Зуун жилийн цаанатай л гэлүү, бүсгүй минь ээ
Зураг болоод дүрээрээ даллах, хонгор минь ээ

Ч.Дагвадорж


1890 оны 4 сар. Их Британийн зураач залуу Монголын нийслэл Өргөө хотоор зугаалж яваад гоёл зүүлтээ бүрэн агссан сурвалжит язгууртан монгол бүсгүйг харуутаа нүд алдан дурлана, мөн бүсгүйг зурна. Үүнээс 120 жилийн дараа нэгэн монгол эр бүсгүйн зургийг Америкийн бяцхан мухлагаас олж авна. Таван жил хадгалсны эцэст зургаа дотнын найрагч ахдаа үзүүлнэ. Монгол найрагч зургийг үзүүт бийрээ гарган шүлэг тэрлэнэ. Зураг шүлэг хоёр энэ удаад эргээд Өргөө хотдоо (Хот харин Улаанбаатар нэртэй болсон байна) ирнэ. Зургийг үзэж, шүлгийг уншсан хөгжмийн зохиолчийн толгойд ая орж ирнэ. Зуун жилийн өмнө британи залуугийн дурлаж асан монгол бүсгүй ийнхүү дуу болон ахин амьдарна.

Кино мэт яривал бичих гэсэн зүйл маань товчдоо энэ, одоо харин учгийг хөвөрдөн, үүх түүхийг эхнээс нь өгүүлье.

Ноордэншээлд (Карын тэнгис үү, Хар далай юу?)

Монгол бүсгүйн зураг 125 жилийн дараа дуу болон амилсан түүхийн уг эхийг хөөвөл Фин-Шведийн нэрт аялагч, геологич, ургамал судлаач Барон цолт Адолф Эрик Ноордэншээлдийн аялал, нээлттэй холбогдоно. Шинжлэх ухааны энэ олон төрлөөр мэргэшээд зогсохгүй Финланд улсынхаа эрх чөлөөний төлөө Хаант Оросын эсрэг тэмцсэнийхээ улмаас цөлөгдөж хүртэл байжээ. Тэр үед Финланд Оросын харьяанд байв. Ноордэншээлдийнхэн гэж сурвалжит угсаатай, эрдэм оюуны баялаг өв уламжлалтай цуутай сэхээтэн гэр бүл байжээ. Эцэг Нилс Густав нь нэрт эрдэс судлаач байсан бол нэг хүү нь Өмнөд Америкийг судлаач эрдэмтэн, нөгөө нь алдарт аялагч болсон байна. Адолф Ноордэншээлд өөрөө хожим Шведийн Парламентийн гишүүн, Шведийн Академийн жинхэнэ гишүүн болжээ. 1863 онд Анна Мариа Маннерхэймтэй гэрлэсэн, гэргий нь хожмоо Финландын эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан, эх орноо Оросоос чөлөөлж, анхны Ерөнхийлөгч нь болсон Карл Маннерхаймын авга эгч нь гээд бодохоор түүний үзэл бодол, нөлөө түүхэнд хэр чухал байсан нь харагдана.
       
Ноордэншээлдийн олон аяллаас хамгийн алдартай нь Атлантын далайгаас гарч Хойт мөсөн далай, Карын тэнгисээр дамжин Берингийн хоолойгоор Номхон далай хүрсэн томоохон нээлт юм. Карын тэнгис хүрэх л хамгийн чухал байж. Оросуудын “Северный морской путь” хэмээдэг тэр замын хамгийн чухал холбоос нь Карын тэнгис болно. Энэ тэнгисийн нэрийн гарал их сонирхолтой. Оросууд Карское море хэмээн харьяалахын тийн ялгалаар холбож байгаа нь “Кар, Кара” хэмээх үгийг жинхэнэ нэр хэмээн үзэж буй хэрэг юм. Тэгээд ихэвчлэн нэнэц хэлний “мөс” гэсэн үгтэй холбон тайлбарладаг. Харин Барууны хэлнүүдэд Kara Sea хэмээн шууд үндсээр нь холбож байгаа нь тэмдэг нэр хэмээн үзэж байгаагийнх нь илэрхийлэл бөгөөд монгол, түрэг хэлний “кара” буюу “хар” гэсэн үгээс гаралтай хэмээн олон судлаач тайлбарлаж байна. Монгол-Түрэгийн зүг чигийн уламжлалт бэлгэдэлд Хойд зүгийг ямагт хар өнгөөр төлөөлүүлдгийг бодвол энэ тайлбар оновчтой мэт. Тэгж үзвэл энэхүү тэнгисийг Карын тэнгис биш, Кара буюу Хар тэнгис хэмээн оноох нь монгол хэлнээ илүү тохиромжтой. Гэвч энэ тохиолдолд бас Крым зүгт орших Хар тэнгистэй андуурах гэм буй, үүнд нэгийг нь Хар тэнгис, нөгөөг нь Хар далай хэмээн тогтоож болох юм.

Ахмад Уиггинс (Енисей юу, Горлог уу?)

Атлантын далайгаас Карын тэнгис хүрч болохыг ийнхүү 1875 онд Ноордэншээлд батлан үзүүлсэн нь Их Британийн талд худалдаа наймааны шинэ зам нээх сэдэл тэмүүлэл төрүүлжээ. Ингээд 1887 онд Ахмад Уиггинс гээч Феникс хэмээх усан онгоцыг хөлөглөн, Карын тэнгис хүрээд, тэндээсээ Енисей мөрнөөр өгсөн, Енисейск хотод хүрсэн нь Англи-Сибирийн хооронд худалдааны харилцаа тогтоосон бас нэгэн түүхэн үйл явдал болсон байна. Энэхүү амжилттай аяллаас хойш санхүүгийн хувьд ийм аяллыг ивээн тэтгэх улс ч олширч эхлэв. Хойтон жил нь ахмад Уиггинс Лабрадор хэмээх усан онгоцоор ахин нэг аялсан ч энэ удаад зорьсон газраа хүрч чадалгүй буцжээ. Үүний дараа жил буюу 1889 онд Уиггинс хөрөнгө мөнгө босгон дахин нэгэнтээ аялсан ч ахиад л бүтэлгүйтсэн аж. Жирийн хүн бол хоёр удаа бүтэлгүйтэхэд итгэл найдвараа алдан, няцах биз. Ахмад Уиггинс харин тийм хүн байсангүй, найз нөхөд, санхүүгийн ивээн тэтгэгчид нь ч түүнд үнэхээр итгэдэг байжээ. Тиймээс хойтон жил нь буюу 1890 онд ахин хоёр ч усан онгоцыг түүний удирдлага дор Енисей мөрний зүг илгээхээр болсон байна.
 
Дашрамд дурдахад Енисей мөрөн нь Монголын нутгаас эх авдгийн учир монголчууд ч өөрсдийн нэрээр нэрийдэн, Горлог мөрөн хэмээдэг байжээ. Тиймээс үүнээс хойш, энэхүү нийтлэлд хийгээд ерөөс бүхий л газар  эх монгол нэрийг нь хэрэглэж байх нь зүйтэй.

Лондоны Зурагт Мэдээ сэтгүүл

Хоёр ч том усан онгоц Карын тэнгис, Горлог мөрнийг зорин хөдлөх гэж буйг Лондоны хэвлэл мэдээллийн хамгийн чухал хэрэгсэл болох Illustrated London News буюу Лондоны Зурагт Мэдээ сэтгүүл зүгээр хараад суусангүй, аяллыг сурвалжлахыг, Сибирийн аж амьдралыг уншигчдадаа хүргэхийг зорьжээ.

Лондоны Зурагт Мэдээ болбоос 1842 онд анхны дугаар нь гарснаас хойш 1971 оныг хүртэл тасралтгүй долоо хоног тутам гарсан (130 шахам жил шүү дээ), түүнээс хойш дугаар нь цөөрсөөр 2003 онд сүүлчийн удаа цаасан дээр гараад онлайн сэтгүүл болон шилжсэн, Английн арвин баялаг түүхтэй, эртний сэтгүүлүүдийн нэг юм. Мэдээгээ зурагтай гаргаж эхэлснээрээ алдартай, тийм ч учраас тухайн үеийн хамгийн шилдэг зураачдыг редакцидаа ажиллуулахыг хичээдэг байжээ. ЛЗМ-ын өрсөлдөгч сэтгүүл болох График-т суут Ван Гог зургаа өгдөг байсан гээд бодохоор өрсөлдөөн хэр ширүүн, зураач сурвалжлагч нар нь хэр чадварлаг байсан нь тодорхой.

ЛЗМ сэтгүүлийг Хэрбэрт Инграм гэж хүн үндэслэсэн бөгөөд түүнийг хүү Уиллиам Инграм нь залгамжилсан байна. Мөнөөх хоёр усан онгоц Горлог мөрний зүг хөдлөхөөр зэхэж байсан үе буюу 1890 онд Уиллиам Инграм ЛЗМ сэтгүүлийн эзэн байлаа. Тэрбээр сурвалжлагч, зураач нараасаа хамгийн чадварлаг, бичих зурахыг хослуулдаг, адал явдалд дуртай, аялах сонирхолтой, зоригтой нь болох Жулиус М.Прайсыг өрөөндөө дуудаад Лондоны Зурагт Мэдээний “тусгай зураач”-ийн үүргийг гүйцэтгэн, Оросыг зорих уу хэмээн асуужээ. Прайсын хожим дурсан бичсэнээр “Би тэр үед адал явдал эрэлхийлэн хаашаа л бол хаашаа аялахад бэлэн байсан юм. Ноён Инграм надаас Сахарын цөлийг унадаг дугуйгаар туулах уу гэж асуусан ч бай, би дуртайяа зөвшөөрөхөөр байлаа” гэсэн байдаг. Сибирийн зүрхэнд орших Енисейск хотыг зорихоосоо өмнө Жулиус Прайс даргаасаа, өөрөөр хэлбэл аяллыг нь ивээн тэтгэгч Инграм эрхлэгчээс “Тэнд хүрсэн хойноо би хаашаа явбаас зохилтой вэ?” хэмээн асууж. Инграм ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөг сайн ойлгодог удирдагч байсан тул “Манай сэтгүүлд зураг, мэдээгээ ирүүлсээр байсан цагт хаашаа явах нь таны л хэрэг” хэмээн хариулжээ. Бичих зурах эрх чөлөө, цаг хугацааны хязгаар үгүй аялал... Уран бүтээлч хүнд өөр юу хэрэгтэй сэн билээ? Чухам энэ үг Жулиуст тэр үеийн бөглүү боловч адал явдлын эх орон болох Монголд хүрэх урам зоригийг өгсөн бөлгөө.

Лондоны Зурагт мэдээ сэтгүүлийн 1891 оны 10 сарын 24-ний дугаар.



Жулиус М. Прайс гэж хэн бэ?   


Ингээд Прайс 1890 оны 7 сарын 18-ний өдөр Темза мөрний боомтоос Норвегийн Бискаяа хэмээх уурын онгоцонд суун Горлог мөрнийг зорин хөдөлжээ. Аяллын тухай бичихээсээ өмнө Прайсын хэн болохыг уншигч авгайд танилцуулах нь зүйтэй.

Лондоны Зурагт Мэдээ сэтгүүлийн зураач Жулиус М. Прайс нь юуны өмнө дайны сурвалжлагч-зураач гэдгээрээ түүхэнд алдаршин үлдсэн хүн юм. Эцэг нь Польшид төрсөн жүүд гаралтай хүн байсан боловч Англид ирж, Их Британийн иргэн болоод Рачел гэж англи бүсгүйтэй гэрлэснээр Жулиус ууган хүү нь болон мэндэлсэн байна. Бидний өгүүлж буй аяллаас өмнө Өмнөд Африкт ЛЗМ-ийн зураачаар ажиллаж байсан бол дараа нь Герег-Түргийн дайны үед Герегийн талд, Орос- Японы дайны үед Оросын талд дайны сурвалжлагч-зураачаар ажиллаж байжээ. Дэлхийн 1-р дайн эхлэхэд ажлаа үргэлжлүүлэн 1914 онд Францын фронтоос, 1915-1916 онд Италийн фронтоос зураг мэдээгээ ЛЗМ-д ирүүлж байв. Дайны дараа байгуулсан гавьяаг нь үнэлэн Италийн Ван Эр зоригийн загалмай одонгоор шагнасан байдаг.

Ийм нэгэн зориг зүрхт эр Енисейск хотыг зорин хөдөлсөн ба тэндээсээ Инграм эрхлэгчийн дуртай газар луугаа явж болно хэмээсний дагуу Монголоор дамжин Бээжин хүрэхээр шийджээ.

Эрхэм уншигчийн цагийг хэмнэх үүднээс Прайсын аяллын олон сонин, Горлогт хэрхэн хүрсэн, Эрхүүд шоронгоор зочилсон, цөлөгдөгсөд, хоригдлуудтай уулзсан, Байгал нуураар аялсан, Хиагт орсон зэрэг бүхий л дуртгалыг алгасаад шууд Өргөө хотноо хүрье.

Жулиус М. Прайс.



Жулиус Прайс Монголд

Жулиус Монголоор явахдаа ажлаа хийсээр, ЛЗМ-д зураг сэлтээ илгээсээр явлаа. Ингэхдээ олон сонирхолтой ажиглалт дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал Монголчуудын ирээдүй, үндэсний үзлийн талаар “Хэдийгээр тун өвөрмөц үндэстэн боловч монголчууд Хятадад уусан, аажмаар үгүй болж байна. Гэвч Чингис хааны удмынхны дунд их өвгийнх нь үеийн агуу цаг эргэн ирнэ, Чингис хаан шиг удирдагч ахин төрж, улс үндэстэн нь сэргэнэ гэсэн итгэл үнэмшил буй” хэмээжээ.

Өргөөд ядуус маш олон боловч Красноярск, Эрхүү хийгээд Оросын бусад хотод байсантай нь харьцуулахад гуйлгачин нэг ч таараагүйг гайхан дурссан байдаг. Орост бол гуйлгачид дэргэд нь даган, гар хөлөөс нь татан зовоодог байсан аж. Монголчууд гэтэл үгээгүй  ядуус нь хүртэл бардам байх нь сонирхолтой байж.        

Богдуудын талаар, тэднийг яагаад их залуудаа насан өөд болдог талаар тодорхой бичсэн боловч эхний болон сүүлчийн Богдыг арай өөр болох талаар ийн өгүүлж: “Богдууд дотроос хорь илүү насалсан нь цөөн. Харин хоёр зуун жилийн тэртээх анхны Богд далан насыг зооглоод жам ёсоороо хальжээ. Биеэ зөв авч явдаг хүн байсан бололтой. Хорин хоёр настай одоогийн Богд бас миний сонссоноор бусдаасаа өөр гэнэ. Эрдэм мэдлэгтэй, орчин үеийн эд юмс, шинэ нээлт зэрэгт их дуртай хүн аж. Ордондоо гэрэл зургаа авхуулснаас гадна Оросын түрүүчийн консулын бэлэглэсэн төгөлдөр хуурыг залсан байна”. Прайс тэр ч бүү хэл тун санамсаргүй байдлаар Богдтой уулзан, үл ойлголцсоноо бичжээ.

Прайсын бас нэг гайхсан зүйл нь Монгол хэдий Хятадын (Манжийн.М.С.) харьяаны улс боловч бүх юм нь орос байсан явдал юм. Мөнгөний оронд хэрэглэдэг цай, хадгаа хүртэл хятад мөнгөөр биш орос рубль, копейкоор жишин бодно. Консул асан М. Шишмарев гэхэд Өргөөд хамгийн нөлөөтэй, амбанаас ч чухал хүн байсан гэх мэтээр дүгнэжээ.

Өргөөгийн гоо

Жулиус Прайс Өргөө хотноо олон зүйлд, бохир заваанд нь, зэрлэг нохдод нь сэтгэл дундуур байснаа нуусангүй. Огт өөр ертөнцөд ирсэн түүнд бүхий л юм харийн, үл мэдэх, үл ойлгох зүйл байлаа. Гэвч тэрбээр “дэлхийн аль ч буланд адил тохиох, бүхий л улсад ижил байх, дундын хэлийг” орж харсандаа ихэд баярласан байдаг. 4 сарын 23-ны өдөр Майдар эргэх ёслол болсноор нэгэн хэвийн уйтгарт хот хэмээн залхаж байсан өнөөх Өргөө нь өнгө орон, хүн зон нь ч сэргээд иржээ. Ялангуяа охид бүсгүйчүүд хамгийн өнгөлөг дээлээ өмсөн, гоёл зүүлтээ агсан, сайхан морь унан давхилдах нь бахархалтай байсан аж. Залуус тэднийг хоргоон, өдөхүй, бүсгүйчүүд ч нүүр тал өгөн, хошин сэцэн үг солилцон сээтэгнэн аальгүйтэхийг хараад Прайс ертөнцийн хаа ч зарим зүйл эгээ л адил байдгийг мэдрэн баяссан ч нөгөө талаар тэдний дунд орон, залуусын хөгжил цэнгэлээс хуваалцаж чадахгүйдээ хөнгөн гуньжээ. Даарин дээр нь давс гэгчээр чухам энэ үед өөрийнх нь дүрсэлснээр “сувдан цагаан шүдтэй”, сайхан бүсгүй давхин өнгөрсөнд амьсгаа ч авч чадахгүй болтлоо алмайран, “Арабын алдарт шөнүүд”-д айлчилсан мэт болж, хэд хоног хоол ч идэж чадахгүй болсон байна.

Хожим харин тэр бүсгүйгээ хэрхэн олсныг мэдэхгүй, ямар ч байсан зургийг нь зурж, нэрийг сийлэн баримтжуулж авчээ. Зургаа тэрбээр “Өргөөгийн гоо” хэмээн нэрийдэж.  1891 оны 4 сард зурснаа бичээд гарын үсгээч  тавьж. Давхраатай нүдтэй, бөөрөнхийвтөр эрүүтэй, яг л “монгол маягийн гоо үзэсгэлэнгийн” илэрхийлэл болсон бүсгүй байх юм. Булган малгай тавьж, дэргэр үсэндээ дөрвөн хавчаар хатгасан ба үснийх нь туйв, гэр нь дан мөнгө байгаа нь нэлээд чинээлэг айлын охин болохыг харуулна. Унжуулсан санчиг нь гоёмсог эд санж. Жулиус Прайс мэргэжлийн зураач хүний ёсоор тэгш хэмт хоёр талын нэгийг нь нэн нарийн зурж, хавчаар, туйв, санчиг зэргийн хээг тодотгоод нөгөө талыг нь харин хялбарчилжээ. Хамгийн сонирхолтой нь зургийн дэргэд Дулмаа хэмээн нэрийг нь бичсэн байна. Прайс нэг сарын дотор Монгол бичиг сурна гэж үгүй, тэгэхээр бүсгүй өөрөө нэрээ бичиж өгсөн нь тодорхой.

Дулмаа гэж тэр үеийн монгол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр учраас хэн гэж сурвалжтаны охин байсныг сурвалжлан мэдэхэд үнэхээр хүнд юм.   

Өргөөгийн гоо Дулмаа

 

Дулмаа Английн сэтгүүлд, дараа нь номд

Юутай ч энэ явдлаас хойш 6 сарын дараа Дулмаагийн тэр зураг Лондоны Зурагт Мэдээ сэтгүүлд заларчээ.  Дөрвөн сарын сүүлчээр зурсан зураг, мэдээ тус сэтгүүлийн 10 сарын 24-ний дугаарт гарсныг бодоход Жулиус Прайсын мэдээ, зураг ямар хугацаанд Лондонд хүрдэг байсныг тооцоолж болно. Хагас сайн өдөр гардаг тус сэтгүүлийн 2740 дэх дугаарын зочин нь Өргөөгийн гоо бүсгүй Дулмаа болсон байна. Сэтгүүл 6 мөнгөний үнэтэй гардаг байж.

Жулиус Прайсын мэдээ, зураг нэн сонирхолтой байсан тул Лондоны Зурагт Мэдээ сэтгүүл цувралаар тавьсны эцэст ном болгон, нэгтгэж хэвлүүлэх нь зүйтэй болохыг түүнд зөвлөсөн байна. Ингээд 1891 онд аяллаа дуусгаж ирээд Лондоны нэгэн хэвлэлийн газартай ярилцан тохирсноор 1892 онд аяллынхаа бүх материалыг эмхтгэн ном болгон гаргасан аж. Номын нэр “Хойт мөсөн далайгаас Шар тэнгисийг хүртэл”. Давхар гарчиг нь “Сибирь, Монгол, Говь цөл, Умард Хятадаар аялсан нь”

Ийнхүү энэ удаад Хүрээний хөөрхөн Дулмаа маань номын баатар болох нь тэр. Миний бие хожим дээрх сэтгүүлийн уг эхийг болон энэ номын ахин хэвлэсэн хувийн аль алиныг олж чадсан, гэхдээ хамгийн эхэнд Дулмааагийн тэр салангид зургийг АНУ-ын хуучин номын жижиг дэлгүүрээс  тун санамсаргүй олж билээ. Тэгээд л цааш нь судлан сурвалжилсаар байж, ямар ном, сэтгүүлд гарсныг нь, үүх түүхийг нь мэдэж авсан хэрэг. Миний олсон тэр зураг болбоос бичгийн цаасны хэмжээтэй, мэдээж яг Жулиус Прайсын зурсан эх бол биш, харин номд хэвлэхэд зориулан хуулбарласан тэр эх нь юм. Номд зориулсан гэдгийг нь хэрхэн мэдэж байна гэхээр баруун доод буланд нь “299-р хуудасны өөдөөс харуул” гэсэн тэмдэглэгээтэй. Сэтгүүлд мэдээж тийм тэмдэггүй гарсан байгаа. 

Тэртээ 1891 онд англи зураачийн анхны харцаараа дурлан зурсан, Өргөөгийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйн хуучирч шарласан энэ зургийг ертөнцийн нөгөө мухар дахь бяцхан мухлагаас олж авсан миний сэтгэл бас хөдлөхгүй ч байж болсонгүй, олсон даруйдаа хаана ийм зураг, юунд хэвлэгдсэн байх вэ , хэн билээ энэ хэмээн битүүхэндээ хайн явах, юм харж явах болсон юм. Олж авсан мэдээ сэлт маань харин ийм нэгэн нийтлэл болоод танаа хүрч байна.

ЛЗМ-ийн Дулмаагийн гарсан дугаар



Дулмаа дуунд мөнхрөв.

Тэгж байтал АНУ-д, бидний зохион байгуулдаг Олон улсын Монгол судлалын бага хуралд оролцохоор Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач шүүмжлэгч Чойсүрэнгийн Дагвадорж багш маань хүрэлцэн ирлээ. Дагвадорж нэртнүүд цөөн биш тул утга зохиолын хүрээнд багшийг Буурал Дагвадорж, Будантай юу-гийн Дагвадорж гэхчлэн ялган авгайлна. Нэгэн үдэш Дагваа багш бид хоёр Вашингтоны тэнгэр дор элдвийг хуучлан суутал багш анх Америкт хөл тавьсан тухайгаа, хөдөөний нэгэн тосгонд их цасан шуурганаар алхаж байтал нь Сузанна гэж сайхан сэтгэлт бүсгүй зогсоод унаагаараа хүргэж өгсөн тухай өгүүлэв. Тэгээд тэр бүсгүйн тухай

...Тоотой насны мишээл
Тосгоны ганган Сузанна
Гэндүүтэй хорвоон гэгээ
Гэрэлтийн чимэг Сузанна...


хэмээн шүлэглэсэн гэнэ. Үүнийг сонсуут өнөө Дулмаа маань санаанд орон, зургийг нь ухан гаргаж багшид харууллаа. Үүх түүхийг нь ярьж өгөөд, та энэ Дулмаад бас нэг шүлэг бичиж өгөөч хэмээн хүсэв. Багш ч зургийг хараад уриалгахан зөвшөөрсөн, шүлгээ ч тэрлэсэн, гэтэл тэр нь шүлэг болоод тогтсонгүй, хөгжмийн зохиолч Р. Оюунбат ая хийн, дуучин Мөнхжаргал дуулснаар Дулмаа өдгөө дуунд мөнхөрсөн билээ. Ингээд дууны үгийг оруулъя.
 
Шүлгийг МУСГЗ,Ч.Дагвадорж
Хөгжмийг СТА.Р.Оюунбат


ХҮРЭЭНИЙ ХӨӨРХӨН ДУЛМАА

Зуун жилийн цаанатай л гэл үү, бүсгүй минь ээ
Зураг болоод дүрээрээ даллах, хонгор минь ээ
Өнөөдөр л юм шиг мишилзэх бүсгүй минь ээ
Өрөвдөөд суумаар, дагаад чиг гүймээр энхрий хонгор минь ээ

Дахилт.
Булган чиг малгайг духдуулсхийгээд
Буданг гийгүүлэх, цогтой гэдгий нь ээ
Булбарай царай чээжинд гэрэлтэхийн цагт нь хө
Булгилах зүрхийг долгилуулах үйлтэй гэдгий нь ээ

Хүрээ газрын хүний л үр юм, бүсгүй минь ээ
Хүслийн галыг бадраах хонгор минь ээ
Гарын хуар чинь гарцаагүй биз, Дулмаа минь ээ
Ганцхан харсан хэнд чиг санагдах, Дулмаа минь ээ

Сэтгэлийн наранд зүүдлээгүй л байхдаа, бүсгүй минь ээ
Сэнстэй хорвоо ч яахав болно оо, хонгор минь ээ
Зүггүйхэн нүд чинь тормолзоод ирэхлээр бүсгүй минь ээ
Зүсэр бороо, зөөгдөх, гээгдэх ч яамай л болноо, хонгор минь ээ

2014-06-19. Пүрэв гараг. Вашингтон хот.15.22.
Дагвадорж багш дууныхаа үгийг Нүүр номоор илгээхдээ доорх тайлбарыг хадсан байлаа.

*Эрдэмтэн М.Саруул-Эрдэнийн дуртгаснаар шүлгийг зохиосонд хөгжмийн зохиолч Р.Оюунбат ая зохируулж, ДБЭТ дуучин Мөнхжаргал дуулвай...

Төгсгөлийн оронд

Даяаршил гэж юу вэ гэж асуух нь олон. Тэгвэл би ийн хариулна.

Польшид төрсөн жүүд гаралтай хүний хүү Их Британийн иргэн болж, Лондонд ажиллах нь, тэртээ хол орших Монголд очиж, гоо бүсгүйд дурлах нь, түүнийгээ зурах нь, тэр зургийг нь 100 жилийн дараа далайн чанад дахь АНУ-аас Өөлд Монгол залуу олох нь, Хотогойд Монгол найрагч ах нь шүлэг зохиох нь, Халх Монгол хөгжмийн зохиолч ая зохируулан, дуу болгох нь...

Дэлхий гэж энэ гариг юутай бяцхан, хүний тавилан учрал гэж ямар жигтэй, улс нутгаараа, яс үндсээрээ талцан эвдрэлцэх бус талархан золгох нь даяаршил бөлгөө.