Буддаг үр үндэс гэж үзвэл Хотэй түүнээс ургасан модны цэцэг жимс. Буддаг ойлгоё гэвэл Хотэйг ойлгохыг хичээ. Түүнийг Инээмтгий Будда гэж хүмүүс дууддаг нь оносон хэрэг. Будда Хотэйн дүрээр заларчээ. Будда Хотэй дотор инээж байлаа. Гэгээрэл оройн титэмдээ гэрэлтэн туяарсан нь тэр аж.

Гэхдээ Хотэйг ойлгох амаргүй. Түүнийг ойлгохын тулд өөрөө тийм цэвэр тунгалаг баяр баясгалангийн хэмжээсэнд орох хэрэгтэй. Хэрэв чи үзэл суртал, хэв загварт баригдсан бол Хотэйн хэн болохыг харж чадахгүй. Тэр зүгээр л чамайг харж хөхрөх болно. Хүн яаж тийм тэнэг, хөгтэй байгаад итгэж ядан хөхөрнө. Хоол хүнсний тухай ном уншиж, жор чээжилж, энэ нь ийм, тэр нь тийм гэж маргаан мэтгэлцээн хийхээс биш, хоолоо огт хийхгүй, хонхолзсон ходоотой цагийг элээж, насыг барж байгаатай адил. Хүмүүс Библи, Куран, Дармапада, Гита-г л үглэн давтсаар амьдрал болж цэцэглэхийг мартдаг юм.

Тан улсад Жаргалтай Хятад буюу Инээмтгий Будда гэгдсэн нэгэн лухгар эр байжээ.

Хотэй ердийн шашин номын хүмүүсээс тэс өөрөөр амьдарч байжээ. Түүний амьдрал бүхэлдээ инээд хөөр байв. Заримдаа унтаж байхдаа ч хүд хүд хөхөрдөг байсан гэлцдэг. Тэр их цүндгэр гэдэстэй бөгөөд инээх үед гэдэс нь долгисон хөдөлнө. Учрал бүхэн түүний инээд хөөрийг тэтгэх. Унтаа, сэрүүн аль ч үед амьдрал түүний хувьд комэди байжээ. Харин та нар амьдралыг эмгэнэлт туульс – трагэди болгодог. Инээж байхдаа ч жинхэнээсээ инээдэггүй. Хиймэл, хэлбэрдмэл.

Нэгэн оффист босс нь улиг болсон онигоо давтах бөгөөд ажилтнууд бүгд инээлддэг байв. Бүгдээрээ түүнээс залхдаг ч боссыг онигоо ярьж байхад инээхгүй байж болохгүй шүү дээ. Тэгтэл нэг бичээч хүүхэн гөлгөр царайлж суув. Босс түүнээс:

    - Чи зүгээр үү? Яагаад инээхгүй байгаа юм бэ? гэж асуухад хүүхэн:
    - Би удахгүй ажлаа өгнө. Тэгэхээр инээх хэрэг алга гэж хариулжээ.

Инээд хүртэл бизнес болчихдог. Энгүүн цайлганаар хүүхэд шиг инээж чадахаа бид больж. Хэрэв цайлган цагаахнаар инээж чадахгүй бол чи амьдралын асар үнэт зүйлийг алдаж байна. “Битгий уйл” гэж би хэлэхгүй. Үнэн хэрэгтээ инээж чадахгүй бол чи уйлж ч чадахгүй. Инээд, нулимс хоёр нэг үзэгдлийн хоёр тал.
Нүд нь чийгээр дутаж, хатаж гандсан хүмүүс энэ дэлхийд зөндөө. Инээд бөхөх юм бол нулимс ч бөхдөг. Үнэхээр сайхан инээж чаддаг хүн л уяхнаар бас уйлж чаддаг. Үхмэл ягшмал хүн үнэнээсээ инээж чадахгүй, уйлж ч бас чадахгүй. Амьдлаг хүн л инээж, уйлж чаддаг. Тэрхүү дотоод үелзэл хүнийг тэтгэн баяжуулж, ургуулж байдаг юм...

Тан улсад Жаргалтай Хятад буюу Инээмтгий Будда гэгдсэн нэгэн лухгар эр байжээ.

Тэгж их инээж баясдаг болохоор лухгар байхаас аргагүй. Инээд эрч хүч авчирдаг. Инээд бол байгалиас заяасан агуу их анагаах увдис гэдгийг өнөөдөр шинжлэх ухаан нотолжээ...

Инээд чиний дотоод эх булгаас эрчим хүчийг гадаад хүрээнд авчирдаг. Ажиглаж байсан уу? Үнэн голоосоо инээх агшиндаа чи гүн бясалгалын төлөвт орж, бодлоос ангижирдаг. Арилсан сэтгэлд орох нь бүх Зэн аргын зорилго. Инээд бол түүнд орох нандин хаалгын нэг. Миний л мэддэгээр инээх хийгээд бүжиглэх нь энгийн бөгөөд дөхөм үүд. Жинхэнээсээ бүжиглэх үед бодол зогсдог. Эргэлдэн найгалзсаар эргүүлэг мэт болоход бүх хил хязгаар, зааг ялгаа замхарна. Жинхэнэ бүжигт чи бүжгийг удирдахгүй, бүжиг чамайг удирдана. Инээдээр ч ийм зүйлийг амсдаг. Арилсан сэтгэлийн цөөн ч атугай хормыг амсахад тэдгээр гялбаа чамд улам тэлэх үүдийг нээнэ...

Инээх шалтгаан эрэлтгүй. Эргэн тойрон хөвөрч байна шүү дээ. Өглөө сэрлээ, чи нөгөө л дэлхийдээ, амьд сэрүүн байна. Гайхалтай бөгөөд хөгжилтэй бус уу? Нэг л өглөө чи босохгүй. Үхэл үүдийг чинь тогшихоос өмнө сайн инээж ав...

Инээснийхээ дараа нам гүм болох юм бол нэгэн өдөр Бурхан ч инээж байгааг сонсох вий. Бүх оршихуй инээж байгаа. Мод чулуу, гол ус, од эрхис цөм чамтай хамт инээнэм.

Хотэй Зэн багш хэмээн өргөмжлөгдөж, шавь цуглуулж, ном заахыг хүсдэггүй байв.

Багш бүхэнд өөрийн хүртсэн зүйлээ илэрхийлэх онцгой арга увдис бий. Хотэйн хувьд тэр нь инээд байжээ. Тэрээр насан турш хот тосгод дамжин бядан явжээ. Очсон хот тосгоныхоо төвд зогсоод “ха-ха-ха” гээд л хөхөрч эхэлдэг байв.
Хүмүүс тэр галзууг хараад мөн инээлдэж эхэлнэ. Тойрон хурах олны хүрээ тэлэх хэрээр инээд улам түгнэ. Инээд халдвартай. Бөөн олон бүхэлдээ инээд хөөрөөр оволзоно. Тэрээр инээдний давалгааг бүтээдэг байжээ. Тийм уур амьсгал дунд сатсанг жинхэнэ утгаар биелнэ. Багш буюу мастертай байхыг сатсанг гэж хэлдэг.
Аажмаар нүдтэй хүмүүс түүнийг харж эхэлнэ: “Тэр бол зүгээр нэг солиотой амьтан биш. Солиотны дүрд хувилсан Будда байна шүү дээ.” Сонор сортоотой хүмүүс түүнийг сонсож эхэлнэ. Галзуу хүний инээд төдийг биш, амьд багшийн авшиг уламжлахуйг анирдана.

Хотэй Зэн багш хэмээн өргөмжлөгдөж, шавь цуглуулж, ном заахыг хүсдэггүй байв. Түүний оронд чихэр жимс, тоглоом наадгай дүүрэн хүүдий үүрээд хот тосгодоор хэсэн явж, өөрийг нь тойрон шавах хүүхдүүдэд өглөг түгээдэг байлаа.

Жинхэнэ хүүхдүүд ч байна. Бас идэр залуу, өтөл буурай боловч нялхас байна. Хотэй шиг хүний хувьд хүн бүхэн хүүхэд юм. Тэдэнд чихэр жимс тараахдаа ёгт утгаар ийнхүү хэлдэг байж: “Өнгөт ертөнцөд хэт битгий авт. Чихэр шиг амсаад л хана. Өөрийгөө мартан донтвол чи үүрд балчраараа үлдэнэ шүү!”

Түүнчлэн Хотэй том, жижиг гэж ялгалгүй бүгдэд тоглоом наадгай өгдөг байж. Хорвоо илбийн наадам гэдгийг өөрөөр яаж хэлэх юм? Та нарын амьдрал гэж боддог зүйл чинь зуурдын тоглоом, зүүдний явдал төдийхөн болохоор үхэн хатан зууралдаж, үнэмшин мунхаглах хэрэггүй.

Зэнг шүтэн бишрэгчтэй таарах юм бол тэрээр алгаа тосон:
    - Ганц зоос хайрлаач гэдэг байв.


Зэн бишрэлтэн буюу бясалгагч хүмүүст бясалгалын утга учрыг тэгж сануулдаг байж. Хэрэв чи бясалгагч бол юуг ч өмчилж харамлахгүй, өглөг болгон түгээх учиртай. Энэ дэлхийн юуг өмчлөх юм? Ирэхээс чинь өмнө дэлхий ертөнц байсан, явсан хойно чинь байх болно. Тийм байтал “Би эзэн” гэж яаж хэлэх вэ? Үнэн бясалгагч болох юм бол бүх амьдрал чинь өглөг болно. Өөрийн нинж хайр, ухаарал сэхээрэл, бие, оюун, сүнс гээд л өгч чадах бүхнээ түгээж, түүндээ баясан цэнгэх учиртай.

Рабиндранат Таагүрийн “Чи надад юу өгөх вэ?” гэсэн шүлэгт ийм нэгэн түүх өгүүлдэг:
Нэг гуйлгачин эр айлын үүд дамжин бадар барьж явтал алтан сүйх тэрэг гэрэл гялбуулан гарч ирээд, сүр жавхлант хаан эзэн бууж иржээ. Хаантан өөрийг нь анхааралтай ширтэхэд мөнөөх гуйранч үлэмж өглөг хишиг хүртэх завшаан тохиолоо доо гэж догдлов. Гэтэл хаан гэнэт гараа тосож, “Чи надад юу өгөх вэ?” гэж асуулаа. Өөрөө л гар тосохоос биш, өрөөлд гар сунгаж сураагүй гуйранч тэр агшинд сандарч бажгаджээ. Тэгээд уутаа тэмтчин байж хааны алган дээр ширхэг будаа тавьжээ. Эрхэм дээдэст үгүй гэж хэлэх зориг хүрсэнгүй. Илүүг өгөх боломж байсан ч өгч сураагүй сэтгэл нь өрцөнд зангирчээ. Юу болж буйг сэхээрч амжаагүй байтал гуйранч эр алтан сүйхийн тоосонд дарагдаж хоцров. Өдөржин энэ явдлын талаар бодол болон үймэрчээ. Магадгүй ширхэг будаа гарзадсандаа харамсаж явсан биз. Орой гэртээ ирээд бадрын уутаа хөмрөн, өдрийн олзоо бүртгэж гэнэ. Шалдар булдархан юмсын дундаас ширхэг будаан чинээ алтан үрэл гарч иржээ. Түүнийг үзээд мань гуйлгачин сая учрыг ойлгож, харамссандаа нулимс унагав. Өгснийх нь хэрээр алтан хишиг хайрлагч хаадын хаантай дахиад яахин таарах билээ? Буй бүхнээ өгөхийг хүсэвч нэгэнт оройтсон юмсанж.

Өгч байгаа чинь л алт эрдэнэ, өмчилж харамлаж байгаа чинь хог саг юм шүү гэдгийг энэ үлгэрт өгүүлжээ. Би үүнийг зуун хувь зөвшөөрнө. Энэ бол үлгэр төдий биш, амьдралын жинхэнэ нууц: Өгснөөрөө чи улам баяжина. Өмчилснөөрөө улам ядуурна. Сэтгэл байх юм бол өгөх юм мундахгүй. Өгөх сэтгэлгүй л бол хэчнээн ч юмтай байсан үгээгүй хоосон хоцорно.

Мулла Насрэдин усан зогсоол дээр загасчилж байгаад тэнцвэрээ алдан усанд уначихлаа.
    - Туслаарай, авраарай, манай нөхөр живж байна! гэж эхнэр нь орилжээ. Аз болоход ойрхон байсан хоёр гавшгай залуу түүнийг сонсоод ус руу үсрэн орж, Насрэдинийг өргөж гаргав.
    Зогсоол дээр хэвтэх нөхрийнхөө чихэнд хатагтай Насрэдин:
    - Тэд чамайг аварлаа шүү дээ. Нэг рупи өгчих үү? гэж шивнэхэд Мулла нүдээ нээн:
    - Би хагас дутуу живсэн болохоор хагас рупи л өг! гэж хариу шивнэжээ.

Үхэвч өмхийгөө тавихгүй хармын сэтгэл эцсийн мөчид хүртэл үргэлжилдэг болохоор сэрэмжтэй бай.     

Нэгэн удаа түүнийг зугаатай үйлээ хийж явахад нь өөр Зэн мастер тааралдаж:
    - Зэнгийн утга учир юу вэ? гэж асуужээ.
Хотэй хүүдийгээ хөсөр хаяад чимээгүй зогсов.


Үнэнийг үгээр илэрхийлшгүй боловч үйл дохиогоор үзүүлж болно гэж Зэн итгэдэг. Үгийн хариултыг чи судар номоос, эсвэл бусдын үгээс хуулж болно. Хуулмал зээлмэл юм хэзээ ч амьд үнэн байдаггүй. Тийм болохоор Зэн багш нар “Битгий ярь. Ухаарлаа зүгээр харуул” гэж хэлдэг. Зэн мастер – гэгээрсэн хүнийг чи хуурч чадахгүй. Бусдын дохио зангаа, үйл хөдөлгөөнийг дуурайж магад. Жишээ нь, Хотэйн түүхийг сая мэдэж авлаа. Дараа би чамтай таараад “Зэнгийн утга юу вэ?” гэж асуух юм бол чи Хотэйг дуурайж цүнхээ газар хаях уу? Тэгэх юм бол би чамайг нам шаана!

Хотэй хүүдийгээ үг дуугүй газар шидсэн нь “Зэн бол яг үүнтэй адил ангижрал” гэж хэлсэн хэрэг. Өмчирхөл бүхнээс гэтлэхийн нэр. Түүнд тухайн үед хүүдийнээс нь өөр өмч хөрөнгө байгаагүй. Хүүдий бол түүний мөн чанарт үл хамаарах зуурдын юм. Зуурдын юмсаас ангижрахад цэвэр мөн чанар үлдэнэ. Чимээгүй үйлдлээрээ тэр үүнийг илтгэжээ.

- Тэгвэл Зэнгийн биелэл юу юм бэ?

Зэнгийн утга учир тийм байж. Харин Зэнгийн амьдралд хэрэгжсэн байдал ямар байх вэ?

... гэж асуухад Жаргалтай Хятад хүүдийгээ мөрөндөө тохоод аяны мөрөө хөөжээ.

“Бид  хорвоо ертөнцөөс гэтлэвч хорвоогийн амьдралаас зугтахгүй. Энэ бол жинхэнэ биелэл” гэж тэрээр үзүүлсэн байна. Хорвоод атлаа хорвоод бүү хамаар. Олны дунд мөртлөө орь оршихуйдаа бай. Хийх ёстой мянга түмэн үйлийг хийх мөртлөө үйлдэгч бүү бол. Эго-г бүү хураа. Тэгээ л гүйцээ.

Жаргалтай Будда хүүдийгээ мөрөндөө тохоод аяны мөрөө хөөжээ.

Зугтдаг хүн бол билгүүн хүн биш. Зугтаж байгаа нь түүний айдас хийгээд ухааралгүйг харуулна. Хорвоо бол сорилго. Зугтахын оронд эндээ байж, аяс аясаар аниргүмд нэвтэр. Хималай руу явах хэрэггүй. Хималай өөрөө чам дээр ирэг. Тэгж хүртсэн амар амгалан жинхэнэ утгаараа чинийх байна.

- Ошо “Эртний сайхан аялгуу” номоос