Өнгөрөгч хавар Ерөнхий сайдын албаа өгсөнөөс хойш олон нийтийн өмнө огт гарч ирээгүй Л.Оюун-Эрдэнэ гэв гэнэт “Лхагвын тойм”-оор орж ирээд гэрийн маань хойморт тухлав. Хэдийгээр энэ хүнээс их сайн зүйл хүлээгээгүй ч "олныхоо жишгээр" суваг таарууллаа. Маш сайн бэлтгэж, бодож тунгааж орсон ярилцлага байх, алдаа, оноогоо цэгнээд, өс хонзонгоо хойш тавиад, төрийн хүн шиг биш гэхэд эр хүн шиг нуруутай суух болов уу гэсэн тэгсэнгүй. Угаасаа энэ хүнээс ийм үйлдэл хүлээх нь өөрөө "эр үхрийн сүүгээр тараг бүрэв" гэдэгтэй ижил зүйл л дээ. 

Гэвч "муу юманд ч сайн тал бий" гэдэг шиг Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн дараагийн нүүдлээ ил болгосон явдал нь энэ ярилцлагын ач холбогдол байлаа. Ярилцлагын бүр эхэнд тэвчээр алдаад үнэнээ хэлчихсэн л дээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс болоод яаран шийдээд орж ирлээ гэж.

Ерөнхийлөгчийн хууль гэдэг нь нөгөө гишүүдийн эгдүүг хүргээд байгаа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл. УИХ-ын гишүүд, улс төрийн намууд парламентын засаглалаа хамгаалахгүй байна гэв. Үнэн хэрэгтээ ярилцлагад орох болсон цор ганц шалтгаан нь У.Хүрэлсүх гэдэг хүн байж, өргөн барьсан хуулийн төсөл нь аян шалтаг болж. Чухам эгзгийг нь тааруулсан хэрэг. “Үе үеийн Ерөнхийлөгч нарын зовлон” гэж байгаад сүүлийн нэг жилийн дотор МАН, Засгийн газар, парламент дотор болсон бүх үйл явдалд Ерөнхийлөгчийг хавчуулав. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүртэл буруутгав. МАН-ын залуучуудыг замаасаа зайлуулах процесс явчихлаа, Ерөнхийлөгчөөр сонгогдох, эсвэл Ерөнхийлөгчөөс бууж ирээд намаа авах гэсэн нэг л хүний явуулга гэв. Ингэхэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ганцаараа МАН-ын залуучуудыг төлөөлж чадах уу? гэдэг эхний асуулт.

Цагтаа энэ хүн ч гэсэн тухайн үед МАН-ын генсекээр ажиллаж байсан нутгийн ах У.Хүрэлсүхийн татаасаар тус намын залуучуудын байгууллагад шургалсан. Хувийн сургууль төгссөн диплом ч үгүй нөхрийг сумын Тамгын газарт галч хийж байхад нь авчираад ногоон гэрлээр НАМЗХ-ны тэргүүн болгож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн. Гишүүн болсныхоо дараа “Шударга тав” нэртэй бүлэг байгуулаад Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаад намын дарга, Ерөнхий сайдаа огцруулсан. Үүнийхээ шагналд ЗГХЭГ-ын дарга, МАН-ын дарга, Ерөнхий сайд хүртэл явсан. Хувь хүний капитал, улстөрчийн манлайллаар энэ хүртэл явсан гэж үү?

“Гадаа жагсаал болж байхад ордон дотор заавал нэг зүйл болж байдаг. Шалтгаангүй жагсаал байдаггүй” гэж хэлсэн үг нь ч гэсэн үүний бас нэг нотолгоо. “Орлогоо нотол" жагсаалын ард өөр хэн нэгэн байсан гэж үзвэл М.Энхболд дээр хэрэглэсэн яг тэр аргыг нь өөр дээр нь эргүүлээд хэрэглэсэн л байна. Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой юм. Аливаа төсөл бүхэн өөрийн цаг хугацаатай. Харин Л.Оюун-Эрдэнэ л ганцаараа үүнтэй эвлэрч чадахгүй байх шиг байна. 

Үргэлжлэл бий