөөдөр хэвлэл мэдээллийнхний  төдийгүй олон нийтийн анхаарлыг  татаж  байгаа гол асуудал ХҮҮХЭД  тойрсон сэдэв болоод байна. Яг одоо youtube, зарим нэг  вэб сайтуудаар ороод үзвэл баячуудын зэрлэг зугаа цэнгэлийн золиос  гэсэн ерөнхий агуулгын дор хурдан морины уралдааны явцад мориноосоо унан орилж  буй бяцхан хүүгийн өр зүсэм бичлэгийг олж харах болно. Мөн олон телевиз энэ дүрсийг ашиглан мэдээллээ. Энэ  бүхнээс  үүдэн гурван зүйлийн  эмзэглэл төрснийг  уншигч олонтой хуваалцахыг хүслээ.  Үүнийг  сэтгүүлчид  төрсөн  гурван эмзэглэл гэж  ойлговол зөв  юм.

Нэгэн зүйл буюу  анхны  эмзэглэл:

Хүүхдийн  эрх  Монголд  зөрчигдсөн  хэвээрээ. Тэвчишгүй хөдөлмөр, гэр бүлийн хүчирхийлэл, сурч  боловсрох  эрхийн  хүрээнд  олон арван хүүхэд  зовж  шаналж  явааг бид төдийлөн  анзаардаггүй. Анзаарсан  нэг нь ярихаас цааш хэтрэхгүй юм даа. Хэдхэн хоногийн өмнө дөрөвхөн настай  бяцхан үрээ тээршаасан  тэнэг  эр  зодсоор байгаад амийг нь хөнөөчихлөө. Ийм  амьтныг  юу гэж нэрлэхээ ч  мэдэхгүй юм. Араатнаас  долоон дор гээд ярьдагч  миний хувьд  “Араатан”гэдэг  үгийг ч ийм мулгуу  дуракуудаас  харамламаар  байна. Төрүүлсэн  үр, зулзагаа  хөнөөдөг  араатны  нэг  ч  төрөл, зүйлийг  би  л  лав  нэрлэж  мэдэхгүй. Харин ч  тэднийхээ  төлөө  амиараа  хамгаалан  тэмцсээр  эрсэддэгийг  бол  мэднэ. Төрөл  арилжсан  чөтгөр, шулам, ад  тийрэн  л  тийм  байдаг  байх. Үүн шиг  гэр  бүлийн хүчирхийллийн  хүрээнд  амиа алдаж, зодуулж, нүдүүлж, тамлуулж  буй  хэчнээн  зовлонт  монгол үрс  байна вэ?  Бидний амьдралын эргэн тойрны хүрээнд  бишгүйдээ  нэг  хүүхдүүд  тамлуулж  байхад  харсан ч  хараагүй юм шиг  өнгөрдөг, өнгөрч чаддаг томчууд  бид ч  үйлийн үрээ нэгэн  цагт  эдлэх л ёстой  болно.

Томчууд  буюу  насанд хүрэгчид  архи  гудраад, авгай, хүүхдүүддээ  агсан тавьж, айлгаж  ичээгээд , эмэгтэйчүүд , эхчүүд  цусаа  булингартуулан  харь  эрстэй  цэнгээний газар, дэн буудлын босгыг  элээж  явахад  тэдний орхигдуулсан  ажил  хөдөлмөрийн  тодорхой  хувийг  хүүхдүүд  нуруугаа  бөхтийн, хуруугаа  мойнийтол  зүтгэн  нугалж  байна. Бидний  сайн мэдэх  барааны төвлөрсөн  аль ч  захаар  ороод  хараарай. Магадгүй  ийм л байх  ёстой гэсэн  дэндүү  харгис  итгэл, үнэмшилтэй  болчихсон  учраас  бид  энэ  бүхнийг  ердөө ч  тоохоо  байсан байна шүү дээ. Ядаж  өөрсдийн  хүүхдүүдээ  оронд  нь  тавиад  нэг  удаа  ч  болов  төсөөлөөд   үзээрэй.  Хөөрхий,  тэвчишгүй  хүнд  ажилд  өдөржин  нухлуулж  буй  тэдгээр  хүүхдүүд  ямар  их  ядардаг бол оо.

Энэ  хүүхдүүд  уг  нь  цемент  ууталж,  тоосго  үүрч,  тэрэг  чирч  явах  биш  сургууль  номын  танхимд , эрдэм, оюуны  уурхайд  үеийнхэнтэйгээ  бужигнан  өрсөлдөж  явах  учиртай  билээ. Ирээдүйд  эцэг, эх, эх орныхоо  нэрийг  дэлхийд  дуурсгах  хувь  заяанд  төрсөн  хэчнээн  хүүхэд  сурч  боловсорч  чадахгүйгээр  үрэгдэж  байна  вэ? Бодохоос   харамсмаар...

Нэгэн  зүйл буюу  удаах  эмзэглэл:

Сар шинийн дараа Шилийн  Богдыг зорихдоо  Сүхбаатар  аймагт    “Жавхлант  шарга” нэрийн  дор  болсон  хурдан морины  уралдааныг  үзэж  сонирхлоо. Цас, турхан  төдийлэн  үгүй  ч  жавартай  юм. Бондгор, бондгор  улаан  хацарласан  өхөөрдөм  жаалууд ын  цангинасан  гийнгоонд   жаврын  эрч  хүртэл  харих  шиг  санагддаг  юм  билээ.  Би нэг  жаалаас  асуулаа.

Миний  дүү  даарахгүй  юу,  үстэй  малгай  өмсөхгүй  яасан юм вэ?

-Юү  гэж  даарах  юм.  Морин  дээр  харин  халууцаад  байдаг  юм.   

Учиртай  байдаг юм  байна. Хөдөөний  нүнжигтэй  хөх  өвгөдийн  нэг  хажуугаас “Хүү  минь  хүүхэд, морь  хоёр  бие  биедээ  уусчихдаг  юм.  Энэ  олон  морьдын  амьсгал,  биеийн  дулаан  гэдэг  та  нарын  хөлөглөж  яваа  унаан  доторхоос   ч   халуун  байдаг  болохоор  хүүхэд  даардаггүй  юм ” гэлээ.  Харин   хацрыг  нь л сайн  дулаалахгүй  бол  хайрагддаг  гэнэ. Морь  унаач  хүүхдүүдийг  хараад  гар, хөл  нь  хөлдчих  юм  биш  биз   хэмээн  бодож  эмзэглэдэг  байсан  минь  энэ  ярианы  дараа  арай  гайгүй  болчихлоо. 

...Гэтэл  азарганы  уралдаан  гарааны  зурхайгаас  эргээд  тавиад  метр  хэртэй  явтал  нүд  халтирам  явдал  боллоо.  Мөстсөн  цасан  дээр  нэг азарга  халтирч  тонгорцоглоход  дараа, дараагийнх нь бие биедээ  тээглэсээр  арав  гаруй  азарга  уначихлаа. Мэдээж  тэр  дунд  хүүхдүүд  унаж  харагдана. Өгүүллийн  эхэнд  дурдсан  эдүгээ  YOUTUBE, зарим телевизээр  гараад  байгаа  бичлэг  үнэн  бөгөөд  яг  энэ  үйл  явдал  бөлгөө.

Азаар  энэ  бүхний  дараа  хүүхдийн  амь  нас  эрсдсэнгүй.  Гэвч  хэд хэдэн  хүүхдийн  гар  хугарч, тархи  нь  хөдөлсөн  нь  тэвчиж, уучилшгүй  зүйл. 

Энэхүү “Жавхлант  шарга” уралдааныг  аймгийн  удирдлагууд  нь  дур  мэдэн  зохион  байгуулсан  юм  билээ. Уг  нь  Монгол  Улсын  хэмжээнд  тухайн  жилд   зохиогдох  хурдан морины  уралдааныг  Засгийн  газар, ММСУХ-ны  хамтарсан  тогтоол, шийдвэрээр батлан  гаргасан  байдаг. Гэтэл  энэ  тогтоол, шийдвэрийг  зөрчин  аймаг, хөдөө, орон  нутгийн  засаг захиргаанынхан  дур  мэдэн  уралдаан  зохиодог  болсны  гор  Сүхбаатар  аймагт  гарлаа. Ийм  явдлыг  даруйхан хориглон  зогсоохгүй  бол  дараа  дараагийн дур мэдсэн  нэг даргын  хүслийн  золионд  хүүхдийн  амь  нас эрсдэж  болохыг  “Жавхлант  шарга” сануулж байна гэж  ойлгох  хэрэгтэй. Үүнийг  өгүүлэхийн  учир  хэдхэн  хоногийн өмнө  зохиогдсон  “Дүнжингарав-2015” уралдааныг  мөн  очиж  үзлээ. Зохион  байгуулалт,  унаач  хүүхэд,  морины  аль  алиных  нь  аюулгүй  байдалд  үнэхээр  сайн  анхаарч  байгаа  нь  таатай  сэтгэгдэл  төрүүлсэн. Морь  уралдах  замыг  урьдчилан  хальтрах  мөс, хунгар  цасгүй  болгосон  байна  билээ. Хүүхдийн эрхийг  хамгаалах  болон  тусгай  хяналтын  байгууллага,  хүн, мал  эмнэлэг  гээд  бүгд  жин, тан  байсан. Нас, насны  морьдын  уралдаан  болгоны  дараа  дээрх  байгууллагууд  уралдааныг  зохион  байгуулах  комисст  хариуцсан  чиглэлийнхээ дагуу  тайлан, мэдээгээ өгч байхыг  харлаа. Аливаа  зүйлийг  сайн  зохион  байгуулвал  эрсдэл  бага  гардаг. Үнэхээр ч  энэ  уралдаанд  элдэв  осол, хэрүүл  маргаан  гарсангүй. Ийм  зохион байгуулалттай  уралдаанаа  хийх  юм бол  хэн  хүнгүй  сэтгэл тэнэгэр наадана шүү дээ. Тэгэхээр  Засгийн  газар, ММСУХ-ны  тогтоол, шийдвэрээс  гадуур  уралдаан  зохиохыг  л  хориглох  ёстой юм  билээ.

Нэгэн  зүйл буюу  гутгаар  эмзэглэл:

Энэ  нь  шууд  хэвлэл  мэдээллийнхэн,  манай салбарынхантай  хамаатай  эмзэглэл. Бид  ёс  зүйгүйгээс  гадна  дэндүү  харгис  болж  эхэллээ.  Олон  зүйл  дээр  ажиглагддаг. Бусдыг  гүтгэх, доромжлох, нэр  төрд  нь  халдах  гэдэг  зүгээр л  энүүхэнд  болж   шүү  дээ  найз  нар аа. Тогоо  руугаа  нулимж  байгаа хэрэг  биш.  Гэхдээ  тогоо  маань  арай л  заваан  байна. Саяын  хурдан  морины  уралдаан  тойрсон  үйл  явдлаас  харахад  л  бид  өөрсдийн  нүдээр  үзэж,  чихээр  сонсоогүйгээ  бие  биенийхээ  хагас, дутуу  мэдээллээс  эх  сурвалж  болгоод  цааш  нь  бүр  найгүй  юм  болгоод  мэдээлэхдээ  огтхон ч  ичиж,  эмээхгүй  болчихож .  Үнэнийг  хэлэхэд   тухайн  үйл  явдал  дээр  очоод  мэдээллээ  бэлтгэдэг  нь  тун  цөөхөн  байдаг  шүү дээ. Тэгээд  дандаа  сургаар, бараг  тааж  мэдээллэдэг  боллоо. Энэ  чинь  нийгэмд  хамгийн  аюултай  байдлыг  үүсгэдэг, хамгийн  хортой  зүйл. Биднийг  хэн  нэгэн  ингээд  ямар  нэгэн  байдлаар  гүтгэвэл  яана. Хэцүү  байна  биз  дээ.  Тэр  Сүхбаатарт  болсон  үйл  явдлыг  хэд  хоногоор  хоцорсны  дараа  Улаанбаатарт  “Дүнжингарав”-т  боллоо  гээд  л   чиггүй  авцгаах  юм  даа. Яана  даа  бид  чинь. Бусдаас  том, том  дуугараад , шал  худлаа  сүрхий  царайлаад  хариуцлага,  энээ  тэрээ  нэхээд  байдаг  атлаа  өөрсдийгөө  эхлээд  нэг  шинжих  хэрэгтэй  юм  биш  үү?  Айн  найз  нар  минь  ээ