ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон.  Энэ нь түүний оронд энэ албан тушаалд албан ёсоор сүүх хүнийг хүлээж байгаатай холбоотой болов уу. Үүнээс улбаалан зарим нэг хэвлэлүүдээр ЦЕГ-ын даргын шинэ томилгоо “эчнээ” хийгдээд эхэлчихлээ. Элчин сайдаар ажиллаж байгаа “шанага” Ганболд, экс дарга М.Энх-Амгалан, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байгаа Д.Баатаржав гэхчлэн янз бүрийн л хүмийсийн нэрийг дэвшүүлцгээж байна. Хэнийх нь таамаглал байндаа тусахыг хэлж мэдэхгүй юм. Үүнээс гадна бас нэгэн төрлийн сонирхолтой таамаглалыг өчигдрийн зарим сонин, сайтууд шүүрч авч мэдээлсэн нь “Б.Хурцыг дийлэх хүнийг ЦЕГ-ын даргаар томилно” гэх мэдээлэл. Товчхондоо ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгаан нь АТГ буюу Б.Хурцыг дарж авах гэсэн явдал хэмээн зарлав.

Дан ганц хэвлэлийн эздийн өдлөг, мөнгө хийж болох ээлжит сенсааци гэж харах боломжгүй энэ мэдээллийн цаана улс төрийн илүү том ашиг сонирхол байгаа бололтой. Шар голдуу хов живийн мэдээлэл цацдаг нэгэн сайтад тухайлбал, “Н.Алтанхуягийн замд нь тээглэх гурван “бул чулуу” бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, АТГ-ын дэд дарга Б.Хурц нар юм. Н.Алтанхуяг “Авлигатай тэмцэгчид”-тэй тэмцэж байж ялалт байгуулж санасандаа хүрнэ. Энэ тэмцлийг Ерөнхий сайд өөрөө гардан зохион байгуулж байна” хэмээн мэдэгдэв. Иймэрхүү санаандгүй мэт цацсан шар мэдээний араас улс төрийн ямархуу акциуд шат дараатайгаар цувдагийг бид хэдийнээ гадарлах болсон. Үндсэндээ Засгийн газрын нэг агентлагийн даргын халаа сэлгээг ардчилагчдын хоорондын эрх мэдлийн зодоон болгон харагдуулах хүсэл өрсөлдөгч улс төрийн хүчнийхэнд байгаа бололтой. Н.Энхбаярын нэр Н.Алтанхуягтай хамт хавчуулагдсаныг үзвээс МАН-ын зүгээс шидсэн чулуу ч байх магадлалтай. Одоохондоо улс төрийн өрөг дээр энэ гурван нам л тоглож байгаа шүү дээ.

Сүүлийн үед АТГ болоод Н.Алтанхуяг нарын хооронд эв түнжингүй байдал бий болоод байгаа нь нууц биш. Ахлах зөвлөхийг нь барьж хорьсоны дараа АТГ-ын мөрдөгчийн эсэргүүцлийг үл тоон Л.Гансүхтэй зориуд очиж уулзсан. Тэр нь алдсан уу, оносон уу гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан Н.Алтанхуяг болоод АТГ-ын удирдлагуудыг хооронд нь талцуулах аятайхан шалтаг болж байгаа. Харамсалтай нь, дээр хэлсэн улс төрийн лут “стратегичдын” хэлээд байгаачлан асуудлыг шийдэх боломжгүй л дээ. Бүр Н.Алтанхуяг өөрөө үүнийг хүссэн байлаа ч гээд хийх боломжгүй зүйл юм. Учир нь АТГ болоод ЦЕГ-ын даргын статус тэс ондоо. Нэг нь Засгийн газрын харьяа нэг л агентлаг, нөгөө нь УИХ-аас томилогддог, хэмжээлшгүй эрх бүхий төрийн тусгай алба.

Тийм учраас Н.Алтанхуягийн хувьд хэдий их хүслээ ч АТГ гэдэг байгууллагын даргыг дарж авах юм уу, энэ байгууллагыг ялан дийлэх боломжгүй юм.

Харин ийм утгатай мэдээлэл улс төрийн өмнө тулгарсан бэрхшээлүүдээсээ болоод хэтэрхий эмзэг байгаа ардчилагчдыг дотор нь хагалан бутаргах аюултай.

Ялангуяа нэр дурдагдаж байгаа намын лидерүүд өөрсдөө энэ мэтийн хов живэнд автаад, хардлага сэрдлэгээр зэвсэглээд эхэлбэл хор уршиг нь бүр ч их болно.

Мэдээж энэ нь улс төрийн өрсөлдөгчдийн хувьд тун таатай зүйл болох хэдий ч нийгмийн олонхийн хувьд таатай үр дүн бий болгохгүй.

Тэгээд ч болсон үйл явдал болоод бодит байдлыг аваад үзвэл Б.Билэгт гэдэг хүн ямархуу ажил, үр дүн бий болгоод, ямар учраас албан тушаалаа өгөхөд хүрсэн бэ гэдэг дээр л анхаарлаа хандуулах ёстой. Дараачийн хүн нь ч бас ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг /статус, эрх мэдлийн хувьд биш, зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг функцийнх нь хувьд адилтгаж байгаа юм/ АТГ-тай, эсвэл түүний удирдлагатай тэмцэл явуулах бус, цагдаагийн байгууллагад өөрт нь нүүрлээд байгаа хууль бус, дур зоргоор байдлаас ангижрахад хүмүүсээ зохион байгуулж, шударга ёсны гэж нэрлээд байгаа хуулийн салбарын шинэчлэлийг дэмжиж ажилладаг хүн байх учиртай. Энэ бол жинхэнээсээ нийтийн гэж хэлж болох эрх ашиг.

Харин АТГ-ын тухайд Н.Алтанхуяг биш, түүнийг хууль ёсны болгож байгуулсан УИХ өөрсдөө алдаагаа засч залруулах цаг ирэх биз. Энэ байгууллагад засаглалын бүх эрх мэдлийг /гэмт хэрэгтэй тэмцэх буюу Засгийн газрын, хяналт шалтгалт явуулах буюу УИХ-ын, дээр нь шүүх, прокурорын байгууллагын зарим эрх мэдлийг хуульчлан олгосон/ эдлүүлж байгаа нөхцөлд Б.Хурц гэдэг хүний оронд хэн нэг бөөрөнхий зуйварган, эсвэл хамгийн мөлгөр гөлчгөр, шулуун нялуун хүнийг томилсон байлаа ч зургаан сарын дотор эвэр туурай ургаад л ирнэ. Тэгэхээр манай улстөрчдийн анхааралдаа авах ёстой зүйл нь Б.Хурц гэдэг хувь хүнд биш, эсвэл АТГ-ын мөрдөгчид, тэднийг далдаас түлхэж буй нөхдүүдийн дур зоргод бус, өөрсдийнх нь баталж хэрэгжүүлж байгаа хуулинд байна аа гэсэн үг.

Яах вэ, АТГ-ыг "Хадны мангаа" болгож харагдуулах, түүгээрээ одоо засаглалыг барьж байгаа нөхдүүдийг хооронд нь хагаралдуулах, нэгийг нь нөгөөгөөр нь айлгах сонирхол бол улс төрийн зарим хүрээнд байгаа л байх. Тэглээ гээд хуультай юм хуулиараа явна уу гэхээс хуулиас гадуур хэн гуай нь ч, ямар ч тэмцэл өрнүүлээд хүчгүй л дээ.