Нэг талаасаа монгол шиг боловсролоор цалгисан улс үгүй. Учир нь 1000 хүнд ногдох оюутны тоогоор АНУ-ын урд гарсан. Нөгөө талаасаа монголын боловсрол шиг үнэгүйдсэн боловсрол үгүй. Бакалаврын диплом нь гадаадад хүчингүй талдаа төдийгүй дотооддоо ханш муутай, уналт нь төгрөгтэйгээ ана мана.

Дэлгүүрийн шилэн лангуун дээр “энэ жил дээд боловсол эзэмшсэн хүнийг худалдагчаар авна” гэсэн зар байх нь энүүхэнд. Тэгэхээр монголын дээд боловсролын диплом нь ахлах сургуулийн гэрчилгээний хавьд л үнэлэгдэж яваа юм бол уу. ХХ зуун дундуур бүх нийтээр бичиг үсэгт тайлагдснаараа гайхуулж явсан.

Харин XXI зуунд “Бүх нийтээр дээд боловсролд тайлагдсан” үндэстэн болж, үйлчилгээний салбарт ажиллагсад 100 хувь бакалавр болов. Тэрч байтугаа “бакалаврын диплом нь хуурамч, харин докторын диплом нь жинхэнэ” сэхээтнүүд ч гарч ирлээ. Удахгүй “Худалдагч авна. Докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай” гэсэн зар тавигдах ч байх.
Гэвч боловсролд чанар гэж бий.

Харин энэ бүхний дундуур боловсролын шинэ стандарт нэвтрүүлж байгаа нэг газар бий. Шинэчлэл хийх чадамжтай байгаа нь хувийн салбар гэдгийг хэлээд өгнө. Тэр бол “Шинэ монгол” хэмээх бүлэг сургууль. Эхлээд бага, дунд сургууль байснаа, одоо коллеж, дээд сургууль болоод байгаа газар. Гол хүн нь Галбадрах гэж байгаа. Тэр хүнийг хаана харсан гэхээр ийм юм. Хэдэн жилийн өмнө манай Баабарыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө, ардчиллын үнэт зүйлсийг эх орондоо бүрдүүлэхэд хувь оруулсан гэсэн утгаар Японы засгийн газраас шагнасан билээ. Шагналыг Баабараас гадна тэр Галбадрах гуай хамт хүртсэн. Баабартай гавъяагаараа дүйцсэн яасан айхавтар амьтан бэ, юу хийдэг нөхөр вэ гэж ирээд л сонирхсон чинь “Шинэ монгол” сургуулийн Галбадрах гэдэг хүн байх ба надаас бусад нь мэддэг болж таарав.

Ж.Галбадрах япон шалгууртай боловсролын тогтоцыг эх орондоо амжилттай өөриймшүүлж, Шинэ монгол сургууль байгуулж, шавь нарынх нь боловсролын түвшин Токиод үнэлэгдэж эхэлсэн юм байна. Ийм учраас улс үндэстнийхээ боловсролын үйлсэд сайн хувь нэмэр оруулж байгааг нь дэлхийн боловсролын жишиг болсон Япончууд бахдан үнэлсэн нь тэр байж.

Түүнээс хойш Галбадрах гуайг таньдаг болсон юм. Улс амьтны ярих нь шинэ монголд элсэхэд амаргүй. Төлбөр харьцангуй бага элсэхэд зөвхөн шалгалтаар дамжина. Элсэлтэд унасан хүүхдийн аав, ээж төлбөрийн чадвар ба төрийн алба өндөр байх нь хамаарлаар тунч бага гэдэг. Дээхнэ үед цэрэг татлагын үеэр аймгийн цэргийн хэлтсийн дарга хэнд ч олдохоо байчихдаг шиг элсэлтийн үеэр энэ сургуулийн удирдлага ямар ч танилдаа олдохоо больдог гэж дуулсан. Чухам сургуулийн нэр хүнд үнэ цэнэ нь тэндээ байдаг гэж ярих юм билээ. Өөрөөс нь асуусан л даа. Тэгсэн чинь үгүй гээгүй боловч “Олон сайхан найз нөхдөө хаврын хаварт гомдоодог хүн дээ, би” гээд инээж байсан.

Харин саяхан таараад манай сургуулиудийн элсэлт эхэлсэн гээд түүний дотор Шинэ монгол технологийн дээд сургуулиа ихэд магтан ярьсан. Захирал нь Токиогийн технологийн их сургуулийн бүтээгдэхүүн, тэндхийн доктор, арваад жил тэндээ нанотехнологи судалсан Ч.Ганзориг гэж хүн байдаг аж. Ч.Ганзориг МУИС-ийн проректор байгаад наашаа ирж энэ сургуулийг байгуулалцан удирдаж байгаа юм байна.

Бас “Математикийн Адъяасүрэн” (В.Адъяасүрэн) “физикийн Нямсүрэн” (О.Нямсүрэн) гээд МУИС-таа “домог” байсан хүмүүс манайд багшилдаг гэж тэр хэлсэн.

Би ч нийгмийн ухаанаар төгссөн “манай Гончигдоржоос цаашаа тоочин байхгүй” гэж итгэж явсан үеийн төлөөлөл болохоор тэднийг нь сайн мэдэхгүй юм аа, үнэнээ хэлэхэд.

Харин “Хөвсгөл бол монголын нэгэн Швейцарь” гэлээ гэдэг шиг “Шинэ монгол бол монголын нэгэн япон сургууль” гэдэг нь үнэн. Хүүхэддээ болон өөртөө итгэлтэй байгаа бол ийшээ шалгуулаад үзээрэй.

Сурлага номоор сайн хүүхдүүдэд үзүүлэх өчнөөн тэтгэлэг байдаг юм билээ. Надаар хэлүүлэхийн оронд өөрснөө сайт болон фээс хуудсаас нь харчихна биз. (http://nmit.edu.mn/)

Шинэ монголын шинэ нүүр царай болж байгаа Шинэ монгол технологийн дээд сургууль ирээдүйтэй хүнийг ирээдүй рүү хөтлөнө өө.

Нээрээ, технологи гэхээр “пиар технологи” энэ тэртэй андуураад алга болчихов, шинжлэх ухаан ярьж байхад.