Монголын шилдэг нийтлэлчдийн клубын портал-сайт дахь буландаа энэ удаа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Зэвсэг техник, инноваци судлалын төвийн дарга доктор хурандаа Ж.Цэрэнчимэдийн (Ph.D) өгүүллийг орууллаа. Тэрээр төвийг сахих эрх зүйн асуудлыг онол, түүх, практик талаас нь дэлгэрэнгүй тайлбарлажээ. Түүний өгүүлэл “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” сэтгүүлийн 2015 оны № 21 (31) дугаарт хэвлэгдсэн бөгөөд Байнга төвийг сахих тухай Монгол Улсын хууль УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан танин мэдэхүй талаас нь уг өгүүллийг уншигчиддаа хүргэх нь зүйтэй хэмээн миний бие үзэж зарим нэг редакц хийн дор толилуулсан болно.

 – ГХЯ-ны төвийг сахих бодлогын асуудлаархи ажлын хэсгийн гишүүн Д.Баярхүү


 


1985-1989 онд Украины Киев хотод Хуягт танкийн дээд сургууль, 1989-1991 онд Украины Киев хотод Хуягт танкийн инженерийн академид магистрантурт суралцаж, 2011-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийн адъюнктур, 2013-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг тус тус дүүргэжээ.

1991 онд техникийн ухааны магистр, 2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академид “Төрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх замаар Орос, Монголын цэрэг техникийн хамтын ажиллагааны бодлогыг боловсронгуй болгох нь” сэдвээр улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Төвийг сахих гэдэг нь тухайн улс орны олон улсын эрх зүйн онцгой статус юм. Анхлан  төвийг сахих гэдэг ойлголт нь аливаа нэг улс орон дайн байлдааны үед төвийг сахих байр суурь барихыг хэлдэг байсан бол хожим позитив ба байнгын төвийг сахих статус гэсэн төрөл зүйлүүд бий болжээ.

Өнөөгийн байдлаар төвийг сахих статустай улс орны тоонд Швейцарь, Австри, Мальта, Лаос, Камбож зэрэг улс багтдаг. Тэдний дотроос Швейцарь нь 184 жилийн өмнө өөрийгөө байнгын төвийг сахисан статустай орон хэмээн зарлаж, ийм статустай дэлхийн анхны орон болсон бөгөөд өнөөг хүртэл энэ байр сууриа хэлбэрэлтгүй баримталсаар иржээ. Австри нь харьцангуй саяхан төвийг сахих статустай болсон боловч орчин үеийн ертөнцөд энэ орны тухайн статусын мөн чанар, ач холбогдлыг ойлгоход багагүй мэдлэг хэрэг болох бололтой. Дээр дурдсан бусад гурван орон ч бас өөр өөрийн төвийг сахих үүргээ гүйцэтгэсэн.

Өнөөгийн дэлхий ертөнцөд байнгын төвийг сахих байр суурь нь даяаршил, Европын нэгдмэл үзэл  санаа, мөн олон улсын терроризмын эсрэг хамтын хүчээр тэмцэх шаардлагын улмаас дарамт шахалт амсаж байна.

Тиймээс байнгын төвийг сахих статусын эрх зүйн мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Тэгвээс энэхүү статус нь дээр дурдсан шаардлага, хандлагуудтай хэр нийцэж байгааг ухаарахад тус дөхөм болно. Байнгын төвийг сахих тухай ойлголтын тухай нарийвчилсан, иж бүрэн судалгаа 1917 оны хувьсгалаас өмнөх оросын хууль зүйн ном зохиолд тусгалаа бараг олоогүй байсан. Энэ ойлголтын судлагааны ихэнхи нь зөвлөлтийн үед хийгджээ. Ю.М.Прусаков, М.Махер, И.П.Ильинский зэрэг оросын олон улсын хуульчдын бүтээлд тодорхойлогдсон онолын болон практик дүгнэлт, баримтууд дээр тулгуурлан судалгаагаа явуулсан байна. Бусад орны судлаачдаас  Л.Штрессле, М.Хагеман, Л.Оппенгейм, Т.Хопард, Э.Ж Герлих, Э.Бонжур, А Фердросс нарыг дурдах хэрэгтэй.  Тэд байнгын төвийг сахих статусын судалгааг улс орнуудын олон тооны гэрээ, тэдний дотоодын хууль зүйн актуудын дүн шинжилгээн дээр үндэслэн хийжээ.



Байнгын төвийг сахих статус нь олон улсын эрх зүйн бие даасан институци болох нь. Миний судалгааны зорилго нь тухайлан авч үзэж буй орнуудын олон улсын баримт бичгүүд болон дотоодын хууль тогтоомж, номлол зэргийг судалж, байнгын төвийг сахих статусын үүрэг, байр суурийг харуулах, энэ статусын ирээдүйн талаар дүгнэлт хийхэд оршино. Энэ ерөнхий зорилгод дараахи хэд хэдэн чухал зорилтуудыг шийдвэрлэх замаар хүрнэ. Үүнд:

-    Төвийг сахих үзэл баримтлал болон түүний гурван хэлбэр: дайны үе дэх төвийг сахих, байнгын төвийг сахих, позитив төвийг сахих зэрэг статусуудын бүрэлдэн тогтсон түүхийг харуулах,
-    Байнгын төвийг сахих үзэл баримтлал бүрэлдэн тогтсон үйл явц болон энэ статусаас урган гарах онцгой эрх зүйн харилцааны мөн чанарыг нээх,
-    Байнгын төвийг сахих статусыг олон улсын эрх зүйн онцгой институц болох талаас нь дүн шинжилгээ хийх,
-    Байнгын төвийг сахих статусын хөгжил ба онцлогийг энэ статустай орнуудын жишээн дээр харуулахыг хичээсэн болно.

Байнгын төвийг сахих статусын тухай ерөнхий ойлголт, түүний үүсэл хөгжлийн түүхийн талаар авч үзье. Өнөөгийн ертөнцөд энэ статусын дараахи үндсэн хэлбэрүүд оршиж байна . Үүнд:

Дайны үе дэх төвийг сахих статус, байнгын төвийг сахих статус, позитив  төвийг сахих статус буюу эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн гэж. Байнгын төвийг сахих үзэл баримтлалын бүрэлдэн тогтсон түүхийг авч үзэхэд энэ статус нь тэр үедээ их гүрнүүдийн хоорондын тодорхой нэгэн зохицол байсан гэж хэлж болно. XIX зуунд Швейцарь, Бельги, Люксембург зэрэг орон, ХХ зуунд Австри, Туркменистан, Мальта, Лаос, Камбож улсууд байнгын төвийг сахих орон болцгоосон.

Байнгын төвийг сахидаг улс орнууд дараахи хэдэн онцлог эрх, үүрэгтэй байжээ. Тухайлбал
 
-    Байнгын төвийг сахих оронд дайн байлдаан явуулахыг (өөрийгөө хамгаалах тохиолдлоос бусад) хоригложээ. Энэ хориг нь тухайн статустай орныг олон улсын эрх зүйн бусад субьектуудээс ялгаж тодорхойлох гол шинж тэмдэг болдог.
-    Түүний газар нутгийн халдашгүй дархан эрхийг баталгаажуулдаг. Байнгын төвийг сахих орны газар нутгийн халдашгүй дархан байдлыг ямар ч улс орон зөрчих эрх байхгүй, түүний газар нутаг дээр байлдааны үйл ажиллагаа явуулах, нутаг дэвсгэр дээгүүр нь байлдаж буй орнуудын цэрэг дамжин өнгөрүүлэхийг хориглодог.
-    Байнгын төвийг сахих орон орогнол олгох эрхтэй.
-    Байнгын төвийг сахидаг орон нь эзлэн түрэмгийллийн болон түүний төвийг сахих статуст халдах оролдлого гарах үед түүнд баталгаа олгосон талуудаас (тухайлбал Аюулгүйн Зөвлөлөөс) тусламж хүсэх эрхтэй. Энэ үед баталгаа олгосон талууд тухайн орны төвийг сахих статусыг зөрчих гэсэн оролдлогыг таслан зогсооход шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
-    Байнгын төвийг сахидаг орон өөрийн зэвсэгт хүчинтэй байх ба энэ нь түүний статустай зөрчилдөхгүй. Яагаад гэвэл ийм орон нь бие даасан улсын хувьд өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэвч зэвсэгт хүчин нь хэмжээний хувьд томгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгыг хангахад үйлчилдэг байх естой.

Байнгын төвийг сахих орон нь дээр дурдсан эрхүүдээс гадна дараахи үүргүүдийг энхийн цагт хүлээнэ:

-    Тэрбээр аливаа дайн болон цэргийн эвсэлд оролцох эрхгүй,
-    Өөрийн газар нутагт гадаадын цэргийн бааз байгуулах,
-    Өөрийн газар нутгаар гадаад улсын зэвсэгт хүчний анги нэгтгэл дамжин өнгөрөх зэрэгт зөвшөөрөл олгох эрхгүй.

Дээр дурдсан бүхэн нь байнгын төвийг сахидаг орны онцлог юм.

Байнгын төвийг сахих статусын мөн чанарыг ойлгоход энэ статусыг тогтоох хэлбэрүүд, олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн статусын баталгаа  чухал үүрэгтэй. Өнөө үед улс орны байнгын төвийг сахих статусыг хууль зүйн хувьд тогтоох хоёр арга  байдаг. Үүнд:
 
1.    Байнгын төвийг сахих тухай олон улсын гэрээ байгуулах (Швейцарь, Австри, Лаосын жишээ. XIX зуунд Белги, Люксембургийн төвийг сахих статусыг гэрээ байгуулах замаар тогтоосон)
2.    Байнгын төвийг сахих тухай хууль баталж түүнийг бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх.

Байнгын төвийг сахих статусын тухай хэлэлцээр нь энэ статусыг авч буй улс орны өөрийн хүсэл эрмэлзлэлийн дагуу хийгдсэн байх естой. Ийм статустай болохыг хүсэхгүй байгаа оронд түүнийг хүчээр тулгаж болохгүй. Хүчээр тулгагдсан  төвийг сахих статус, тухайлбал Люксембургийн төвийг сахих статус хэврэг байсныг түүх гэрчилдэг.

Олон улсын практикаас харахад байнгын төвийг сахидаг орнууд нь ихэнхдээ энэ статусын  гэрээний нэг оролцогч тал байдаг. Жишээ нь Швейцариас бусад нь.  Байнгын төвийг сахих тухай гэрээ нь олон талт гэрээ байж болно. Жишээ нь 1962.07.23-нд Лаосын байнгын төвийг сахих статусын тухай тунхаг бичигт 14 улс, түүний дотор Лаос өөрөө гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн, төвийг сахих статусын тухай тохиролцоог хоёр талт хэлэлцээрээр тогтоож болно. Тухайлбал  Зөвлөлт-Австрийн 1955.04.15-ны өдөр Меморандумаар Австри нь байнгын төвийг сахих орон болохыг тогтоосон.

Байнгын төвийг сахих статусын тухай хэлэлцээрийн дагуу тухайн төвийг сахих улс болон хэлэлцээрт оролцсон бусад улс орон харилцан эрх, үүрэгтэй байна. Энд талуудын хүсэл сонирхол харилцан уялдаатай байна. Байнгын төвийг сахидаг орон нь зөвхөн үүрэг хүлээж, харин гэрээнд оролцогч бусад талууд нь зөвхөн эрх эдэлж болохгүй. Өөрөөр хэлбэл байнгын төвийг сахидаг орны эрх, үүрэг нь  энэ статусыг хүлээн зөвшөөрсөн болон түүнд баталгаа олгосон орнуудын эрх, үүрэгтэй нийцэж байх ёстой.

Байнгын төвийг сахих тухай гэрээний онцлог нь түүнийг хугацаагүйгээр, өөрөөр хэлбэл “үеийн үед” байгуулж байгаад оршино. Хэрэв төвийг сахих статусыг аливаа түрэмгийлэгч зөрчсөн бол энэ нь төвийг сахих тухай гэрээ үйлчлэхээ больсон гэсэн үг биш. Гэвч олон улсын байдал орвонгоороо өөрчлөгдсөний дараа тухайн улс орны байнгын төвийг сахих статусыг хүчингүй болгох асуудал цөөнгүй удаа хөндөгдөж байжээ. Тухайлбал дэлхийн нэгдүгээр дайны дараа Бельги, Люксембургт ийм явдал тохиолдсон. Байнгын төвийг сахих тухай гэрээг хүчингүй болгох асуудлыг гэрээний бүх оролцогч талуудын зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэнэ. Гэвч тухайн байнгын төвийг сахигч орон нь энэ статусын тухай гэрээг хүчингүй болгосны дараа ч дангаараа байнгын төвийг сахих бодлогоо үргэлжлүүлэн явуулахаа зарлаж болно.

Хэрэв байнгын төвийг сахих тухай гэрээг хүчингүй болгоогүй бол энэ гэрээний заалтуудыг бүх оролцогч талууд заавал биелүүлэх үүрэгтэй. Байнгын төвийг сахих тухай олон талт гэрээнд оролцогч нэг тал нь  үүргээсээ татгалзаж болохгүй. Тиймээс хэрэв тухайн улсын байнгын төвийг сахих статус нь олон улсын гэрээ байгуулах замаар тогтоогдсон бол тус гэрээ хэлэлцээрийн оролцогч талуудад харилцан эрх, үүрэг ногдуулна. Гуравдагч улс орон ийм улс орны статусыг зөрчиж болохгүй.

Байнгын төвийг сахих статус тогтоох өөр нэг арга нь тухайн орон дотооддоо байнгын төвийг сахих тухай хууль баталж, түүнийг нь бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх явдал юм. Жишээ нь  Туркменистан, Мальта, Камбож. Ийм дотоодын хууль тогтоомж нь тухайн улс орон дайн байлдаанд оролцохгүй байх, мөн энхийн үед түүнийг дайнд татан оролцуулахыг эсэргүүцэхэд чиглэсэн бодлого явуулах тухай хүсэл эрмэлзлэлээ дангаараа илэрхийлж байгаа явдал болно.

Байнгын төвийг сахих статусаа ийм аргаар тогтоосон улс орон нь  энэ статусаа бусад орноор хүлээн зөвшөөрүүлж, тэднээс баталгаа авах сонирхолтой байх нь ойлгомжтой. Одоо үед байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх хэд хэдэн арга байна.Үүнд:
 
-    Байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх хамгийн өргөн тархсан арга бол чимээгүйгээр зөвшөөрөх, өөрөөр хэлбэл ганц талт тунхаг бичгийн тусламжтайгаар хүлээн зөвшөөрөх явдал. Олон улс орон  Швейцарь, Австрийн байнгын төвийг сахих статусыг энэ замаар хүлээн зөвшөөрсөн. 1955 оны 12 дугаар сард социалист Румын улс тусгай мэдэгдэл хийх замаар Австрийн байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрсөн.
-    Тухайн улс орны байнгын төвийг сахих статусыг сонирхогч талуудын хооронд олон улсын гэрээ байгуулах замаар хүлээн зөвшөөрч болно. Тухайн орны байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх тухай заалт нь байнгын төвийг сахих статус тогтоох тухай гэрээ, эсвэл байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх тухай хэлэцээрт (энэ хэлэцээрийг тусгайлан зохион байгуулсан бага хурал дээр байгуулна) тусгагдсан байж болно. Эхний тохиодлын жишээ нь Бельги, Швейцарь, Люксембургийн байнгын төвийг сахих статусыг эдгээр орон байнгын төвийг сахих статус тогтоосон тухай олон улсын хэлэцээрт оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн явдал юм.
-    Хэрэв аль нэгэн улс орон ирээдүйд байнгын төвийг сахих статустай болохоор төлөвлөж байхдаа бусад сонирхогч орнуудтай урьдчилсан байдлаар яриа хэлэлцээ хийж, тэднээр энэ статусаа хүлээн зөвшөөрүүлэх тухай тохиролцоонд хүрч бас болно. Жишээ нь 1955 оны 4 дүгээр сард Москва хотод Австри болон ЗХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээний үед талууд Австри улс байнгын төвийг сахих статус тогтоож, түүнийг нь ЗХУ хүлээн зөвшөөрөх тохиролцоонд хүрчээ. 1955.05.14-нд Вена хотод болсон 4 улсын Гадаад хэргийн сайд нарын зөвөлгөөн дээр барууны улс орнуудын төлөөлөгчид Австрийн байнгын төвийг сахих байр суурь баримтлах санааг дэмжсэн байна. Австри нь тухайн  зөвөлгөөнд төвийг сахих тухай тунхаг бичгийн төсөл, харин ЗХУ нь энэ статусыг хүндэтгэх тухай 4 улс орны мэдэгдэлийн төслийг тус тус гаргаж өгөхөөр тогтжээ. 1955.10.26-нд Австрийн парламент Байнгын төвийг сахих тухай хуулийг баталсаны дараа эдгээр 4 улс болох АНУ, ЗХУ, Британи, Франц нь Австрийн байнгын төвийг сахих статусыг анхлан хүлээн зөвшөөрчээ.
-    НҮБ-ын зарим үйл ажиллагаанд байнгын төвийг сахидаг орны зуучлах үүргийг ашиглах явдал нь тухайн орны энэ статусыг хүлээн зөвшөөрсөн явдал болдог.

Байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөх ба түүнд баталгаа олгох тухай ойлголтууд хоорондоо ялгаатай. Тухайлбал аливаа нэг улсын байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрсөн орон нь тухайн орны энэ статусыг зөрчигчийн эсрэг үйл ажиллагаа явуулах тухай эрх зүйн ямар нэг үүрэг  амлалт авдаггүй. Хүлээн зөвшөөрч буй улс нь зөвхөн тухайн орны байнгын төвийг сахих статусыг өөрөө зөрчихөөс татгалзаж, зөрчигчдөд ямар нэгэн туслалцаа үзүүлэхгүй байх л үүрэг хүлээнэ.

Харин байнгын төвийг сахих статусын баталгаа гаргах нь дараахи агуулгатай байна. Үүнд баталгаа олгож буй улс нь тухайн орны байнгын төвийг сахих статусыг өөрөө зөрчихгүй байх, түүний газар нутгийн халдашгүй дархан байдалд халдахгүй байх үүрэг хүлээнэ. Баталгаа олгогчийн үүргийн онцлог нь тэрбээр тухайн орны байнгын төвийг сахих статусыг өөрөө хүндэтгэж, зөрчихгүй байхаас гадна энэ статусыг нь бусад орноор хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авахад оршино. Тиймээс баталгаа олгогч улсын үүрэг нь илүү идэвхтэй чанарыг агуулж байдаг.

Ийм баталгааны мөн чанарыг ойлгоход баталгааны өөрийнх нь объектын тухай асуудал чухал үүрэгтэй. Энэ талаар хоёр үзэл бодол байдаг. Зарим хуульчид байнгын төвийг сахих статусын баталгаа нь зөвхөн газар нутгийн халдашгүй дархан байдалд нь л баталгаа олгодог гэж үздэг. Эрдэмтэн Б.Э.Нольдс бичихдээ, “Байнгын төвийг сахих статусын баталгаа нь газар нутгийн халдашгүй дархан байдалд олгосон баталгаатай бараг төстэй” гэжээ. Ийм үзэл бодлын үндэслэлийг ойлгоход хэцүү биш. Яагаад гэвэл дайн байлдаан тасралтгүй явагдаж байсан XIX  зуунд байнгын төвийг сахисан орнуудын үндсэн зорилго нь өөрийгөө гадны аюул заналаас хамгаалах явдал байсан. Учир нь ийм статустай орнуудын ихэнхи нь их гүрнүүдийн тоонд багтдаггүй. Тэдний хувьд энэ зорилгоо шийдвэрлэх үр дүнтэй хэрэгсэл нь байнгын төвийг сахих статус байсан. Үүний нэг тод жишээ бол Швейцарь юм.

Гэвч байнгын төвийг сахих статусыг зөвхөн түрэмгийллийн аргаар бус, бусад үйлдлээр ч зөрчиж болдог. Тухайлбал байнгын төвийг сахидаг орныг цэргийн эвсэлд татан оруулах замаар түүний статусыг зөрчиж болно. Энэ нь байнгын төвийг сахих статусын өөрийнх нь болон түүнийг баталгаажуулах гэрээний зарчмаар бол байж болохгүй зүйл юм.

Байнгын төвийг сахих статусыг хууль батлах замаар тогтоосон тохиолдолд байдал хүндэвтэр болно. Олонхи хуульчид энэ замаар тогтоогдсон байнгын төвийг сахих статус нь бусад орны зүгээс баталгаа авах боломжгүй гэж үздэг. Тэдний үзэж байгаагаар үүний гол шалтгаан нь аливаа улс орны дангаараа тогтоосон төвийг сахих статус нь түүний сайн дураараа баталсан бодлого бөгөөд энэ нь зөвхөн ёс суртахууны үнэ цэнэтэй байдагт орших аж.

Аливаа хууль, түүний дотор байнгын төвийг сахих тухай хууль батлан гаргах нь тухайн орны өөрийнх нь эрх мэдлийн асуудал юм. Харин нэг улсын баталсан байнгын төвийг сахих тухай хууль бусад оронд хууль зүйн хувьд ямар хүчтэй байх вэ гэдэг асуудал тавигдаж болно. Тухайлбал аливаа нэг орны байнгын төвийг сахих статустай байх хүслийн иймэрхүү илэрхийлэл нь бусад оронд ямар нэгэн үүрэг хүлээлгэхгүй. Харин бусад орнууд тухайн улсын дангаараа тогтоосон байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрбөл тэд энэ улсын өмнө тодорхой үүргүүд хүлээнэ, тухайлбал түүнийг цэргийн эвсэлд татан оруулахгүй байх, мөн дайны үед олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх гэх мэт.

Дайн байлдааны үед байнгын төвийг сахих статусыг дангаараа тогтоосон орны байдал зөвхөн тухайн дайны үед төвийг сахиж буй орны байдалтай ижилхэн байна. Тухайн дайнд оролцогч улс орнууд нь тухайн орон төвийг сахих статусаа ямар аргаар тогтоосоноос үл хамааран түүний статусыг хүндэтгэх ёстой. Энх цагийн үед байдал ээдрээтэй болно. Яагаад гэвэл бусад орон тухайн улсын дангаараа тогтоосон төвийг сахих статусыг хүлэн зөвшөөрч, баталгаа олгоогүй бол тэд энэ статусыг нь хүндэтгэх талаар ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Гэвч тухайн орны байнгын төвийг сахих статусын оршин тогтнох нөхцөл нь түүнийг бусад орон хүлээн зөвшөөрч, баталгаа олгоход зөвхөн оршдог гэж ойлгож болохгүй. Байнгын төвийг сахих статусаа дангаараа тогтоосон улсууд энэ статусаа бусад орны хүлээн зөвшөөрөлт болон баталгаагүйгээр хэрэгжүүлж болдог. Үүний тод жишээ бол Австри, Туркменистан, Мальта, Камбож юм.

Орчин үеийн практикт хэрэгжиж байгаагаар бол байнгын төвийг сахих тухай хууль баталсан улс орнууд нь өөрийнхөө энэ статусаа олон улсын гэрээ байгуулах замаар баримтжуулахыг хичээдэг, эсвэл урьдчилсан байдлаар баримтжуулдаг, жишээ нь Австри байна.

Байнгын төвийг сахих тухай гэрээний баталгаа нь дараахи хоёр аргаар хэрэгждэг:
 
1.    Тухайн нэг улс дангаараа баталгаа олгох,
2.    Тодорхой хэсэг улсууд хамтарсан байдлаар баталгаа олгох.

Дангаараа баталгаа олгосон орон нь баталгаа олгосон бусад талуудаас үл хамааран тухайн орны төвийг сахих статусыг зөрчигчийг дангаараа эсэргүүцэн зогсох үүрэг хүлээнэ. Ийм баталгаа Швейцарь болон Бельгид олгогдож байсан.

Хамтын баталгаа олгосон талууд зөрчигчийг хамтын хүчээр эсэргүүцэн зогсоох үүрэг хүлээнэ. Энэ төрлийн баталгааг 1867 онд Люксембургд олгосон. Хэрэв хамтын баталгаа олгосон орнуудын аль нэг нь өөрийн хүчээ түрэмгийлэгчийн эсрэг явуулахаас татгалзах, эсвэл энэ үйл ажиллагааг хийх бололцоогүй байх нь төвийг сахисан орон нь баталгаа олгогч бусад орнуудын тусламжийг авах ёсгүй гэсэн үг биш юм. Ер нь баталгааг “дангаараа” болон “хамтарсан байдлаар” олгох гэсэн  хоёр  нэр томъёо нь яг бодитой үйлдлийн илэрхийлэл биш юм. Үүнтэй холбоотойгоор зарим хуульчид байнгын төвийг сахих статусын баталгааны тухай нэгдсэн ойлголтыг тодорхойлох оролдого хийж байсан ба тэдний томъёолсон тодорхойлолтонд “дангаараа” болон “хамтарсан байдлаар” баталгаа олгох гэсэн  хоёр нэр томъёоны ялгаа бүдгэрч, хоорондоо ууссан мэт болсон. Тиймээс хуульчдын өөр нэг хэсэг нь “дангаараа” болон “хамтарсан байдлаар” баталгаа олгох гэсэн хоёр ойлголтыг  ялгаж зааглах хэрэгтэй гэж үздэг.

Байнгын төвийг сахих статусын онцлог шинжүүдийг (тухайлбал түүнийг тогтоох онцгой аргууд, эрх, үүргүүд гэх мэт) авч үзсэний үндсэн дээр өнөө үед байнгын төвийг сахих статус нь олон улсын эрх зүйн бие даасан институц болон бүрэлджээ гэсэн дүгнэлт хийж болно.

Энд “Швейцарь улсын байнгын төвийг сахих статус”-ын онцлогуудыг тусгайлан авч үзье. Яагаад гэвэл энэ орон нь тухайн статусыг тогтоосон дэлхийн анхны улс юм.

Швейцарийн төвийг сахих статусын онцлогийг ойлгоход энэ улсад төрт ёс бүрэлдэн тогтсон онцлог болон 1815 он хүртэл Швейцрь улс Европын улс төрийн талбар дээрхи ямар байр суурь эзэлж байсныг үзэх нь чухал. Бүр XIV зуунд Швейцарийн зарим кантонуудын хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээнүүдэд «stillsitzen» гэдэг нэр томъёо тусгагдсан байна. Энэ нь өнөөгийн байнгын төвийг сахих статустай ижил утга агуулгатай ойлголт юм. Гэвч Швейцарийн өнөөгийн байнгын төвийг сахих статусын үндэс суурь нь 1815 оны Венийн конгрессын актууд, Швейцарийн сеймийн актуудаар тавигджээ. Тиймээс Швейцарийн байнгын төвийг сахих статус нь дараахи баримт бичгүүдээр нөхцөлддөг:

-    1815.03.20-нд Вена гарын үсэг зурагдаж баталгаажсан улс орнуудын тунхаглал,  
-    1815.03.20-ны тунхаглалд Швейцарын Сейм нэгдэн орох тухай 1815.05.27-ны акт,
-    1815.11.20-ны Парисын тунхаглал.

Эдгээр актуудын дагуу холбоотон улсууд нь швейцарийн төвийг сахих статусыг хүндэтгэж, энэ улсын эсрэг дайн хийхгүй байх үүрэг хүлээсэн. Швейцарийн байнгын төвийг сахих зарчимыг ингэж үүрд хүлээн зөвшөөрснөөр, тэр үеийн Европын их гүрнүүд түүнд байнга төвийг сахисан орон тууштай байж, бусад орнуудын хоорондын дайнд оролцохгүй байх үүрэг хүлээлгэсэн юм.

Венийн конгрессын дараа Швейцарь улс нь XIX, XX зууны Европт дэгдсэн улс төрийн донсолгоонуудыг үл харгалзан өөрийн байнгын төвийг сахих статусаа хадгалж чадсан. Түүгээр ч үл барам цэрэг–улс төрийн сөргөлдөөний нөхцөлд их гүрнүүдийн хоорондахь мөргөлдөөнийг зохицуулах төв болж чадсан. Дээр дурдсан хугацаанд Швейцарь нь “классик төвийг сахих” байр суурь баримталж, өөрөөр хэлбэл тухайн улс олон улсын аливаа байгууллагад, түүний дотор НҮБ-д оролцохоос татгалзсан юм.

ХХ зууны 90-ээд онд Швейцарийн улс төрийн удирдлага байнгын төвийг сахидаг сонгодог орны үзэл баримтлалаа арай өөр өнцгөөс харж тайлбарлах болсон ба энэ нь юуны түрүүнд “Хүйтэн дайн” дуусч, Варшавын гэрээ тарж бутран, цөмийн дайны глобал аюул алга болсонтой холбоотой. 1993 онд батлагдсан Гадаад бодлогынх нь илтгэлд Швейцарийн гадаад улс төрийн чиг баримжааны дараахи тэргүүлэх шинэ чиглэлүүдийг томъёолсон, тухайлбал:

-    үндэсний аюулгүй байдлыг хангах,
-    НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийн дэглэмд нэгдэн орох талаар байр сууриа тодорхойлох,
-    Европын Холбоотой харилцах.

Гадаад бодлогын илтгэлийн дагуу Швейцарь нь зэвсэглэлийг хянах болон зэвсэг хураах асуудал эрхэлдэг байгууллагууд дахь өөрийн оролцоог аажмаар тэлж (1996 оноос зэвсэг хураах Женевийн бага хурлын бүрэн гишүүн болж), өөрийн иргэний болон цэргийн мэргэжилтнүүдээ олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах, түүний дотор НҮБ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д ажиглагчаар оролцож эхэлжээ. 1996 оноос Швейцарь нь НАТО-гийн “Энхийн төлөө түншлэл” хөтөлбөрийн оролцогч, 1997 онд Евро-Атлантын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн болжээ.

Олон улсын хориг арга хэмжээний дэглэмд оролцох тал дээр Швейцарь улсын бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. 1990 онд Швейцарь нь НҮБ-ын Иракийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэн. Улмаар тус орон дэлхийн II дайнаас хойшхи хугацаанд анх удаа олон улсын хориг арга хэмжээнүүдэд ил тодоор болон бүрэн хэмжээгээр нэгдэн орсон. Энэ нь тус орны гадаад улс төрийн чиг баримжаанд дорвитой өөрчлөлт орсныг гэрчилж байна. Урд нь ийм алхам нь байнгын төвийг сахих орны статуст нийцэхгүй гэж тооцогддог байв. Швейцарийн Бундесрат нь энэ алхмуудынхаа үндэслэлийг олон улсын эв санааны нэгдлийн шаардлага, мөн олон улсын эрх зүйн тулгуур хэм хэмжээ, зарчмуудыг хадгалах гэсэн тус улсын сонирхол зэргээр тайлбарлаж байна. Мөн хориг арга хэмжээний дэглэмээс урган гарах эдийн засгийн чанартай үүргүүд нь төвийг сахих статустай зөрчилдөхгүй ба энэ дэглэмийг дагаж мөрдөх явдал нь тус орныг байлдааны үйл ажиллагаанд татан оруулахгүй гэж үзэж байгаагаар тайлбарлагдана. 1992 онд Швейцарь нь Югослав, Ливийн эсрэг,  1993 онд Гаитийн эсрэг, 1997онд Сьерра-Леонегийн эсрэг, 1998 онд Анголын, 2000 онд “Талибан” хөдөлгөөний эсрэг хориг арга хэмжээнүүдэд тус тус нэгдэн оржээ.

Түүнээс гадна Швейцарь нь НҮБ-ын зохих зөвшөөрөлгүйгээр дараахи орнуудын эсрэг Европын Хобооны хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүдэд оролцсон: 1998 онд Югославын эсрэг, 2000 онд Мьянмарын эсрэг.

НҮБ нь Иракийн эсрэг цэргийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэхэд Швейцарь энэ арга хэмжээнд нэгдэх болж, энэ нь түүний байнгын төвийг сахих статустай хэр нийцэх вэ гэдэг асуудалтай тулгарчээ. 1990 онд тус улс цэргийн болон тээврийн нисэх онгоцуудад өөрийн агаарын орон зайгаар дамжин өнгөрөх зөвшөөрөл олгохоос татгалзсан. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 1993 онд батлагдсан Гадаад бодлогын илтгэлийн дагуу тус улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандат байгаа тохиолдолд цэргийн хориг арга хэмжээний дэглэмд оролцох боломжтой болсон. Гэвч энэ мандат нь НҮБ-ын Дүрмийн 6-р зүйл  (маргааныг энхийн аргаар шийдвэрлэх), эсвэл 7-р зүйлийн дагуу олгогдсон гэдгээс үл хамааран Швейцарь өөрийн агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгүүдэд зөвшөөрөл олгодог болжээ. Энэ үндэслэлээр Бундесрат нь 1993 онд Югослав дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд багтаж байсан нисэх онгоцуудад дамжин өнгөрөх зөвшөөрлийг, 1998 онд Косово дахь ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд, 1995 онд Босни-Герцоговина дахь IFOR/SFOR-ын салбаруудад, 1999 онд Косово дахь KFOR салбаруудад өөрийн газар нутгаар дамжин өнгөрөх зөвшөөрлийг тус тус олгожээ.

1998 онд Швейцарь нь Балканы хойгт тогтворгүй байдлын голомтыг зохицуулах ашиг сонирхлоосоо үүдэн Белградын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээнээс (зэвсэг нийлүүлэх асуудалд тавигдсан) гадна Европын Холбооны бүх талын (дипломат болон эдийн засгийн) хориг арга хэмжээнд тус тус нэгдсэн. Улмаар тус орон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зохих шийдвэргүйгээр хэрэгжсэн эдийн засгийн арга хэмжээнд анх удаа нэгдсэн. Ингэх боломж нь 1993 онд батлагдсан энэ улсын Гадаад бодлогын илтгэлд тусгагдсан. Өөрөөр хэлбэл Швейцарь нь энэ илтгэлийн дагуу НҮБ-аас өөр байгууллагаас  хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэн орж болно. Гэхдээ энэ хориг арга хэмжээ нь энх тайван, аюулгүй байдлыг зөрчигч орны эсрэг (тухайн тохиолдолд Югославын эсрэг) тодорхой бүс нутгийн бүлэг орнууд хэрэгжүүлж байгаа бол боломжтой болно.

Швейцарь нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэрэгжүүлж буй цэргийн болон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдэд оролцдог (өөрийн цэргийн оролцоог техникийн мэргэжилтнүүд болон ажиглагчдын оролцоогоор хязгаарлаж). Энэ байр суурь нь энх тайван, аюулгүй байдлыг дэмжих, олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжээ, зарчмуудыг баримтлах шаардагаар тайлбарлагдана.

Швейцарь улс НҮБ болон Европын Холбооны хэрэгжүүлж буй цэргийн бус шинж чанартай хориг арга хэмжээнүүдэд нэгдэн орж буй өнөөгийн арга хэлбэрт дүн шинжилгээний үндсэн дээр дараахи дүгнэлт хийж болохоор байна. Үүнд Швейцарь улсын энэ модель нь түүний төвийг сахих статусыг зөрчсөнд  тооцогдох ёсгүй. Яагаад гэвэл, нэгдүгээрт түүний зорилго нь олон улсад энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг дэмжих, хоёрдугаарт энэ үйл ажиллагаа нь түүнийг цэргийн эвсэл ба цэргийн ажиллагаанд татан оруулахгүй учраас. Энэ нь Швейцарийн конфедерац НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэрэгжүүлж буй цэргийн чанартай хориг арга хэмжээнүүдэд оролцох оролцоог цагаатгах шалтгаан болж өгнө. Яагаад гэвэл тухайн орны цэргийн чанартай хориг арга хэмжээнүүдэд оролцох оролцоо зөвхөн техникийн болон эмнэлгийн мэргэжилтнүүдээ илгээх явдлаар хязгаарлагддаг байна.

Швейцарийн зарим улс төрчид улс орноо Европын Холбоонд элсүүлэх чиг баримталж байгаа нь тодорхой болгоомжлол төрүүлж байна. Гэвч энэ бодлогыг эсэргүүцэгчид нь үүнтэй холбоотой эрмэлзлэлийг өнөөг хүртэл “саармагжуулж” чадаж байна. Швейцарь нь НАТО-д элсэх магадлал тун бага, яагаад гэвэл, өнөөгийн Швейцарьт сөрөг хүчний улс төрийн бүх нам болон хүн амынх нь дийлэнх хэсэг үүнд үл итгэх байдлаар ханддаг.

Швейцарь улс НҮБ-д элсэх тухай асуудал үүнээс арай өөр хавтгайд оршиж байв.  Швейцарийг НҮБ-д элсэх асуудлыг дэмжигчдийн тоо сүүл рүүгээ эрс нэмэгдсэн. Тухайлбал 1986 оны ард нийтийн санал асуулгын дүнгээр бол швейцарьчуудын 75 хувь нь НҮБ-д элсэхийн эсрэг санал өгч байсан бол 2002 оны 3 дугаар сарын 3-нд 54.6 хувь нь улс орноо олон улсын энэ байгууллагад элсэхийг дэмжиж байжээ.

Нэг үгээр хэлэхэд Швейцарийн төвийг сахих статус нь өөрийгөө тусгаарлах замаар үндэснийхээ ашиг сонирхлыг хамгаалах механизмаас идэвхтэй гадаад бодлогын хэрэгсэл рүү шилжих шилжилтийн үеэ туулжээ. Янз бүрийн талаас хандлага гарч байгаа ч гэсэн Швейцарийн төвийг сахих статус нь бат бөх бөгөөд өөрийнхөө ач холбогдлыг нэлээд удаан хугацаанд хадгалж чадах нь тодорхой.

Австрийн байнгын төвийг сахих статус”-ыг тогтоосон түүх болон статусын онцлогуудыг авч үзье. Австрийн байнгын төвийг сахих статус нь ямар баримт бичгүүдтэй нөхцөлддөг талаар хоёр янзын байр суурь байдаг.  Зарим хуульч (тухайлбал Л.А.Моджорян, Е.Г.Жвания г.м.) нь 1955.10.26-нд батлаглсан Үндсэн хууль нь тус улсын байнгын төвийг сахих статусыг эцэслэн тогтоосон гэж үздэг. Нөгөө зарим хуульч Австрийн олон улсын эрх зүйн байдал дараахи эрх зүйн актуудын нийлбэрээр тодорхойлогддог гэж үздэг. Тухайлбал:

-    Австрийн Засгийн газрын төлөөлөгчид Москва хотод айлчилж байгаа тухай 1955.04.15-ны Зөвлөлт–Австрийн албан ёсны мэдээ,
-    ЗХУ-ын Засгийн газрын төлөөлгчид болон Австрийн Засгийн газрын төлөөлөгчдийн 1955.04.15-ны өдрийн хэлэцээний үр дүнгийн талаархи Меморандум,
-    Бие даасан, ардчилсан Австри улсыг сэргээн тогтоох тухай 1955.05.15-ны өдрийн Төрийн гэрээ,
-    Австри улсын төвийг сахих статусын тухай 1955.05.26-ны Холбооны улсын Үндсэн хууль.

Дээр дурдсан эрх зүйн актуудын нийлбэр нь Австрийн байнгын төвийг сахих статусыг тогтоосон  гэж Ю.М.Прусаков үздэг. Австрийн төвийг сахих статусыг байнгын, гэрээний үндэслэлтэй, хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан гэсэн ангилалд хамааруулдаг.

Чухам ямар баримт бичгүүд Австрийн байнгын төвийг сахих статусын үндэс суурь болдогийг тогтоохын тулд 1955 оны Төрийн гэрээ улс төрийн ямар нөхцөл байдалд байгуулагдсаныг, мөн ямар нөхцөлүүдийн үр дүнд Австрийн бие даасан байдлыг сэргээх боломж бүрдсэн зэргийг удирдлага болгож үздэг байна. Энэ нөхцөлүүд швейцарийн загвараар тогтоогдсон байнгын төвийг сахих статус. Энэ нь янз бүрийн шалтгааны улмаас тухайн орныг эвслүүдийн сөргөлдөөнөөс гаргаж, түүнийг энх тайван, ардчилсан хөгжлийн замд оруулахад чиглэгдэж байсан. Тиймээс Австрийн байнгын төвийг сахих статусын тухай хуулийг Москва хотод байгуулсан тохиролцооны дагуу Төрийн гэрээ байгуулах зайлшгүй нөхцөл гэж авч үзэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор дээр дурдсан баримт бичгүүдийн нийлбэр нь Австрийн төвийг сахих статусын үндэс суурь гэж үздэг хуульчдын байр сурийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Австрийн байнгын төвийг сахих статус баталгаажигдсан байдлыг авч үзье. Төрийн гэрээний 2-р зүйлд холбоотон гүрнүүд болон энэ гэрээнд нэгдэх улс орнууд “Австрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ” гэж заажээ.

Үүний үндсэн дээр зарим хуульчийн (түүний дотор Ю.М.Прусаков) үзэж байгаагаар, хэдийгээр их гүрнүүд Австрийн байнгын төвийг сахих статуст баталгаа олгох тухай олон улсын акт байхгүй ч гэсэн энэ гэрээний дээр дурдсан заалт нь Австрийн байнгын төвийг сахих статусыг зөрчихгүй байх үүрэг амлалт юм.

Харин Төрийн гэрээний 2-р зүйл нь Австри улсын байнгын төвийг сахих статусыг зөрчихгүй гэсэн амлалт үүрэг бөгөөд энэ улсын төвийг сахих статуст шууд утгаар баталгаа олгогдоогүй гэж үзэж болно.

Австри улсын төвийг сахих статус өнөөг хүртэл хэрхэн хөгжиж ирсэн тухай авч үзье. Австрийн Швейцариас ялгагдах тал нь тэрбээр 1955 онд НҮБ-ын, 1995 онд тус улс  Европын Холбооны гишүүн орон болсон. Энэ нь тухайн орны удирдлага байнгын төвийг сахих статусыг олон улсын шинэ нөхцөл байдалд нийцүүлэхийг оролдож байсныг харуулж байна. Энэ улсад байнгын төвийг сахих статусаа өөрчлөх тухай уриалга улам их дуулдах болов. Тиймээс Австрийн гадаад бодлогод дараахи тэргүүлэх шинэ чиглэлүүд томъёологдож эхэлсэн:

-    Европын Хобооны байр суурь, түүний доторхи Австрийн байр суурийг хүчжүүлэх,
-    Улс орны эдийн засгийн ашиг сонирхлыг олон улсын зах зээлд ахиулах,
-    Олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын үүрэг ролийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх г.м.

Европын холбооны хүрээнд явуулж буй аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарын нэгдсэн бодлого Австрийн хувьд чухал ач холбогдолтой болж энэ улс нь “Энх тайвны төлөө түншлэл” хөтөлбөрийн хүрээнд НАТО-той улам бүр ойртож байгаа нь сэтгэл зовоож байна.

Энэ бүхнээс үндэслээд Австрийн байнгын төвийг сахих статусын тухай Үндсэн хууль нь цаашид хадгалагдах бөгөөд тус орон НАТО-д ойрын ирээдүйд элсэхгүй гэсэн дүгнэлт хийж болно. Үүнийг Австрийн засгийн эрхэнд байгаа нам хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл, тус улс НАТО-д элсэхийн тулд Үндэсний зөвлөлийн гишүүдийн 2/3 нь үүнийг дэмжих ёстой. Тухайн орны GASP-д оролцох оролцоо нь хамгийн их аюултай, ялангуяа Европын холбооны цэргийн бүрэлдэхүүн хэсэг бүрэлдэн тогтох хэрээр. Энэ нь тухайн орон де-юрегийн хувьд байнгын төвийг сахих тухай гэрээгээ хадгалсан ч де-фактогийн хувьд цэрэг–улс төрийн холбооны гишүүн болох магадлалтай. Энэ нь төвийг сахих ойлголтын гол утга агууллагад харшилж байна.

Туркменистаны байнгын төвийг сахих статус”-ыг авч үзье. 1995.12.27-нд Туркменистан улсын байнгын төвийг сахих тухай заалтыг оруулж энэ улс Үндсэн хуулиа шинэчлэв. Үндсэн хуульд энэ статусыг тодорхойлсон нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулжээ. юм. Тухайлбал “Туркменистан нь Үндсэн хуулийн үндсэн дээр байнгын төвийг сахих статустай байна... Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн байнгын төвийг сахих статус нь түүний дотоод болон гадаад бодлогын үндэс байна” гэжээ.

Үүний өмнөхөн буюу 1995.12.12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь “Туркменистаны байнгын төвийг сахих статусын тухай” 50/80 тоот тогтоолыг баталсан. Энэ тогтоолд: “Байнгын төвийг сахих статусаа Туркменистан улс хууль батлах замаар баталгаажуулсанд баяр хүргэхийн сацуу, 1) байнгын төвийг сахих статусаа тунхагласныг хүлээн зөвшөөрч, дэмжээд, 2) НҮБ-ын гишүүн орнуудыг энэ улсын тухайн статусыг дэмжин, түүний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалж байна” гэжээ.

Ашхабадынхан болон зарим хуульч энэ тогтоолыг тухайн улсын байнгын төвийг сахих статуст дэлхий нийт (НҮБ)-ээс олгосон онцгой баталгаа гэж үздэг. Тэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол нь нэг талаас Туркменистан, нөгөө талаас НҮБ буюу дэлхий нийтийн хооронд байгуулсан нэг ёсны гэрээ гэж үзэж байгаа юм шиг байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын мөн чанарт дүн шинжилгээ хийж үзсэний үндсэн дээр энэ тогтоол нь заавал биелүүлэх хууль зүйн хүчгүй тул түүнийг Туркменистан болон НҮБ-ын хооронд байгуулсан гэрээ мэт ойлгож болохгүй гэсэн дүгнэлтэд хүрч болно. Үүнээс дараахи чухал нөхцөл байдал урган гарна: НҮБ-ын гишүүн орнууд шууд утгаар тухайн улсын байнгын төвийг сахих статусыг зөрчихгүй байх үүрэгтэй гэсэн үг биш (ингэж зөрчих явдал нь олон улс дахь энх тайван байдалд аюул учруулаагүй л бол). Түүнээс гадна гишүүн орнууд нь тухайн орны статусыг хамгаалж, гуравдагч орнуудад Туркменистан улсын байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрөхийг “тулгах” үүрэг хүлээхгүй.

НҮБ-ын тогтоолын 2-р хэсэгт энэ тухай тов тодорхой тусгажээ: “Ерөнхий Ассамблей нь НҮБ-ын гишүүн орнуудыг энэ улсын тухайн статусыг дэмжин, хүндэтгэхийг уриалж байна”. Өөрөөр хэлбэл энд НҮБ нь зөвхөн зөвлөмж өгч байгаа юм. Энэ зөвлөмжийг хүлээн авах эсэх нь улс орнуудын өөрсдийнх нь хэрэг юм.

Тиймээс Туркменистаны байнгын төвийг сахих статуст Швейцарь улсад олгогдсон шиг тийм баталгаа олгогдоогүй гэж үзэж болно. Улс орон бүр Туркменистаны байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрч, түүнд баталгаа олгох асуудлыг тус тусдаа шийдвэрлэнэ. Түүнээс гадна Туркменистан болон НҮБ нь энэ асуудлаар харилцан үүрэг хүлээнэ гэж үзэх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл Туркменистан өөрөө дуртай цагтаа НҮБ-ын урьдчилсан зөвшөөрөлгүйгээр уг статусаа өөрчлөх эрхтэй. Яагаад гэвэл аливаа улс орон дотооддоо ямар ч хууль баталж, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.

Гэвч дээр дурдсан энэ бүх үндэслэлүүд тухайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт болон тухайн орны өөрийнх нь хувьд Туркменистан улсын байнгын төвийг сахих статусын ач холбогдолыг жижигрүүлж байгаа явдал биш юм. Яагаад гэвэл 1997, 1998 ба 2000 онд энэ улсын нийслэлд Афганистаны байдлыг намжаах асуудлаар НАТО болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хэлэлцээг зохион байгуулж байв.

Швейцарь болон Австри зэрэг байнгын төвийг сахих статустай орнуудын улс төрийн тогтвортой байдал болон эдийн засгийн амжилттай хөгжил зэрэг нь энэ статус тухайн орондоо чухал үүрэгтэйг харуулж байна.                            


Монгол Улс байнга төвийг сахих асуудлаар ҮАБЗ-ийн дэргэдэх
Стратегийн судалгааны хүрээлэнд болсон хуралд оролцогсод. 2016.04.11



–о0о-