Нэпко хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэг хамтран ХХ зууны “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал ном гаргаж байгаа билээ. Энэхүү цувралын эхний ботиуд Бодоо, Чойбалсан , Дамдинсүрэн, Чин Ван Ханддорж, Батмөнх , Намдаг нэрээр дахин хэвлэгдэн худалдаанд гарлаа.

Энэ удаад бид Нацагдорж намтар номыг уншигч та бүхэндээ хүргэж байна.


Яруу найргийн нь урыг давтах авьяастан алга л байна


Нацагдоржийн яруу найргийн өнгө аяс, бичлэгийн арга барил, төрөл зүйл нь даанч баян. Ардын дуу болсон Цэнхэрлэн харагдах, албан ёсны дуу болж далан жил дуулагдсан Пионерын дуу, аян замын тэмдэглэл маягаар бичсэн Улаанбаатараас Берлин хүртэл, ахан дүүс, найрамдал, олон улсын сэдэвтэй  МЮД, Туяа үзэгдэв, Октябрь, янаглал амраглалын амт шимтийг яруу дүрсэлсэн Нууц янаг, Нойрын дуунд, Мөрөөдөл, алс хол харь орны тухай Туурганы зургийг үзвэл, Энэтхэг бүсгүй, Алс газар сурахаар явагч, уран цэцэн хэллэгтэй ухаарал егөөдлийн дөрвөн мөртүүд, хан тэнгэрийн эрхэст хандсан Од, Нар аа, Сар аа, эх орон түүх соёлоороо бахархсан Түүхийн шүлэг, Миний нутаг, амьдралын нэгэн давааг давсан үеийнхээ тухай Гянданы мөчлөг, анагаах ухаан төдийгүй ерөөс шинжлэх ухааны танин мэдэхүйн шүлэглэсэн нийтлэл болсон, “эрүүл энхийн сэдэвт” гэж нэршсэн мөчлөг шүлэг, өнөөдрийн яруу найргийг шинэчлэгчид хэмээн өөрсдийгөө тунхаглагчид ч атаархмаар бичсэн Бид хоёр /Би хэн буй? Чи хэн буй?/ гээд амьдрал, түүх, хайр сэтгэлийн олон өнгө аяс цөм байна.

Нацагдорж орчин үеийн монголын уран зохиолын төрөл зүйл бүрийн тухайлбал яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолд шинэ төрөл зүйлийг бий болгож шинэ уран зохиолын бүх төрөл зүйлийн үндсийг тавьж чадсан гавьяатай хүн.

Өнөөдөр ч монголын яруу найргийн ололт оргил болсоор байгаа Нар аа, Сар аа, Од, Гайхалтай, Нойрын дунд, Дөрвөн цаг, Миний нутаг, Түүхийн шүлэг, Бид хоёр зэргийн яруу найргийн бүтээл, Ламбугайн нулимс, Шувуун саарал, Харанхуй хад зэрэг өгүүлэлт зохиолууд, Учиртай гурван толгой, Ондоо хүмүүжил зэрэг жүжгийн зохиолуудыг нь дурдахад хангалттай.

Нацагдоржийн уран чадвар нь түүний зохиолын санаа, сэдвийн шинэчлэлдээ ч байгаа төдий юм биш ээ. Түүний уран чадвар нь зөн совин, зүүд зэрэг болзолт дүрслэлийг ашиглан уран сэтгэмжийн (өөрийнх нь бичсэнээр фантастика) аргыг реалист аргатай хослон хэрэглэж чадаж байснаар илэрнэ.

Нацагдоржийн уран бүтээл нь аман зохиол, хуучин бичгийн зохиол хийгээд өрнө дахины уран зохиолын ололт амжилтанд тулгуурласан байдаг нь түүний уран чадварын цар хүрээг харуулж байгаа юм.

Тэр хуучны юм бүхнийг тахин шүтэж толгой дээрээ залах юм уу, ор тас үгүйсгэж улан доороо гишгэж байсангүй. Өрнө дахины “өндөр” соёлын өмнө тонголзон бөхийж байсангүй. Аль алинаас нь өөрийн билиг авьяас, ухаан боловсролын түвшиндээ тохируулан авч байлаа.

Энэхүү Хүннүгийн улс хоёр мянган жилийн тэртээ
Өмнө Нанхиадыг сүрдүүлж урт хэрмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч Европ дахиныг сандруулсан
Өөрийн дурсгалт зүйлээ монгол орондоо үлдээсэн


гэж 1930-аад оны дунд үед бичиж хэвлүүлж байсан Монголын өөр зохиолчийг олохгүй ээ. Үгүйгээс

Залуу хүмүүс нойрын дуг
Янагийн зүүд амтны дунд
Сэтгэлийн онгоц далайн долгионд
Шинэ янаглал галын дөлөнд гэх юм уу.
Бид хоёрын сэтгэл хэзээд нэгэн ямхын дотор хослов
Бие биеэ хайвал өлсөнө…
Бид хоёр орчлонг сонирхохгүй…
Миний гүехэн сэтгэл өлсөнө.
Тэгээд бас амтыг сонгон олж ядна


гэх зэргээр бичсэн энэ шүлгүүд өнөөгийн ямар ч “модернист”-ын шүлэгтэй эн зэрэгцүүлэхийн аргагүй чадварлаг байгааг уншигч мэдэрнэ. Одоогийн онолчирхон үгүйсгэгчид тавин жилийн дараа мартагдана гэж буй бөгөөд тэд өөрсдөө Миний нутаг шиг шүлгийг өдөрт арваас хорийг бичнэ гэж ханхалздаг атлаа

Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг
Хөх монголын цагт хүчирхэг боссон орон
Он онд идээшиж олон жил дассан нутаг
Одоогийн шинэ монголын улаан туг бүрхсэн орон


гээд биччихсэн нь байхгүй л байгаа шүү дээ. Нацагдоржийн ухуулгын шүлгүүд гэгддэг шүлгүүд нь ч уран сайхны өндөр түвшинд хүрсэн байдгийг

Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотроос чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан


гэж хэлний яруу хэрэглүүрийн ахиулалтын маягийг ашиглан уянгалаг агаад уран сайхантай бичсэнийг хэн ч урлаг биш гэж басамжлахын аргагүй.

Энд Нацагдорж аман зохиолыг гарамгай ашигласан, түүнээс үүдэл санаагаа олж хүч оруулан хөрөглөсөн нь “өргүй бол баян, өвчингүй бол жаргалан” гэдэг цэцэн үгтэй холбон өгүүлэхэд харагдана. Шүлгээ ч энэ үгээр нэрлэсэн юм.

Энэ нь Эрүүл явбал улсын наадам үзнэ, 3алуу нас цэцгийн адил гэх мэтээр зохиолынхоо гарчгийг хүртэл онож, яруу өгч байсан нь ухуулгын биш уянгын шүлгийг өөрийн эрхгүй санагдуулж байгаа юм.

Эрүүл энхийн сэдэвт гэгддэг энэ мөчлөг шүлгүүддээ егөөдөл, хошигнолын хэрэглүүрийг өргөн хэрэглэхдээ уран сайхны тал, сургамжлах тал хоёрын тэнцвэрт харьцааг зөв олж чадсан нь түүний “ухуулгын шүлэг”-ийн давтагдашгүй онцлог болж чадсан юм.

Нас хорин тавхан атал
Ярны шатыг төгсгөөд
Нахиу хамраар шагнуулаад
Ямба тушаал өндөрлөжээ


гэсэн энэ шүлэг “Өлзийт өвчин” гэсэн нэрнээсээ эхлээд тэр аяараа егөөдөл юм.
Нацагдорж шүлэгтээ монголын хуучин утга зохиолын бичлэгийн олон хэлбэрийг чадамгай ашиглаж байсан нь “Үзэсгэлэнт охин сон” гэсэн “ухуулгын шүлгийн” нэрнээс харагддаг. Монгол шүлэг “сан, сэн” гэх мэтийн дагаврыг харуусал гашуудал илэрхийлэхэд хэрэглэдэг уламжлалтай. Энд яр өвчинд баригдсан залуу бүсгүйн төлөөнөө харамсаж байгаагаа “охин сан” гэдэг үгээр илэрхийлсэн бол “Со- ё чамайг хайрлана” шүлэгтээ эхний хоёр бадгийн мөрийн төгсгөлийн үг бүрийг “сан, сэн, сөн” гэсэн төгсгөлтэй бичсэн нь мөн л харууслаа хүчтэйгээр илэрхийлэх хэрэглүүр болгожээ.

Улсдаа үүрдийн их гавьяатан сан
Олондоо онц эрхэм хүндтэй сэн
Ийм ариун сэтгэлтэй хүн сэн
Цэгц, эмзэг зантай нөхөр сөн


гэх мэт.
Монголын зарим зохиолчид Д.Нацагдоржоос хойш “ухуулгын шүлэг” гэдгийг гучаад оны дунд үеэс хойш бичиж эхэлсэн бөгөөд энэ уламжлал бараг ерээд он хүртэл үргэлжилсэн боловч гучаад оны эхээр Нацагдоржийн тогтоосон тэр түвшинг давж чадалгүй байсаар шинэ үетэй золгож “ухуулгын шүлэг” гэдэг нэр томьёо үгүй боллоо.

Энэ нь Мандухай цэцэн хатны “Өргөж үл болох үүдтэй билээ, алхаж үл болох босготой билээ” гэж хэлсэн үгийг өөрийн эрхгүй санагдуулдаг. Д.Нацагдорж “ухуулгын шүлэг”-ийг өргөж болохгүй хүнд үүдтэй, алхаж болохгүй өндөр босготой болгосон нь түүний уран чадварын гайхамшгийн нэг илрэл мөн.

НЭПКО Хэвлэлийн газар