Чиний дотор хоёр төвшин бий: Сэтгэхүйн болон сэтгэхүйн чанад. Хүрээ хязгаартаа орших, эсвэл дотоод төвдөө орших гэж хэлж болно. Тойрог бүхэн төвтэй. Төвөө чи мэдэхгүй байлаа ч тэр оршиж таараа. Төвдөө бол чи хэдийнэ Будда, Сидда юм. Хүрээ тойрогтоо бол хорвоогийн төрөлтөн - бодол сэтгэл, зүүд зэрэглээ, хүсэл хяслын мянга нэгэн тоглоомон дунд оршигч. Хааяа чамд төв рүүгээ цөмрөх тохиол бий. Багшийг сонсож суухдаа, бясалгалд уусах үедээ... Буддатай  ижил гэрэл гэгээ, нам гүм, дагшин ертөнцийг мэдэрнэ. Даанч тийм мөч үүрд эс үргэлжлэх. Эргээд л гадаад хүрээндээ ойчиж, “Би юу ч ойлгохгүй мунхаг амьтан” хэмээн гуниглах.
   
Гэвч сэхээлэг байхын урлагт мэргэших юм бол ийм зөрчил арилна. Хүрээнээс төв рүү, төвөөс хүрээ рүүгээ эрх дураараа нүүж чаддаг болно. Гэртээ орох, гэрээсээ гарахтай л адил. “Би гадаа байж яаж гэрт орох юм бэ?”, эсвэл “Гэртээ байж яаж гарах юм бэ?” гэж гайхширдаггүй биз дээ? Гадаа нарлаг, сайхан байвал чи цэцэрлэгтээ сууна. Нар шараад, эсвэл хүйтрээд тохьгүй бол гэртээ ороод тухалчихна. Сэхээлэг хүн төв, хүрээ хоёртоо тэр мэтчилэн энгүүн тааваараа шилждэг. Зах зээлийн газраас аглаг хийд рүү, эгэл амьдралаас дияан бясалгалд гэхчлэн. Учир нь тэр хоёр төлөв харилцан харшилдахгүй хос жигүүр юм. Аль нэг жигүүр нь дутвал шувуу халин нисч чадахгүй шүү дээ.
   
Сэтгэл нэг л талдаа ягшин зууралддаг зантай. Зах зээлийн газар уяатай хүмүүс тэндээсээ хэзээ ч гарахгүй, бясалгал хийх завгүй, цаг зав байлаа ч яаж бясалгахаа мэдэхгүй, чадахгүй гэцгээдэг. Би гадуур тэнэдэг хүн яаж гэртээ орох юм бэ гэж байгаа шиг. Тэгвэл нөгөө тийшээ туйлширсан хүмүүс бий. Тэд хорвоогийн амьдралыг жигшиж, сүм хийд, уул хаданд бүгдэг. Нүдээ аньж, бүх хаалга цонхоо хааж, Лэйбницийн монад шиг болдог. Аль аль нь өрөөсөн даль сонгосон явцуу амьдрал.
   
Би та нарыг хос жигүүрээ дэлгээсэй гэж хүсдэг. Зах зээлийн газар ч байж чадах, бас бясалгалд ч ордог нэгэн бол. Бусадтай ч харьц, бас өөртэйгөө ч бай. Орчлон үүдийг чинь тогшиж, урин дуудсан үед гарч бай. Улам хөгжих, ухаажих боломжийг бүү алд. Гагцхүү гэрээ мартсан Гэсэр болуузай. Хааяа гэртээ эргэн ир. Хорвоог мартаж, бясалгалдаа уусах хором чөлөө хэрэгтэй. Өдөр тутам гадаад, дотоод тэнцвэрээ хадгалж сурвал чиний амьдрал явцуу давчуу байхаа болино. Энэ бол Зэн багш нарын хэлдэг санаа: “Гол гатал, гэхдээ хөлөө норгох хэрэггүй” гэдэг. Хорвоод байх мөртлөө хорвоод бүү харъяалагд.

Зэн багш Хотэй нэгэн тосгонд иржээ. Тэр бол энэ газар дэлхий дээр алхаж байсан хосгүй сайхан хүмүүсийн нэг. “Инээсэн Будда” гэдэг алдраар нь хүмүүс андахгүй. Дандаа л инээж хөхөрч явдаг байв. Гэхдээ хааяа модны дор өөр дүртэй сууна. Тэр тосгонд Хотэй модны дор нүдээ анин, хөхрөх байтугай инээмсэглэх ч үгүй, дуугаа хураан нам жимхэн сууж байлаа.

- Хотэй, та яагаад инээхгүй байгаа юм бэ? гэж нэг хүн асуужээ.
    Тэрээр нүдээ нээгээд:
- Би бэлдэж байна гэжээ.
    Өнөөх хүн учрыг олсонгүй.
- Бэлдэнэ гэж юу гэсэн үг вэ? гэхэд Хотэй:
- Өөртөө амралт өгч, дотогшоо орж байна. Бүх ертөнцийг мартах хэрэгтэй. Тэгвэл би эргээд шижир залуу болж, инээж эхэлнэ гэжээ.


Эх сурвалж: “A Sudden Clash of Thunder”  - Ошо