УИХ-ын сонгууль ид халуундаа орж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй, зорилготой зорилгогүй нь мэдэгдэхгүй үй түмэн мэдээлэл дунд сонгогчид живж байна. Гэхдээ тэр их давалгаалсан булингартай уснаас толгойгоо түр цухуйлгаад төрд хэрэгтэй хүмүүс нь хэн бэ гэдгийг өөртөө нэг тунгаах хэрэгтэй байна. Бид заримдаа үй олон мэдээлэл дунд байгаа мэт боловч, ямар ч мэдээлэлгүй явах нь бий. Тэр үед зөвхөн дотоод итгэл үнэмшилдээ найдах нь чухал байдаг. Нийгмийн индэр дээр байдаг хүмүүсийг иргэд өөр өөрийнхөөрөө таньж байдаг. Тэр л таньсан сэтгэл, дотоод итгэл үнэмшлээрээ сонголтоо хийхээс худал үнэн мэдээлэлд итгэхийн аргагүй харагдаж байна. Би УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй сүрхий танил биш. Нэг удаа ч ярилцлага авч байгаагүй, baabar.mn клубийнхний уулзалт дээр ганц нэг таарч байсан байх. Ерөнхийдөө хүнийхээ хувьд тийм ч нийтэч биш хямсгар хүн санагддаг. Тэгтлээ надад таалагдаад байдаггүй нэгэн. Гэхдээ төрд байх ёстой хүн мөн үү гэсэн шалгуураар бодоод үзэхээр түүн шиг хуульч зайлшгүй байх ёстой юм аа. Үй олон худал үнэн мэдээллээр бус өөрийнхөө дотоод хүний хашгирааныг сонсоод үзвэл Х.Тэмүүжин шиг хүмүүс байж л байж бид яриад байгаа, хүсээд байгаа нийгмээ цогцлооход алхам алхмаар урагшлах юм шиг санагдаж байна.

Түүнийг би зөрүүд нэгэн гэж боддог. Эрх мэдэл нэг талд гарч, ард түмэн хүчгүйдэх үед түүн шиг зөрүүд хүмүүс ард түмнийхээ талд зогсч чаддаг. Бүгд л албан тушаал, танил талын хүрээнд нэгэндээ тал засч байхад тэр зөрүүд учраас хуулиа барьж, хүмүүсийн талд байж чадах юм шиг санагдаад байдаг юм. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг бүгд л санаж байгаа. Сонгуулийн дүн өөрийнх нь бодож байснаас, өөрийнх нь дугуйлснаас өөр гарсанд гайхсан хүмүүс эхэндээ цугларч байсан. Сүүлдээ үймээн самуун эмх замбараагүй байдал ноёлж, хүний амь үрэгдсэн хэрэг гарсныг бүгд л эмгэнэн санадаг. Гэвч энэ бүх хэрэг явдлын дараа тэнд санаатай санамсаргүй цугларсан бүх хүмүүс төрийн эсрэг гэмт хэрэгтэн болсон байдаг юм. Сүхбаатарын талбайд шоу үзэхээр явсан залуус, хүмүүс цугларахад дагаж цөс нь хөөрч очсон нөхөд, телевизээр болж буй үйл явдлыг хараад очсон бүгд л гэмт хэрэгтнүүд болсон. Дэнжийн мянгын саатуулах төвд галуун цуваагаар алхаж дэглүүлсэн залуус, гадаа нь хүүгээ хайж зогссон ээж нар бүгдээрээ л төрийн эсрэг гэмтнүүд болсон. Хууль зүйн сайд нь удирдлагыг гартаа авч, Онц байдал зарлагдаж, гудамжинд танк ороод ирчихсэн, телевизээр захиалгат нэвтрүүлэг гарч байсан тэр өдрүүдэд өөрсдөө ч гэмтэн болсон гэдэгтээ итгэж байсан байх, ард түмэн. Дүүрэг дүүргийн шүүхүүд дээр бараг бүгд нэг адил ял сонсч, залуус шорон руу ачигдаж байлаа. Хүмүүс өөрсдөө буруутай гэдэгт итгэж, ялтан гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байх үед Х.Тэмүүжингийн санаачлан зохион байгуулсан нээлттэй сонсголыг мартахгүй байхын аргагүй. Тэр бол том гавьяа. Намын даалгавраар, эрх мэдэлтний даалгавраар цагдаагийн байгууллага, шүүх прокурорын байгууллага яаж ажилладаг, цагдаа нь иргэнийхээ өмнөөс яаж буу шагайсныг Х.Тэмүүжин л ил болгосон. Зөвхөн үүнийх нь төлөө түүнийг Монгол төрийн хууль боловруулдаг газарт ажиллуулахад хангалттай гэж би санадаг. Хувь заяа гэдэг өөрөө тун даажинтай юм даа. Эргэх хорвоогийн эргэлтээр долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр хэрэг явдлыг удирдаж, удирдлагыг гартаа барьж байсан сайд, тэр хэрэг дээр ард түмний талд өмгөөлөгчөөр оролцохоор гарч ирсэн хуульч хоёр нэг тойрог дээр өрсөлдөхөөр таарчих юм. Хэнд саналаа өгөх нь хувь хүний эрх. Гэхдээ найман жилийн өмнөх тэр хэргийг шүүх эрх өнөөдөр ард түмний гарт ирсэн нь сонин юм.

Х.Тэмүүжинг зөрүүдээс гадна жаахан тэнэгдүү юм гэж бас хардаг. Тэр Хууль зүйн сайд болоод хамгаас их дайралтад өртсөн. Гэхдээ түүнд тэгж өөр дээрээ гал дуудахгүй бусад шиг яваад байх боломж байж л байсан. Тэрийг ажилд аваач, энийг ажилд аваач гэхэд нь зохицуулаад, ахаа эгчээ болоод яваад байсан бол ямар ч хэл аманд орохгүй байсан байх. Бас вант улс шиг болсон хүчний байгууллагынхантай шууд гардан тулаанд орсон нь ч буруу. Х.Тэмүүжин “Ард түмэн ч хүчний байгууллага гээд тэднийг бүүр хүчээр асуудлыг шийдэж байх ёстой юм шигээр хүлээн зөвшөөрчихсөн. Уг нь цагдаа бол үйлчилгээний байгууллага. Бид тэгж л ажиллуулж байх ёстой” гэж шууд зарласан сайд. Үнэндээ цагдаа харахаараа гэм хийгээгүй байж ч гэмтэй юм шиг санагддаг, дүрэм зөрчөөгүй байж хулмас хийдэг зан бидэнд хэзээнээс суусан юм бэ. Хэн биднийг тийм болгочихсон юм бол. Х.Тэмүүжингийн хэлснээр үйлчилгээний хүмүүс гэж бодож сурах сэтгэлгээ хэзээ суух бол.

Хүчтэнүүд гэж бодож хүчээр бүгдийг шийдэж ирсэн улсууд өөрсдийгөө үйлчилгээний ажилтан гэж бодотлоо удах юм билээ. Эрх мэдлээ хамгаалах үндэс үзүүр нь ч хөрсөнд гүн шигдсэн байж таарна. Х.Тэмүүжингийн гаргаж байсан шийдвэр нь дандаа ард олны төлөө байж ирсэнд нь би талархдаг юм. Даанч эрх мэдэлтний эрхийг хязгаарлаж, ард түмний талд иртлээ аливаа шийдвэр олон даваа гүвээг туулдаг юм билээ. Дунд нь алдана, нөгөөдүүл буцаж эрхээ авах гэж тэмцэнэ. Тэгэхдээ өнөөх тэмцэгчийг яллана, буруутгана. Хат муутай нэгнийг хэн ч биш болгож авна.

Эрчүүдээс амьдралынхаа хамгийн муу дурсамжийг хэл гэвэл эрүүлжүүлэхэд орж байснаа хэлэх хүмүүс олон байх. Нүцгэлж байгаад хир даг болсон бүтээлэг нөмрүүлээд хөөгдөөд орсноо бүгд ичгүүртэйеэ санадаг байх. Архи уусан гэдэг буруудаа л доромжлол хүлээснээ, эрх нь хог дээр үсэрсэн байснаа бүгд мартдаг. Мартахыг хичээдэг. Гэтэл Х.Тэмүүжин тэр бүхнийг хүнийг цээрлүүлж бус уусан архи нь гартал үйлчилдэг газар болгоно гэж үзсэн. Үнэндээ тэр шийдвэр нь түүнд гай л авчирсан байх. Адгийн архичдыг эмнэлэгт хэвтүүлж тансаглууллаа гэж шүүмжлүүлээд байсан. Гэвч үнэндээ хүний эрх, хүнийг үнэлэх Х.Тэмүүжингийн үнэлэмж л байсан юм. Магадгүй олон нийтэд муугаар их хүргэсэн болохоор үүнийгээ сонгуулийнхаа үеэр ярихыг хүсэхгүй яваа байх. Харин би хувьдаа хүний эрхийг дээдэлнэ гэдэг үнэнч үзэл баримтлалтайд чинь талархаж явдаг шүү. Магадгүй манайхан эрүүлжүүлэхийг эмнэлэг болгох нь зөв байсаан гэдгийг олон жилийн дараа ярьж суух байх. Х.Тэмүүжин бол хүнийхээ хувьд хүн бүрт элэгсэг дотно байгаад байдаггүй сул талтай хүн байх. Гэхдээ түүнд шударга үнэний талд байх, хүний эрхийг дээдэлдэг үнэт чанар байдаг юм. Өөрийнхөө үнэт зүйлийн төлөө үнэнч байж чаддаг улстөрч Монголын төрд хэрэгтэй байна. Жижигхэн ашиг сонирхлыг өмнөө тавилгүй том эрх ашгийн төлөө өөртөө эрсдэл хүлээж чаддаг түүн шиг гэрэл гаргагч нар дутагдаж байна. Монгол төр гэдэг хууль тогтоож, хууль чандалж, хүний суурь эрхийг баталгаажуулдаг газар болохоос хэн нэгэн даргад налж, найзан дундаа найраа хийж байдаг газар биш ээ. Тиймээс Х.Тэмүүжин шиг хүн тэнд сонгогдох хэрэгтэй гэж миний дотоод сэтгэлээс хашгираан дуулдаж байна.