Амьдрал энгийн, үхэл ч энгийн. Хүн л өөрөө элдэв долоон юм бодож зохиож, түүндээ ороогдож зовохгүй бол. Байгаль оршихуй аясаараа л энгүүн сайхан. Төрөхөд минь тэнгэр ивээж, газар түшиж угтсан шигээ нөгчихөд минь наран саран ёсоороо л үднэ. Угтах, үдэх ёсыг байгаль ертөнц өөрөө хамгийн төгсөөр үйлддэг. Хүний элдэв заншил ёс түүний дэргэд өөрсдийгөө хуурсан наадам төдий санагдах. Саяхан оршуулах ёстой холбоотой нэг нэвтрүүлэг үзсэн юм. Түүнээс болж хүмүүс бөөн хар сэжиг, арцалдаан болохыг хараад энэ үгийг бичиж сууна. “Буян үйлдэж оршууллаа гэж бодсон чинь нүгэл болчихжээ. Одоо яанаа. Даанч хүн хард үзүүлэхээр хойдхыг нь буруу хийж гэж гараад байдийм...” гэхчлэн шогшрох хүн таарах. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэдэг сэн. Сүжгээр эдгээх учиртай “шашин ном” нь сэжгээр өвтгөх шалтгаан болчихоор яана даа.

Монголчууд урьд нь талийгчийн цогцсыг хөдөө хээр ил залчихдаг байсан. Араатан жигүүртэн хооллоод, газар дэлхийдээ саадгүй шингээд эргэж хоргох юмгүй амар байж. Хожим орчин цагийн аясаар авсалж, булж, цементэлж оршуулдаг болсон. Алд алдын газрыг дэлхийгээс хомслоод буцах нь тиймэрхүү. Сүүлийн үед чандарлах ёс дэлгэрч байна. Уул нь цэвэр аятайхан санагддаг. Тэгээд л чандраа байгальд нь залчихвал болоо санагдах юм. Эсвэл цэцэрлэгт хүрээлэн нээгээд, бордоо холиод мод тарьдаг ёс жаягтай болчихвол ээлтэй сэн. Заавал суварганд залах албагүй л баймаар. Өлзий буянтай газар хадгалж оршооё гэсэн бодол хэн хүнд төрдөг биз. Суварга л сайхан гээд мань сурталчид ухуулж сэнхрүүлсэн хойно.

Хүний жаргал, зовлон, сайн, муугийн шалтгааныг гадна тал руу чиглүүлж, атгаг сэжиг, айдас хүйдэст автуулж, арга чарга, засал шидийн нэрээр ашиг эрсэн хар, шар зурхайч төлгөч, гүрэмч доромч, бурхангүй газрын бумба нарын арми хүрээ тэлсээр. Түүнийг “Очир хөлгөний эрхэм егүзэр”-үүд тунгааж л байлтай. Сэжгээр өвчлөх нь дэндсэн энэ цагийн хүмүүст анхаарлыг нь гадагшаа биш, дотогшоо чиглүүлэх ухаарлыг түлхүү хайрлаасай. Бүх зүйл гэрлийн хот мандал болохоор ариун, бузрын ялгаа сэтгэлд л байдаг, атгаг сэтгэлээс ангижирч амгалан хоосныг ухаарах нь Очир хөлгөн гэдэг сэн.

Бодь мөрийн зэрэг-т Бодова гэгээний нэг үг бий: “Бурхан багшийнхаа төгс гэгээрсэн билиг ухааныг бид энгийн нэг мэргэч төлөгчийн дайтай ойшоож үздэг бил үү? Нэг төлөгч танд ийм ийм барцад байна, тийм тийм засал дом хий гэхэд нь дуулгавартай нь аргагүй дагаж, ёсчлон гүйцээхийг чармайдаг, дутуу дулимаг үйлдвэл хэлсэн ёсоор нь хийсэнгүй дээ гэж сэтгэл зовнин зовнин явдаг. Тэгсэн хэрнээ Бурхан багшийн “Энэ л чухал шүү, тэр нь чухал биш” гэхчлэн заасныг тунгааж бодох ч үгүй, Бурханы ном тэндээ, маний ном эндээ гэсэн янзтай тоомжиргүй явдаг биз дээ” гэх.

Бурхан багш юу чухал гэсэн юм бэ? Илбийн хорвоог ухаар. Ажигла, бясалга, сэхээр л гэсэн. Тэр тусмаа нөгчих үедээ “Энэ миний сүүлчийн хичээл. Нөхцөлдөж бүтсэн бүхэн мөнх бус. Өмчирхөж зууралдах юу ч үгүй. Өөрөө өөртөө гэрэл бол” гэсэн. Бурхан багш ч биеэ орхин, дэлхийн юмыг дэлхийд нь тушаагаад явдаг хорвоо. “Ертөнцийн мөнх бусыг үзүүлэх” гэж монголчууд хэлдэг. Асар гүн утгатай үг. “Тоосноос бүтсэн бүхэн тоос болоод л замхардгийг та надад илтэд харууллаа. Маргаашийн нарыг ч үзэх болзоогүй амьдралыг сэнхрүүллээ. Энүүхэн чөлөөнд илүү утга учиртай зүйлдээ анхаарахыг надад санууллаа” гэсэн үг. Талийгаач бүхэн ийм л хичээл заагаад оддог. Үлдэгсэд тийм ухаарал өвөрлөөд үлдэх юм бол түүний хойноос үйлдэж буй хамгийн том буян, талархал бизээ. Бусад нь зүгээр л нялхсын наадам.

Буян, нүглийн учгийг өөрийн дотроос биш, үнс чандар, шавар шорооноос эрэн эргүүтэхийг маань Будда харах юм бол шоолж инээх болов уу, өрөвдсөндөө уйлах ч болов уу? Эсвэл зүгээр л хагдарсан навч гартаа имрэн дуугайхан зогсох байх даа.