Санжаагийн бие муудаад эмнэлэгт хүргэгджээ. Тархинд нь цус харваад ухаангүй болчихсон юм. Түүнийг сэхээнд хэвтүүлсэн эхний өдөр ухаан орсонгүй. Харин маргааш нь ухаан орж эмч сувилагчтай ярихтайгаа болжээ. Гэхдээ хамаг бие, нүүр, гар, толгой нь учир нь олдохгүй олон аппараттай гуурс, утсаар холбоотой.
   
Эмнэлэгт хэвтсэн гурав дахь шөнөө Санжаа гэнэт сэрэв. Өөрөө сэрчихэв үү, эсвэл өрөөний хаалга үл ялиг чихарч дуугарснаас болсон уу, бүү мэд. Коридороос тусах бүдэг гэрэлд нэг хүний хар бараан дүрс онгорхой хаалган дээр хөдөлгөөнгүй зогсох аж. Лав гурвалжин шовоодой малгайтай, гартаа өөрөөсөө урт нарийнхан шургааг шиг мод мөрөн дээрээ хөндлөн тохчихсон харагдана. Бараан дүрсийг хараад Санжаа нэг их цочсонгүй, бодвол шүүрний мод агссан цэвэрлэгч биз. Харин эмэгтэй хүн гэхэд (цэвэрлэгч эмэгтэй л байж таараа) ямар ч өндөр юм бэ дээ.
   
Бараан дүрс Санжаагийн ор руу аажуухан дөхлөө. Ойртох тусам түүнийг цэвэрлэгч биш болохыг ойлгов. Юүдэнтэй хар нөмрөг өмсөж, гартаа өвсний хадуур барьсан нэгэн. Юүдэнд хагас халхлагдсан нүүр нь танигдсангүй. Гэвч Санжаа бараан дүрсийг шууд танилаа. Энэ бол Үхэл. Түүнийг хэзээ ч биетээр харж байгаагүй боловч киноноос сайн танина. Гэвч яагаад ч юм, Санжаа ер айсангүй. Харин ч мэндэллээ:
    -Сайн байна уу?
    Үхэл дугарсангүй.
    -Та Үхэл мөн үү?
   
Бараан дүрс энэ үгэнд цочирдов уу яав, зог тусах мэт хөдөлгөөнгүй болсноо:
    -Тийм ээ, би Үхэл байна. Чи намайг таньдаг юм уу? – хэмээн яг л Санжаагийн үзсэн кинон дээр гардаг шиг хахирдуу гэмээр дуугаар өчлөө.
    -Таныг сайн танина. Киноноос зөндөө үзсэн. Намайг авах гэж ирсэн үү?
    -Тийм. Чиний цаг болчиж!
    -Тэрийг би ойлгож байнаа. Харин өвтгөх үү?
    -Үгүй ээ. Би авч яваа хүнээ зовоодоггүй. Санаа зоволтгүй. Цаг чинь болсон болохоор л би үүргээ гүйцэтгэхээр ирлээ.
    Санжаа бүр тайвширч, бие нь бүрэн тавирчээ.
    -Нэгэнт цаг болсон бол би таныг дагаад явъя даа. Харамсаад байх юм юу ч байх билээ. Нас ч 72 хүрлээ. Магадгүй хэт урт насалсан ч байж…
    -За тэгвэл явъя даа. Чи их эелдэг хүн байна.
    -Би яаж явах вэ? Орноосоо босоод араас чинь алхах уу?
    Санжаагийн асуултад Үхэл их гайхсан байх, чичвэсхийснээ шал өөр юм асуулаа:
    -Чамд өнгөрсөн амьдралаас чинь харамсах юу ч үлдээгүй гэж үү?
    Санжаа ч энэ гэнэтийн асуултад цочирдлоо. Түргэн зуур өнгөрсөн амьдралаа хөврүүлэн эрэгцүүлснээ:
    -Ганцхан юм бий. Бүхий л насан туршдаа үүнд харамссаар ирсэн. Ердөө л ганц…
    -Юув? Тэр ганцыгаа хэлчих.
    Санжаа хэсэг зуур бодолхийв. Энүүхэн хооронд тэрээр хажууд өөрийг нь Үхэл хүлээгээд зогсож буйг мартжээ. Уртаар санаа алдаад:
    -Би бараг хүүхэд байхдаа нэг хүүхэнд дуралсан юм. Түүний араас би олон жил хөөцөлдсөн. Харин тэр намайг тоогоогүй.
    Үхэл асууж байна:
    -Хүүхэн бүх насаараа чамайг тоогоогүй юм уу, эсвэл түүнтэй суух бололцоо чамд гарч байсан уу?
    Санжаа тэр дор нь хариулсангүй. Хүүхнийхээ тухай хэсэг зуур бодож, эрэгцүүлэв. Бүхий л амьдрал нь нүднийх нь өмнүүр киноны дүрс шиг гялалзан өнгөрнө:
    -Байсан. Зөндөө байсан. Тэр болгонд нь би өөрөө алдаа гаргасан. Алдаад л, мунгинаад л, тэнэгтээд л…
    -Чамайг бүр өрөвдчихлөө. Би чамд тусалъя.
    -Яаж? Намайг авч явахаа болих гэж үү?... Үгүй дээ, дал гарчихсан би одоо нөгөө хүүхнээ очиж эргүүлээд суух гэж үү? Болъё. Шал дэмий…
    -Би чамайг тэр хүүхэнтэй танилцаж байсан үе рүү чинь буцаагаад аваачъя. Чи түрүүн алдсан алдаагаа засаад тэр хүүхэнтэйгээ суугаад, дахиж 72 наслаад, харамсах ганц ч юмгүй болчихоод эргээд ир. Тэгэхээр чинь би дахиж ирээд чамайг аваад явъя.
    Санжаа гайхан дуу алдлаа:
    -Болдог юм уу? Яаж?
    -Болгоноо. Надад тийм эрх бий. Тийм мэдэл ч бий, чадал ч бий.

х    х    х
    
Санжаа дахиад цус харвав. Дахиад л өнөөх сэхээндээ ухаангүй. Гурав дахь шөнөө яг тэр цагтаа сэрэв. Хаалганы босгон дээр зогсох Үхэлийг тэр танилаа. Тэртэй тэргүй ирэхийг нь мэдэж байсан юм чинь.
    -Харамсах юмгүй болоод эргэж ирсэн биз дээ. Баяр хүргэе! – хэмээн Үхэл баяр хүргэж байгаа шинжгүй, мөнөөх хахир дуугаараа асуулаа.
    -Би баларсаан. Естой баларсан юм болсон…
    -Дахиад тоогдоогүй юу?
    -Тэрнээс ч дор. Тоогдох нь тоогдсон. Урьдын алдаагаа зассаар байгаад тоогдсон. Гэвч тэр маань хар нялхаараа нас барчихлаа. Дөнгөж 17 настай байсан шүү дээ.
    -Чамаас болсон хэрэг үү?
    -Юунаас болж нас барсныг би мэдэхгүй. Гэхдээ намайг тоолгүй явсаар лав л өдий хүртэл амьд байсан юм чинь. Тэгэхээр би амьдралыг нь өөрчилсөн хэрэг.
    Үхэл бодлогшрон өрөөн дундуур хэсэг холхисноо:
    -За тэгвэл явцгаая даа. Би чамд бололцоо олгосон. Чи үнэн хэрэгтээ нэг зуун дөчин хоёр жил амьдарлаа. Надад гомдох юм байхгүй биз дээ.
    -Яалаа гэж гомдох билээ. Би танд маш их талархаж байна. Гэхдээ нэг гуйлт байна…
    -?
    -… Намайг дахиад буцаагаад өгөөч. Би юу ч өөрчлөхгүй, тэр хүүхэнд тоогдохгүй явсаар хуучин маягаараа амьдарчихаад эргээд ирье.
    -Чи юу ярьж байнаа? Хоёр гурвын зургаа, гурван долоо хорин нэг… чи хоёрзуун арван зургаан жил амьдрах гэж үү? Мод л биш юм бол ийм урт амьдардаг ямар ч амьтан байхгүй.
    -Би танаас сөгдөн гуйя. Би хүний амьдралыг сүйтгэчихлээ шүү дээ. Би хөндлөнгөөс оролцоогүй бол тэр хүүхэн ная, магадгүй ер наслах ч байсан юм билүү.
    -Бололцоогүй хэрэг. Би өөрт өгөгдсөн эрх мэдлээ дахиж ингэж буруугаар ашиглаж чадахгүй.
    - Та зөв хэллээ. Та өөрт оногдсон үүргээ буруугаар ашиглаагүй бол тэр хүүхэн одоо болтол амьд байх байсан. Би түрүүн таныг дагаад явахад бэлэн байсан. Та л намайг ийм юм руу түлхсэн биз дээ?!
    Үхэл өрөөн дундуур мөн л холхиж “Хоёрзуун арван зургаан жил” хэмээн амандаа дахин дахин бувтнана.
    -Яст мэлхий! Яст мэлхий гурван зуу насалдаг гээ биз дээ?
    -За тэгвэл чи надад амла, юуг ч өөрчлөхгүй яг анхны амьдралаараа амьдарсаар буцаад ирнэ гэж.
    -Амлаж байна.

х    х    х

Өрөөний хаалга үл ялиг чихран дуугарч хаалга нээгдлээ. Коридороос тусах бүдэг гэрэлд хар бараан дүрс онгорхой хаалган дээр хөдөлгөөнгүй зогсох аж. Гурвалжин шовоодой малгайтай, гартаа өөрөөсөө урт нарийнхан шургааг шиг мод мөрөн дээрээ хөндлөн тохчихсон харагдана. Энэ бол Үхэл. Тэрээр Санжааг авахаар гурав дахь удаагаа ирж буй нь тэр. Өрөөнд хэн ч алга. Эмнэлэгийн олон янз аппарат төхөөрөмж бүгд унтраалттай. Санжаагийн ор хоосон, Хөнжил, бүтээлэг нь цэвэрхэн хураалттай. Өрөө нам гүм.
    Үхэл өрөөг дахин дахин тойруулж харснаа өнөөх хахир дуугаараа:
    -Хэлсэн амандаа хүрсэнгүй. Тэр дахиад өөр маягаар амьдарчээ! Харамсах юмгүйгээр амьдарлаа жаргалтай өнгөрөөсөн бололтой!
    Үхэл дороо эргэн цааш алхан холдоход хаалга үл ялиг чихарч хаагдлаа.
    Амьсгалаа түгжин нуугдсан Санжаа орон дороос мөлхсөөр гарч ирэв. Тэрээр “эмч дуудах кноп”-ыг дарчихаад орон дээрээ гарч хэвтэв. Хөнжлөө ч нөмөрлөө.
    -Тийм ээ, надад одоо амьдралаас харамсах юу ч үлдсэнгүй – гэж амандаа шивэгнэв.
    Жич: Санжаа гэсэн нэр нь төвдөөр Бурхан гэсэн утгатай. Мартсанаас өнөө хүүхнийг Дариа гэх, энэ нь уг гарлаараа санскритаар Тара гэж хэлэгдэнэ.