Хувийн асуудлаа асууна гэх үү, зөвлөнө гэх үү С.Баяр даргатай холбогдохоор утас цохилоо. Амралтын өдөр, ням гариг таарсан учир түүнийг хөдөө гадаа явчихсан болов уу гэж бодсоор залгатал, мань хүн миний бодсоноос ч хол, бүр Өмнөд Солонгост оччихож. Гэхдээ тэнд очсон хэрэг, зорилго нь миний сэтгүүлчийн сонирхлыг татсан учир сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэхээр шийдэв. “Бүс нутгийн аюулгүй байдлын олон улсын хурал”-д оролцоод Өмнөд Солонгост явж байна гэх С.Баяр даргын хариултаас цааш утасны цаана, наанаас бидний дунд зөвхөн албаны яриа өрнөв.



-Та чинь төрийн болон улс төрийн ажлаас хөндийрсөн гээд байсан. Гэтэл улсаа төлөөлөөд аюулгүй байдлын том хуралд оролцож байгаа хэрэг үү?

-Энэ хурал бол өчигдөр товлоод өнөөдөр болж байгаа гэнэтийн үйл явдал биш. Олон улсын арга хэмжээ тийм байдаггүй. Тэр утгаараа урилга заллага нь эртнийх юм. Намайг энэ салбарын судалгаа энэ тэрийг үзэж харж байдаг, энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд урьсан юм болов уу. Гэхдээ хараад байхад энэ шалгуурын хажуугаар “Монгол Улсын Ерөнхий сайд асан” гэх хүндлэл, анхаарал ямар нэгэн хэмжээгээр байх шиг байна аа.

-Хурлын агуулгын талаар танаас ганц, хоёрхон зүйл асууж болох уу?

-Чи бид хоёр саяхан танай сайтад томоохон зай талбай эзэлсэн яриа дэлгэсэн биш бил үү.

-Тэгсэн л дээ, гэхдээ олон асуудал, түүний дотор гадаад бодлогын талаар дэлгэрэнгүй асууж чадаагүй. Энэ удаа таны оролцож байгаа хурлын хүрээнд гадаад бодлогын талаар л асууя. Жишээ нь, Монгол Улсын төвийг сахих Ерөнхийлөгчийн бодлогын талаар таны байр суурийг сонирхож асууя. Яагаад гэвэл энд зөв буруу гэсэн маргаан, бас АН-ын Ерөнхийлөгч санаачилсан учраас буруу, эсвэл зөв гэх улс төрийн талцал ч байх шиг байна?

-Би чамтай ярилцаж байхдаа надад төрийн бодлого, шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл алга, мэдээлэлгүй учраас анализ, дүгнэлт хийх бололцоо алга гэж хэлсэн дээ.

-Тэгэхдээ та ямар нэгэн мэдээлэлгүйгээр олон улсын ийм том хуралд очихгүй. Нөгөө талаас мэдээлэлгүй ч гэсэн энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд төвийг сахих Ерөнхийлөгчийн бодлогын зөв, эсвэл буруугийн талаар танд ямар нэгэн сэтгэгдэл, мэдрэмж байгаа биз дээ?

- Улс орны гадаад бодлогын асуудал тухайн орны дотоодын улс төрөөс хавьгүй том. Энэ ач холбогдлынхоо үнэ цэнийн хэрээр нэгдсэн ойлголттой, тогтвортой байх ёстой. Улсын гадаад бодлогод намын харьяалал гэж байх ёсгүй. Төрийн бодлогыг сэтгэгдэл, мэдрэмжийн түвшинд шүүх утгагүй. Гадаад бодлого гэдэг тун нарийн. Тэр дундаа жижиг орны гадаад бодлого бүр ч нарийн. Улсынхаа гадаад бодлогоор буруу улстөржвөл бүгдээрээ нийлж байгаад “байшин”-гаа шатааснаас ялгаагүй . Талийгаач Л.Энэбиш дарга хэлдэг байж билээ. “Шумуулын шодойноос ч нарийн юм гэж бас байдаг юм шүү” гэж . Энэ бол жижиг орны гадаад бодлогыг тодорхойлж орхив уу гэмээр үг.