Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлын талаар хэрэв иргэдээс асуувал хамгийн эхэнд “Шүүх үйл ажиллагааг нээлттэй болгосон” гэх биз ээ. Энэ бол дугаар хорооны иргэнд хамгийн ойрын, бас хамгийн хэрэгтэй мэдээлэл. Гэтэл энэ мэдээлэл үеийн үед хаалттай байж ирснийг Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөр томилогдсоноор “Энэ  л ардчиллын, тэгш эрхийн гол агууламж” гэдгийг ойлгуулж улмаар шүүх байгууллагыг цахимжуулж, шүүхийн шийдвэрүүдийг цахим хэлбэрээр олж үзэж болдог болсон юм. Тэр ч байтугай шүүх хурлыг шууд дамжуулах, бичлэгийг DVD хэлбэрээр хадгалах, хэвлэж авах, шүүх хурлын бичлэгийг ухрааж үзэх зэрэг нь олон нийтэд нээлттэй байх төдийгүй шүүгчид мэргэжлийн талаасаа хэлэлцүүлэг,мэтгэлцээн өрнүүлэх, ур чадвараа уралдуулах зэрэг олон талын ач холбогдолтой болсон. Шүүхийг цахимжуулах ажлын хүрээнд 115 шүүх хуралдааны танхимд иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан байна.

Шүүх хурлыг онлайнаар явуулах болсон талаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ ярихдаа ““Манай шүүх 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн хорих ангитай цахимаар холбогдож ялтныг шүүх хуралдаанд оролцуулах, шүүх хуралдаанд оролцох хууль эрх зүйгээр хангаж оролцуулж байгаа. 2015 оны дөрөвдүгээр сараас хойш нийт 915 хэрэг хянан шийдвэрлэсний 82 шүүх хурал нь цахимаар оролцуулсан. Энэ жил 643 хэрэг хянан шийдвэрлэснээс 171-ийг онлайнаар оролцуулсан. Цахим шүүх хурлыг иргэд талархалтайгаар хүлээж авч байгаа. 2015, 2016 онд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тоо буурсан” гэсэн юм.

Үнэхээр ч иргэд талархалтай хүлээж авч байгаа нь илтэд анзаарагддаг. Найман жилийн өмнө Ерөнхийлөгч асанд холбогдох шүүх хурал орон даяар нээлттэй болох тухай ярьсан бол үлгэр шиг л санагдах биз. Ёстой хатуухан хэлэхэд “толгойгоо ч авахуулж”  мэднэ. Тэгвэл өнөөдөр shuuh.mn  сайтыг мэдэхгүй хүн ховор болж хандалт нь 2014 онд 1226155 байсан бол 2015 онд 1302004, энэ онд өнөөгийн байдлаар 1159422 болжээ. Шүүх хурлын  шийдвэрийг татаж авч үзэх, хэвлэн авсан тоо мөн л жилээс жилд өсөлттэй гарч байна.

Үүнийг л “Ардчилсан” гэх тодотголтой Ерөнхийлөгчийн бэлэг гэж хэлэхгүй юм бол ардчиллын тухай хэчнээн яриад яах билээ. “Ардчилсан” гэх тодотголын тухайд зөвхөн Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан гэдгээс гадна хувь хүнийх нь онцлог бас туссан талтай нь харагддаг.

Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил болох гэж байна. Өмнө нь шүүхэд итгэх итгэл 20 орчим хувьтай байсан бол одоо гурав дахин нэмэгдсэн. Шүүхийн шинэчлэл амжилттай явж байгаагийн гол шалтгаан нь өнөөх л иргэд, шүүгчид хоорондын ойлголцол, иргэд юу хүсээд байгааг шүүх байгууллага сонсч, хууль тогтоогчид, шийдвэр гаргадаг институци бүрээр шийдвэрлүүлж чадаж байсан нь гол түлхэц болсон болов уу гэж харагддаг.

Монгол Улс шүүхийн салбарт хийсэн амжилтаас ухрахгүй гэдэгт сонгосон ард түмэн нь итгэсээр ирсэн. Тэр ч итгэлийг нь дааж чадсан юм. Сонгуулийн дараа төрийн байгууллагад халаа сэлгээ хийдгийн адил шүүгчид ажлаасаа халагддаг байсныг болиулж чадлаа. УИХ-аар батлуулахад хэчнээн хүнд байсан ч шүүгчийн цалинг хөндөхгүй байж чадлаа.  Шүүх бол иргэний эрхийг хамгаалдаг байгууллага. Нийт ард иргэдийн 10 хувь хууль зөрчиж байна гэж үзэхэд үлдсэн 90 хувийг эзлэх иргэдийн эрхийг шүүгчид хамгаалж байгаа хэлбэр, ойлголт үүгээр бэхжиж байгаа гэж ойлгож болно.

Шүүх хэргийн төрлөөр дагнан байгуулагдаж, шүүгчид мэргэшин ажиллах нөхцөл бүрдлээ. Монгол Улсын Шүүхийн тухай багц хууль батлагдан гарсантай холбоотойгоор Шүүхийн үндсэн тогтолцоонд нэлээдгүй өөрчлөлтүүд ороод байгаа билээ. Уг өөрчөлтийг иргэд тэр бүр ойлгохгүй, төөрч будилах тохиолдол гарч байна. Тиймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхтэй хамтран бэлтгэсэн мэдээллээ хүргэж байна.

УИХ-аас 2012 оны 3-р сарын 7-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг батлан гаргаж “Шүүхийн үндсэн тогтолцоо нь:

-Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх

-Аймаг, нийслэлийн шүүх буюу давж заалдах шатны шүүх

-Сум буюу сум дундын, дүүргийн шүүх буюу анхан шатны шүүхээс бүрдэнэ” гэж заасан байдаг.

Мөн МУ-ын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, нягтаршил, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар заасан байна. Үүний дагуу Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг  харьяалуулан  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийг байгуулжээ.

Шүүхийг  хэрэг, маргааны төрлөөр ийнхүү дагнан байгуулснаар иргэд, олон нийтэд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх, шүүгч тухайн хэрэг маргааны төрлөөр мэргэшин дадлагажиж, шүүхээс гарах шийдвэрийн хууль зүйн үндэслэл сайжирч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгыг хангахад үйл ажиллагаа нь чиглэгдсэн ажил болсон юм.

Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас тусгаарлалаа. Шүүхийг хэргийн төрлөөр дагнан байгуулж, шүүгчид мэргэшин ажиллах нөхцөл бүрдэв. Шүүхийн захиргааг шүүн таслах ажиллагаанаас тусгаарлав. Шүүхийн Ерөнхий зөвлөл байгуулагдаж ажилдаа оров. Өмнө нь аймгийн шүүхийн дарга нь шүүгчийнхээ цалин урамшуулал, хангалт бүх юмыг шийддэг байсан бол одоо шүүх нь хуралдан, шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Материаллаг бааз, ар тал, сонгон шалгаруулах бүх үйл ажиллагааг нь Шүүхийн ерөнхий зөвлөл тусдаа хийх ёстой гэж салгаж өгсөн.

Шүүгчдийн хараат бусаар ажиллах боломж нөхцөлийг хангахад анхаарч нэлээд ажилласан. Манай шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Нөлөөллийн мэдүүлэг гэдэг нь тухайн шүүгч хэрэг шийдэх гэж байтал мөнгөтэй, эсвэл том албан тушаалтай этгээд нөлөөлөх гэж үзвэл мэдүүлэгтээ шууд тусгадаг болсон. Тэгээд шүүгчид нөлөөлөхийг завдсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсон.

Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа шүүхэд нэвтрүүлсэн нь шүүхийн салбарын шинэтгэлийн нэг хэсэг байв. Иргэдийг чирэгдүүлдэг, ялладаг олон хэрэг, харилцаанууд иргэдийн эвлэрлээр шийдэгддэг боллоо. Өмнө нь маргаан үүсээд, ярилцаад, ял аваад явдаг байсан олон асуудлыг одоо иргэд шүүх дээр ирээд эвлэрүүлэн зуучлах харилцаагаар ороод эвлэрч шийддэг болсон. Шүүхгүйгээр бие биеэсээ уучлал гуйгаад, өгөх ёстой өр төлбөр байгаа бол тэдэнд төлнө гээд шүүхийн шийдвэр гаргуулаад буцдаг болсон. Иргэдээ өчүүхэн хэргээс болж барьж аваад шоронжуулаад байдгийг болиулсан. Шүүхэд ирж байгаа нийт гэмт хэргийн 40 хувь нь энэ замаар шийдэгддэг болсон шүү. Энэ бол маш том дэвшил. Одоогоор шүүхээр орж ирж байгаа таван хэрэг тутмын нэг нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байгаа гэсэн дүн мэдээ харагдаж байна. Цаашид эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг дээр эвлэрүүлэн зуучлалыг авч ашиглах нь зүйтэй гэж хуулийн салбарынхан ярьж байгаа.

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар бол тухайн иргэн хүний хууль зөрчсөн үйлдлийг ялгаад өгчихөөр ямар үйлдэл нь зөрчил болж, ямар үйлдэл нь гэмт хэрэг болох вэ гэдэг нь жирийн иргэдэд ойлгомжтой сайн хууль байсан. Гэвч энэ хууль дараагийн  парламентын үед ялагдал хүлээнэ гэж тэгэхэд хэн ч санаагүй юм. Тухайн үед алгаа ташин хүлээж авсан олон хүн одоо цаг төрийн үймээн гэдэг шиг улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан шинэтгэлийн төлөөх зоригтой алхмаасаа ухарч байгаа нь харамсалтай. Гэсэн ч шүүх байгаа цагт шүүхийн салбарын шинэтгэл хэн нэгний хувьчилсан авторгүйгээр шаардлагатай хэвээр байсаар байх болно. Шинэчлэлийн түүчээ шүүгчид, шүүхийн байгууллагын ажилчдын үйл ажиллагаанд тулгуурлаж явах л болно.

Ардчилсан Ерөнхийлөгчийн үлдээсэн энэ бэлгийг, хамгаас үнэтэй эрх чөлөөг хамгаалах уу, хуулийн аргаар булаалгах уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Энэ  бэлгийг булаах, булаалгах эрх мэдэл төрд л байгаа учир хэсэгхэн зуурынх байх эсэх нь биднээс шалтгаална. Хараад байхад энэ бэлгээс зохих хэмжээгээр хүртчихсэн нөхөд л булааж мэдэхээр байгааг сануулъя. Энэ бол Ц.Элбэгдоржийн өмч биш Ардчилсан төртэй, ийм Үндсэн хуультай Монгол Улсад Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх хугацаандаа үлдээсэн өв мөн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.