Жил бүр нутагтаа ирдэг ч, зарим жил бүр хоёр ч удаа явж, ажил хичээлээ хийж суудаг ч чухам сар шинийн баярыг Монголдоо тэмдэглэлгүй олон жил болжээ. 2001 онд Истанбулын их сургуульд судалгааны ажил хийж байгаад тэнд нэг цагаалсан, дараа жил нь Индианагийн их сургууль явсан гээд тооцохоор 15 жилийн дараа анх удаа нутагтаа шинэлэхээр ирж байгаа маань энэ ажээ. Жил бүр ирээд байхаар байшин барилга нэмэгдэх, замын түгжрэл ихсэх зэрэгт бага багаар дассаар харьцуулан хэлэх боломжгүй, өөрчлөлтийг тод ялган харах чадваргүй болчихдог юм байна. Харин чухам 15 жилийн дараа анх удаа нутагтаа цагаалсны хувьд яг сар шинийн баярын тухайд бол ялгаа зөрөө, өөрчлөлт соёл гээд бүх юм тод томруун харагддаг ажээ. Би бол нүд тархиндаа 15 жилийн өмнөх цагаан сарын төсөөлөл зураглалтай хүн л битүүний өдөр нутагтаа буусан хүн. Дээр нь бас нүүр ном, жиргээгээр цагаан сарыг хэтэрхий нүсэр тэмдэглэж байна, өр ширэндээ баригдаад дууслаа гэх мэт мэдээ шүүмж их уншсан байсан юм. Тэгтэл:

Гудамжаар нэг хөлхсөн согтуу аавууд хаачив? 

Цагаан сар гэхээр юуны өмнө миний нүдэнд том том дээл өмссөн халамцуу аавууд гудамжаар хөлхөн, эхнэр хүүхдүүд нь араас нь зууралдсан дүр төрх харагдаж явсан билээ. Тэгтэл энэ удаад ганц ч томоохон гэр бүл гудамжаар яваа харагдсангүй, ганц ч согтуу аав эхнэр хүүхдээ зовоон гуйвж яваа үзэгдсэнгүй. Машингүй айл гэж угаасаа байхгүй болсных юм болов уу даа. Машин барьж байгаа аавууд ч уухаа больсон юм даг уу даа.

Айлд сууж байдаг танихгүй хүмүүс хаачив?

Айлын аавууд яах вэ, хүмүүжчихэж гэж бодъё. Гэтэл бараг танихгүй хэрнээ хүн даган орж, золгосон нэрээр ганц хоёр хундага татаад сууж байдаг залуус бараг л орсон айл болгонд ганц нэгээрээ сууж байдаг байсан, тэд бас алга болжээ. Нэг их бууз, мах идэж шалиад байхгүй ч хурдхан гарчих нь гэж бас байхгүй, хэд хэдэн зочин дараалаад л сууж байдаг сан. Бодоход өөрсдөө архи аваад уучих бэл бэнчингүй залуус л байж дээ, тэд. Одоо бол уух дуртай нэг нь уухаа хүрвэл заавал хүн царайчлаад, баяр далимдуулаад байдаг цаг биш болсон бололтой.

Архи яагаад дуусахгүй байна?

Арван таван жилийн өмнө бид ээжийн цагаан сарыг бэлдэх гэж аюул болдог байж билээ. Авдар архи авч тавина шүү дээ.  Шинийн гурван гэхэд ер нь дуусдаггүй юм аа гэхэд, дундаа орсон л байна. Би ч тэр чигээрээ л байгаа юм санаж, АНУ-аас нэг их архи, виски ганзагалж хүрэв. Тэгтэл хүмүүс архи уудаггүй дээ. Шинийн хоёрон гэхэд шахсаар байж, арайхийн ганц шилийг хоосоллоо.

Их өөр болжээ. Өөр гэдэг нь тун соёлтой, архи дарсаа тааруулсан, ахмад настнаа хүндэлж, төвөг учруулахгүйг зорьсон шинжтэй болж. Айлуудын бэлэг ч нөгөө их хятад оймс, тамхи байхаа больж, хүнд хэрэгцээтэй эвтэйхэн зүйлээр гар цайлгадаг болж. Энэ бүхний шалтгаан нь миний бодлоор бол дундаж иргэдийн амьжиргаа хавьгүй сайжирсантай холбоотой юм бол уу гэж анзаарагдав. Учир нь хүмүүсийн архи уухгүй байгаагийн гол шалтгаан нь эрчүүд нь ихэвчлэн машин барьж байгаад оршиж байна. Бараг л айл бүр машинтай болж. Арван таван жилийн өмнө бол чинээлэг айл л машинтай байсан билээ. Бас машин барьсан хэрнээ уудаг нөхөд олон байсан, одоо бол огт үгүй болжээ. Хууль дүрэм гээч юм бас сүрхий хэрэгжиж байгаатай холбоотой байх нь гэж харагдав.

Гэхдээ хамгийн жигтэй юм нь хүмүүсийн аж байдал, байр байшин, машин тэргийг хараад байхад амьжиргаа нь, амьдралын соёл нь хавьгүй дээшилсэн хэрнээ амьдралаа сайхан байгаа эсэх талаарх өөрсдийнх нь үнэлэмж, сэтгэл ханамж бол асар муу байх юм. Байдал хавьгүй дээрдсэн нь тодорхой харагдавч хүмүүсийн үзэл бодол тайван бус, “байдал улам л муудаад байна, Монгол улс мөхлөө” гэсэн үг хэлээтэй. “Цагаан сар ба хар нулимс” гэж зохиол Дагдангийн эхнэр, Цэрмаа хоёрыг харьцуулан тэгж нэрийдсэн бол энэ удаад Цэрмаагийн аж байдал, үзэл бодол хоёрыг ялгааны тухайд тэгж хэлмээр болжээ.

Тэгээд би бодлоо. Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байх эсэх нь өмч хөрөнгө, амьжиргаа, орлого зэрэгтэй огт хамаагүй, харин ч эсрэгээрээ байдаг юм болов уу гэж. Энэнээс хавьгүй илүү амьдарч болох байсан даа гэж мэдэх тусмаа тэр чинээгээрээ харамсан гунихардаг бололтой юм. Хэчнээн амьдрал нь хэцүү ч энэ бол таны эдэлж болох хамгийн сайхан амьдрал гээд тархинд нь бат суулгачихвал харин ч амгалан байдаг юм уу даа.

Бас нэг зүйл нь намайг ийн ярихаар, зарим хүн “чи жинхэнэ буурай ядуу айлуудаар ороогүй болоод тэгж харагдаж байгаа юм” гэж шүүмжлэх. Гэтэл үнэн хэрэгтээ би 15 жилийн өмнө чиг л бас тийм айлаар орж байсантайгаа харьцуулаад байгаа хэрэг биш шүү дээ. Угаасаа л өөрийнхөө зиндааны багш, орчуулагч гэх мэт дундаж айлууд, найз нөхөд, хамаатан садныхаа тухай л харьцууллаа хэлээд байна. Тасархай баяжаад, тэнгэрт гарч одсон тийм айл хунараар бол ороогүй.

Бас нэг ажиглалт нь Цагаан сарыг ч тэр, Валентины баярыг ч тэр, хэт сүртэй тэмдэглэлээ, гадаад ламын баярт хамаг мөнгөө үрлээ хэмээн шүүмжилсэн нийгмийн сүлжээний олон бичлэг уншаад байхаар өөрийн эрхгүй буруу төсөөлөл бүрдчихдлэг юм байна. Яг амьдрал дээр залуус кафенд суух, кино үзэх зэргээр Валентинаа тун соёлтой өнгөрөөсөн, ахмадууд цагаан сараа элбэг дэлбэг, сэтгэл хангалуун тэмдэглэсэн дүр зураг харагдаж байв. Энэ нь гэхдээ манай нийгэмд элдэв муу муухай зүйл үгүй болчиж гэсэн үг биш л дээ. Юу хэлэх гээд байгааг маань ойлгох хүмүүс нь бол ойлгож л байгаа байх. Зүгээр нийгмийн бүх муу муухайг түүж бичээд, ийм юм харахгүй байна уу гэж муйхраар зүтгэх хүн ч гарна.        

Аа тийм, бас нэг зөв өөрчлөлт анзаарагдсаныг хэлэхээ мартаж. Арван таван жилийн тэртээ улсууд нэг их том том дээл, мөнгөн бүс болсон, зарим нь Чингис хаан шиг, зарим нь бүр шар торго намируулсан хутагт хувилгаад шиг л хүмүүс айл хэсэж яваа харагддаг сан. Тэгсэн харин манай залуус уламжлалт дээлний маягийг орчин үежүүлсэн, даруухан атлаа хийц сайтай эвтэйхэн хувцсаар гангардаг болжээ.    

Болж л байна. Сар шинийн соёл сайхан л тогтож байгаа юм байна.