...Ичигсэд ч хөдөлчихлөө. Зарим нь ерөөсөө ичихээ ч байсан, бас зарим нь ичсэн дүр үзүүлээд сэрүүн хэвтэж байдаг болсон гэх. Бас ичигсэд ерөөсөө хөдөлдөггүй, ичихээ больсон нь хөдөлдөг ч гэх.

Харин монгол оронд сонгуулийн уур амьсгал ч нэгэнт орчихлоо. Хойтон, зуны эхэн сар гартал хэн ч ичээндээ орохгүй. Жил хагас үргэлжлэх шаналгаат улирал ирлээ. Засаг төрөөс ямар нэгэн бүтээн байгуулалт горьдолгүй болов. Зайлуул хөөрхий, төр засгийнх нь бүтээж байгаа том юм нь цаг ухраах энээ, тэрээ. Тэр нь ч бүтэхгүй дээ. Цаана нь эсэргүүцчихмээр дэл сул юм хайсан гарууд зөндөө байгаа, тэд ийм боломжийг алдахгүй.

Учир нь сонгуулийн улирал бол нураалтын улирал билээ. Сонгууль бол улс төрчдийн “хайрын улирал” билээ. Үлдсэн 18 сарын турш “хэн нь монголдоо илүү хайртай вэ” гэсэн уралдаан болно. Хүн төрөлхтөн хайраа илэрхийлэхдээ бүтээж, хамгаалж, энхрийлэн ургуулж байдаг. Харин монголчууд юмыг хайрлахынхаа хэрээр хөнөөн нурааж, сүйдэлж дуусдаг. Учир нь бид нүүдэлчид, өөрсдийнх нь бахархдагаар дайнч баатрууд учраас бүтээн босгохын оронд нурааж сурсан.

Улс төрчдийн ч буруу биш. Ард түмэн нь босгогчдоос илүү нураагчид хайртай юм чинь яая гэх вэ.  Юмыг урагшлуулсан зүтгэлтнээс илүү гацаан зогсоож чадсан баатарт бид хайртай. Хүүхдийн цэцэрлэг байгуулсан менежэрээс илүүтэйгээр яаж ийгээд “Барилга нь хүүхдэд хортой, хужаа нар хананд нь хортой тоосго өрсөн” гэхчлэнгээр гөрдөн ухуулж, ятган гуйвуулаад цэцэрлэгийн барилгыг нураасан этгээд хайрлагдана.

Зам тавьсан хүнээс илүүтэй “замаар дайсан ороод ирнэ” гэж мэтгэн дэд бүтцийн төслийг нураасан нь баатар болно. Ямар ард түмэн байна, тийм л улс төр ба улс төрч байдаг. Тийм болохоор ард түмэн төр хоёр хэн хэндээ хээнцэрдээгүй, улс төрч сонгогч хоёр хоёр аль алиндаа гологдоогүй гэсэн үг. Тийм учраас улс төрчдөө жигших нь, эрх баригчдаа зүхэх нь илүүц юм.  Хэрвээ  манайхан “Ингэхэд бид улс төрчдөөс яг юуг хүсдэг билээ” гэдгээ эргэж харж, эргэцүүлэн бодохгүй бол байдал энэ л хэвээрээ цааш явна.

Ийм учраас айсуй жил хагасын хугацаанд хэн томгийн том бүтээн байгуулалтыг нураасан, хэн хамгийн мундаг төслийг гацааж чадсан,  хэн нийгэм, хэн улс төрийн байдлыг хамгийн жигшмээр утгаар төсөөлүүлж чадсныг үзэх их сорилго эхэллээ. Ард түмнээ хайрлах  улс төрчид,  зэрэг нэмэхийг горилогчдын  түйвээн. Манай улс төр нийгмийн амьдралд тохиолддог хамгийн том “байгалийн гамшиг” бол сонгуулийн улирал юм.

Бид яагаад юмыг нурааж хайрладаг юм бэ? Бидэнд “хайрлагдсан” бүхэн цэцэглэхийн  оронд гандан нурдаг юм бол?

Монголчууд гайхамшигтай түүхтэй.  Гэхдээ бидний энэ гайхамшигт түүх маань байлдан дагуулалт, дуулиант ялалтуудаас үндсэндээ бүрэлдэнэ. Бид Москваг байгуулж, Бээжинг босгож, Краковыг цэцэглүүлж, Самаркандыг сүндэрлүүлээгүй. Харин Москваг түйвээж, Бээжинг тонож, Краковыг нурааж, Самаркандыг самарч явсан. Тийм болохоор монгол баатрын үнэлэмж Багдадыг дайлж,  Иракыг буулгаж,  Сүн улсын сүйдэлж  чадснаар хэмжигдэж ирсэн. Монгол хүн, монгол нутагтаа байгуулаад одоо болтол байгаа юм гэхээр Өндөр гэгээний үндэслэсэн гэр хүрээнээс эхтэй Улаанбаатараас өөр нэр орж ирж өгөхгүй байна. (Монголчууд алдарт Хархорумыг байгуулж байгаад  хаяад явсан ба хожим Хархорины сангийн аж ахуйг Ю.Цэдэнбалын үед  байгуулжээ)

Ер нь босгосон жаахан юм нь нөгөө томыг нь нураасан үйлдэл болдог. Эрдэнэ-зуу хийдийг байгуулахын тулд Хор хорумаа нураан зөөсөн ба ХХ зууны суурингууд болох сумын 300 орчим сумын төвийг босгохын тулд 500 гаруй хүрээ хийдээ буулган,  барилгын материалыг нь ашиглажээ. 300-г барихын тулд 500-г нураах !

Ийм үүх түүхтэй үндэстний шинэ үеийн баатрууд  өөрийн гэсэн Багдадыг нурааж, хэрдээ таарсан Самаркандыг самарч,  бярдаа тэнцэх Бээжинг сүйдэлж алдаршихийг хүсэх нь зүй юм. (Хэн нэгэн эх оронч ийм тийм юмыг аврана гэхийг сонссон сүсэгтэй хүмүүс “За хөөрхий, ямар үйлтэй юм нь тэмбэржүржиг болох ээлж ирсэн юм бол доо” хэмээн  таравчамба уншдаг  болсон ч гэх шиг)

Ганцхан улс төр нь ч ийм байдаг юм биш. Саяхан Жан Жак Анногийн “Чонон сүлд” кино гарлаа л даа. Гэтэл яасхийн ийм замаар дэлхийн тавцанд гарах вэ, яаж байгаад Холивудын найруулагч нарын анхаарлыг татмаар сценари бичих вэ, хэрхэн Анхням, Амраа эд нар шиг дэлхийн киноны ертөнцийн зах руу хөл тавих вэ гэдгийг эргэцүүлсэн нь нэн цөөн. Харин уг киног аль талаас нь гутаасан нь дээр вэ, хэрхэн жигшүүлж олны анхаарлыг татах вэ, яамархуу деталийг нь монголчуудыг гутаасан болгож гуйвуулах вэ гэсэн томоохон уралдаан өрнөх аж.  Зүгээр ч нэг кино үзэж чадахгүй, лайтай үндэстэн ажгуу.

Никита Михалков “Уурга” киногоо хийх санаа анх сэдээд монгол руу хүн илгээж. Нөгөөдөх  арай л толгойгоо хага цохиулалгүй буцсан гэсэн. Ингээд Өвөрмонголд алдарт “Уурга” хийгдсэн түүхтэй. Дараа нь биднийг хүнтэй л адилхан хүн байх гэж итгээд хамтран уран бүтээл туурвихаар ирсэн “эцэг” Бодровыг бид “Чи муу монголчуудын тухай кино хийнэ гэнээ” хэмээн зад загнан хөөж явуулсан. Харин Бодров киногоо өөр газар очиж амжилттай хийсэн. Дэлхий нийт үүнийг харсан учраас Жан Анно киногоо бидэнтэй бус Хятадтай хамтарч хийсэн. Одоо цаашдаа монгол хүний тухай кино хийхээс, монголд бүтээлээ үзүүлэхээс дэлхий нийт жигших л үлдсэн дээ.

Аливаа үзэгдлийн, сайн муу, сайхан муухай эсэх нь түүнийг хүлээн авч буй хүний хандлагаас хамаардаг. Хэрвээ, юм болгоноос ингэж доромжлол хайх юм бол, өглөө наран чамайг доромжилсоор мандаж, үдшийн одод чамайг гутаасаар түгэх болно...гэдгийг гэгээрсэн Будда захьсансан.

Чингис хааны онгон хаана байгааг тогтоохоор Япончууд экспедиц санхүүжүүлж гаргаад хөөгдсөн. Уг нь Чингис хааныхаа онгоныг олчихвол ядаж л энд байгаа гэж мэдэж хамгаална. Хаана байгааг мэдэхгүй юмаа яаж хамгаалах билээ дээ.

Манайхны төсөөлснөөр бол тэд Чингис хааны шарилыг ухаж,  шуудайлаад арлын орондоо одох ба бид энд шарилгүйдэн хэцүүдэх аж. Гэтэл шинжлэх ухаан тонуул хоёр тусдаа. Тонуулаар булшийг сүйтгэж, шинжлэх ухаанаар судалгааны эргэлтэд оруулдаг. Даанч ч тонуул нь манайд байсан ч шинжлэх ухаан нь байсангүй. Тал нутгийн нүүдэлчид бунх шарилын эрээ цээргүй тонуулчид байсныг  хожуу  үеийн археологичдын олдог хоосон булшнуудаас эхлээд бурхан болоочийг хөндөхийг цаазлан тэмцсэн  хуулиуд, дээрхийн лүндэнгүүд гэрчилнэ.( Хутагт лам нарынхаа 200 жилийн настай шарилыг ухаж аваад, зарах санаатай хашаандаа хадгалж байсан үндэстнийг арай муухайгаар гүтгэчихсэн юм биш байгаа?!)

1990-ээд  оноос социалист систем нурсны дараа тэндээс үлдсэн орнуудын “тэжээгчээ алдсны тэтгэвэр”-ийг Олон улсын валютийн сан нөхөн олгох болсон. Монголд ногдох тусламжийн хэсгийг Их долоогийн даалгавраар  Япон  хариуцсан байна. Газрын ойроор л ингэснээс биш 1939 онд Халх голд байлдаж “ялагдан” айсандаа ингэсэн ч юм биш.  Ингээд зах зээлийн эхний 10 жилд тэрбум гаруй доллар Японоор дамжин монголд иржээ. Манайхан яасан гээч? Хандивлагчдад “баярлалаа” гэхийн оронд “Сайндаа ч биш, Япончууд арал нь живэх гээд манай нутгийг сонирхож байгаа учаас л ингэж байгаа юм” гэж ярилцсан.

...Хүн ирэхээр “хорлох гэж ирсэн байх” гэж харддаг, хамтрах гэхээр “Дээрэмдэх нь бололтой” гэж таадаг, монголоор мэндэлж байгаа гадны удирдагч харагдвал “геополитикийн үүднээс манайхыг сонирхож байна” хэмээн дайсны жагсаалтандаа бүртгэдэг үндэстэн өөр олон болуу, цөөн болуу? Бидний ийм өвчинг жигшсэн соёлт үндэстнүүд нүүрээ буруулна. Соёлт ертөнцөөс гадуурхагдагчдыг хонжоо хайсан ичгүүргүй амьтас л сонирхож үлдэнэ.

Харин бид өөрснийгээ жигшлээ гээд хаачих ч билээ. Анус өмхий ч гэсэн амны нөгөө үзүүр, унгадаг газар муухай ч уруулын нөгөө амсар. Хамтдаа л засрахаас өөр ямар ч гарцгүй. Жил хагасын дараа шинэ засаг гарна. Эхний хоёр жилдээ юм хийвэл хийнэ. Харин үлдсэн хоёр жилд нь хийснээ нураалгана. Манай хөгжлийн мөчлөг нэг иймэрхүү л байна.