Менежмент бол хамгийн сонирхолтой, үр өгөөжтэй мэдлэгийн салбаруудын нэг юм. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн амжилт нь зорилтот үр дүнд хүргэж чадахуйц менежментээс шууд хамаардаг. Нийгмийн бүхий л салбар дахь нэр алдартай хүмүүсийн үйл хэрэг менежментийн мэдлэгийн нөлөөгөөр хэрхэн өсөн дэвжиж ирснийг бид энэхүү номд ишлэгдсэн алдартнуудаас харж болно. Мөн менежментийг зөвхөн өөртөө тохируулан, үр дүнтэй хэрэгжүүлэхэд эдгээр хүмүүсээс их зүйл суралцах боломжтой. Нийгмийн аль салбарт, хэр нөлөөтэй оролцож, ямар зорилгод хүрэхээр тэмүүлэх нь зөвхөн танаас шалтгаална. Харин аль ч тохиолдолд менежментийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Энэхүү номд дурдагдах олон ч жишээнээс та менежмент бол зөвхөн эдийн засгийн салбарт хэрэгтэй, түүнд хамааралтай зүйл биш болохыг олж харна. Төрөл бүрийн салбарт амжилт гаргасан олон хүн менежментийн мэдлэгийг өөрсдөө ч анзааралгүй авч хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү номыг уншсанаар та амжилтад хүрэхийн тулд чухам юунд анхаарлаа хандуулах ёстойг олж мэдэх болно.

Энд менежментийн мэдлэгийг энгийн сонирхолтой хэлбэрээр өгүүлсэн бөгөөд дурын хүн хэрэгжүүлж болохуйц, ойлгомжтой цогц бүтээл боллоо. Амьдралаас урган гарч, эргээд амьдралд зориулагдсан энэхүү бүтээл менежментийг амжилттай хэрэгжүүлж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусална. Менежментийн мэдлэгийг амьдралд хэрхэн хэрэгжүүлж буй жишээнүүдээс та олж авсан мэдлэгээ эргэн бататгах бөгөөд менежментийг олон зүйлд ашиглах боломжтойг ойлгох болно. Учир нь менежментийг зөвхөн эдийн засгийн салбарт төдийгүй, урлаг, спорт, анагаах ухаан, цэрэг улс төр, шинжлэх ухаан гэсэн нийгмийн бүх салбарт, хүмүүс өмнөө зорилт тавьж, түүндээ хүрэхээр тэмүүлж буй газар бүрт ашигладаг юм. Хэдийгээр салбаруудын судлагдахуун харилцан адилгүй, өөр хоорондоо ялгаатай ч ашиглагдаж буй менежмент хэзээ ямагт адил.
Энэхүү номд менежментийн хамгийн чухал зарчмуудыг тоймлон гаргасан бөгөөд татсан жишээнүүд нь эдгээр зарчмыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг харуулсан. Ингээд нийт хамрах хүрээг багцлан дараах үндсэн сэдвүүдэд хуваав. Үүнд:

  • Байгууллагын менежмент
  • Инновацийн менежмент
  • Хувь хүний менежмент

Менежментийн мэдлэгийг дээрх гурван сэдвийн хүрээнд агуулгаар баялаг, сонирхолтой, ашиглахад дөхөмтэй байхаар өгүүллээ. Номын нэлээд хэсэгт зарим нэг асуудлыг нарийн авч үзэлгүй, товчхон бичих нь бидний хувьд хялбар байх байсан ч бид тухайн сэдэв болон жишээг аль болох өргөн хүрээнд, сонирхолтой, хэрэглэхэд дөхөмтэй болгох зорилго тавьсан тул хялбар арга замыг эрэлхийлсэнгүй.

Нэг бүлэгт оруулсан олон жишээ нийлээд нэгэн дүр зургийг босгох бөгөөд энэ нь танд үр өгөөжтэй менежмент гэж чухам юу болох, үүнийг амьдралд нэвтрүүлэхэд юунд анхаарахыг дэлгэн харуулна.

Хэрэв энэ номыг уншсан дараа та үр өгөөжтэй менежментийн талаар илүү ихийг мэдмээр санагдаж байвал цаашид таны амьдралд одоо төсөөлж байгаагаас ч илүүтэй нөлөөлнө.

Номд тусгагдсан зарчмуудыг амьдралд хэрэгжүүлээд нэгэнт эхэлбэл та тун чадварлаг, өгөөж арвин, магадгүй, маш амжилттай нэгэн болно.

Франк Арнолд
2010 оны нэгдүгээр сарын 1. Цюрих хот