Өчигдөр юу гээч болов оо. Уг нь МАН-ын бүлгийг зөвшөөрөл авах нь гэж чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө мэдээлэл авсан байлаа. Гэтэл шалтгаан нь яагаад У.Хүрэлсүхийн тагнаж чагнахтай холбоотой болоод явчихав аа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат залуу хүнийхээ хувьд нэр төрөө хилс сэвтээхгүй нотлуулж авна гэх нь зүй ёсны, бас хүн ёсны хэрэг. Гэхдээ олонхийн бүлгийн завсарлага авах шалтгаан гэхэд арай л дэгс байсан болов уу. Тиймээс ч шинийн 15-нд л Засгийн газрыг кнопоор унагачихна гэж зорьсон гишүүд шуугиад явчихна билээ. Гэвч бүлэг завсарлага авч байхад болиулах эрх болиулах эрх УИХ-ын даргад байхгүй гэдгээр халхавчлан нэг өдөр аргацаав.

Өнөөдөр Засгийн газрыг огцруулах эсэх нь шийдэгдэнэ. Үүний өмнө нэг чухал хурал, түүний тогтоол гарсан нь Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал, түүний тогтоол байлаа. Энэ тогтоолд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүнийг намаас хөөх тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Агуулгын хувьд нэгэнт энэ намын гишүүн бол намынхаа дүрмийн дагуу ажиллах тухай хэсгийг мушгиж гуйвуулсан нь тэр. Өнөөх эдийн засгийн өсөлтийн “нэмэх” үзүүлэлтийг “хасах” болгон хардаг, концессийг “булаан авсан” гэхчлэн хуулийн байгууллагын нотолгоогүй адал балмад мэдэгдэл хийдэг шигээ л ургуулан бодсон хэрэг.

Намын дүрмийн тухай яагаад уг тогтоолд сануулав гэхээр энэ намаас албан тушаал авсан, түүнийхээ “буянд” төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс “асар их үнээр олдсон 65 суудлыг” хүчин төгөлдөр бус болгоход ч хүргэж мэдэхээр байгаа учраас ийм тогтоол гарсан болов уу. МАН-ын нарийн бичгийн дарга, Баянгол, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга “асанууд” УИХ-ын гишүүн болоод Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурах нь тун ч зохимжгүй байв. Хэрэв тэдний зурсан гарын үсэг УИХ-ыг тарахаар хэмжээнд хүрвэл өнөөх 65 суудал, үнэмлэхүй эрх мэдлийг тавиад туучихна аа даа. Тийм өгөгдөл Үндсэн хуульд бий шүү дээ.

Ийм гэнэн хонгор шийдвэрийг, тийм олуулаа гаргана гэхээр далдын нэг хүч, “хар гар” ч билүү оролцоотой юм шиг санагдахгүй байна уу. Жишээ нь Ерөнхий сайдыг Тусгай хяналтын дэд хороонд хандахаас өмнө Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өргөдлөө гаргасан байдаг юм. Одоо лавлаад мөшгөөд байхнээ өөрөө өргөдлөө татсан байх юм. Яагаад?

Өнөөдөр У.Хүрэлсүх сайдын ойр дотны зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол тэрбээр ийм “гал өрдсөндөө” нэлээд шаналж яваа бололтой. Учир нь эр хүний хувьд, залуу улстөрч боловч өдий хүртэл өндөрлөгт яваа түүний сэтгэлд Ерөнхий сайд, МАН-ын дарга болох хүсэл байдаг уу гэвэл байдаг л байх. Нам доторх болон Засгийн газрын зарим үйл ажиллагаа, алдаа дутагдалд санаа зовнисон уу гэвэл зовнисон байж таарна. Олон хүнд ингэж бодогддог байх. Гэхдээ намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явахад өрөөлийн бөхийг зассан болон хариуд нь намаасаа байгуулагдсан Засгийн газрыг огцруулах тухайд арай ч юу л бол. У.Хүрэлсүхийн хүсэл зоргоос арай өөр зүг рүү чирчихсэн юм биш биз. Жижигхэн бухимдалд дөрөөлж том нүүдэл хийх, тэр нь УИХ-ыг тараах, өөрийнх нь багтаж буй танхимыг хөнтөрнө чинээ санаагүй л болов уу.

Яагаад ингэтлээ эргэлзэнэ вэ гэхээр У.Хүрэлсүх бол МАН-ын төлөө гэвэл хамгийн түрүүнд зүрхээ сугалаад өгөх цөөн хүний нэг. Ийм хүнийг 30 гишүүнийг араасаа дагуулаад бүлэг дотроо бүлэг байгуулаад явж байна, цаад үр дагаврыг нь тооцоолоогүй байна гэхэд л итгэхгүй байгаа юм.

Анзаарвал, 31 гишүүнтэй сайн дурын бүлэг болон гарын үсэг зураагүй 34 гишүүнтэй албан ёсны бүлэг хоёрын хоёулангийнх нь хуралд сууж даналздаг, нэлээд нөлөөтэй оролцдог ганц л хүн байгаа нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр УИХ яавал тардагийг сайн мэднэ. Тэр үр дүнд хүрэхээс нам нь яаж эмээж, засаг нь хэрхэн буулт хийх тухай таамаглах байтугай тодорхой зурчихсан байгаа нь ойлгомжтой.

Улс төрийн хариуцлага, улс төрийн намын гишүүн байхын утга учир, хүлээх хариуцлагын талаар л Удирдах зөвлөлөөс тогтоол гарсан болохоос намаас хөөхөөр айлгаж сүрдүүлсэн үг үсэг олдсонгүй. Яагаад Ц.Нямдорж хоёр бүлэг, магадгүй гурван бүлэг дамнан ил, далд хуралдаан, цугларалтад нь оролцоод байгаагийн цаана зөвхөн бизнесийн бүлэглэлийн эрх ашиг л бий.  Ямар бизнест оролцоотой, яагаад оролцоотой болсон талаар нь тодорхой дурдвал бараг ном болох биз. Оюутолгойн дайтай гадны хөрөнгө оруулагчид түүнд их “хайртай” байдаг. Өөрөө ч онцгой анхаарч харагддаг.

Тиймээс манай өнөөгийн улс төрийн хямрал, МАН доторх хагарал жинхэнэ буюу оргиналь биш. Гаднын нөлөөтэй, магадгүй гаднын санхүүжилттэй байж ч болох юм. МАН-ын байрыг сүйтгэж, шатаадаг тэр хар өдрүүдэд тэр хавьд атгасан гарын дайтай чулуу ч байгаагүйг Монголын “асс”-уудын нэг, талийгаач генерал ярьж үлдээсэнсэн. Тэрбээр уг хэргийг “гаднын нөлөөтэй” гэдэг байсныг нь Ц.Нямдоржоос гадна хоёр ширхэг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлсэн.

Ц.Нямдоржийг хүч нэмэх тэр мөчөөс эхлээд л У.Хүрэлсүх “шаналж”, шантарч, гэмшиж эхэлсэн байдаг. Тэр хэний хатгаасаар юу руу явж байгаагаа, тэр нь хүсээгүй үр дүнг нь авчрах гээд байгааг дэндүү хожим мэдэрсэн болов уу. Одоо бол У.Хүрэлсүх сайд ганцаардаж байгаа биз ээ. Түүний “хамтрагчид” өөр объектоос удирдамжаа авч байна. Тэр намын нөхдөө, намын ах нараа,МАН-ын гишүүд, дэмжигчдийг, нэг танхимынхнаа эгцэлж харахад хэцүү байгаа ч ёстой л эр зориг нь, хатуухан хэлэхэд тэнэглэл нь түүнийг чөлөөтэй, цээж тэнэгэр явуулж чадаж байгаа биз ээ. У.Хүрэлсүх сайдын гэр бүлд ямар гээчийн гашуун зовлон дайраад өнгөрсөнийг өнөөх “хатгаж түлхсэн” найзууд нь мэдсэн үү. “Уулзахгүй, хаагуур яваад байна аа” гэж томроод байсан “Херо” Б.Баатар мэдсэн болов уу.

Гэтэл олон жил төрийн өндөр албыг шагнал мэт аваад сууж байсан У.Хүрэлсүх ч, “огцруулах 31”-т багтсан үе үеийн сайд болон намын нарийн бичгийн дарга нар, намын хорооны дарга нар ч  МАН-ын дүрмийг хүндэтгэж, гэрээ нураалгүй явсныхаа хүчинд гэр бүлсэж зовлон жаргалаа хуваалцаад зогсохгүй харцаараа мэдрэлцэж бодлоо хуваалцаж сурсан билээ. Магадгүй У.Хүрэлсүхийг хэн ийнхүү хатгаж, түлхэж, хийморь золбоог нь буруугаар ашиглахад хүргэсэн тухай үнэнийг өчвөөс Намын дарга, Ерөнхий сайдаар ч томилоход бэлэн хамт олон нь МАН билээ. Намын дүрмээ хамгийн ихээр ярьдаг, “бошгыг халах үеийнхээр” бол зүрхээ сугалаад өгөхөд бэлэн тийм л эр зоригтой, эрэмгий дайчин чанараа У.Хүрэлсүх бусдад ашиглуулчихлаа. Тэр дараагийн Д.Арвин л болох гээгүй бол АН түүгээр яах ч билээ. МАН-ынхан л лав намынхнаа гишүүд, дэмжигчдийн өмнө хүлцэл өчихөөс нааш түүнд итгэхгүй нь тодорхой болов.

У.Хүрэлсүх Монголын төрийг хямрааж чадлаа. Олонх цөөнх байхын ч утга алга. Сонгуульд АН-аас, МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн нь ч утгаа алдав. Нэгэнт ийм үйл явдал болсон хойно хэчнээн шаналавч, хэчнээн эрдэж бярдав ч У.Хүрэлсүх байтугай нь төрийн хямралыг засахгүй. Хэн хямраасан, ямар хөлс төлсөн, тэр үнэ цэнээрээ, тэр хүчээрээ л Монголын төртэй “дажингаа” дуусгах биз.