С.Баярыг анх Ерөнхий сайд болоход олон түмэн түүнээс нэг зүйлийг онцлон  хүлээсэн, хүссэн. Тэр нь нийгэмд алдагдсан шударга ёсыг сэргээх байлаа. Тэгвэл С.Батболдыг  Ерөнхий сайд болсноор  улс орны эдийг засгийг өөд татна гэдэгт олон хүн итгэж, тийм үр дүнг хүлээж байна. Ингэж итгэх, ихийг хүлээх онцгой шалтгааныг дараахь, дөрвөн зүйлээр тодорхойлж болох юм.

1. С.Батболд бол зах зээлийн эдийн засгийн суурь боловсролыг үндсэн сургалтаар нь эзэмшсэн анхны Ерөнхий сайд. Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжих сонголт хийх гэж байх 1990-ээд оны эхээр өнөөдрийн Ерөнхий сайд  Лондонгийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч байжээ. Тэрээр улс нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социализмын үед өрнөдийн оронд зах зээлийн эдийн засгаар цол хамгаалсан нэгэн. Тийм учраас зах зээлийн эдийн засгийн тухай ойлголтыг түр сургалтаар олсон, уншиж гүнгийрүүлсэн өмнөх Ерөнхий сайд нар, бусад улстөрчдөөс арай өөрөөр харж сэтгэж, сурсан мэдсэнээ улс орныхоо төлөө зориулна гэдэгт олон хүн итгэж байгаа.

2. С.Батболд бол биеээсээ гадна гэрээ засчихаад өндөр албан тушаалд очсон анхны Ерөнхий сайд. Мөнгөтэй болох гэж биш, мөнгөтэй болчихоод улстөрд орсон  цөөхөн улстөрчийн нэг.  1990 оноос хойшхи Монголын Ерөнхий сайд нар дотор С.Батболдын дайны хувийн өмч хөрөнгө, бизнестэй хүн байсангүй. Огцорсныхоо дараа албан тушаалынхаа хаялгыг хүртэж  байснаас бус, Ерөнхий сайд болохдоо бүгд л өндөр ашиг бүхий хувийн бизнесгүй байсан нь үнэн юмдаг. Гэхдээ түүхэн цаг үед үүргээ гүйцэтгэсэн Ерөнхий сайд нарыг авлига авч байсан гэдэг утгаар энд жишээлсэнгүй.  

Харин Ерөнхий сайд С.Батболдын  хувьд эдийн засагчдын тооцоогоор хөрөнгө орлогын мэдүүлгээрээ парламентын 76 гишүүн дотроо нэгд ордог, “Алтай трейднг”, “Чингис зочид буудал” гээд хувийн өмч нь монголчуудын нүдний өмнө ил байдаг. Нүднээс далдуур, гадаадад хаустай ч гэж зарим хүн хэлдэг. Ийм хэмжээний хувийн өмч хөрөнгөтэй хүн Ерөнхий сайдын албыг мөнгө олох хэрэгсэл, авлига цуглуулах суудал гэж андуурахгүй байх гэдэгт олон хүн найдаж байна. Нөгөөтэйгүүр  өөрөө аж ахуй эрхэлж, Монголын толгой баячуудын нэг болтлоо хувийн өмчөө хөл дээр нь босгож, хуримтлуулж чадсан туршлагаа улсынхаа төлөө зориулах байх гэж хүлээж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн номыг танхимд үзэж, ногоотой шөлийг нь амьдрал дээр ууж явсан түүний хос туршлагатай анхны Ерөнхий сайд нь бас л С.Батболд болж байна.

3. С.Батболд эзэмшиж байсан Тавантолгойн лицензээ төрд буцааж өгсөн. Их мөнгөнөөс татгалзаж, эх оронч байж чадсан нь итгэж болох хүн юм гэдэг итгэлийг олон хүнд төрүүлсэн. Тавантолгойн орд бол эдийн засгийн утгаараа хэдэн Ерөнхий сайдын суудалтай  үл дүйх, нэг хүн, нэг гэр бүлийн хэдэн үед ахдах их мөнгө билээ. Лицензийг  яаж авсан нь хамаагүй тухайн үед С.Батболд гэдэг монгол хүн, бас эх оронч нэгний нэр дээр байснаараа энэ орд төрд эргэж ирсэн юм. Хэрвээ өөр хүн дээр, магадгүй гадаадын аль нэгэн улсын компанид лизензийг нь өгчихсөн, зарчихсан байсан бол Монгол Улс өнөөдөр коксжсон нүүрсний нөөцөөр дэлхий нийтийн анхааралд өртөж, намууд сонгуульд саяар нь мөнгө амлах байсан гэж үү. Энэ бол С.Батболдын гавьяа. Оюутолгойн ордын 34-хөн хувийг монголчууд эзэмшиж байгаа нь чухамдаа тус ордын лиценз “Айвенхоу майнз” гэх гаднын компанийн эзэмшилд байсантай бас их холбоотой юм.  

Энэ бүхэн  бол С.Батболдод итгэж, их юм хүлээж болох л шалтгаан. Бас өмнөх Ерөнхий сайд нараас ялгарах онцлог, давуу талууд юм. Гэхдээ урьдын эдгээр гавьяа нь  Ерөнхий сайдын албыг ердийн байдлаар ээлж өнгөрөөх шалтаг болох учиргүй билээ.    Дээр нь  2010 он бол энэ парламент, түүний Засгийн газрын оргил цаг. Улс орныхоо төлөө улстөрийн шалтгаангүйгээр ажиллах хамгийн боломжтой үе нь. Түүнээс цааш,  2011 он бол сонгуулийн өмнөх, 2012 он сонгуулийн  жил учраас сонгуулийн хачиртай төсөв баталж, төр засгийн ажлын ихэнх нь улстөрийн агуулгатай болоод явчихна. Тэгэхээр УИХ-ын гишүүд амласнаа биелүүлэх, намууд засагт хамтарч байгаагийнхаа утга учир, давуу талыг мэдрүүлэх, үзүүлэх нь 2010 он юм. Ийм оргил цагт, өмнөх Ерөнхий сайд нараасаа дээр өгүүлсэн оргил онцлогтой Ерөнхий сайд С.Батболд ажиллаж таарч байна.

Аливаа Засгийн газарт 100 хоног гэж  бий. Засгийн газрын ажлын эхлэл, үр дүнг харахыг тулд энэ хугацаанд  шүүмжлэхээс улстөрчид татгалздаг уламжлалтай. Гэхдээ замын дундаас орж ирсэн, танхим нь хуучин, хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх  учраас  С.Батболдын Засгийн газарт 100 хоногийн чөлөө гэж  байхгүй юм.

Монголын улстөрд шинэ үеийн төлөөлөл болсон Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нарын орчин цагийн залуусаар  цус сэлбэсэн С.Батболдын танхим С.Баярын эхлүүлсэн буухиаг үргэлжүүлж эхэллээ. Залуу нас гэдэг ажил хийхэд эрч хүч талаасаа давуу тал ч,  алдаа гаргахад өршөөл уучлал болдоггүй “дутагдалтай”.  Иймд замдаа алдаа гаргалгүй барианд орохыг та бүхнээс хүсье. Гэхдээ алдаа гаргахгүй гээд ажил хийлгүй хэн нэгний эзгүйрсэн суудлыг хадгалж суухгүй, үзүүлэнгий өлгүүр шиг сул зогсохгүй гэдэгт итгэж байна.

Энэ өдрөөс хойш С.Батболд гэдэг хувь хүнийг  бус, Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрын хийсэн ажилд урмын үг хаяглагдана. Харин шүүмжлэл нь голдуу Ерөнхий сайдын нэрээр ирнэ. Энэ нь Засгийн газар бол Ерөнхий сайд 51, танхим нь 49 хувийн эрх мэдэл бүхий кабинетийн зарчимтай учраас улстөрд тогтсон жишиг юм. Жишээ нь, Засгийн газрын хуучин бүтэц бүрэлдэхүүнийг  нэг ч үг, үсгийн өөрчлөлтгүйгээр дахин өргөн барих л байсан юм бол 14 хоног алдана гэдэг бол бас л удаан байгаагийн илэрхийлэл шүү, Ерөнхий сайд аа.