1975 он гээд бодчих. Сүхбаатарын талбайн зүүн баруунаас хоёр өвгөн бунхант индрийн яг өмнө уулзав. Бүдүүн хар өвгөн алсаас хоёр гараа дэлэн майжигнан гүйх замдаа,

-Шаагаа! гэж дуу алдахад холхгор их харвин салтаа руугаа унжуулсан бадриун улаан өвгөн мөн л тээр холоос гар алдлан сайварлах зуураа,

-Лхаамаа! гэж их хотын төв талбайд бус эзгүй хээр яваа мэт эрээ цээргүй чангаар дуу хадаав.

-Миний Шаагаа!

-Миний Лхаамаа! хэмээн тэр хоёр эхэр татан индрийн урд тас тэврэлдлээ.

-Хичнээн ч жил энэ муу хуурамч хорвоо чи бидэн хоёрыг учруулсангүйв дээ анд минь.

-Ерөө ер, хэлээд яахав. Чи бид хоёрыг үй зайгүй үерхдэг болохоор энэ муу хуурамч хорвоо бүр атаархсандаа тэгэхээс тэгэх гэж хоёр муу өвгөнийг хөөрхөн зөрүүлээд байдаг, энэ бас хатуу хорвоо ёо.

-Чамайгаа би яасан их санав аа.

-Чиний намайг санах юу ч биш. Харин би чамайгаа санаад ёстой бэтгэрч үхлээ.

-Үгүй дээ найз минь. Миний чамайг санасныг, чиний намайг санасантай зүйрэлбэл тэмээ ямаа шиг ялгаа гарна.

-Яалаа гэж дээ хонгор минь. Тийм байх ёсгүй.

-Яагаад тийм байх ёсгүй гэж? Яагаад дандаа чинийх минийхээс давуу байдаг байна? Чи үүнийг надад үхэхээс минь өмнө нэг сайн ойлгуулаад аль. Би чамаас ерөөсөө насны эцэст гуйж байна.

-Тэгж яривал харин чи яагаад дандаа надаас илүү байдаг билээ? Чамаас үүнийг сонсоод нүд анье.

-За хоёулаа маргахаа больё доо эцсийн эцэст.

-Чамайг боливол би ч больё.

-Тэгье.

-Ерөөсөө тэгсэн дээр. Энэ муу богинохон хорвоод гээд хоёр анд өтөлж доройтсон хоёр муу биеэ өвдтөл дахин чанга тэврэлдэв.

-Чи бид хоёр “Залуучуудын үнэн” сонинд хорин хэдхэн настай нэг хэлтэст мөн ч гоё байж дээ.

-Хэлээд яахав. Харин яагаад чи бид хоёр ямагт үг таарахгүй зөрөлдөж явсан юм бол?

-Яахав, чи намайг дээд боловсролгүй гэж үргэлж дээрэлхэнэ.

-Чи намайг манж хэлний анги төгссөн болохоор өнөөдөр чамтай манжаар ярих хүн дэлхий дээр ширхэг ч байхгүй. Манж үндэстэн хятадад уусч сөнөсөн. Тэгэхээр чиний манж хэлний дипломтой, миний дипломгүй хоёр ав адилхан гэж чи хор хусдаг байгаагүй юү.

-Тийм ээ, хайран сайхан залуу насаа чи бид хоёр торчоолдсоор яваад баяр баясгалангүй үрж дээ.

-Тэгжээ. Одоо чи бид хоёрт цөөхөн жилийн нас үлдлээ. Хаа нэг таарахдаа бие биентэйгээ зөрүүдлэн маргаж байхаа цэглэе. Одоо ерөөсөө маргалдаж байхгүй шүү. Магадгүй чи бид хоёрыг үхэхээсээ өмнө эвлэр гэж бурхан зориуд Их жанжны минь төв талбайд уулзуулж байгаа ч юм билүү. Насан өөд болтлоо ам муруйхгүй шүү, зээ юү?

-Тэгье. Өчүүхэн муу хорвоод хэд хоног салгалахдаа хоёулаа бие биенийгээ баярлуулж яваад үхье гээд хоёр бүдүүн өвөө уярч дахин улам чанга тэврэлдлээ.

Өвгөчүүд залуу насны омголон тэнэг занг үүлэн чөлөөний нар шиг охорхон амьдралтайгаа жишиж, “Хайран ч залуу нас. Дахиад заяахгүй нас. Хайран сайхан насаа хор шараа хусалцсаар дэмий үржээ. Дахиад бид хоёрт тийм сайхан мөч эргэж олдохгүй” гээд хоёул гаслан уйлагнав.

-Ёо ёо хөл хөл. Өвдөг өвдөөд мөн ч шаналааж байна аа.

-Ёо ёо миний хиймэл шүднээс бусад бүх эрхтэн янгинадаг болсоон гэж үглэж зогстол харвин Шаагаа санаандгүй унгачихав. Найзаасаа ялимгүй нэрэлхсэн Шаагаа бөмбөрүүлж байсан нулимсаа арчаад,

-Хүн чинь их таргалчихаараа унгаад болж өгөхгүй юм гэж өтлөхийн зовлонгоо хуваалцахаар хоолой чичрүүлбэл муйхар Лхаамаа мэлтэгнүүлж буй нулимсаа шудраад,

-Үгүй ээ яалаа гэж. Тарган хүн унгаж байгаа юм биш. Таргалах гэж унгаж байгаа юм гэлээ. Шаагаа дотроо янзгүйрхсэн авч гаднаа аядуу царайлж,

-Яалаа гэж дээ Лхаамаа минь. Тарган хүн л унгараг болдог байна гэлээ.

-Хаанаас даа хаанаас Шаагаа минь. Таргалах гэж л унгаж байгаа юм. Ногоонд цадсан адуу унгас алдахаараа таргалдаг шүү дээ.

-Малын талаар гэвэл би чамаас арай илүү, манжийн талаар гэвэл чи харин хаашаа байдаг байна.

-Шаагаа чи манж хэлний талаар “А”-гүй юм чинь миний манж хэлний мэдлэгийг яаж хэмжих юм бэ.

-Чиний аль хэр манж хэлтэйг шалгах нь байтугай гадарлах нэг ч хүн өнөөдөр дэлхий дээр үлдээгүй юм чинь.

-Гэхдээ л огт сургуульгүй хүнээс МУИС-ийн манж хэлний анги төгссөн хүн ч юм юманд арай өөр дөө.

-Юугаараа өөр байхав? Чи манжаар өөрөө өөртэйгөө ярихгүй бол юугаараа чи бид хоёр өөр байдаг билээ.

-Өөр дөө өөр.

-Өөргүй дээ өөргүй.

-Хэрүүл анх хэн өдлөө? гэж бүдүүн Шаагаа хашгирав.

-Чи өдсөн гэж бүдүүн Лхаамаа бархирав.

-Үгүй чи өдсөн.

-Чи дандаа ингэдэг шүү дээ.

-Харин чи дандаа ингэдэг. Би бол зүв зүгээр байдаг.

-Чамайг ямар хүн гэдгийм. Чиний оронд манж хэл хураачихсан магнитфон л байвал гүйцээ.

Ингэмэгц түргэн зантай Лхамын царай хувьсхийж бүдүүн Шаагааг шанаадах гэснээ биеэ бариад, байж ядахдаа эргэн тойрноо гүйлгэн харснаа,

-Ерөөсөө би индэр дээр гарч үг хэлнэ гээд бунхант индрийн шат өөд майжигнав.

Энэ чинь 1975 он байсныг дахин сануулъя. Нэг нам, нэг жолоодогчийн үед төрийн индэрт гарч цуурсан хүн ямар яланд унах нь тодорхой. Лхамаа зориуд чанга дуугаар “Би индэр дээрээс үг хэлнэ. Яадгийм хэлнэ дээ хэлнэ” гэж хашгичсаар шат өөд өгсөв. Шагаа Лхамаатай хамт улс төрийн хэрэгт ойчихоо таамаглаж найз өвгөнийхөө араас очиж бэлхүүсээр нь тас тэвэрч авлаа. Айж мэгдсэн Шаагааг арчаагаа алдаж, “Индэр дээр битгий гар” гэж хориглоход Лхамын шавай ханаж, хоёр өвгөн “Индэр дээр гарна гарахгүй” гэж ана мана ач тач үзэлцэв. Овонд дурласан хүмүүс ч өвгөдийг бүчээд авлаа. Олон хүн үзсэн Лхамаа гавъяа байгуулсан мэт онгирч Шаагаагийн гараас алдуурахаар хар хүчээрээ индэр өөд тэмүүлж,

-Заавал индэр дээр гарна. Цэдэнбал гарч үг хэлж болсон юм халхын хүү би яагаад индэр дээрээс үг хэлж болдоггүй юм бэ. Би тэр муу дөрвөдөөс юугаараа дор юм бэ? Ерөөсөө надад ард түмэндээ хандаж захих амины хэдэн үг бий. Түүнийгээ би одоо бүгдийг хэлнэ гэж сүржигнэв.

Шаагаа онгирсон найзынхаа халуу буцалсан халзан духыг энхрийлэн хацраа наагаад,

-Миний хөгшин индэр дээр гарч үг хэлбэл улс төрийн хэргээр толгойгүй болно гэж шивэгнэлээ.

Лхамаа галзуурсан мэт амаараа хөөс цахруулан индэр өөд давшлангаа “Надад индэр дээрээс халхчууддаа гэрээслэх үг бий. Гэрээслэлээ би муу Шаагааг бодвол ард түмэндээ зоригтойгоор индэр дээрээс илтгэнэ. Муу Шаагаа чи харж байгаарай мэдэв үү” гээд Шаагаа руу гар зангаж дуу хадаахад бажигдсан Шаагаа “Бунхант индэр дээрээс эсэргүү гэрээслэлээ бурсан дайсныг Цэдэнбал дарга яадаг бол” гэж яс нь хавталзахдаа цугларсан олонд дуулдахаар,

-Чамайг би архи бага уу гэж хичнээн гуйлаа. Чи ухаангүй согтсон байна. Ингэж цуурч болохгүй. Индэр дээр гарч болохгүй гэж гуйв. Лхамаа амьдралдаа Шаагааг ингэж буулган авч үзээгүй тул амжилтандаа сагаж,

-Энэ муу индэр дээр чинь жирийн ард гарч үг хэлж болдоггүй юм бол ийм индрээр үхсэнээ хийх юм бэ. Түй чоорт гээд индэр өөд нулимав. Үнхэлцгээ хагартал айсан Шаагаа түүний амыг алгаараа таглахыг оролдсон авч ялалтандаа халуурсан өвгөн дийлдсэнгүй индрийн шат дамжин авирсаар.

Тэгтэл нэг харахнаа ордны харуул-цагдаа нар айсуй. Шаагаа арслан барс шиг галзуурч буй Лхаамааг нударч айсуй цагдаа нарыг зааж өгвөл Лхаамаа тэр дороо мэдрэл алдсан согтуу хүн болон жүжиглэж, хонзонт Шаагаагийнхаа мөрийг түшээд ухаангүй ойчлоо. Шаагаа ч согтуу андыгаа чирч гулдарсаар индрийн шатаар уруудав. Лхамаа мэдрэлгүй хөлөөрөө энд тэнд гишгэлж, Шаагааг хүзүүдсээр цагдаа нараас зайллаа. Ингэж чирэгдэж явахдаа Лхаамаа,

-Иргэн хүн индэр дээр гарч сэтгэлээ нээж болно тийм ээ? гэхэд Шаагаа,

-Тийм ээ болно гэж түүний үгийг анх удаа зөвшөөрөв.

-Хэрүүл анх чамаас гарсан тийм ээ?

-Тийм ээ надаас гарсан.

-Чи дандаа тэгдэг тийм ээ?

-Тийм, би дандаа тэгдэг.

-Тарган хүн унгадаггүй, таргалах гэж унгадаг тийм ээ?

-Яг тийм гэж Шаагаа зөвшөөрсөн боловч “Цагдаа нараас далд орж байгаад чамай муутай чадлаараа үзэж тарна даа” гэж занаж явлаа.

Шаагаа Лхаамаа гэгч энэ хоёр өвгөний удам судар эдүгээ УИХ-д олонх цөөнх болчихоод хэрэлдээд байгаа юм биш биз дээ таминь.

2000
 
Монголд ажил хийдэг хүн бий шүү     Монголд ажил хийдэг хүн ч бас бий

"Монголд ажил хийдэг хүн байхгүй" гэж нэг гадаад ноён миний шарыг хөдөлгөв. Монголчууд шарилжин омогтой улс юмсан хойно би тэр гадаад эрхэмд ажил хийж буй монгол хүн үзүүлэхээр гараас нь хөтлөөд гарлаа.

Бид хоёртой эхлээд барилдаж буй хоёр таарав. Би нөгөө гадаад эрд,

-За та харав уу? Энэ хоёр бөхийг та зүгээр сууж байна гэх үү гэж амыг нь асуувал тэр новш,

-Та нар энийг ажил гэдэг юм уу? гэж өөдөөс тэнэгтэв.

-Ажил гэхгүй юу гэх юм бэ? Энэ хоёр бөх чинь учиргүй их ядарч, хар хөлс нь асгарч байна шүү дээ.

Нөгөө гадаад чинь надтай маргасангүй. Бодвол надад мад тавиулахаас ичсэн биз. Бид хоёр цааш явлаа. Нэг том танхимд орвол монголчууд шүлэг уншиж байна. Гэтэл нөгөө гадаад чинь надаас,

-Энд ажил хийж байгаа хүн хаана байна? гэнэ.

Үгүй таминь, яруу найраг цээжээр уншиж байгаа хүнийг харсан хэрнээ "Ажил хийж байгаа хүн хаана байна?" гэж буй хүнтэй чинь яаж харьцах болж байна. Өөр нэг танхимын үүдийг татвал тэнд семинар болж байна.

-За та улс орноо хэрхэн түргэн хөгжүүлэх вэ гэж семинардаж буй энэ олон сэхээтнийг ажил хийгээгүй гэж арай доромжлох юм биш биз гэвэл тэр цөхрөнгүйгээр толгой сэгсэрлээ.

Яадаг өмхий ногоон луйль вэ гэж би дотроо дургүйцсэн авч гаднаа өндөр хөгжилтэй орны боловсон иргэний дүрийг урнаар эсгээд,

-Тэгвэл нөгөө талын зааланд олон улсын форум болж байна. Түүнийг та даанч ажил гэнэ биз дээ гэвэл нөгөөх чинь бухимдмаар царайлж,

-Үгүй ээ эрхэм минь, би хоёр гараараа ажил хийж, юм бүтээж буй монгол хүнийг сонирхож байна гэнэ.

Би түүнд одон гардуулж буй Ерөнхийлөгчөө үзүүлээд,

-За та манай Ерөнхийлөгчийг ажил хийгээгүй зүгээр байна гэх үү? Шагнагдаж буй хүний энгэрт одон зүүж байгаа Ерөнхийлөгчийг та хоёр гараа хөдөлгөөгүй гэх үү? Энгэртээ одон зүүлгэж байгаа хүн чинь хөдөлмөрийн баатар, мэдэв үү? Танай хөрөнгөтөн ертөнцөд хөдөлмөрийн баатар байдаг уу? Мэдээж байхгүй. Тэгвэл Монгол улс хөдөлмөрөөрөө баатар бологчдын тоогоор дэлхийд Оросын дараа хоёрт ордог гүрэн. Ийм олон хөдөлмөрийн баатартай Монголд хөдөлмөр хийдэг хүн байна уу гээд байдаг та мөн ч улс төрийн боловсролгүй яа гэж үхтэл нь ёжлов.

Надтай их адаар гадаад учирсан болтой. Одон гардуулж буй ёслолыг шоолох янзтай. Миний зэвүү хүрч УИХ-ын эрхэм гишүүдийн алдарт хурдан хүлгүүдийн уралдаан үзүүлээд,

-Энэ таныхаар ажил бас биш үү гэвэл тэр бээр шууд "Биш" гэв.

Гуйлга гуйж суугаа хүн үзүүллээ, аргаа бараад өвгөнтийн архичдыг танилцуулав. Түүнийхээр бүгд ажил биш гэнэ. Сонгуульд санал өгч буй хүн үзүүлэв. Нэр дэвшиж буй босстой гар бариуллаа. Дуу дуулж буй баян тансаг одуудаа танилцуулав. Бүгд биш гэнэ. Арга нь барагдсан гадаад эцэст нь надаас,

-Ажил хийж буй хүн та бид хоёр олохгүй болтой. Тэгэхээр та надад монгол хүний хийсэн юмыг үзүүл гэнэ.

Сонгуулийн гоё хайрцгаа үзүүлэв. Тэгсэн нь Солонгос улсын бэлэглэсэн хайрцаг болж таарав. Шал угаадаг модоо үзүүлэв. Тэр нь Японд хийсэн эд гэнэ. Агаарт намирах асар том төрийн далбаагаа харуулбал Турк улсаар оёулсан туг болж таарав. Гудамжинд байгаа боловсон жорлонгоо үзүүлтэл бас Солонгосын бүтээгдхүүн ажээ. Туул голын хогийг түүж яваа залуусыг танилцуултал дандаа япон оюутнууд байна. Эцэст нь барилга барьж байгаа хүмүүс дээр нөгөө муу гадаадыг чирээд очсон чинь тэнд дандаа хятад барилгачид ажиллаж байв.

Тэгтэл бид хоёрын нүдэнд сарзгар сэрзгэр муу модон хашаагаа гаднаас нь будаж буй цав цагаан хувцастай хэсэг соёлжуу хүн өртлөө.

-За эрхэм минь энэ ажил биш үү гэвэл тэр бээр арга буюу "Ажил мөн" гэж эцсийн эцэст зөвшөөрөв. Гэтэл хашаа будаж буй хүмүүс нь Солонгосын нэг дээд сургуулийн багш доктор профессорууд болж таарлаа. Хашааны эзэн монгол энэ үед юу бүтээж байна гээд нөгөө гадаад чинь шургуутаж, хоёр банзны завсраар дотогш урт хамраа шургуулан шагайвал хашааны эзэн согтуу монгол өөдөөс нь хамаг нууцаа дэлгэчихсэн хашаа руугаа шээж зогссонтой мөргөлдөж эгээтэй л нүүр лүүгээ сариулчихсангүй.

Нөгөө гадаад ноён баяртайгаар инээж,

-Эцсийн эцэст ажил хийж буй монгол хүн нэгийг харлаа. Энэ хүн өөрийнхөө өмнөөс бусдаар шээлгэлгүй, өөрөө сарьж байгаа хойно ажил хийж буй хэрэг мөн. Өөрөөр хэлбэл энэ хүн өөрөө өөртөө үйлчилж байна гээд хашаа руугаа саригчийн зургийг авлаа.

Ёох, арай гэж нэг юм ажил хийж буй монголтой таарчээ.

2005

Цэвэр монгол бизнес

Яаж амьдрах вэ? Ажил хийе! Хэдэн сар илжиг адил талхиад цалин өгөлгүй “Туршилтын хугацаа дуусав” гэнгүүтээ бөгс рүү өшиглөөд хөөж гаргана. Хувиараа бизнес хийе. Мөнгөгүй. Зээл авъя. Хүү нь асар өндөр, хугацаа нь дэндүү богино учир зээл хоёрхон замтай. Нэг нь шоронд орох, нөгөө нь амиа хорлох. Өөрөөр яаж мөнгө олох вэ? Дээрэм хийе, бяр дутна. Хулгай хийе, авхаалж хүрэхгүй. Тэгээд яах вэ? Амь зуух аргаа би зах зээлд олохгүй хүн гэж үү.

Яг энэ агшинд амьдрах ухаан гялсхийв. Ерөөсөө хувилгаан болж дүвчигнэе! Харин яаж? Хонх дамар, хохимой толгой, шоо, тангад ном гэх мэт жижиг хэрэглэл бэлтгээд нэг богинохон тарина цээжилчихэв. Хүн чанараа бодож, буян үйлдэх зорилгоор эхлээд “ямар ч өвчнийг анагаана” гэсэн зар цацаад хүлээв. Хүлээгээд байлаа. Нэг ч өвчтөн ирдэггүй шүү. Өвчин нь хөнгөдөж гэж оноогоод “Эмчилгээгүй өвчин эмчилнэ” гэж туулаа. Рактай хүн ирж хэдэн төгрөг өгөөд, хариад л үхнэ биз. Хорт хавдар юм чинь үлдэгсэд нь надтай шүүхдэхгүй.

Хэн ч алга. Рактангуудыг орхиё. Тэд цөхөрсөн, эсвэл дууссан биз. Одоо тэгвэл олон зараар шүршээд үзье: Ослоос зайлуулна. Олзны ам онгойлгоно. Албан тушаалд дэвшүүлнэ. Америк явуулна. Архинаас гялс гаргана. Авилгын ам нээнэ. Сугалаанд сууц хожуулна.

Гайхалтай нь хэн ч надад хандсангүй. Хонх дамар хохимой толгой тангад номынхоо дунд лам дээлтэй хөдлөхгүй суусаар хамаг бие хөшсөнөөс гадна сүүлдээ мөнгөгүй өлбөрч үхэх дөхлөө. Ашгүй утас дуугарав. Аргил дуу доогтойгоор,

-Чам шиг ингэж дүвчгэнэдэггүй юм. Зуу мянгыг бариад ир! гэнэ.

-Яах юм бэ?

-Өргөл барьц тоссон шуналын-микроб гарыг чинь гөгийрүүлээд өгье гээд чангаар дооглон хөхөрлөө.

-Гайгүй ээ, гар чинь гандан шуугаараа тасрахаар ингэж хөхөр! гээд би утсаа таслав.

Үдшийн бүрийгээр хаалга тогшлоо. Нээвэл босгон дээр гараа сойсон сумочин аргил дуугаар ёолоод, зовиуртаа зогсож чадахгүй тэнчигнэж байна. Намайг дооглосныхоо дараа тэр халтирч унаад гараа хугалчиж. Хугархай гарт надад боодол мөнгө бариад аргил дуугаар,

-Та яаж ингэж чадаж байна аа? гэж халаглахад би даруухнаар,

-Би чадаж байгаа юм биш. Намайг доромжилж басамжилбал намайг өмөөрдөг агуу хүч дээр минь ойрхон заларч байдаг юм гэлээ.

Хугархай гарт гайхаж, бас надад зэвүүцэх гэж байж, гараа хөндөж ярвайнгаа хорон үг хэлэх гэснээ надаас айгаад зүрхлэлгүй гарч одов.

Урам орсон би “Захиалгаар дайсны чинь бодийг хөтөлнө” гэсэн зар цацав. Дорхноо бөлцийтлөө уйлж уйлчихсан хүүхэн ороод ирэв. Тэр бээр миний урдахь аяган ширээн дээрх хүний хохимойг хараад балтуссанаа намайг ихээр биширч өвдөгнөөс адис авав. Би томорч шүтэн бишрэгчийнхээ сэтгэл зүйгээр наадахаар нүүр лүүгээ унжсан хар цацгаа үл мэдэг намилзуулан хүүхэнд царайгаа хий үзэгдэл мэт хагас хугас сүүтэгнүүлж сүрийг бадруулав.

Надаас сүрдсэн хүүхэн цочирдсондоо өрөвдөлтэй бүлтгэнэж,

-Миний нөхөр намайг хаяад өөр хүүхэнтэй нөхцөчихөв гээд эхэр татаж, том хөхөө булхалзуулан ширээн дээрх хонх жингэтэл мэгшив. Би сүрхий сандарсан авч “ид шидтэн барьц алдах ёсгүй” гэсэн хөтөлбөртөө хөтлөгдөөд,

-Нөхрийн чинь сэтгэлийг эргүүлэх үү? гэвэл хүүхэн,

-Үгүй ээ, нөхөцсөн гичийг нь устгаад аль. Мөнгө хайрлахгүй гээд гялгар ууттай мөнгө өвөр дээр шидлээ. Мөнгө тэвэрсэн миний амнаас “хормын зуур устгая” гэсэн үг унажээ. Би ийм үг унагаснаа хожуу мэдээд “яаж хүн ална аа” хэмээн үхэтлээ айв. Нөгөө хүүхэн,

-Сайн тамалбал мөнгө нэмнэ шүү гэж баярхаад, -Тэр гичийгийн хаягийг авах уу? гэж байна.

-Хаягны хэрэггүй. Алсаас дөнгөчихье гэж сэргэлэнтлээ.

-Өө тийм үү гээд хүүхэн гайхсанаа, -Ямар гоё вэ. Гэхдээ тэр банзлыг тамлахаа мартуузай гэж аминчлан захив. Би юутай ч гэсэн хэсэг хугацаанд амьсгал авч тэр банзлыг хороох арга сийлэхээр,

-Долоо хоноод утсаар асуугаарай гэж хүүхний араас сануулав.

Ингээд ууттай мөнгө тэврээд бодолд уналаа: Мөнгө! Нөгөө олддоггүй гайхал мөнгө! Харин хүний амь долоо хоногийн дотор яаж хөнөөхөв? Банзал ч гэсэн эмэгтэй хүний улаан голыг хуруугаараа хэрхэн гогодон тас татах вэ? Үгүй ээ, би хүн алж чадахгүй нь. Бүсгүй ядмаг бас тэгээд хүний нөхөр соронзондсон юм чинь хөөрхөн байгаа. Бурхан минь, болье чиминь. Энэ бузар мөнгий нь одоохон буцааж өгье гээд би мөнгө дүүрэн чихсэн зөөлхөн памбагар уутаа элгэндээ чанга нааж салах ёс гүйцэтгэв. Тэгтэл мөнгө дүүрэн чихсэн зөөлхөн памбагар гялгар уут намайг эгүрт хаяад явах гэж буй эхнэр шиг хагацахын аргагүй шунал тачаал асаалаа.

Энэ их мөнгөөр юу авч чадахав? Яаж тансаглаж болохов? Аманд өөрөө орж ирсэн аз жаргалыг эдийн засгийн хямралын үед хэлээрээ түлхэх гэж үү. Уран арга сийлье. Энэ адал явдлын эцэст хүний амь бүрэлгэлгүйгээр мөнгө минийх болох, тийм гоё гарц байх ёстой. Олъё. Бөндгөр минь, сэтгээч! Олддоггүй айхтар мөнгө өвөр дээр минь намайг гуйгаад биеэ үнэлэгч бүсгүй шиг арчаагүй хэвтэнэ. Хүн алмааргүй. Гэхдээ мөнгө минийх баймаар. Бөндгөр минь, ажиллаад өгөөч! Нууц хоёрыг салгая. Гэвч хохирогч маань заавал тонилгох захиалга өгсөн байдаг.
Хүн хэрхэн алах вэ гэж өдөр шөнөгүй бодлоо. Нойр хоолноос гарав. Тархины цусан хангамж хомсдож, харвах янзтай. Гэвч би мөнгийг эргүүлж өгөх эргэлзээгээ сэтгэлээсээ хөөсөөр, ууттай мөнгөө чанга тэвэрсээр хэвтэв. Мөнгө! Хямд олддог эд биш нь батлагдлаа. Учир нь зүрх минь зогсож эхлэв. Би “Энэ их мөнгийг буцааж өгөхгүй. Тэврээд үхье” гээд шүд зуулаа. Ухаан орж гарч байх шиг.

Утас тасхийв. Чагнавал нөгөө хүүхний дуу. Дотор харанхуйлав. Нөгөө хүүхэн,

-Уучлаарай, би нөхрөө хилс хардчихаж гээд түгдэрснээ, -Би танаас,.. гээд гацлаа.

-Мөнгөө буцааж авах гэж үү?

-Танд мөнгө өгсөнийг нөхөр маань мэдчих вий гэж айгаад байна

-Чи намайг доромжилж болно. Харин миний толгой дээрээс намайг харж явдаг агуу их ид шидийг басамжилбал чи аль муугаа үзнэ шүү гээд утасныхаа чагнуурт дамраа тачигнуулбал хүүхэн ганхийх сөгөөгүй чимээ тасрав. Дахиж утас ерөөс дуугаралгүй сар өнгөрлөө. Мөнгөө нэхэх гэсэн хүүхэн яагаад айв? Хүн айлгах увидас надад байхгүй. Бодоод байхад энэ их мөнгийг хүүхний мухар сүсэг надад хайрласан байх нь. Тэгж. Мухар сүсэг мандтугай! Би хохимой толгойгоо тойрч хонх дамраа тачигнуулж хип хоп хийв. Миний бизнесийн түүхий эд нь “гайхамшигт мухар сүсэг” болохыг ингэж мэдлээ. Мухар сүсэгтнүүд түм бумаар үржтүгэй. Тэгвэл миний бизнес цэцэглэнэ.

Микро автобусны хоёр жолооч зорчигчдоо булаацалдаад өстөн болжээ. Нэг нь нөгөөгөө “тонилгоод өгөөч” хэмээн манайд ирж, кондукторын цүнхнээс бөөн задгай цаас ширээн дээрх хохимой толгойг үзэгдэхгүй болтол асгачихав. Ширээн дээрх өвсөн бухал шиг задгай мөнгө харсан би “за” гээд хэлчихжээ.

Маргааш орой нь нөгөө жолооч инээсээр орж ирээд,

-Та ч тасархай хувилгаан юм аа. Нөгөөх чинь надтай зам булаацалддаг өөр бас нэг новштой мөргөлдөөд хоёул газар дээрээ нам. Би одоо шугамандаа “овгор” нь боллоо гээд надад бас баахан задгай нэмж өгөөд явлаа.

Миний ид шидийг дуулиантуулсан шар сонинууд цодойж, манайх руу мухар сүсэгтний цуваа хөврөв. “Хувилгаан” гэдэг яасан ижилгүй мэргэжил бэ. Дүвчигнэх санаа эртхэн төрөх минь яав даа. Манай руу найзынхаа компанийг дампууруулах гэсэн бизнесмен, өрсөлдөгчөө осолд оруулах гэсэн нэр дэвшигч гэх мэт хүмүүс хөвөрч, тэр ч бүү хэл, лааз түүгч өвгөнтийн хоёр архичны нэг нь нөгөөгөө устгуулах гэж ирээд сохор зоосгүйгээсээ болж надад хөөгдөв.

Би дорхноо баяжлаа. Надад америк тэрбумтны бизнесийн зөвлөлгөөг тоож судлах шаардлага алга. Би жинхэнэ цэвэр монгол бизнесээр цулайв. Тансаг байр шинэ машин авлаа. Эхнэрээ хөөрхөнжүүллээ. Муу мөнгө юу юм бэ. Мөнгийг би олно уу гэхээс мөнгө намайг олохгүй.

Хувилгаан хүн хаалганы хонх чагнахаас өөр ажилгүй гэртээ налайна. Миний ид шидийн увидас юунд оршино вэ? Мухар сүжигтэнд! Тэнэг харанхуй бол тэх тусмаа сайн. Тэдний хоорондын явган хэрүүл атаа жөтөө цэцэглэтүгэй. Ийм л байна даа.

За тэр, сонсов уу? Хаалганы хонх жинхийв. Зурагтаар танил болсон УИХ-ын гишүүний түлэнхий улаан хамар цухуйлаа. Эрхэм гишүүд маань бас мухар сүсэгтнүүд байх нь. Харамсалтай юу? Надад бол гоё! Миний шавь нар болох мухар сүсэгтнүүд лааз түүгчээс УИХ-ын гишүүн хүртэлх өргөн зах зээлийг хамарч байнам. Мухар сүжиг мандтугай.

2008-11-01

Номын дэлгүүрт борлогдож буй “Алаг цахиур” түүврээс