“Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө”.  Грекийн гүн ухаанч Пифагорын хэлсэн үгээр ишилсэн ийм нэгэн бичвэр маань бий. Гадаа гудамжинд үйлдэгдсэн хэргүүд тов тодорхой шийдэгдэх асуудал болж тооцогддог. Харин  хаалганы цаана гэртээ үйлдэгдсэн нь гэр бүлийн асуудал болж үлддэг. Нийгмийн эдгээр ноцтой асуудал, ер нь охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт үйлдлүүд,  Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг яаралтай шаардаж байгаа талаар 2013 онд бичсэн бичлэг л дээ. Онлайн хуудаст байрлуулаад чамгүй олон жилийг өнгөрөөсөн ч тэр нийтлэл маань байнга “амьд” байдаг. Амьд гэдэг нь уншигчид нэг, хоёр, гурван жил өнгөрсөн ч давтан, үргэлжлүүлэн уншиж, бас сэтгэгдлээ үлдээсээр байдагт юм. Гоц улстөрчийн тухай, эсвэл нэн алдартны ярилцлага биш мөртлөө тийн уншигдаж, сэтгэгдлээ үлдээх хүмүүс байгаа нь голдуу эмэгтэйчүүд. Нэрээ ил гаргаж, сэтгэгдлээ шууд хэлж чадахгүй ч интернэтэд тавигдсан нийтлэлийн дор уйлан шаналж, зовж гашуудаж байгаа сэтгэл зүрхээ хуваалцаж байгаа нь тэдэнд өөр боломж байдаггүйтэй холбоотой. Гэр бүлийн амьдралаа ил гаргаад яваад байх хэцүү, ил гаргалаа ч хүчирхийлэгчдээс амар салах боломжгүй учраас тэд шөнө хагаслан нулимс дуслуулан уйлж суухдаа, зовлонг нь хугаслан ойлголцсон мэт санагдах бичлэгийн дор бодлоо хуваалцана. Энэ бол тэдний хувьд маш том эр зориг. Ямарваа хүн туулж өнгөрүүлээгүй зүйлийнхээ талаар илүү хөнгөн бодох гээд байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн талаар ярилцсан эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийг маань үзсэн гээд нэгэн эмэгтэй над руу утсаар ярьсан юм. Телевиз рүү ярьж утсыг маань олоод биечлэн уулзахыг хүсч байгаагаа хэлсэн. Хэн нэгнээс нуугдаж байгаа мэт ороолтоор нүүрээ битүү ороосон эгч нэлээд ярилцаж байгаад аажмаар ороолтоо буулгаж, бид хамтдаа удаан суусан. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж олон жилийг өнгөрүүлж, харин сүүлийн жилүүдэд зориг гарган нөхрөөсөө салсан ч дандаа нуугдаж амьдарч байгаа гэлээ. Утсаар нь залгаад “байна уу” гэх нөхрийнхөө дууг сонсоод ухаан балартах шахдаг, санамсаргүй таарч зугатаж явсныхаа дараа хэдэн өдөр хэвтэрт ороход хүрдэг гэх шаналанг энгийн хүмүүс ойлгоход хэцүү. Бас олон жилийн хүчирхийлэл, дарамтын үр нөлөө хоол боловсруулах эрхтний хүнд өвчин болж ирдэг гэдгийг хамаатуулж үзэх хүмүүс ч цөөхөн байх. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл, айдас дарамт гэдэг хүний амьдралд ингэж сүүдрээ унагадаг. Даван туулж чадсан хүмүүстээ шүү дээ. Харин чадаагүй бусад нь нөхрийнхөө гарт амиа алдаж, эсвэл амиа хорлоход хүрнэ. Үгүй бол аргагүй хамгаалалт хийж, амиа авч үлдээд эрх чөлөөгүйн хаалга татна. Хүчирхийлэл дундах тэр ертөнцийг мэдэхгүй, бас даван туулаагүй хүмүүс ойлгоход амаргүй.

Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг гэдэг. Гэхдээ чухам түүнийгээ хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгож байна уу, чухам юуг хэлээд байгаа талаар охид бүсгүйчүүд, олон нийтийг мэдээлэлжүүлж, зөв ойлголтыг түгээж байх нь хүчирхийллийг улам гааруулж, төгсгөл нь үхэл эсвэл гэмт үйлдлээр дуусгахгүй байхад тун чухал. Харин үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд агуулга дээрээ энэ чиглэлд анхаардаг, сэтгүүлчид нь жендерийн мэдрэмжтэй байх ёстой юм билээ.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар хохирогчид шиг мэдрэхгүй юм гэхэд зах зухыг нь гадарлаж мэдээлэх ёстой юм байна гэдгийг сүүлийн үед илүүтэй ойлгох болсон. Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, хүүхэд хамгаалал, хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар олон нийтэд мэдээлэхдээ сэтгүүлч бид нар өөрсдөө тун мэдрэмжтэй, мэдээлэлтэй байхгүй бол энэ хамгийн эмзэг сэдэв. Хүчирхийллийн улмаас амь насаа алдсан, нөхөртөө зодуулсан эсвэл найз залуугийнхаа гэрт хэдэн өдрөөр хориулж зодуулсан гээд элдэв хэргүүд байнга гардаг.  Сард 70 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог гэсэн судалгаа байдаг бөгөөд ноцтой гэмтсэн эсвэл амь нас нь хохирсон тохиолдлоос бусдад тэгтэл олны анхааралд хүрдэггүй. Ноцтой хэргүүд гарлаа гэхэд олон нийтэд хүрч байгаа мэдээлэл янз бүрээр л хүрнэ. Гэмт хэргийн хохирогч нарт,  давхар сэтгэл зүйн дарамт хохирлыг хүлээхүйц мэдээлэл түгдэг нь нууц биш. Яг сэтгүүл зүйн зарчмаа бариад, эсвэл дуулиантуулах хүслээ жаахан дагачихад давхар хүчирхийлэл үйлдчихдэг. Тиймээс ийм төрлийн мэдээллийг бид арай өөр зарчмаар мэдээлэх цаг иржээ. Тухайлбал, үгээ зөв сонгох эхний даалгавар сэтгүүлчдэд ирнэ. Хүчиндүүлж, хүчирхийлэлд автсан тухай мэдээллийг бичихдээ үг олон давтахаас сэргийлж байхдаа харилцаанд орсон, секс хийсэн гэж бичсэн нь харагддаг. Тэгвэл харилцан тохирсон мэт буруу утга дагуулчихна. Бас хүний наймааны хохирогч нарын талаар мэдээлэхдээ биеэ үнэлэгчдээс ялгаж өгөхгүй бол яг адилхан ойлголт уншигч, үзэгчдэд өгчих гээд байдаг тал бий. Мөн гэмт хэрэгтнийг  мангас, маньяк хэмээн дүрслэх нь олонтоо. Гэвч энэ нь тэднийг энгийн хүнээс өөр, хэвийн бус гэсэн ойлголт төрүүлж дам зөвтгөл явдаг учраас онцгойлон анхаарах хэрэгтэй талаар жендер судлаачид хэвлэлийнхэнд зөвлөдөг. За тэгээд хэтрүүлэг оруулж, сүртэй болгох гээд чинжаал хутга, хурц иртэй сүх залуухан сайхан амийг тасалжээ гээд бичих нь хохирогчийн амийг хүн биш ямар нэгэн хүйтэн зэвсэг хороосон мэт сэтгэгдэл төрүүлдэг гээд анхаарах зүйл олон байдаг юм билээ. Сэтгүүлчид яаж бичнэ түүгээр олон нийтийн сэтгэл зүй хөтлөгдөж байдаг учраас хэвлэлийнхэн маань энэ тал дээр сэтгэл зүйгээ өөрчилж, дагаад нийтээрээ нийгмээрээ гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, бодол санаагаа өөрчлөх болжээ. Энэ нь зөвхөн охид эмэгтэйчүүдийг хамгаалах биш эрчүүдийг ч хамгаална. Хүчирхийлэл үйлдэгч нар өөрсдийгөө хүчирхийлэл үйлдэж байгаа, гэмт хэрэгтэн болно гэж төсөөлж гэмт үйлдэл хийдэггүй. Бараг л эр нөхөр нь эхнэрээ сургаж байгаа мэт л боддог. Олон жил дуншиж, хүлээгдэж байж гарсан Гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхлээд хагас жил гаруй хугацаа өнгөрлөө. Архи ууж ирээд эхнэрээ алгадаад баривчлах ял аваад явчихлаа, цагдаад дуудлага өгчихсөн л бол гомдлоо буцааж авдаггүй болчихсон юм байна гэх яриа хэдийнэ сонстоод эхэлчихсэн л явна. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл хамгийн эмзэг, хамгийн аймшигтай гэмт хэрэг байдаг гэдгийг олон нийтэд зөв ойлгуулж, олон сайхан эмэгтэйн амь нас хохирохоос, олон нөхрүүд гэмт хэрэгтэн болохоос хэвлэл мэдээллийн түгээх мэдээ, сэтгүүлчдийн эрүүл хүнлэг өнцөг аварна гэдэг эргэлзэхгүй байна. Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн хандлага өөрчлөгдөнө. Нийгмээрээ өөрчлөгдөж байж бид бүсгүйн доголон нулимсгүйгээр аз жаргалтай сайхан гэр бүлдээ үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдардаг болно.