(Эзра Фогэль:  “ДЭН СЯОПИН ба ШИНЭ ХЯТАД”
орчуулгын шинэ номын хэсгээс)



Дэн Сяопин 1978 оны эцсээр Хятадын толгой удирдагч болмогцоо Бээжин ба Түвдийн удирдагчдийн хооронд сайн харилцаа тогтоохыг эрмэлзжээ.  Чингэхийн тулд нэгэн чухал эрхэмтэй харилцаагаа сэргээх нь чухал гэж үзсэн аж. Тэр нь 80000 гаруй цагаач түвдүүдтэйгээ Энэтхэгийн Дарамсалад оршин суугаа Далай ламбугай байв.

… Мао бээр 1951 онд 16 нас хүрсэн Далай ламд Түвдийг удирдах онцгой их эрх чөлөө олгох замаар тэдэнтэй 1950-д онд харьцангуй сайн найрсаг харилцаа тогтоосон байдаг. Хүн амын долоохон хувь оршин суудаг үндэстний цөөнхийн бүс нутагт хяналт тогтоохыг Мао зориуд яараагүй нь хань үндэстэн зонхилон суудаг бусад мужид явуулсан бодлогоос нь өөр байлаа.  Тэрбээр Түвдэд аажимдаа социалист бүтэц бий болгохын тулд Далай лам болоод Түвдийн бусад удирдагчидтай цаашид хамтран ажиллах боломж олоход найдсан учраас түвдүүд болон тэндэхийн бусад бага ястантай бүр илүү тэвчээртэй харьцахыг хүсч байжээ. Тэгээд ч Далай лам 1959 онд шавь нартайгаа оргож одох үед тэдэн рүү буу шагайхыг Мао хориглосон нь цагийн эрхэнд Далай ламын итгэлийг олж авах гэсэн найдлагатай нь холбоотой байсан санж.

… ХIII Далай лам мөнх бусыг үзүүлсэнээс хойш 1937 онд түүний хойд дүрд хоёр настай нэгэн хүүг тодруулсан нь эдүгээ XIV Далай лам болжээ. Тэрбээр Түвдийн соёлд гүнзгий боловсорч, гүн шашинч, ном эрдэмтэй нэгэн эрхэм болсон юм.
 
… Дэн болбоос 1978 онд зарим түвд зуучлагчаар дамжуулан Далай ламтай харилцаа тогтоох, улмаар зарим тохиролцоонд хүрч коммунист түшмэдүүд болон түвдүүдийн хоорондын дайсагналцалыг багасна гэж найдсан аж.

Дэнгийн хувьд Далай ламтай холбоо тогтоох хамгийн сайн суваг бол түүний хоёрдахь ах Гяло Түндэв байжээ. Түндэв нь хятад хэлтэй. Дэн, тэр хоёрын уулзалтыг Ли Зүшэн зохион байгуулжээ. Тэрбээр Хонконг дахь “Синьхуа” агентлагийн орлогч эрхлэгч байсан бөгөөд Түндэвтэй олон долоо хоногийн турш холбоотой ажилласан санж. Түндэвтэй уулзахдаа Далай лам Хятадад эргэн ирж, Түвдэд очих байх гэж найдаж байна, тэгээд хүсвэл Хятадад үлдэж ч болно. Хэрэв Далай лам чухал гэж үзвэл эхлээд өөрийнхөө төлөөлөгчийг ирүүлж Хятад дахь нөхцөл байдлыг ажиглуулж болно гэж Дэн хэлсэн аж. Тэгээд Далай лам ирэхээс өмнө Хятадад улс төрийн зарим ажил амжуулж хийх ёстой гэж Түндэвт бас аминчилж ярьжээ

… Хятад дахь түвдүүдийн нөхцөл байдлыг судлаад буцаж ирсэн 3 групп элч нарынхаа тайлан мэдээтэй танилцсаны дараа Далай лам 1981.03.23-нд Дэнд хандаж нэгэн эелдэг захидал илгээсэн аж. Түүндээ “Найрсаг харилцан ойлголцох замаар та, бид түвдүүд ба хятадуудын хооронд найрамдал тогтоохыг чармайх ёстой”. Гэвч “амьдрал дээр бол түвдүүдийн 90 хувь нь оюун ухаан болон бие сэтгэлийн зүдгүүртэй, нэн гүнзгий эмгэнэлд оршиж байна. Эдгээр аймшигт нөхцөл байдал нь байгалийн гамшигаас биш, хүмүүний үйлдлээс болж үүссэн” гэжээ. Үүнд хэрхэн хариулах талаар Бээжин багагүй хугацаанд толгойгоо гашилгажээ.

Далай ламын тэрхүү захидалд хариу өгөхийн тулд Ху Яобан, Гяло Түндэв хоёр 1981.07.27-нд уулзах хүртэл Бээжин бүтэн 4 сар хүлээсэн аж. Тэгэхэд Ху Түвд дэхь салан тусгаарлах хөдөлгөөний амыг хатуу барихтай холбогдсон Хятадын шинэ бодлогыг танилцуулах  үүрэг хүлээжээ. Тэгээд мань эр Далай ламын Бээжинд эргэж ирэх нөхцлийг Түндэвт нарийвчлан тайлбарлахдаа Далай ламд 1959 оноос өмнөхтэй ижил улс төр болон аж амьдралын нөхцөл олгоно. Тэрбээр Лхаст биш, Бээжинд байнга суух боловч Түвд рүү зорчиж болно. Мөн Далай лам нь БХАТИХ бөгөөд Бүх Хятадын ард түмний Улс төрөөр Зөвлөлдөх бага хурлын орлогч даргаар томиглогдоно гэжээ. 

Энэхүү саналыг хүлээж авах нь Далай ламд нэр хүнд, шашны зарим эрх чөлөө олгох боловч улс төрийн эрх мэдэл болбоос коммунистуудын гарт үлдэх учраас түвдүүд эс зөвшөөрчээ. Тэгээд Далай лам Хятадад буцаж ирэхээс татгалзсан аж. Хоёр талын хооронд ойр дотно, илүү нааштай харилцаа тогтоох талаарх Дэнгийн чармайлт тийнхүү нуржээ. Гэхдээ Дэн ч, Далай лам ч харилцаагаа шууд таслахыг эс хүсчээ.

Дэн, Далай лам хоёр хоорондынхоо учир начрыг олж чадахгүй байсан боловч бүх төрлийн сөргөлдөөнөөс зайлсхийж байлаа. Бээжин 1988 оны эхээр улс төрийн үйл ажиллагааны улмаас хоригдсон хэсэг лам нарыг суллажээ. Мөн Далай лам нь тусгаар тогтнолын төлөөх санаархалаасаа буцвал түүнд Түвдэд оршин суухыг зөвшөөрнө гэж Бээжин 1988 оны 4-р сард зарласан аж.  Харин Далай лам бээр Хятадын  сувернитетийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түвдүүдэд илүү их эрх чөлөө олгох энх тайван шийдлийг л хүсч байна гэж ярьсаар байлаа.

Түвд дэхь эсэргүү байдлыг номхотгох зорилгоор Дэн 1989 оны 1-р сард тэндэхийн Намын шинэ даргаар Ху Жинтаог илгээв. Ху очмогцоо тэндэхийн янз бүрийн шатны уугуул удирдах хүмүүстэй ярилцсан боловч мань эрийн гол зорилго нь Дэнгийнхтэй адил хэвээр үлдэв. Тэр нь эдийн засгийг өсгөх, хятад хэл дээрх боловсролыг өргөжүүлэх, бусад мужтай харилцаа холбоо бэхжүүлэх, зарим түвдүүдийг дэвшүүлэх, мөн салан тусгаарлах үйл ажиллагааг хатуу хянахад чиглэжээ. Гэтэл 1989 оны хавар Бээжинд өрнөсөн оюутнуудын жагсаалтай зэрэгцэн Түвдэд үймээн самуун мөн дэгджээ. Хариуд нь Ху Жинтао дайны цагийн байдал зарласан аж.

… Дэн 1980 онд Ху Яобаныг Түвд рүү томилсноос хойш Лхас, Бээжингийн хооронд нааштай гэрээ байгуулах чиглэлд дорвитой үр дүн эс гарчээ. “Их Түвд”-ийг байгуулах замаар жинхэнэ автономит эрх тогтоохыг зорьсон гадаад дахь түвд орогногсод ба эдийн засгийн өсөлт болоод Хятадын соёл, боловсролын системд түвдүүдийг өргөнөөр татаж оролцуулах нь уг Өөртөө засах орныг нийт улс орны эдийн засаг, соёлын гүн интеграцид оруулна гэдэгт итгэсэн Бээжин дэхь дээд удирдлагын хоорондын ойлголцлын зөрүү хэвээр үлджээ. Илүү их автономит эрх олж авах явцад нь түвдүүдэд туслахыг хүссэн гадаадынхан болон Хятадын сэргэн мандалтын сүр хүчин дор тийм оролдлогыг таслан зогсоох итгэл үнэмшил нь өсөн нэмэгдсээр байгаа Бээжин дэхь дээд удирдлагын хоорондын мухардал ч бас эс өөрчлөгджээ.



Г.БАТСҮХ