Ийм нэгэн үгийг төр түшилцэж яваа эрхмүүд өөр хоорондоо хэлж сууна. Шалтгаан нь, замбараагүй хот төлөвлөлт, зөвшөөрөлгүй газар олголтын уршгаар Баянгол дүүргийн XIV хороонд байрлах 16 дугаар байрны 49 өрхийн 244 оршин суугч орох оронгүй гудамжинд гарахдаа тулснаас үүдэлтэй. Тодруулбал, тус байрны бөөрөнд граашийн зориулалттай олгосон газарт хууль бусаар барилгын суурь ухаснаас 12 давхар орон сууцны суурьт нөлөөлж, дөрвөн см хазайлт өгсөн гэдгийг албаныхан тогтоогоод байгаа юм. Тиймдээ ч, тус байрны оршин суугчдыг энэ сарын 22-ны орой яаралтай нүүлгэн шижлүүлж зэргэлдээх зочид буудлуудад байршуулаад буй. Хачирхалтай нь, энэ сарын 25-нд хуралдсан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар 16 дугаар байртай холбоотой асуудлыг хэлэлцсэн ч буруутныг хайгаад олсонгүй. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагынхан нэг нэгэн рүүгээ бухсаар энэхүү хуралдаан өндөрлөжээ. 

Асуудал юунаас үүсэв

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Т.Билэгт “Эн Эс Ар” компанид гарааш, үйлчилгээний зориулалтаар 3000 ам метр газрыг 2008 онд олгосон ч тухайн жилдээ дахин захирамж гаргаж, “Би Жи Би Жи”-ийн нэр дээр шилжүүлэн өгчээ. Харин Г.Мөнхбаяр даргын үед буюу 2011 оны зургадугаар сард 470 тоот захирамж гарч, дээрх эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн, 1000 ам метр талбайд орон сууц, үйлчилгээний барилга барих эрх олгожээ. Сүүлд буюу 2014 онд “Би Жи Би Жи” компани газрын зөвшөөрлөө сунгуулахдаа зураг төслөө шинэчилж, 12 давхрыг 18 болгох хүсэлтийг тухайн үеийн Барилга хот байгуулалтын яаманд тавьж батлуулжээ. Харин доороо хоёр давхар гарааш, таван давхар үйлчилгээний газартай, 13 давхар орон сууцны барилгын архитектур, төлөвлөлтийн зургийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар хийжээ. Гэвч баталсан зураг төслийн дагуу улаан шугам тавих ёстой атал “Петронас тауэр” компани байх ёстой хэмжээнээс нь хоёр дахин томруулан магадлал хийж өгчээ. Барилга, хот байгуулалтын яамныхан ч үүнийг хяналгүйгээр 2014 оны долдугаар сарын 22-нд 18 давхар барилга барьж эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосноор өнөөдрийн нөхцөл байдал үүсэх шалтгаан нь болжээ.

Хэн юу ярив

Хазайлт өгсөн байрны иргэдийг нүүлгэн шилжүүлэх болсон шалтгааныг албаныхан оршин суугчдын амьд явах эрхэнд аюулын харанга дэлдэж эхэлсэнтэй холбон тайлбарласан. Гэтэл өнөөдөр үүнээсээ өөр зүйлийг яриад сууж байх юм. Бүр “Би Жи Би Жи” компанийн барилгын суурь ухсан нүхний эсрэг тал руу дөрвөн см хазайсан болохыг хэмжилтийн компани тогтоосныг тэд онцлов. Ингэхдээ хөрс хөндөгдсөнөөс болоогүй гэдгийг тодотгоод хазайлт уг байрыг анх барихад үүссэн үү, эсвэл ашиглалтын явцад хазайсан эсэхийг тогтоох боломжгүйг НМХГ-ынхан хэлж сууна. Тэгсэн атлаа ухсан газрыг битүүлж, хөрсийг хүчитгэн бэхжүүлж, хэвийн байдалд оруулсны дараа оршин суугчдыг буцаан оруулахаа мэдэгдэв. Тийм ч байж болох. Гэхдээ энэ бол хазайлт өгсөн барилгыг нураагаад шинээр барих төсөв хөрөнгө албаныханд байхгүй учраас гал унтраах зорилгоор хийж байгаа арга ядсан шийдвэр гэхээс өөрөөр харагдахгүй байна. Хэрвээ оршин суугчдыг буцааж орууллаа гэхэд аюулгүй амьдрах баталгааг нь хэн өгөх вэ, нэгэнт айдастай болсон иргэд буцаад байрандаа орох уу гэсэн асуулт гарч ирнэ. Хөрсийг нь хэдий чанартай хүчитгэлээ гээд хазайлт өгсөн байраас орон сууц худалдан авах хүн лав харахгүй. Учир нь, хэн ч хазайлт өгсөн байранд амьдарч азаа үзэхгүй.

Хэн хариуцлага хүлээх вэ

Үнэндээ Монголд хариуцлага хүлээх хүн байхгүй болжээ. Дээрээ ч тэр, доороо ч мөн адил. Нэг ёсондоо Монголын төр эзэнгүй болоод удаж байгааг 16 дугаар байрны оршин суугчдад тохиолдсон ганцхан жишээнээс харж болохоор байна. Дөрвөн тал хашаатай айлд танихгүй хүн орж ирээд нүх ухаад байвал хэн ч зүгээр хараад нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхгүй. Харин ч эсэргүүцнэ, болохгүй бол холбогдох хууль хяналтын байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ. Хүн л болсон хойно аюулгүй орчинд амьдрах эрхээ бусдаас нэхэх бас шаардах ёстой учраас тэр шүү дээ. Адаглаад хотонд нь чоно ороод ирэхэд малчин хүн хүртэл буугаа бариад гардаг биз дээ. Гэтэл бүхэл бүтэн дүүргийнх нь төвд 18 давхар барилгын суурийг өнгөрсөн оны долдугаар сараас ухаж эхлэхэд нь Засаг дарга Д.Оросоо хаана, юу хийж байв. Тэнд бүхэл бүтэн 49 өрхийн 244 иргэний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаад зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байхад нь яагаад зогсоосонгүй вэ. Харсан ч, хараагүй юм шиг өнгөрөөв үү. Хэрвээ тэгсэн бол энэ нь өөрөө асуудал. Үнэндээ нийслэлийн Засаг дарга тэргүүтэй удирдлагын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ганцхан барилгын компанийн захирлыг дуудаж ирүүлж чадахгүй менежерийг нь байцаагаад, бие биенээсээ хариуцлага нэхээд сууж байна шүү дээ. Эсвэл Монголын төр барилгын компаниудын өмнө ингэтлээ хүчгүйдчихсэн юм уу.

Хатуухан хэлэхэд, анх газрын зөвшөөрөл олгосон, түүнийг нь өргөжүүлсэн, үргэлжлүүлэн сунгасан нийслэлийн Засаг дарга нар үүнд буруутай. Хяналт тавих үүрэгтэй ч газрын зөвшөөрлөө хууль бусаар ашиглаж эхлэхэд нь хазаарлаж чадаагүй НМХГ, НЕТГ-ынхан ч бас буруутай. Зураг төслийн дагуу улаан шугам тавих ёстой байсныг нь хоёр дахин нэмэгдүүлээд оруулж ирсэн магадлалыг нь баталсан Барилга, хот байгуулалтын яамныхан бүр ч буруутай. Гэвч хариуцлага ярих болохоор “өмнөх” гэсэн өнгөрсөн цаг руугаа түлхэж өөрсдийгөө хайцаалдаг буруу жишиг тогтсоныг өнөөдөр үүсээд байгаа асуудал тод томруунаар харуулчих шиг боллоо. Мөн төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй нэг даргын шийдвэр нөгөөхөө давдаг болсныг давхар харууллаа.

Гэхдээ 12 давхар барилгад хазайлт өгнө гэдэг бол тоглоом биш. Анхнаас нь суурь хучилтыг нь төлөвлөөд барьсан угсармал барилгын хөрсийг хүчитгэх замаар хуучин хэвэнд нь оруулж, хүн амьдруулна гэдэг юу л бол. Үүнийг албаныхан хариуцлагаас зугтаж байгаагийн нэг хэлбэр болохоос иргэдээ хайчин гал руу оруулж байгаагаас өөрцгүй. Нөгөөтэйгүүр, энэ асуудлыг хэн нэгэн рүү буруугаа чихээд өнгөрөөж болохгүй. Зөвшөөрөл олгосон, хяналт тавьж байсан Засаг дарга нар, Барилга, хот байгуулалтын яам, мэргэжлийн хяналт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, мэргэжилтнүүдийг бүгдийг нь суулгаж байгаад хэн нь хариуцлага алдсаныг олж тогтоох ёстой. Ингэж байж л энэ төрд хариуцлагын систем бий болно. Бусдад нь ч сургамж болно. Ингэхгүйгээр хэдэн дарга нар суучихаад хэн нэгнийг буруутгаад суугаад байвал хариуцлага тооцох хүн лав олдохгүй.

С.ГАНДӨЛ