ГЕНЕРАЛ МАЛАФЕЙКИН

Барилгын 7-р ангийн мужаан Мишка гэх урт гартай, шанаархаг, тоодгор эр бол Байгалын чанадаас ирсэн Москвагийн оршин суугч юм. Тэрээр Ленинградад суудаг ахындаа зочилчихоод буцаж яваа нь энэ. Ах нь түүнд ихэрхэн, амьдралын хичээл зааж дургүйг нь хүргэжээ… Мишка ахдаа гомдов, согтуу ирээд бэргэн эгчдээ агсам тавьчихаад Москва руу гэртээ харихаар явлаа.

Богооны буудалд яагаачгүй эрт ирчихээд күпээндээ орон жумдаанаа дээш нь шидчихээд, үйлчлэгч хүүхнээс хөнжил нэхэв. “Богоон хөдлөхөөр тэртэй тэргүй тараана”. Мишка гутлаа тайлаад дээд давхрын орон дээр авиран гудсан дээр нь хэвтээд өгөв. Ингээд таг унтчихжээ.

Шөнө дунд сэрчихлээ. Доод талд нь харанхуйд хоёр хүн аажуухан ярилцацгаана. Тэр хоёрын нэгнийх нь хоолойн өнгө Мишкад нэг л танил. Бүр нэг учиргүй танил хоолой болохоор нь Мишка анхааралтай сонсов.

-За болио, тийм биш – танил хоолойт зөөлөн хэлээд – таньтай санал нийлэхгүй байна. Надад ийм тохиолдол их гардаг юм: муу шаарыг албан өрөөндөө дуудаж авчирна: “За тэхээр яах болж байна?” Таг дуугүй шүү. “Хөөе одоо тэгээд яах болж байна?” Мөрөө хавчаад юу ч хэлэхгүй гөлдийчихэнэ. “Хөөе шаараа, ингээд л байгаад байх болж байна уу?” Үхчихсэн юм шиг таг шүү дээ.

-Тэд ч гөлдийгөөд сурчихсан байдаг – хэмээн нөгөө ярилцагч нь түүнийг дэмжив. Нойрмогдуу шинжтэй, залуу биш бололтой тэрээр – Бүр нэг сурцтай.

-Яриа юу байхав! Амандаа ус балгачихсан юм шиг таг шүү дээ. “За ингээд жимийлцэж тоглоод л байх уу” гэж би шалгаадгийм.

Энэ дор яриад байгаа хүний хоолой хэнийхтэй адил болохын Мишка саналаа. Семён Иваныч Малафейкинийх. Москва дахь 37 дугаар байрны хөрш нь. Грүпп тогтоолгосон нэг зожиг будагчин л даа. Мишка түүнтэй нэг удаа хамтарч халтуур хийсэн юм. Нэгэн том даргын байрыг зассан. Арваад хоног хамт ажиллахад Малафейкин хадаад хадаад арван үг л хэлсэн байх. Ажилдаа ирэхдээ тэрбайтугай мэндлэх ч үгүйшдээ. Яагаад юу ч ярьдаггүй юм гэж асуухаар “Юм ярихаар цээж хөндүүрлээд байна”. Энэ доод эр мэдээж Малафейкин биш байх л даа… Хоолой нь ямар адилхан сонсогдож байнаа? Сонин юм!

-За муу шаар минь, би чамайг Москвагаас хөөж явуулна! – гэлээ, би – Тэвчээр барагдлаа, заавал чамайг хөдөө цөлнө!” – “Битгий тэгээ ч дээ” – гэж байна, өнөөх чинь. “Арай гэж ам нээв үү, чи!... Одоо л нэг ярихнуу?”

- Тэгээд хөдөө хөөгөөд явуулчихсан уу?

- Тийм шаарнуудыг эцэст нь өрөвддөг юм. Тэд хөдөө очоод юугаа ч хийх юм билээ?

- Еэ тэнгэр минь!... Ажиллах хүчин хэрэгтэй л дээ.

- Тэднийг тийш нь явуулаад юу хийлгэх юм? Архи нэрүүлэх үү?

Доод хоёр өрөвдсөн байдалтай хөхрөлдлөө. 

- Тийм дээ… Бид ч бас өрөвчхөн хүмүүс дээ. Та тэгээд тийм хүмүүстэй яаж тэмцдэг юм?

- Юу л даа… Сануулна, тэгээд цагдаад хандана даа. Тэмцэх ч гэж дээ, би өөрөө л зовж байгаам. Ядарч байна шүү дээ. Зусландаа очоод задгай зуухаа галлаад галын дөл хараад суудаг. Гал хараад суухад гэнэт өрөвдөл төрнө. Гал дотроос өнөө шаарын өмхий хоншоор тодроод ирнэ. “Атаа тэнгэр минь, чи надаас нэг мөсөн зайлаад өгөөч” гэж бодогдоно шүү дээ.

-Хоншоор нь яаж тодордог гэж? – хэмээн нойрмог дуугаар нөгөөх нь асуугаад – Бодол дотор тодорч харагддаг юм уу?

- Тодорч харагддаг л юм даа. Хаа сайгүй. Та зусландаа тоосгон байртай юу?

- Надад байхгүй ээ. Би тосгон руугаа очдог. Манай тосгон ойрхон л доо. Танай зуслангийн байр тоосгон уу?

- Хоёр давхар тоосгон байр. Зуслангийн байр ч аятайхан л даа. Өдөр ажилдаа ядарчихаад зусландаа очиж задгай зуухаа галлаад суухаар хамаг бие тавирдаг.

-Хувийн байшин уу?

- Зуслангийн байр уу?

- Тийм.

- Яалаа гэж дээ, та юу ярьж байна? Надад хоёр ээлжийн жолооч ажилладаг. Тавд арван тав дутуу байхад утасдаад л “Семён Иваныч гэртээ харих уу?”, “Тэгэлгүй яахав, Петя, гэртээ харъя”. Бид хоёр зуслангийн байраа гэр гэж нэрлээд сурчихсан юм.

Дээр хэвтэж байсан Мишка өндөсхийв. Доор яриа дэлгэгч чинь Малафейкин шиг Семён Иваныч нэртэй юм байнашдээ! Ямар хачин юм?

Семён Иваныч цааш нь ярина: 

- Гэртээ байлгүй яахав, Петя минь. Москвагийн энэ их шуугианаас бушуу холдъё. Ингээд л хариад задгай зуух руу мод шургуулж өрдөж өгнө дөө.

- Тэнд ганцаараа байдаг юм уу?

- Үйлчлэгчдийг хэлж байна уу? Зөндөө л дөө. Гэхдээ би өөрөө хийх дуртай. Өөрөө түлээгээ зуухандаа хийж өрдөнө… Сайхан даа! Заримдаа би ингэж боддым: “Энэ их шагнал, одон медаль, хангамж надад ямар хэрэг байнаа? Тосгондоо амьдраад л халуун пийшин дээрээ хэвтэж байх нь аз жаргал шүү дээ” гэж.

Нойрмог ярилцагч үл итгэсэн байдалтай инээд алдав.

- Үнэмшихгүй байна уу? – гэж Семён Иваныч зөөлөн асуухдаа инээмсэглэж буй бололтой. – Би таньд яг үнэнээ хэлье: Бүгдийг нь хаямаар, орхимоор санагддаг. 

- Тэгээд яагаад хаяддагүйм?

- Юулдаа… Бодсон шиг тийм амар биш. Хэн зөвшөөрөх юм?

- Тийн, тийн – хэмээн ярилцагч амьсгал аваад – Би ч бас…

- Үгүй дээ, Тушаал дэвшүүлье энэтэр гээд л. Би бол яршиг л гэж боддым. Төвөг зүгээр, баярлалаа, айн?

- Энэ талаар нэг зөвшил гарсан ч гэлүү… Нэг юм чихний хажуугаар өнгөрсөн шүү.

- Бишээ, тэр хамаагүй. Тиймэрхүү юм зөндөөө… Та тосгондоо очиж амардаг уу? Зундаа?

- Ер нь дандаа. Аавындаа очино, загасанд явна…

- Би бол амралтанд очдог.

- Хаана? Кисловодскт уу?

- Кисловодскт ч очино.

- Төв амралтад нь уу?

- Үгүй ээ, манай амралтын газар тусдаа.

- Хаана нь?

- Кисловодскоос арай наахна.

- Тэгээд хаана нь? Би тэрүүгээр сайн тэнэсэн хүн.

Семён Иваныч инээд алдав.

- Тэр газрын та мэдэхгзй ээ. Замаас харагддаггүйм.

Дуугаа хураацгаав.

- Хашаатай- гэж Семён Иваныч тодотгов.

- А-аан… гэж нойрмог ярилцагч гунганав. Дахиад чимээгүй.

Чимээгүй болцгоосон нь Семён Иваничийг тавгүйтүүлсэн бололтой. 

- Үнэнийг хэлэхэд уйдмаар доо – гээд үргэлжлүүлэн – Бүфэтэнд нь шампан дарс, жимс овоолоостой… Энэ нь гол биш л дээ! Барахгүйшдээ.

- Тийн байх оо – хэмээн нөгөөх нь дугараад – Надад юу ч байхгүй ээ… Тэнд тэгээд кино үзүүлэх үү?

- Тэгэлгүй яахав!... Тэнд биднийг яадаг гэж санана? Солиорч өгнөшдээ. Бидний дан харцуул цуглаад зориудаар тийм нэг… нүцгэн хүүхэнтэйг захиална… Ямрав дээ? – Семён Иваныч итгэл муутай инээд алдаад: Их сонирхолтой!

Нөгөөх нь хариу хэлсэнгүй. Дуугүй л сууна.

- А-айн? – хэмээн Семён Иваныч шалгаав.

- Юу гэнээ?- гэж цаадах нь дугарч байна.

- Шалдан хүүхэн сонин биш гэж үү?

- Тийм л дээ… Би ер нь нээх их…

- Та юу гэж бодно? Харахад гоё! Хүүхэн гараад л ирнэ… бузар гоё… тэгснээ л савчиж өгнө, найгаад л, тэр юугаараа… Үнэн тансаг. Үзвэр л юм шүүдээ. Үзүүштэй.

- Нүв нүцгэн үү?

- Тийн, шав шалдан.

- Манайд тийм кино хийдэг гэж үү?

Семён Иваныч огт нэрлэхсэн шинжгүй сэтгэл хангалуунаар хөхрөв.

- Манайхны кино бишээ. Тэндэхийнх.

- Тийм байхаа. Тэндэхийнх, мэдээж л дээ.

- Тэд чадаж байгаам шүү. Хэлэх үг алга. Ийм гоё юмны тухай би яагаад таньд яриад байгааг ойлгож байна уу?

- Би яасын? – хэмээн цаадах нь айсан дуугаар асуув.

- Дотроо бол та намайг шүүмжилж л байгаа.

- Би юу? Яалаа гэж дээ!...

- Шүүмжилж л байгаа. Семён Иванычийг бүү шүүмжил, бүү яар, бүү атаарх… Хожим Семён Иваныч хаа таарсан газраа унаад өгнө. Тэгэнгүүт сонирхож судлаад л… Таньтай илэн далангүй байж болох уу?

- Яагаад? - хэмээн өнөөх эр огт нойрмоглосон шинжгүй сандрангуй дугараад: Би ойлгож байнаа. Надад ч гэсэн нэг иймэрхүү…

- Ойлгомжтой! Та ч хөөрхий өлсдөг, цангадаг… Хөөрхий амьтад даа бид! Дараа нь хуруугаараа заагаад: тэр генералын гүзээ нь алга болчиж гээд л. Та ер нь миний гүзээг харсан уу?

- Яагаад та ингэж байгаам, - хэмээн өнөөх эр илэрхий сандран – Би яагаачгүйшдээ… Асуудал энд биш… 

- Тэгээд юунд гэж? – хэмээн Семён Иваныч ширүүн асуулаа.

- Юу гэнээ?

- Юу, юу гэж?

- Хэн генерал, хэн генерал биш гэдэгтээ асуудал биш. Бид бүгдээрээ л нэгэн зүйлийн төлөө хамтдаа урагшилж яваа.

- Та юу яриад байгаам? Хар л даа, би юу ч мэдээгүй. Тийм биз дээ?

Чимээгүй болцгоов.

- Тийн - хэмээн Семён Иваныч зөвшөөрөв. Яагаад тэр гэнэт хилэгнээд унасан нь огт ойлгомжгүй. 

Цаадах нь чимээгүй болов.

-Яагаад дуугүй суугаад байгаам?

- Та намайг сонс л доо!... гээд ярилцагч өндийн: - Ер нь юу болчихоод байгаам? Та яагаад надад уурлаад байгаам?

- Дэмий л нэг юм- хэмээн Семён Иваныч гэнэт үнэнгээсээ бууж өгөв бололтой. - Юу ч бишээ, таньд уурлах шалтгаан надад алга. Та ч гэсэн надад уурлаагүй биз дээ?

-Тэгээгүй ээ. Ер нь унтах цаг өнгөрчиж. Одоо хэд болж байна? Баримжаагаар?

- Баримжаагаар уу? … Еэ золиг, гэрэлтдэг цагаа орхичиж… Ойролцоогоор хоёр цаг.

- За за, ингээд унтацгаах шив дээ?

-Тэгье. Өнөөдөр би жаахан хүртчихсэн юм. Нөхдүүдтэйгээ салах ёс гүйцэтгээд. Унтъя даа.

Шууд л нам жим болцгоов. Дахиж ярилцсангүй.

Доор хэн байгааг Мишка төсөөлж чадсангүй. Дуу хоолой нь яг л Малафейкинийх дээ. Бас Семён Иваныч нэртэй… Тэгвэл юу гэж? Малафейкиний тухайд гэвэл зориуд онцолж сонирхоогүй ч гэсэн хөршийнхөө тухай хүн юу мэддэг билээ, тэр хэмжээнд Мишка түүнийг сайн мэднэ. Дээр үед Малафейкин шатнаас унаад сүрхий бэртсэн… Тэгэхэд тэр гоонь байсан, одоо ч ганц бие хэвээрээ. Хүнтэй нийлэмж муутай зожиг нэгэн. Амралтын өдрүүдэд түүн дээр өөрөөс нь нэлээд ахимаг нэг авгай охинтойгоо ирдэг байлаа. Тэр хоёр Малафейкины юу нь юм гэдгийг Мишка мэдэхгүй. Байрны гадаа салхилж байхад нь л харсан. Малафейкин охинтой гадаална, охин элсэн дээр тоглож, харин өөрөө сонин уншаад сууж байдаг. Охинтойгоо ирдэг нь эгч нь л байх, юу гэвэл өөрөөр байх шинж харагддаггүй. Малафейкиний тухайд гэвэл ердөө л энэ. Харин доод орон дээр генерал… Тохиолдол байхаа. Тийм тохиолдол байдагшдээ!

Мишка орноосоо болгоомжтой бууж жорлон орчихоод дараа нь ор руугаа авирч нүдээ анив. Өрөөнд нам тайван. Мишка унтчихлаа.

Богоон Москва нэлээд дөхсөн үед Мишка хамгийн сүүлд сэрэв. Нүдээ нээгээд доош өнгийн харвал цонхны дэргэд… Семён Иваныч Малафейкин сууж байдаг байгаа! Цонхны дэргэд түүний өөдөөс хараад тавь орчим насны, улаавтар үстэй эр сууж байна. Хоёул цонхоор ширтэх аж. Өөр бас нэг өмдтэй хүүхэн эсрэг талд ном уншиж сууна. Бүгд чимээгүй.

Мишка шөнийн яриаг санаж “Сайн уу, хөрш өө!” гэж мэндлэх гэснээ гэнэт больчихов. Эргэж хэвтээд бодлоо, шөнийн яриа зүгээр зүүд байсан ч юм билүү?

Хашрыг эргэцүүлэн бодож байх хооронд удтал чимээгүй байсан хүн дэмий л нэг үг хайдаг ёсоор өнөө улаан үст:

-За ингээд хүрээд ирэх шив дээ, - гэснээ сонин бололтой нэгэн цаас ширээн дээр шаржигнуулан тавиад ч юмуу эргүүлснээ босоод өрөөнөөс гарч одов.

Мишка орон дээрээсээ доош тонгойв. Хүүхэн түүнийг нэг, тэгснээ цонх руу, эргээд ном руугаа шагайна. Ээтгэр хамар, онигор нүдтэй Малафейкин зангиа зүүн, үсээ толийтол самнажээ. Тэрээр баруун гарын хуруугаараа ширээ товшлон цонхоор гөлрөнө. 

- Сайн уу, генерал аа! - гэж Мишка аяархан хэллээ.

Малафейкин гэнэт огцом эргэж харлаа… Хоёул харц тулгарав. Малафейкиний онигор нүд гайхсандаа томрон дугуйрч, Мишкагийн харснаар бүр айчихсан бололтой.

- Хүүед! – хэмээн Малафейкин дурамжхан уулгалаад – Хаанаас гараад ирэв ээ? 

Мишка юм хэлсэнгүй, хөршөө доогтой ширтэнэ.

- Юу вэ энэ чинь… Хүрээд ирэх шив дээ? – хэмээн Малафейкин бараг л хорсолтой маягаар асуугаад хаалга руу гялс хяламхийв.

Тийм байна, хөөед, урьд шөнө тоосгон байшингаараа бахархаж, шагнал урамшууллаасаа залхаад байсан мөнөөх хоолой яг мөн дөө.

-Шөнө чи юу юу гэж шаагаад байв… гээд эхэлтэл улаан үст гаднаас ороод ирлээ. Малафейкин тийш айсан байдалтай огцом эргэж харснаа… босоод:

- За ингээд хүрээд ирлээ дээ – гэснээ цонхоор онцолж ширтэнгээ малгайгаа өмсөж байна. – За за хотын Дунд гол харагдана, Тийм байна… хэмээн дороо эргэлдэв. Тэрээр хаалга тийш дөхснөө эргэж жумдаан руугаа сарвайв.

“Өөдгүй муу дүр эсгэгч!” гэж Мишка ярвайв. Малафейкиний чих улайсан нь дээрээс тод харагдана. Ерийн нэг будагчин гэж харагдахгүй л байна. Тэрээр өнгийж хөршөө тохуутай дагуулан ажиглана.

- Та хотын төв рүү явах уу? – гэж улаан үст асуугаад Малафейкинийг хүндэтгэлтэй гэмээр ширтэв. 

- А… ааа? –хэмээн Малафейкин цочирдоод – Би юу? Үгүй үгүй!... Өөр тийшээ явна.

- Тантай хамт хот руу явах санаатай л.

- Үгүй ээ… би өөр тийшээ…

- Бид хоёр Свибло чиглэл рүү явах юмаа – гэж Мишка хэлээд доош шалан дээр бууж ирэв. Түүний хөх инээд нь хүрчээ.

- Өө, манай өрөө хам сэрчихэж. Залуу сайн уу? Атаархам бөх унтах юм аа, чи. Миний нойр хүрэхгүй тааруухан унтлаа. Бололцоо гарсан дээр нэг сайхан дугхийгээд ав гэж өөртөө тушаагаад нэмэр болсонгй – гэж улаан үст ярив.

Мишка Малафейкинийг инээмсгэлэн ширтэнэ.

- Зүгээр дээ, нэг их сүйдтэй юм…

- Залуу байхад ч хэр баргийн юм тоохгүй дээ.

Малафейкин өөрийн хуучин жумдаанаа ороосон бүсийг чангалж хаалганы цаана гудаанд тавиад тэндээсээ өрөөнд оролгүйгээр гар сунган өлгүүрээс савхин дээлээ, тавиур дээрээс бүрх малгайгаа аван гудаанд хувцаслав. 

Түүнээс эмээгээд байгааг нь ойлгосон Мишка “За даа, надад ямар хамаатай ч юм билээ” гэж бодов.

Малафейкин дахиж өрөө рүү орж ирсэнгүй, Жумдаанаа чирээд богооны хаалга тийш зүглэв. 

Мишка богооноос буугаад түүнийг нүдээрээ хайв. Олж хараад гүйцэн зэрэгцэж алхлаа.

-Урьд шөнө бас илүү дутуу юм ярьчихав уу? – хэмээн эвлэрэнгүй асуугаад – Шөнийн явдлаасаа ичээ юу? Хэрэггүй дээ, зүгээр.

-Зайл чи! – гэж Малафейкин архирах нь тэр. Царай нь час улайчихжээ.– Чи муу юу гээд байгаам! Шартчихаа юу? Явж шараа тайл. Чи муу юу гээд хүн хоргоогоод байгаам?!

Хүмүүс тэр хоёрыг анхааран харцгаалаа. Зарим нь хэрүүл зодоон үүсэхийг сонирхохоор хүлээн бүр зогсож харна.

Бөөн шуугиан үүсэхээс болгоомжлон Мишка зогтусав. Гэвч Малафейкинийг хараанаасаа салгасангүй.

Метронд хамт орлоо… Мишка мань эрээс нүдээ үл салгана. Түүнтэй яаж эвээ олдог юм билээ гэж бодох аж. Цаадах нь гэнэт цагдаа дуудвал бүр дэмий юм болно.

Малафейкин тун болгоомжтой эргэн тойрноо шүүрдэн харав. Тэрээр Мишкагийн заналтай харцтай тулгартал цаадах нь харин урдаас нь нүдээ ирмэж байна. Савхин дээлний нь хатуулгатай зах бүрх малгайг нь дороос нь тулах аж. Малафейкин дахиж эргэж харсангүй.

Метроноос буугаад шатны тэнд Мишка түүнийг дахин гүйцэж очоод… чихэнд нь: 

- Битгий орил, мэдүү, бүү орил… Би чамаас ганцхан юм асууя, тэгээд л болоо. Ленинградад байдаг миний ах гээд нэг мангуу юм байдаг… өөрийгөө нээх өргөмжилчихсөн, айн? Юунд та нар ингэж бүлтэрч байдгийн, айн? Ингэлээ гээд ямар хожоо гардгийн? Би үнэн голоосоо асууж байна.

Малафейкин юм хэлсэнгүй, чигээрээ өлийн алхана.

- Ингэлээ гээд сэтгэл санаа чинь уужирдаг юм уу, хайшаа юм?

Малафейкин таг дуугүй.

- Урьд шөнө тэр хүнд худлаа баахан шаах ямар хэрэгтэйм, айн?

Өгссөн шат дуусаж газар дээр гараад ирлээ. Малафейкин ийш тийш харан цагдаа хайж байгаа бололтой… Мишка түүнийг гүйцэж түрүүлээд эргэж харснаа автобусны буудалд түрүүлж хүрэв.

“За яахав, гэрийнхээ гадаа очиж байгаад чамайг болгож тавина даа” гэж шийдлээ.

Автобуснаас бууж байрныхаа ойролцоо ирээд Малафекинтай дахин зэрэгцэн ирэв. Гэтэл цаадахынх нь нүүр ам таталдан хачин үрчийж, толгойгоо сэгсрэхэд малгай нь золтой л уначихсангүй. Хөлөө дэвсэн хашигичиж:

- Надад битгий ойрт-, битгий ойрт!, битгий ойрт!... байдгаараа орилов. Тэгснээ эргэж хараад гэр рүүгээ гүйхээрээ хурдлан одов. Бараг л гүйж байна. Бүсээр ороосон чирч яваа шар жумдаан явдал дунд хөлийг нь цохилно. Өмссөн савхин дээл нь ширүүн алхаанд хавиран шир шир гэнэ. Бүрх малгайгаа явдал дундаа солгой гараараа заслаа… эргэж харсангүй.

Мишка яагаад ч юм, түүнийг өрөвдөх шиг болов.

“Бүлт шаамар” - хэмээн Миша өөр зуураа хэлэв. - Зуслантай гэнэ. Тоосгон харштай, хараач хөөе?... Бүлт шаамар! Эд бас ингэж амьдарч чаддаг гэнэ… Бүлт шаамрууд.

Тэр эргээд алхав. Дэлгүүр рүү. Тамхи нь дуусчихжээ.