“Сэцэн мэргэн түшмэл улсын эрдэнэ, сайн хатан хүн гэрийн эрдэнэ”. Энэ үг Эзэн богд Чингис хааны билиг сургаал. Хаад ноёд сэцэн мэргэн түшмэлүүдийг сорчлон сонгож, шатлан дэвшүүлж төрийн албаа залгуулдаг байсан нь эртний ёс. Сэцэн мэргэдийг уралдуулан шигшиж, төрийг засах суудалд залдаг болсон нь одоогийн ёс. Монголчууд төрийн албаа жаяг ёсоор, чин шударгаар хашиж, төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж байгаа сэцэн мэргэн албатуудаа эрдэнэ мэт хайрладаг сайхан уламжлалтай байж. Энэ бол тасарч үл болох төр ёсны уламжлал. Сэцэн мэргэн албатууд төрийнхөө өнгөрснийг өвлөн залгамжилж, өнөөг цогцлоон бүтээж, ирээдүйн үндэс суурийг тавьж байдаг үл тасрах цаг хугацаа хийгээд үйл явдлын хэлхээсийг урлан бүтээгчид билээ.

Төрийн хүнийг сэцэн мэргэн байлгадаг тулгын гурван чулуу нь эцэг эхээс хайрласан төрөлх ухаан, хичээл зүтгэлээр олж авсан мэдлэг боловсрол, мэрийлт чармайлтаар хураан хуримтлуулсан дадлага туршлага юм. Ухаантай хүн ултай бодож, оновчтой шийдвэр гаргана. Ухаантай хүний онох нь их, ухаан муутын алдах нь их. Ухаан дутвал бүх юм дутна. Албаны өндөрлөгт хүрэх нь ухааны өндөрлөгт гарлаа гэсэн үг хараахан биш. Дээшээ мацах тусам ухаанаа улам улмаар тордон хөгжүүлэх хэрэгтэй. Юм үзэж нүд тайлах хэрээр ухаан задран, ухаж ойлгох нь нэмэгдэнэ. Бусдыг тэвчээртэй сонсож сурвал ухаан хурцлагдаж, ухаажин хэрсүүжнэ. Уншиж судлахын хэрээр ухаан тэлнэ. Ам уралдан ярих биш, чих тавин сонс. Арвыг сонсож байж нэгийг хэлдэг болбол ухаалаг үг амнаас унадаг болно. Хэрэгтэй, хэрэггүй яриаг сонсохын тулд сонсоод суух нь гол биш, хэрэгтэйг нь дотогшлуулж, хэрэггүйг нь гадагшлуулах ухаантай болох нь чухал. Сурч боловсрохын хэрээр ухаан уужимсан тэлнэ. Ухаажихын тулд уйгагүй суралц. Төрийн хүний ухаан дутсан буруу шийдвэр түмэн олныг хохироох хорлолтой гэдгийг үргэлж санаж явах учиртай. Төрийн хэрэгт ухаан дутвал түйтгэр гай нь хэмжихийн аргагүй их, ухаан дутсанаас үүсэх балаг уул нуруу мэт том. Нумаа дутуу татвал сум нь гударч тусдаг шиг дутуу бодсон ухаалаг бус шийдвэр зайндаа хүрэлгүй, байгаа онолгүй замхарна. Ухаантай байна гэдэг нь аливаа зүйлд зөв талаас нь хандаж, болох талаас нь бодож, сэтгэл гарган үйлдэхийн нэр. Буруу зөрүүг үйлдэхгүй байх нь ухаантайн шинж. Бурууг засч, зөв тийш залах нь бүр илүү ухаантайн шинж. Төрөлх ухаан туйлын чухал ч бүхнийг шийдэх шидэт хүч биш.

Уулын чимэг ургамал, ухааны чимэг эрдэм. Эрдмээр чимсэн ухаан далай мэт уужуу. Шувуу өөдөө хөөрөн нисэхийн тулд жигүүр хэрэгтэйн адил төрийн хүн албаа залгуулан, өсөж өндийхөд тун чамбай эрдэм боловсрол, мэдлэг чадвар жигүүр болж өгнө. Төрийн хүн цаг үеэсээ хоцрохгүйн тулд байнга суралцаж байх ёстой. Өөрийгөө боловсруулах ажлыг хэзээ ч, ямар ч үед зогсоож болохгүй. Хэдийчинээ их суралцсан, хэчнээн их зүйл мэдсэн байлаа ч мэдлэг боловсролд хил хязгаар үгүйг битгий март. Өөрийгөө дутуу үнэлэх, давуулан үнэлэхийн аль аль нь сайн юм биш. Биеэ давуулан үнэлдэг хүн бардам давилуун зангийн занганд хүлэгдэж, өөдөө ахих замдаа өөрөө хаалт босгоно. Өөрийгөө дутуу үнэлдэг хүн элбэгхэн хийж чадах зүйлээ ч эхлээгүй байхдаа л зориг мохон, зүрх үхэж сөхөрнө. Бусдаас дутуу байна гэдэгтээ гутрах хэрэггүй. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхийг хичээн мэрийдэг хүн өөдөө өгсөх шатаар үргэлж дээш ахина. Мэдэхгүй, чадахгүй байх нь муу ч биш, муухай ч биш. Бүхнийг мэдэж, бүгдийг чаддаг хүн байхгүй. Харин мэдэж, чадахын төлөө мэрийхгүй байх нь муугийн адаг муу, муухайгийн цаадах муухай. Мэдэхгүй хэрнээ мэддэг царайлах, чадахгүй зүйлээ чаддаг мэт авирлах нь төрийн ажилд нэн хортой, түмний өмнө булайгаа дэлгэж, бузраа хутгасан явдал. Зөвхөн мэдэхийн тулд биш, мэдсэнээ ашиглахын тулд мэдэх хэрэгтэй. Хэчнээн их зүйлийг мэдээд, мэдсэнээ ажил амьдралдаа хэрэглэж чадахгүй бол мэдсэний ашиг тус юу байх билээ? Илүү ихийг мэдэхийн төлөө мачийн зүтгэ. Ихийг мэдсэн хүн ихийг бүтээж, илүү амжилтанд хүрч чадна.

Хэдийчинээ ихийг мэдлээ ч түүнийгээ хийж хэрэгжүүлэх дадлага туршлагагүй бол ус өрөмдөх адил үр дүнгүй хоцорно. Ажлынхаа амтанд орж, амьдралаас суралцаж, өөрийгөө тасралтгүй боловсруулж, мэрийн чармайж, алдаж онож байж дадлага туршлага хуримтлуулна. Хэн ч гэсэн дуртай ажлаа л хамгийн сайн хийдэг. Дургүйд хүчгүй гэгчээр дургүй ажлаа оромдсоор амжилт олж, алдраа мандуулсан хүний тухай хэн ч сонсоогүй байх. Төрийн ажил бол түмэнд үйлчлэх алба. Түмний төлөө үйлчлэх сэтгэлтэй хүн л төрийн албыг халирч түүртэлгүй сайн хашина. Мэдэхгүйгээ бусдаас нэрэлхэлгүй асуу. Юу ч асуудаггүй нэрэлхүү хүн юунд ч суралцдаггүй. Чадахгүйгээ бусдыг даган дуурайн хий. Чаддаг болон дадлагажина. Дадлага туршлагатай албат эрээд олдохгүй эрдэнэ мэт. Өсөж дэвжин, өөдлөн өндийхийн төлөө чармайн зүтгэ. Өөдлөх хүсэл, дэвжих мөрөөдлийн өмнө хориг хаалт байдаггүй юм. Төрөлх ухаан, мэдлэг боловсрол, дадлага туршлагатай сэцэн мэргэд байх ёстой албан тушаалдаа шударгаар томилогдон ажиллаж байгаа газарт эрүүл саруул, эвтэй найртай уур амьсгал хаанчилна. Хэн нэгэн этгээд төрийн албанд, ялангуяа удирдах албанд ёс бусаар тавигдсан газарт хардлага сэрдлэг, атаа жөтөө, үл итгэх эрүүл бус уур амьсгал ноёлно. Чадвартай хүнийг дээш гаргахгүй доош дарах маш их хортой. Чадвартай ажилтан хэчнээн их зүйлийг маш сайн хийж бүтээж болохыг мэдэж, хийе гэсэн хүсэл нь оргилон буцалж байвч хийх эрх мэдэл хүрэхгүй, дэмжлэг байхгүй гэдгээ ойлгоод дотор цухалдан бачуурч орилмоор болно.

Үргэлж үүрэг авна, тэгэхдээ өөрөөсөө дор, чадваргүй хоосон толгойтнуудаас үүрэг авч, өдөр хоногийг утга учир багатай өнгөрөөнө. Үүрэг өгч байгаа хоосон толгойтнууд нь шинэ санаа, шинэлэг бодол сонсоно гэж байхгүй, буруу ч байсан өөрийнхөөрөө муйхарлан зүтгэнэ. Ийм орчинд бүтээлч сэтгэлгээтэй, ур чадвартай хүмүүс удаан тогтохгүй. Оронд нь ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг бие биендээ тал зассан хөгийн амьтдын цугларалт үүснэ. Тийм орчноос гэрэл гэгээтэй зүйл хүлээгээд нэмэргүй. Хаана бүтээлч сэтгэлгээ, ур чадвар боомилогдоно тэнд хүнд суртал, хахууль авлига цэцэглэнэ. Бүтээлч сэтгэлгээ, ур чадвар дэмжигдэж байгаа газарт бүх зүйл шинэ, сэтгэл санаа өөдрөг урамтай, хийж бүтээхэд ухаан бодол, мэдлэг боловсрол, ур чадвар бүхэлдээ зориулагдана. Тэнд улиг домог болсон ажлын арга барил бүрэн халагдаж, чөлөөтэй сэтгэх, бие биенээ дэмжих, ухаанаа уралдуулж, ур чадвараа нээн ашиглах бүтээлч хамт олны нэгдмэл цул нэг баг бүрэлдэнэ. Тийм газрын амьсгалах агаар нь хүртэл ариун, уур амьсгал эрүүл саруул, аадрын дараа цэлмэсэн тэнгэр мэт цэвэр тунгалаг.

Эрдэнэ мэт сэцэн мэргэн албатуудын бусдаас ялгарах гол шинж нь шударга зан. Шударга ёс цэцэглэж байгаа орчинд л хүмүүс шударга ёсыг сахидаг. Шударга бусаар бохирлогдсон орчинд орж ирсэн шударга хүн олон хар шувуун дундах ганц цагаан шувуу мэт харагдаж, адлагдан шахагдана. Шударга зан бол ёс суртахууны цэвэр ариун чанар. “Шударга хүний ёс суртахууны чанар нь хуулийг бүрэн орлодог”. Шударга байгаагаа байнга мэдрэх нь аливаа хүнд сэтгэлийн асар их таашаалыг амтлуулж байдаг. Шударга хүн шударга бусыг хэзээ ч үйлдэхгүй. Хэнд ч мэдэгдэлгүй шударга бус үйлдэл хийж болох боломж олдсон ч тийм үйлдэл хийдэггүй хүн чин шударга. Шударга бусыг бие махбодиороо амссан хөөрхий хүний зовлонг яг өөрийнх мэт мэдрэн хүлээж авч байгаа хүн шударга бусыг үйлдэхгүй. Шударга ёс хэрэгжиж байгаа газарт л төрийн алба цэвэр тунгалаг, хүнлэг энэрэнгүй.

Түмэн олны тусын тулд бололцоотой бүхнийг хийхийн хамт боломжгүй мэт зүйлийг ч боломжтой болгохын төлөө сэтгэл итгэлээрээ зүтгэх нь төрийн хүний үүрэг. Хэцүү байх нь бүтэхгүй гэсэн үг хараахан биш. Бүтээгүй байхдаа бараг бүх үйл хэрэг боломжгүй мэт санагдана. Болгоно, бүтээнэ гээд зүтгэсэн хүнд боломж хэзээд олддог юм. Гагцхүү зүүний сүвэгчин чинээ нүхээр тусч байгаа гэрэл мэт өчүүхэн жижиг боломжийн үзүүрээс ч баттай барьж авч, дүүрэн ашиглах л хэрэгтэй.

Төрийн ч бай, хувийн ч бай аливаа ажлын хувь заяа хүний хариуцлагаас хамааралтай. Эрхэлсэн ажилдаа эзэн болж, нүүр бардам хариуцан, цаг хугацаанд нь чанартай хийж байгаа хариуцлагатай хүн урамтай. Тэд итгэж найдаж болох сайн хүмүүс. Ямар ч ажлыг, ямар ч нөхцөлд хариуцуулахад хийж бүтээхийн төлөө чадах бүхнээ зориулан зүтгэдэг харуцлагатай ажилтнууд ховор эрдэнэ мэт. Ийм хүмүүстэй ажиллаж байхад санаа амар, сэтгэл тайван, ажил өөдрөг бүтэмжтэй, утга төгөлдөр. Хариуцлагагүй хүнд чухал ажил хариуцуулахгүй байх нь өлзийтэй. Тэд нэг бол дутуу хийнэ, эсвэл цаг алдаж оромдоно, зарим нь огт хийхгүй шалтаг тоочно. Оромдож дутуу хийснээс огт хийгээгүй нь дээр. Бусдын дутуу хийж оромдсон ажлыг гүйцээх гэж зовж байснаас цоо шинээр хийх нь амар. Хариуцлагагүй хүмүүс хувийн зохион байгуулалт муутай, салан задгай, ажил амьдралдаа дэглэм журам тогтоож ажиллана гэх ойлголт байхгүй, цагийн юмыг цагт нь хийж сураагүй, сахилга бат төлөвшөөгүй, итгэл даах найдваргүй, туйлын залхуу, тун урамгүй. Хариуцлагагүй хүнээр ажил хийлгэхчээн болж ундууцан цухалдаж сууснаас нэг бол өөрөө хийж, эс бол орны хүнийг хайх нь шулуун. Хариуцлагатай хүмүүсийн алт шиг чанар нь ажилдаа үнэнч. Хариуцлагатай, үнэнч хүний гараас гологдол хэзээ ч гардаггүй нь үнэхээр баярламаар. Хариуцлагатай ажилтнууд ямар ч хэцүү ажлыг яаж ийгээд бүтээчихсэн байх нь сэтгэл сэргэм сайхан. Төр түмнийхээ төлөө сэтгэлээрээ зүтгэж байгаа төр улсын түшиг – сэцэн мэргэн түшмэлүүдээ эрдэнэ мэт хайрла.