Цас цавцайн унажээ. Үүлс хөшилдсөн Рицюкагийн оргил энэ цасанд дарагдан намхан болсон мэт. Эцэст нь Гамаэрын уужим саруул хөндий дун цагаанаар эргэлдэж, нэлэнхүйдээ зузаан цасан хучлагаар хучигдав.

Умрын эрчит салхи шуурганд навчис унаж, модод нүцгэрээд, хаашаа л харна хаа нэг цас мөсөнд хучигдсан мод ёрдойх мэл цагаан тал цэлийнэ. Үд дундын нимгэн шаргал нарны зөөлөн илч хөрсөнд үл шингэнэ.

Чонон сүрэг салхины дор байрласан эрээн тарлан хонхорт унтаж байлаа. Өдөртөө нүүр нүдгүй шуурах цасан шамрагаас хоргодохдоо хөндийд гарч ан хийнэ. Гэвч олз омог муутайхан. Аргал угалз, зээр бөхөн, бугын сүрэг хаа нуугдсаныг бүү мэд. Цавцайн цэлийх цагаан талд амьтны мөр хаа нэг таарахад сүргээрээ өдөржин хойноос нь мөшгивч дээрээс цас малгайлан орж, угаас ялгахад бэрх болсон зам харгуйг үгүй хийнэ. Чонон сүрэг өөрийн эрхгүй өлсөж ундаасав.

Хэдэн өдрийн турш өл мөлхөн явах нь хэвийн үзэгдэл боллоо. Зылань өлссөөр ходоод нь нуруундаа наалдсан мэт санагдана.

Шөнөдөө хааяахан умрын салхи жихүүцүүлнэ. Тэгэхэд үс нь сөрвийж, дөнгөж төрсөн бэлтрэг аятай сүргээрээ дуу дуугаа авалцан улилдана.

Амь зуухад улам бүр төвөгтэй болсон ч Ланьхунь өдрөөс өдөрт өсгөлүүн болж, хөх сортой өтгөн үс нь мөнгөлөг цасанд гилтгэнэн гялалзана. Бие бялдар нь өсөхийн хэрээр булчин шөрмөс нь товойж, өлсөхийн эрхэнд улам бүр догшин авиртай болно. Хоолонд хомхой нүдэнд нь ган төмөр мэт хүйтэн оч үе үе сүүмэлзэх агаад өвлийн адаг сар гарахад нас бие гүйцсэн эр чоноос барагтай бол дутахааргүй өсгөлүүн болжээ.

Ланьхунь биеийн хувьд том болоод зогсохгүй үзэсгэлэнтэй сайхан төрхтэй, эрэмгий омогтой болох аж. Ан хийхэд үргэлж урагш зүтгэж, түрүүлж дайрна.

Нэгэнтээ чонын сүрэг таван өдөр дараалан олз муутай явлаа. Өлссөн чононууд ичээндээ буй баавгай олж идэхээр шулуудав.

Азийн тэнүүн талд амьдардаг баавгай болбоос өвсөн идэштэй боловч чонын хувьд тийм ч амар бариад авах ан биш. Зэрлэг, харгис зантай, хүчтэй энэ амьтан бүдүүн хөлөөрөө нэг алгадахад дундаж хэмжээтэй модыг өлхөн унагачих чадалтай. Бяр ихтэй чоно ч энэ амьтантай тулахад хүнд шархдаж мэднэ.

Үүнээс гадна баавгай зун, намартаа нарс шөргөөх дуртай, шөргөөсний дараа арьс үс нь нарсны давирхайд баригдаж, улмаар жижиг хайрган дээр хөрвөөнө. Ингэснээр дагтаршиж барьцалдсан хайрга бүхий хэд хэдэн үетэй зузаан хуягтай болчихно. Баавгайн арьс угаас зузаан, дээр нь ийм хуягаар хуяглахад хэдий хурц шүдтэй ч хазахад амаргүй дэг ээ.

Ийм ч учраас чонын сүрэг баавгайтай таарвал дайрах нь бүү хэл зугтдаг билээ. Хоосон ходоод хоол нэхээгүйсэн бол баавгайг агнах тухай санах нь юу л бол.

Цасан цагаан талд баавгайн ичээг олох амархан. Энэ амьтны ичээ угаас андашгүй. Тэд ихэвчлэн бөглүүхэн агуй, эс бөгөөс том моддын завсарт орж ичнэ.
Нэг удаа үдийн алдад чонын сүрэг дотроо том хонгилтой маш том мод олов. Зарим нь модны мөчир дээр үсэрч гараад баавгайн этгээд үнэрийг авч, нэгэн жигдээр намуухан хүнгэнэх амьсгааг нь сонслоо. Энэ хонгилд баавгай ичсэн нь гарцаагүй. Түүнийг гаргаж ирэхэд өл залгана.

Чонын сүрэг архирсаар тэр модыг хүрээлж, хоёр нь мөчир дээр гарч модны хонгилд хошуугаа шургуулан ульсан ч баавгай сэрсэнгүй. Тэгмэгц чононууд хэдэн мөс зууж авчраад хонгил руу шидэв. Баавгай мөн л ажирсангүй. Хонгилд унасан мөс хайлж, ус нь үндсээ хүртэл урсах ч мөн л сэрсэнгүй.

Ингээд эцсийн арга болох хонгилд орж сэрээхээс өөр зам үлдсэнгүй. Хоёр чоно нэг нэгэн дээрээ гарвал хонгилын ёроолд хүрэх боломжтой. Гэлээ ч ороход амархан боловч гарахад хэцүү.

Чоно хонгилд ороод шаламгай хөдлөхгүй бол баавгайг сэрэхээс өмнө бултаж амжихгүй, үүний дараа юу болох нь тодорхой. Ичээнээсээ сэрсэн баавгай чонын нурууг хулс хуу татаж байгаа мэт ганцхан цохиж хугалаад доороо оруулж дарахад давтсан махнаас өөрцгүй л болно.

Чонын сүрэг том модыг тойрон шогшино. Калулу модны хонгилын дэргэд суугаад хонгил руу тонгойно. Урд хоёр хөлөө дотор нь шургуулаад баавгайг түлхэх ч удалгүй татчихна.

Чоно омогтой, чадалтай, эрсдэлд дуртай ч амиа хоохойлох учиртайг бас мэднэ.

Энэ мөчид Ланьхунь сүрэг дундаасаа сугаран гарч модны мөчир дээр суув. Калулугийн дэргэд суугаад эргэж хараад Зыланийг ширтэв.

Зылань хүүгийнх нь харц ямар учиртайг даруй ухаарчээ. Хүү нь амьдрал, эрсдэлд ялгаагүй тэмүүлж, бүхнийг үзэн ядахын зэрэгцээ түүнд талархаж байгаа нь илт. Ланьхунь модны хонгил руу үсэрч орохыг зөвшөөрөөч гэж эхээсээ гуйхаас гадна үхлээс аварч өмгөөлөөч гэж хүссэн нь тэр байжээ.

Энэ бол Ланьхуний хувьд эр чадлаа харуулах аятайхан боломж авч үхлийн аюултай. Зылань яавал дээрийг мэдсэнгүй, баахан тээнэгэлзэв...

Ланьхунь залуу эр чоно мэт намуухан дуугаар ульж, хүзүүгээ татаад модны хонгил руу үсэрч орлоо. Чонын сүрэг нам жим болоод хүлээв. Эргэн тойрон гэнэтхэн анир чимээгүй болоход умрын салхи л цас хийсгэн шунгинан исгэрнэ.

Зылань галзуурах нь холгүй санаа зовж суулаа. Модны хонгилоос ямар ч дуу чимээ гарсангүй. Цаг хугацаа зогссон мэт. Хэдхэн секунд өнгөрсөн ч Зыланий хувьд бүхэл бүтэн эрин зуун урсаж өнгөрсөн мэт.

Гэнэт цас мөсөн хучлагатай тал хөндийгөөр баавгай архирах нь цуурайтаж, Зылань үйлгүй ихээр айжээ. Модны хонгилд үсэрч ороод юу болсныг хармаар байвч төдөлгүй танил дүрс бөртөлзсөн нь хонгилоос сум мэт үсрэн гарсан Ланьхунь аж. Хүү нь цээжээ түхийлгэн, гэдсээ татаад газарт нэг тонгорч, цасан дээр зөөлөн буув.

Зылань эрчээрээ давхиж очоод Ланьхунийг толгой түрүүгүй ажвал бэлтрэг ихээ төв царайлах агаад ер бэртэж гэмтсэн шинжгүй байлаа. Эхийн сэтгэл сая л нэг амарчээ.

Ланьхунийг хүмүүжүүлэхэд бүхнээ зориулсан нь талаар өнгөрсөнгүй. Тэрээр хөлөө сул тавьж, урд хоёр хөлөөрөө модны арзгар холтосноос зуурч байгаад доош алгуур буужээ. Хонгилын ёроолд ичсэн том баавгай модны зай завсраар нэвтрэх бүүдгэр гэрэлд тодрон харагдана.

Баавгай ичихдээ зүгээр ч нэг унтаад өгдөггүй, хагас үхлүүт байдал буюу хүнээр бол комд ордог. Хажууханд нь пуужин писхийлгэлээ ч сэрэхгүй. Тийм учраас Ланьхунь ийн сэтгэжээ. Тэр баавгай руу шууд дайрвал хонгилоос эсэн мэнд гарч чадахгүй биз.

Модны хонгил хэтэрхий давчуу байсан тул баавгай руу дайрмагцаа огло үсрэн гарах ор боломжгүй. Дээш мөлхөн байж гарна. Баавгай хэдий болхи ч гэлээ модонд авирахдаа чононоос дутахгүй. Сэрмэгцээ аятайхан ичээнд нь урилгагүй зочин болж ирсэн чоныг олж хараад савраа сунгаж барьж авах нь лав.

Ланьхунь нүдээ цавчаад, гэнэт сэхээ авч, баавгайн мөрөн дээр гарч зогсов. Хойд хөлөөрөө мөрөн дээр нь гишгээд хар бөмбөлөг шиг хоншоорыг нь хараад хүчтэй хазлаа. Тэгэхдээ бэлтрэг баавгайн мөрөн дээр зогссоор байв.

Хоншоороо хазуулсан баавгай өвдсөндөө даруй сэрж чанга архираад, нүдээ нээхдээ цээжиндээ эвхсэн урд хоёр хөлөө сурсан зангаараа урагш сунгажээ. Нэг савраараа хоншоороо дарж, нөгөө савраа хонгилын амсраар цухуйлгахад Ланьхун мөрөн дээр нь зогсож байсны хувьд дээш өргөгдөж, ард хоёр хөлөө атируулж байгаад хонгилын амсраар урагш суга үсрэн гарчээ. Баавгай нэг савраа сунгаж, мөрөө өргөсний ачаар Ланьхунь хонгилоос сугарч чадав.

Бэлтрэг маш чадамгай, цэвэрхэн, үзүүштэй үсэрсэн билээ.

Мод тойрон эргэлдсээр хүлээж зогссон чонын сүрэг дуу дуугаа авалцан ульж, сүргийн ахлагч Луозя хүртэл Ланьхунийг үнэлсэн харцаар шагналаа.

Сүрэг эрт урьддаа ичсэн баавгай агнаж байсан тул уг ажилд дадлагатай. Баавгайг сэрээсэн чоно нэг бол гэмтдэг, эс бол амиа алддаг бичигдээгүй хуультай. Гэтэл бяцхан Ланьхунь ийм арга сийлнэ гэж хэн мэдэх вэ? Сэтгэл гэж бодитой зүйл байдагсан бол Зыланийх тэр үед бал бурмаар тэжээгдсэн мэт баяраар бялхав.

Баавгай ичээнээсээ гарч ирэхэд хошуу ам нь цусанд бялгаджээ. Тэр зүүн савраараа хамраа дарах бөгөөд нүд нь жигтэйхэн нуухтжээ. Уур омог нь бадарсан нойрмог амьтан улам бүр чангаар архирна. Арьс үс, хуяг сайтай баавгай эхэндээ нойрноос нь сэрээсэн чонын сүргийг ажигласангүй.

Гэвч удалгүй орчин тойрноо нэгжин хараад цасан дээгүүр маажиганасаар тэднийг хөөлөө. Өдөр дундын шаргал нар ээсэн цав цагаан талд нүүрс шиг тас хар баавгай жигтэй их нүдэнд тусна.

Баавгайг ичээнээс нь гаргасан л бол чонын сүрэг идэштэй боллоо гэсэн үг. Сүргээрээ байхад тэнэг баавгайг өлхөн дийлнэ. Чоно цасан дээр хурдан давхидаг ч баавгай шиг өлчир биш. Тиймээс сүрэг хоёр хэсэг болж хуваагдаад, баавгайг хүрээлж эхлэв.

Хар хүрэн баавгай нэг чоныг нүд салгалгүй элдэн хөөсөөр барьж авахын даваан дээр өөр нэг чоно нүдэнд нь торж анхаарал сарниулна. Тэгэхэд баавгай эхний чоноо алдаж, хоёр дахийг хөөнө. Чонын сүрэг түүнийг энэ мэт цуцааж байсныг тэр мэдсэнгүй. Чадал ихтэй баавгайг цуцтал нь давхиулж, модны хонгил дахь ичээнээс нь холдуулахад олз аманд орно.

Хамгийн гол нь баавгай цуцаад хонгилдоо эргэж ороод нуугдвал түүнийг ахиж гаргана гэж саналтгүй, сүргийн хичээл зүтгэл талаар өнгөрнө. Ичээндээ орсон баавгайд айх аюул гэж үгүй.

Өмнүүр нь ээлжлэн давхих хэд хэдэн чоныг хараад баавгайн нүд эрээлжлэв. Нэг чоно хөөж байтал түүнийгээ алдчихна. Энэ үед урдуур нь ахиад нэг чоно сүүтэгнэвэл мөн л хөөж эхэлнэ... Баавгай нэг ч чоно барьж чадсангүй. Хөл нь цуцаж, цасан дээр суугаад үүгээр түүгээр шогших чононуудыг ажив.

Энэ хооронд чонын сүрэг баавгайг багашаархан хэмжээний нэгэн хонхорт авчирсан байлаа. Ичээгээ зассан мод нь тэртээ хол сүүмийх төдий бөртөлзөнө.
Баавгай цээжин дээрх хавирган сар шиг цагаан толбоо аажуухан илнэ. Хоншоорынх нь шарх хүйтэнд сэврээд цус нь тогтжээ. Эргэж хараад ичээ нь тээр тэнд үлдсэнийг мэдлээ. Хавагнасан царай нь ихэд ядарсан янзтай болохыг анзаарвал дэмий зүйл хийснээ ухаарч эргээд явахаар шийдсэн бололтой.

Хөвчийн хүрэн бага зэрэг ядарсан ч чадал нь барагдах яагаа ч үгүй. Чонын сүрэг түүн рүү дайрвал сайнаар бодоход наанадаж хэдэн чоно хүчит саварт амиа алдах нь гарцаагүй.

Баавгай ичээ рүүгээ эргээд мацах гэвэл Ланьхунь цасан дээгүүр мяраан гэтсээр дайсны араас довтлов. Тэр баавгайн нуруун дээр үсэрч гараад чихнээс нь хазвал өнөөх нь архирсаар дайрсан амьтныг дарж авахаар газарт хөрвөөлөө. Гэсэн ч амжсангүй, Ланьхунь год хийн бултав. Баавгай дөрвөн хөл дээрээ арай ядан босоод наалдсан цасаа гөвнө. Уураа барьж ядаж байгаа нь хараажийн илт бөгөөд байдаг эрчээрээ сүргийн араас элдлээ.

Сүрэг зугтан явсаар баавгайг жижиг төгөлд дагуулж авчрав. Ичээ нь эндээс бараа ч үгүй аж.

Улмаар баавгай сүрэг чоныг дийлэх мэргэн санаа олсон бололтой. Нарийхан модонд тулж очоод хоёр хөлөөрөө барьж, том биеэрээ хүчлэн нугалахад мод хугарч, холтосны үнэр сэнхийв...

НЭПКО хэвлэлийн газар