Монгол хүний сайхан занг илэрхийлэх үгийг “найрсаг” гэнэ. Үгийн үндэс нь “найр” ажгуу. Аливаа үндэстний домог туульс нь  мөрөөдлөө биелүүлж байгаагаар өндөрлөдгийн адил монгол үлгэр “наян жилийн найр” хийж байгаагаар жаргана. Яаж найр хийдэг жор нь ч тэнд бичээстэй тул мэдэж цөхөх юмгүй, “хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж” найрладаг байна. Монгол хүн найр хийж байгаа үедээ маш сайхан ааштай байдаг учраас сайхан зан гаргахаа найр хийж байгаа мэт аашлах буюу “найрсаг” байх хэмээн нэрийднэ. Хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлнэ гэвэл  хөрштэйгээ “найран дундаа” мэт байхын нэр ажээ.

Архи, махгүй бол уур нь хүрч сэлмээ шүүрдэг энэ айхавтар үндэстэн, найр хуримынхаа зав чөлөөгөөр хажуу хавиргынхнаа түйвээн дараагийн найрандаа шаардлагатай бараа түүхий эд цуглуулах замдаа дэлхийн гүрэн байгуулжээ. Соёлт ертөнцийнхэн ааш муутай нэгнийхээ согтуу явахыг хараад халширдаг бол монголын хөршүүд “Умрын нүүдэлчид”-ийг юм үнэртүүлээгүй цоо эрүүл явна гэж дуулдвал дагжин чичирдэг байсан байх даа.

Найр гэдэг нь бас малаа дагаж мөнхөд ганцаардсан нүүдэлч хүний хувьд олны дунд байх, нийгэм дотор байгаагаа мэдрэх боломж олгоно. Тийм учраас монгол хүн айлд ороод ярих юм, хүнтэй уулзаад сонирхуулах мэдээтэй явахыг эрхэмлэнэ. “Таван үгний солиотой” гэдэг үг бол олон нийтийн анхаарлыг татах чадвартай гэсэн үг. Энэ чадвар  нь түрхэн зуур хүрээлсэн хүмүүст, хамтлагийн дотор түрхэн зуур ч болов өөрийгээ хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн үг.

Тийм болохоор өнөөгийн монголчуудын дунд ч ерийн үгээр илэрхийлсэн ерийн  үнэнээс илүүтэй ер бусын үгээр илэрхийлсэн сүрт мэдээлэл чухал байдаг. Бодит байдлыг мушгиж аймаар сүртэй болгосон популист суртал нэвтрүүлэг, тэр талын улс төрчид  алдартай байдгийн учир энэ. Хүмүүс чих дэлдэлгийм үг, сэрхийлгэсэн ухуулгыг ямар ч шүүлт, хяналтгүйгээр цээжлэх зөнтэй.  Учир нь түүгээр  үнэнийг ойлгуулах гээгүй, зүгээр л олны анхаарлыг татаж, өөрийгээ түрхэн ч болов хүлээн зөвшөөрүүлэх л чухал. Найр нь дотроо засаад сайхан зантай болох шууд утгаасаа гадна олны дунд орж ганцаардлаасаа салах, нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэх үйл явц байлаа.

ХХ зуунд монголчууд социализм байгуулж, суурьшин иргэншиж эхлэв. Иргэншин хөгжиж суурьшихийн цагт монголчууд архи, мах байхгүй байсан ч найр хийж байгаа мэт сайхан ааш гаргах хэрэгтэй болохыг ухаарав. Агсам тавьдаг хүнд архи гэж итгүүлээд ус уулгачихснаа сүүлд хэлэхэд “Тэгнэ ээ тэр, даанч хэрүүлийн үг эвлэж өгөхгүй байсан юм” гэсэн гэдэг шиг  өмнө нь архи мах өрөөгүй байхад найрсаг загнах нь амаргүй байсан байх.

Гэвч социализм өөрөө тэр чигээрээ найр ёслол болохыг удалгүй олж харлаа. Коммунист үзэл суртлын сүм болох улаан булан, клубүүд нь тэр чигээрээ найр наадмын газар ажгуу. Намын их хурал, чуулган зэрэг нь нам засгийн удирдагчдийн үгийг баярлан сонсдог, уухайлан түрдэг нэгэн зүйл найр наадам авай.

Нүүдэлчин хүн олуулаа цуглахыг наадам гэж ойлгодог болохоор баярын жагсаал, Ю.Цэдэнбал даргын албан тоотыг хүлээн авах цуглаан, эвлэлийн хурал, нэгдэлчдийн зөвлөлгөөн, сайн малчдын уулзалт, тэргүүний сайчуудын чуулган бүгд л баяр наадам болохыг ухаарав. Тэр байтугаа намын эсрэг бүлгийг буруушаах цуглаан, хөрөнгөтнийг үзэн ядах жагсаал ч баяр наадам болохыг мэдрэв. Учир нь тэнд санал зөрөлдөж, хоорондоо маргах юм байхгүй, нэгэн дуугаар үзэн ядаж, санал нэгтэй харааж зүхэх тул үзэл санаа нэгдэхийн жаргалыг амсана.

Даншиг наадам, хошуу наадам доошоо салбарлан овоо тахилга, хурим, үсний найр, унага тамгалах найр, хонь хяргасны идлэг, гүү барьсны уулга болон үрждэг байж, уламжлалаараа бол.

Харин иргэншиж буй монголчуудын найр наадам Намын  их хурал, түүхт ой нь, байгууллагын шинэ жил, социалист хөдөлмөрийн бригадын мандат авсны угаалга, байгууллага хоорондын АСК(Зөвлөлтийн телевизийн КВН хэмээх шоуны монгол хувилбар), ангийн нийллэг, багш эмч барилгачин...нарын баяр, төлчин эмэгтэйчүүдийн уулзалт хэмээн үржиж байлаа.

Даян дэлхийн шударга түмэнтэй санаагаа нэгтгэн жагсах, америкийн коммунист Анжела Девисийг суллахыг шаардах хилинт цуглаан зэрэг нь ойрд уулзаагүй  улстайгаа уулзаж, сонин сайхныг сонсох, гол нь өөрийн дуулсныг ярьж хүний анхаарлыг татах боломж олгоно. Социализм бол хувь хүний мөн чанарыг дарангуйлснаараа хамгийн харгис тогтоц байсан ч нийгэмшихийн мөрөөс болон ганцаардаж явсан нүүдэлчдийг нийгэмлэг болгон өөд нь татсан  нь бас үнэн бөлгөө.

Гэхдээ БНМАУ-ын (Бүгд Найрамдах Монгол Ард Улс  буюу коммунист тогтоцын үеийн) ард иргэд зөвхөн төрөөс зөвшөөрсөн зурвас дотор, зөвшөөрсөн сэдвээр найрлах учиртай. Энэ оролцоо сүүлдээ хэтэрч хуримыг хүртэл хурал маягаар зохион байгуулах, архигүйгээр найрлахыг шаардах хэмжээнд хүрсэн юм.

 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш иргэд санаачилгаараа наадах болов. Зун нь наадам, овоо тахилга, сум орон нутгийнхаас эхлээд хутагт хувилгаадын ой... гээд орон нутагтаа наадна. Сэрүүн унахаар найр хурим хот сууринд шилжинэ.

Хурим найранд том зочин ирэвэл бөөн баяр. Айлын найранд нэртэй бөх, явуулын сайд дарга нар ирж таарвал  тэрхүү хуримын рейтинг шууд өснө. Улс орон нь ч ялгаагүй. БНМАУ-д зочилж буй Зөвлөлтийн удирдагч, ах дүү социалист орнуудын төрийн тэргүүн нар үндэстний баяр хөөрөнд хөг нэмж байлаа. Гадаадын зочид ирснийг “баярлан угтсугай” гээд өвлийн хүйтэнд туг далбаа бариулан гадаа зогсоож, осгоон алдаж байхад уцаарлаа нь үгүй. Өнөөдөр ч олон улсын хурал цуглаан болж байна хэмээн зам хааж, түгжээнд гацаахад унтууцаж, буруушаах нь үгүй. Учир нь зочин ирж, найр наадам болж байгаа учраас “найрсаг байх хэрэгтэй” ажгуу.

Гучаад жилийн өмнө манай сумын ойд Баянаа аварга  яаж ч явсан юм таараад оролцсон байгаа юм. Тэр ойн баярын наастр лав арван жил үргэлжилсээн.  Зуны амралтаар очих бүрийд, айл болгоны жаазны голоос Баянаа аваргатай авахуулсан зурагнууд гэрэлтэж, айлын авгай нар цай хоол бэлдэн улаа бутрангаа байн байн хоймор өөдөө харц шидэж "манайх ийм л айл даа" хэмээ“ бахдан байдагсан. Айл гэр, хувь хүний энэ нийтлэг төрх нь үндэстэн ба төрийнх нь иймэжид ч шингээстэй. Одоо энэ АСЕМ-ийн уулзалт энэ тэрээ чинь  1984 онд болсон Завхан аймгийн Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдлийн 20 жилийн ойн томсгосон хувилбар биш гэж үү? Дэлхийн төчнөөн орны засаг төрийн удирдагчид “манайд ирж хоноод” хэмээн улс үндэстнээрээ арван жил гайхуулах юмтай байх гэсэн нүүдэлчин монгол хүний далд зөн, нууцхан хүслийн илэрхийлэл шингээстэй, үнэртээстэй. (Харин Парис хотын иргэд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх түүхт хурал саяхан зохиогдсонд тэгтлээ ч баярласан эсэхийг бүү мэд)

Найранд дуртай атлаа бие биеийнхээ найранд дуртайг гайхна. Хотынхон нь хөдөөгөө шоолно,”манай малчид овоолсон чулуу тааралдвал овооны наадам хийдэг гэж байгаа хи хи”, “наадах чинь юу ч биш, цагаан бүрээсээ угаачихаад гэрийн найр хийдгийг нь юү гэхэв” гэлцэн шоолно. Хөдөөнийхэн нь “Энэ хотынхон чинь тийм төрсөн өдөр, ийм валентины баяр, сүүлдээ жиргээчдийн ёолк гэж хаа хамаагүй улс хүртэл нийлж банхиад хийдэг болсон байна. Аль завандаа ажлаа хийдэг юм бол доо хөөрхийс” хэмээн хүд хүд хөхөрнө.

...Найр, уулзалт, хурал бол монгол хүн сайхан зантайгаа харуулах, найрсаг байх боломжийн эрэлхийлэл.

Монгол найрыг бүү шоол! Сайхан ааштай боломжоо хайж яваа бие биенээ, бас төр засгаа ойлгохыг хичээ.